Ерөнхийлөгчийн айлчлал: Хүлэгү хааны хүрсэн зам буюу Стратегийн түншлэл хүртэлх жим
Өвлийн адаг улаагчин үхэр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МИАТ-ийн Боинг онгоцоо хөлөглөн дүүрэн төлөөлөгчийн хамт Турк орныг зорин нисэв. Туурга тусгаар улсын төрийн тэргүүний сүр хүч үүнд л оршин буй за.
Эдүгээгээс 760-аад жилийн өмнө бидний өвөг дээдэс Их Монгол Улс, эзэн Чингис хааны сүр хүчийг үзүүлэхээр Дундад Азийг зорьсон байдаг. Тодруулбал, Чингис хааны ач хүү Хүлэгү түмэн цэргийн хамт 1256 онд Туркийн газар нутагт хөл тавьж, байлдан эзэлж, улмаар Ил хаант улсыг байгуулсан түүхтэй. Гэхдээ тэдний хүлэг нь монгол морь байсан бөгөөд гурав орчим жил явж Дундад Азид очсон тухай судар номуудад бичжээ.
Харин Ерөнхийлөгчийн хүлэглэсэн төмөр хүлэг 9 цаг орчим нисээд БНТУ-ын нийслэл Анкара хотын “Эсэнбоа” олон улсын нисэх буудалд газардсан юм. Бүгд Найрамдах Турк Улсын хүндэт харуул жагсч, Дотоод хэргийн сайд Али Ерликаяа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр нар угтлаа.
Монгол, Турк нь эртний түүх соёлын харилцаатай, үнэт өвөөр холбогдсон улс. Тийм ч учраас Турк орон, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган манай Төрийн тэргүүнийг элгэмсүү дотноор хүлээн авсан. Айлчлалын бүхий л хугацаанд, бүхий л түвшинд монголчуудад дотно хандаж байсныг онцолъё. Р.Т.Эрдоган “Өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зурсан салбар салбарын түншлэл нь өвөг дээдсийн минь өлгий нутагт, Төв Ази, дэлхий дахинаа үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна” гэж хэлсэн юм. Энэхүү айлчлалын үеэр, төмөр зам, тээвэр, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл, байгаль орчин, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг 11 Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тус улсад 21 жилийн дараа төрийн айлчлал хийлээ. Монгол Улс Турктэй 56 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1996 онд Турк Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээсэн бол манайх нэг жилийн дараа Анкара хотод нээсэн байна.
Монгол Улс дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэхдээ Туркийн дэмжлэгийг авсаар ирсэн түүхтэй. Тухайлбал, 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх үеэрх Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг Турк улс даргалж байсан бөгөөд манай улсыг ихэд дэмжиж байсан тухай дурсамжийг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд дурсав.”Туркууд бид ах дүү улс гэж дотно үг хэрэглэдэг. Түүнд эмзэглэх хэрэггүй. Найрсаг харилцааны хэлбэр” гэж тэрбээр тодотгож байна.
Ер нь хоёр орны хооронд дипломат харилцааг тогтоох асуудлыг 1920-иод онд Москва хотноо Монгол, Туркийн Элчин сайдууд ярьж байсан, Туркийн Элчин сайд Тулуй нэртэй хүн байсан тухай, Монгол Улсад анхлан томилогдсон Туркийн Элчин сайд онгоцноос буунгуут газарт сөгдөж, “би ирлээ, өвөг дээдсийнхээ нутагт” хэмээсэн тухай ахмад дипломатуудын ярих дурсамжуудыг сонсоход нэн таатай.
Хүлэгү хан бол Их эзэн Чингис хааны отгон хөвүүн Тулуй, Сорхагтани Бэхи нарын гутгаар хүү билээ. Өвөөгийхөө дутууг гүйцээж, мөрөөдлийг биелүүлж, Ойрх Дорнодын бүсэд Монголын эзэнт гүрэн, цагийг эзэлсэн хааны цадиг түүхийг эрхшээн бичсэн хүн бол Ил хан Хүлэгү. Хүлэгү бол өвөө Чингис хааны үлгэр дууриаллаар, зөвлөгөө захиасыг сонсч монгол нутагтаа төрж өсч хүмүүжсэн хүү. Судрын чуулганд 9 настай Хүлэгү, 11 настай Хубилай хан нар өвөөгөө Иран, Афганистан руу дайлаар мордоод ирэхэд нь жижигхэн зурам, жараахай агнаж тосч авсан, өвөө нь тэднийг ихэд магтаж урам өгсөн тухай бичсэн тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.
Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 13-р зуунд барьсан БНТУ-ын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн малтлагын талбайд зорин очсон юм. Мөн Ван нуурын Акдамар сүмийн хана дээрх Хүлэгү хааны чулуун хөргийг үзэж сонирхсон. Энэ бол Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар өвөг дээдсийн бүтээн байгуулсан орд, өв дээр биечлэн очсон тохиолдол болохын зэрэгцээ их хүндлэл үзүүлсэн нь Туркийн ард түмний талархлыг хүлээв.
Ил хан Хүлэгү 1259 оны намар Ван аймгийн энэ нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг ихэд таашааж, улмаар зуны ордон байгуулахаар шийдсэн байдаг. Тус ордны барилгын ажил 1261 онд эхэлж, 1265 онд дууссан гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий. Монгол Улсын их сургууль, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг 2022-2023 онд Турк Улсын Ван аймгийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул судалгаа, сорилтын малтлага хийснээр уг зуны ордны туурийг нээн илрүүлжээ.
Түүхэн сурвалжид Аладаг буюу Алаг уулын хот хэмээн тэмдэглэсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн нийт хэмжээг 900×1200 метр.квадрат. Малтлагын явцад хас хээтэй ваар болон зээбадын дүрстэй ваарын үлдэгдэл олдсон нь Ойрх Дорнодын бүс нутгаас анх удаа монгол загварын эдлэл олдсон тохиолдол болсон хэмээн археологийн судлаачид тогтоогоод байна.
Аладагийн орд хот буй газрыг БНТУ-ын нэгдүгээр зэрэглэлийн археологийн дурсгалаар бүртгэн авч улсын хамгаалалтад оруулжээ. МУИС, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Турк дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны ажлын ач холбогдлыг онцолж, судалгааны дараагийн шат, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар эрдэмтэн судлаачидтай ярилцаж, үргэлжлүүлэн өргөн хүрээний малтлага, судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Энэ нь хоёр орны судлаач, мэргэжилтнүүдэд маш их урам өгсөн гэж хэлж болно.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2022 оноос эхлэн “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутагт буй Аладагийн ордны хайгуул судалгаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн ажээ. Хоёр орны харилцаанд түүх археологийн үнэт олдворууд онцгой байр суурь эзэлдэг гэдгийн нотолгоо энэ юм.
Нөгөө талаар бид түүхээ мэдэж, таньж судалж байхын чухлыг энэхүү айлчлал харуулсан гэж үзэж байна. Түүхээ мэдэхгүй улс ойд төөрсөн сармагчин лугаа гэсэн зүйр үг бий дээ. Агуу түүхтэй улс орны үр сад бид түүхээ танин мэдээд, судлаад ирвэл өөрсдийгөө хурцалж, сэрж ирдэг гэж түүхчдийн хэлдэг үгийг Турк оронд ажиллах хэд хоногтоо мэдэрлээ.
Монгол Туркийн бизнес харилцаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын нэгэн том бүрэлдэхүүн хэсэг нь бизнесийн баг байлаа. Анкара болон Стамбул хотноо бизнес, хөрөнгө оруулалтын хоёр ч томоохон хэмжээний форум хийв. Монголын 100 орчим бизнес эрхлэгч, Туркийн талаас мөн 100 гаруй бизнесмэнийн оролцсон форум амжилттай болов. Нүүр тулсан B2B уулзалт маш ажил хэрэгч болж, хамтран ажиллах гэрээ хэлцлүүдийг хийж гарын үсэг зурлаа. Монголын бизнес эрхлэгчид 10 орчим гэрээ бүхий 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийв. Эдгээр форум, Туркийн компаниуд, үйлдвэрүүдтэй танилцах аяллуудын арга хэмжээг МҮХАҮТ, БНТУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар буюу DEK, Туркийн ХАҮТ-ууд болон биржүүдийн холбоо хамтран зохион байгуулав.
Монгол, Туркийн бизнес форумыг нээж Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин ойрын хоёр, гурван жилд эрс өөрчлөгдөнө” гээд Туркийн бизнесмэнүүдийг өвөг дээдсийнхээ нутагт очиж бизнес эрхэлж, үл хөдлөх хөрөнгөтэй болж, ажиллаж амьдрахыг урилаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “Манай хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар 115.4 сая ам.доллар байгаа ба Турк Улс 112 сая ам.доллар буюу 97 хувь, Монгол Улс 3.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж байна. Тиймээс Монголын талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэх, бизнес хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь чухал” хэмээн хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс 14 мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Шинэ хархорум хотыг барьж байгуулна. Энэ бүхэнд Монголын бизнес эрхлэгчидтэй хамтарч, хөрөнгө оруулалт хийж ажиллахыг Туркийн бизнес эрхлэгчид үргэлж уриалж байв.
Туркчууд дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг салбарын бизнесээр дэлхийд дээгүүрт явж, томоохон үнийн дүн бүхий олон төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Энэхүү туршлагаа Монголын том төслүүдэд орж, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байлаа. Туркийн экспортын 60, 70 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл нь эзэлдэг. Эндээс бид жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх туршлага суралцах боломжтой гэж харагдана. Мөн түүх, соёлын нэгдмэл өв нь аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, Туркийн жуулчдыг эх орондоо татах сайхан боломж гэж бас харлаа.
Ардчилсан Монгол Улс дэлхий дахинаа үүд хаалгаа нээсэн 1990 оноос Турктэй харилцах харилцаа улс төр, эдийн засгийн хувьд сэргэж, идэвжиж ирэв. Ард иргэд хоорондын холбоо ч дотносож, түүн дотор олон олон оюутан Турк улсад суралцаж төгссөн нь хоёр орны эртний харилцааг гагнаж өгсөн юм. Туркийн Засгийн газрын тэтгэлгээр 2000 орчим оюутан төгссөн гэсэн мэдээ байна.
Туркийн улс төр, эдийн засгийн нөлөө дэлхийд томоохон байр суурь эзэлдэг. Тус орны эдийн засаг сүүлийн 18 жилийн хугацаанд 4-5 дахин өсчээ. Гадаад худалдааны экспорт 255 тэрбум ам.долларт хүрсэн. Дэлхийн эдийн засаг, үйлдвэр үйлчилгээнд эзлэх хувь 1.35 хувь. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажилласаар байгаа. ДНБ 2002 онд 11000 ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 45000 ам.долларт хүрчээ. Турк улс руу хөрөнгө оруулалт хийвэл Европын холбооны хөнгөлөлт урамшуулал үзүүлнэ. Дэлхийн улс орнуудтай агаарын, төмөр замын, автозам, усан замаар холбогддог. Хүн ам өнөөдөр 88 сая, 2030 он гэхэд 92 саяд хүрэх тооцоог хийжээ. Судлаачдын тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр 190 гаруй орноос 33 дугаар байрт жагсаж байгаа.
Тив дамнасан Зүүн Европ болон Өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулвал Грек, Болгар, Гүрж, Армени, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газар дундын тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хүрээлүүлдэг байна. Гантиг тэнгис, Босфорын, Дарданеллын хоолойнуудаар тивүүдийг заагладаг. Нийслэл нь Анкара, хамгийн том, бизнесийн хот нь Стамбул.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д хийсэн төрийн айлчлал халуун дулаан уур амьсгалаар дөрвөн өдрийн турш өрнөж, хөгжлийн олон гаргалгаа, салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн, анд нөхөд, ахан дүүсийн, эртний сайхан харилцааг улам батжуулан бэхжүүлсэн, элэгсэг дотно хандлагыг харуулсан, ач холбогдол том, ирээдүй гэрэлтэй, тийм нэг өрнүүн, дэврүүн, өөрчлөлт шинэчлэл, харилцааны эрчимжилтийг араасаа дагуулсан айлчлал боллоо гэж дүгнэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна” гэсэн билээ. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа Стратегийн түншлэлээр ийн бэхжиж урагшиллаа.
Д.Бэхбаяр