Э.Төрбаяр: Манай салбар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваа

Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяртай ярилцлаа.
-Иргэний нисэхийн салбар зуун жилийн босгон дээрээ шинэ залуу даргатай болжээ. Та өөрийгөө эхлээд танилцуулна уу?
-Намайг Эрдэнэ-Очирын Төрбаяр гэдэг. Иргэний нисэхийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. 2007 онд ИНЕГ-ын агаарын навигацийн үйлчилгээний техникийн газарт кабелийн техникчээр ажилд орж, ажлын гараагаа эхэлсэн. 2009 оноос радио холбооны навигацийн инженер, төгссөн мэргэжлээрээ ажилласан. 2013 онд ахлах инженер, 2016 онд холбооны хэсгийн дарга, 2019 онд техникийн албаныхаа дарга болсон. 2020 онд Иргэний нисэхийн үндэсний төвийг байгуулахад Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга, улмаар ИНЕГ-ын харъяа “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн даргаар томилогдож, 1.5 жил ажилласан. 2025 оны нэгдүгээр сараас ИНЕГ-ын даргаар ажиллаж байна. Мөн ажлынхаа хажуугаар Хонгконгийн нисэхийн академиас тэтгэлэг аваад агаарын тээврийн ахисан шатны магистрт сурч байна. Салбарынхаа түүхт 100 жилийн ойн жил дээр ерөнхий газрын даргаар томилогдож, зуунаар ярих түүхтэй салбарынхаа ойг тэмдэглэх болсондоо баяртай байна. Энэ бол том хариуцлага, бас их хувь заяа юм. Би өөрөө нисэхийн хүүхэд. Ухаан орох цагаас нисэхийн салбартай холбогдсон. Аав маань ИНЕГын Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар тасралтгүй 20 гаран жил ажилласан юм. Аав маань нисэхийн салбарын хүний нөөцлийн бодлогыг ийм хугацаанд авч ирсэн учраас салбарын ажилтнууд, хэн юу хийдэг, хүмүүсийн ар гэрт юу болдог гээд олон зүйлийг дэргэдээс нь харж, мэдэрч өссөн дөө. Тиймээс салбараа хөгжүүлэх чин эрмэлзэл, хайрлах хүсэл надад хүүхэд байхаас суусан.
-100 жил бол урт хугацаа. Нисэх хүчин байгуулагдсан энэ он цагт ямар түүхэн үйл явдал тохиосон байдаг вэ?
-Тэртээ 100 жилийн өмнө буюу 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Ю-13 онгоц Батлан хамгаалах яамны цаана буй Консулын дэнжид буусан цагаас Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжих эхлэлийг тавьсан гэж үздэг. Үүнээс хойш цэргийн, иргэний нисэхийн зориулалттай онгоцууд бууж эхэлсэн байдаг. Түүхийн бүх хугацаанд манай төр засаг нисэхийн салбарт анхаарал хандуулж, бодлогоор хөгжүүлж ирсэн. Бид АН-2 онгоцыг мэднэ. АН-2 онгоцууд маань бүх аймаг, сумын хооронд нисдэг байсан. Царцаа ногоон ч гэж хэлдэг. Мөн АН-24, ТУ-134, АН-26 онгоцууд маань Монгол Улсад агаарын тээврийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан төмөр хүлгүүд. 1990-ээд оноос Боинг 727 онгоц олон улсын нислэг хийж эхэлсэн. Манай салбар бүтэн зууны хөгжлийн үе шатуудыг алдаа оноотойгоор туулж ирсэн. Олон мянган ажилтан нисэхийн салбарт аж амьдралаа зориулсан. Улс орны эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн салбарынхаа 100 жилийн ойг бид 2025 оны тавдугаар сарын 25-нд тэмдэглэнэ.
Салбарынхаа түүхт 100 жилийн ойн жил дээр Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар томилогдож, зуунаар ярих түүхтэй салбарынхаа ойг тэмдэглэх болсондоо баяртай байна. Энэ бол том хариуцлага, бас их хувь заяа юм
-Нисэхийн салбарынхан 100 жилийн ойгоо хуульдаа өөрчлөлт оруулж, шинэчлэн батлуулснаар угтаж байна. Хуулийн өөрчлөлтөөр танай салбар хэрхэн өөрчлөгдөн хөгжих вэ?
-2023 оны долдугаар сарын 23-нд Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт орсон. Хуулиа батлуулж чадсан нь манай салбарынхны хувьд том амжилт юм. Иргэний нисэхийн бүх л үйлдвэрлэл үйлчилгээ ИНЕГ гэсэн нэг байгууллагын дор харьяалагдаад нэг бүтэцтэй явж байсан нь олон улсын иргэний нисэхийн стандарт шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн. Хуульд өөрчлөлт оруулах гол хэрэгцээ шаардлага энэ байсан. Шинэчлэн батлуулсан хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж байгаа. Шинэчлэн батлуулсан хуулийн хүрээнд 2023 оны долдугаар сард “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн бүтцийг зурсан. Миний бие тус компанийн захирлаар 1.5 жил ажилласан. Энэ хугацаанд хуулийн хүрээнд гаргах дүрэм журам, үйл ажиллагааны заавар, гарын авлага, агаарын нисэх, нисэх буудал, навигацийн үйлчилгээний аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний гэрчилгээнүүдийг хуульдаа тохируулан авах гэх мэт бичиг цаас, дүрэм журам, бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 1 гэхэд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг 50 гаруй салбар нэгж, 2078 хүнтэйгээр тусад нь гаргалаа. Үндэсний төв гол гурван үйлчилгээг үзүүлнэ. Эдгээр нь агаарын навигаци, нисэх буудал, аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ юм.
Нисэхийн салбар төр засагтай бодлогоо уялдуулан бизнесийн зарчмаар үр ашигтай ажиллах нөхцөл ийн бүрдлээ. Тухайлбал, Засгийн газрын Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого болон Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдан төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын дөрвөн нисэх буудлыг тулгуур дөрвөн бүсэд байгуулахаар шийдвэрлэсэн. Одоо бид засгийн бодлогыг хэрэгжүүлэхээр ЗТЯ, Иргэний нисэхийн үндэсний төвтэйгээ хамтран ажиллаж байна.
-Ямар нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгох гэж байна вэ? Энэ шийдвэр улсын, орон нутгийн, бүсүүдийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?
-Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Гурвансайхан, Хөвсгөл айм гийн Мөрөн, Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгохоор ТЭЗҮ-г боловсруулаад байна. Эдгээрээс хамгийн түрүүнд Өмнөговийн Гурвансайхан нисэх буудлын төслөөс ажлаа эхлүүлнэ. Бид саяхан аймаг, орон нутгийн удирдлага, тус бүсээс сонгогдсон УИХ ын гишүүдтэй уулзаад байрлалын асуудлыг шийдчихлээ. ТЭЗҮ-г боловсруулах ажил ид явж байна. Чех улсын Засгийн газраас хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьсан. ТЭЗҮ-г энэ ондоо боловсруулж, гэрээ хэлцэл, санхүүжилтын асуудлыг шийднэ. Ирэх оноос нисэх буудлын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Өмнөговь аймагт олон улсын нисэх буудал барьснаар энэ бүс нутаг аялал жуулчлалын бүс болно. Аялал жуулчлалын үйлчилгээ стандартаар хөгжинө.
Уул уурхайн бүсийн хөгжилд ч том үүрэгтэй. Олон улсын нисэх буудал тухайн бүс нутагт үр өгөөжөө маш богино хугацаанд өгч, хөрөнгө оруулалт, бизнесийн асар том боломжууд нээгдэнэ. Гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчдын цагийг хэмнэнэ. Монголын говийг үзэх жуулчид Улаанбаатарт буугаад говь руу машинаар явахгүйгээр шууд Гурвансайхан нисэх буудалд бууна. Бусад гурван бүсэд мөн адил хөгжлийг авчрах том боломж юм. Мөрөнгийн нисэх буудлын ТЭЗҮ-ийн тендерийг зарласан. Аялал жуулчлал дагасан бизнесүүд энэ бүс нутагт хөгжинө. Төсөөлснөөс ч илүү боломжууд харагдаж байна. Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн батлуулснаар нисэх буудлуудыг хөгжүүлэх бодлого ийн тодорхой болсон. Хоёр дахь нь агаарын навигацийн үйлчилгээ. Монгол Улсын агаарын замыг ашиглаж буй бүх онгоцонд агаарын навигацийн үйлчилгээг үзүүлж байна. Монгол Улсын агаарын хаалгаар орж ирж байгаа болон буугаад нисч буй бүх онгоцыг нислэгийн удирдлагаар хангаж, аюулгүй ажиллагааны үйлчилгээг үзүүлдэг. Олон улсын стандартыг хангахуйц навигацийн тоног төхөөрөмж бүхий 1000 гаруй хүнтэй баг ажиллаж байна.
-Агаарын навигацийн технологийн шинэчлэл бол иргэний нисэхийн хувьд маш том ажил байсан. Одоо бол шинэ үеийн системээр бүрэн шинэчлэгдсэн гэж ойлгож болох уу?
-1996 онд АХБ-ны санхүүжилтээр агаарын навигацийн үйлчилгээг үзүүлэх анхны төсөл хэрэгжсэн. АНУ-ын мэргэжилтнүүд ирж ажилласан. Хөвсгөл, Сайншанд, Улаанбаатар хотын удирдлагын төвөөс дээгүүр нисэн өнгөрч буй онгоцуудыг удирддаг байсныг Улаанбаатарт нэгтгэж, нэгдсэн удирдлагын төвтэй болсноор агаарын навигацийн хөгжил нэг шат ахисан. Шинэ систем, нэгдсэн удирдлагад шилжсэнээр дээгүүр дамжин өнгөрч буй нислэгүүдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ үеэс агаарын нислэгийн хураамж улс орны төсөвт томоохон хувь нэмэр оруулж эхэлсэн.
Монгол инженерүүд 30 орчим тэрбум төгрөгөөр технологийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн
Агаарын навигацийн технологийн шинэчлэлийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2009 онд бодит ажиглалтын төслийг эхлүүлж 2011 онд дуусгасан. Ажиглалтын гурван лакатрын системийг суурилуулж, дээгүүр өнгөрч буй онгоцуудыг харж удирддаг системд шилжсэнээр онгоцуудын аюулгүй ажиллагааг сайтар хангаж байгаа юм. Өмнө нь манай нислэгийн удирдагчид радио холбоогоор л удирддаг байсан. Харж удирддаг системд шилжингүүт 150 км-ийн радиусаа 30 км ээр тооцоод ирэхээр агаарын багтаамж ихэсч, олон онгоц нисэх боломжтой болж ирж байгаа юм. 2016 онд 7 радиолокаторын станцыг оруулж ирснээр бодит ажиглалтын систем рүү 80 хувь шилжсэн. Ингэснээр агаарын навигациас орж ирэх орлого эрс нэмэгдсэн. 2016 онд олон улсын нислэгийн стандартын дагуу тоон технологиос IP рүү шилжих хэрэгцээ шаардлага үүссэн. Бидэнд туршлага бий. 1996 онд хэрэгжүүлчихсэн төслийн үр шим нь бидэнд тодорхой туршлага мэдлэг суулгасан байлаа. Ингээд агаарын навигацийн үйлчилгээг тоон технологиос IP рүү шилжүүлэх нүсэр том ажил эхэлсэн дээ. Агаарын навигац өөрөө радио долгионы тусламжтайгаар ажилладаг.
Сансрын болон газрын суурь станцуудыг IP технологид бүрэн шилжүүлсэн. Монгол Улс даяар тархсан радио холбооны бүх станц болон иргэний нисэхийн суурь сүлжээг дараа үеийн тоон технологид бүрэн шилжүүлсэн. Нислэгийн удирдагч, мөн цаг уурын системүүдийг шинэчилсэн. Энэ бүх ажлыг монгол инженерүүд гардан хийж гүйцэтгэсэн. Монгол инженерүүд маань бүх дизайнаа гаргаж, суурилуулалт, зохион байгуулалтаа хийсэн. Дэлхийн стандартын шаардлага хангасан томоохон брэндүүдээс сонголт хийгээд бодит ажиглалтын дараа үеийн системийг бүх лакатртай станц дээрээ давхарлаж өгсөн. Ингэснээр радиолокатор болон ADS-B (Automatic Dependent Surveillance–Broad cast) гэдэг 2 бодит ажиглалтын системтэй болсон. Агаарын навигацийн үйлчилгээний технологи 2023 онд IP технологи рүү 100 хувь шилжсэн нь томоохон амжилт юм. Хэрвээ бид 1996 он шиг гадны банкнаас зээл аваад гадны экспертүүдийг авчраад хийсэн бол 100 гаруй сая ам.долларын төсөл болох байсан. Харин монгол инженерүүд 30 орчим тэрбум төгрөгөөр технологийн шинэчлэлийн ажлуудыг хийсэн. Салбартаа, улсдаа олон тэрбум төгрөгийг хэмнэсэн дээ. Монгол инженерүүдээрээ бахархдаг.
Навигацийн хувьд шинэ технологи руу ийн бүрэн шилжсэн. Одоо бид автоматжуулалтын системээ Иргэний нисэхийн үндэсний төвийн барилга дээр авчраад тавьчих юм бол навигацийн төв маань 100 хувь автомат систем, IP технологи руу шилжсэн төв болж цааш ажиллах юм.
-Агаарын навигацийн үйлчилгээнээс улсын төсөвт томоохон мөнгө төвлөрүүлдэг. Харин сүүлийн үед Ковид, цар тахал, Орос, Украйны дайнаас үүдэн мөнгөний хэмжээ эрс буурсан байсан. Дэлхийд болж буй зарим томоохон үйл явдал манай нисэхийн салбарт ч эрсдэл авчирсаар байна уу?
-Бид одоо нэг том төсөл хэрэгжүүлэх гэж байна. Дорноговь аймгийн Сайншандад нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёр дахь төвийг барихаар төлөвлөж байна. Яагаад хоёр дахь төвийг барих шаардлагатай байна гэхээр үндсэн төв дээр ямар нэг асуудал үүсвэл, газар хөдлөлт, байгалийн гамшиг, гал түймэр, эсвэл барьцаанд орох ч юм уу ийм эрсдэл үүсвэл хоёр дахь төвөөрөө ажиллах зорилго агуулсан. Ер нь олон улсын шаардлагаар нислэг удирдлагын хоёр төвтэй байх ёстой. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2015 онд манайд хоёр дахь төвийг байгуулах талаар зөвлөмж өгч байсан. Манай зүгээс ч хоёр дахь төвийг барихаар 2019 онд төлөвлөөд Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулчихсан явж байтал ковид тахал дэгдсэн. Ковидын дараа Орос, Украйны дайн эхэлснээр эдийн засгийн хүндрэл үүсч энэ ажил зогсонги байдалд орсон. Өнөөдөр ч дайн дуусаагүй байна. Техник технологийн шинэчлэл хийж, агаарын зайгаа томсгоход өдөртөө 450-500 онгоц дамжин өнгөрүүлж байсан. 2019 онд жилдээ 400 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Зөвхөн навигацийн үйлчилгээнээс олсон орлого шүү дээ.
Улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн. Үлдсэн 200 тэрбум төгрөгийг ИНЕГ хөрөнгө оруулалт, цалин хангамжиндаа зориулсан. Гэтэл Орос, Украйны дайн гарснаар манай агаарын замаар өдөртөө 200 нислэг л дамжин өнгөрч байна. Нислэгийн тоо, мөн орлогын үзүүлэлт ч тавинас илүү хувиар буурсан. Бид өнөөдөр Хятад, Казакстан, олон улсын иргэний нисэхийн байгууллагуудтай шинэ хаалга, шинэ агаарын замын асуудлууд ярьж байна. Сая би Тайландад Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далай хариуцсан бүсийн Ерөнхийлөгчтэй уулзаад шинэ хаалганы асуудлаар ярилцаад ирлээ. Хятадын иргэний нисэхийн байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна. Хэрэв дайн дуусч, энэ хэлэлцээрүүд амжилттай болоод БНХАУ-ын талтай шинээр орох гарах цэгийн тоог нэмэгдүүлсэн тохиолдолд Казахстанаар дамжсан шинэ хаалгууд нээгдчихвэл манайх өдөртөө 1000 нислэг дамжуулах боломжтой болох юм. Ингэснээр бид цаашид жилдээ нэг их наядын орлого олох боломжтой болно. Энэ нь зөвхөн навигацийн үйлчилгээгээр шүү. Энд агаарын тээвэр, нисэх буудлуудаас орох орлогын тухай яриагүй.
Манайх өдөртөө 1000 нислэг дамжуулах боломжтой болох юм. Ингэснээр бид цаашид жилдээ нэг их наядын орлого олох боломжтой болно
-Тэгвэл нисэхийн салбар зөвхөн навигацийн үйлчилгээний орлогоороо уул уурхай, аялал жуулчлалын дараа ороод ирэх нь байна шүү дээ. Та маш сайхан гэгээлэг мэдээ хүргэж байна. Монгол Улсад маань орлого л нэмэгдэх хэрэгтэй, орлогын үүд хаалгууд олон болох ёстой.
-Баярлалаа. Бид орон нутгийн дөрвөн нисэх буудлаа олон улсын зэрэглэлтэй болгон хөгжүүлнэ. Энэ нь эдийн засгийн хувьд томоохон ач холбогдолтой.Эдгээр буудал аялал жуулчлалын урсгалыг татахад томоохон үүрэг гүйцэтгэх юм. Ингэснээр аялал жуулчлалаас улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэхэд манай олон улсын буудлууд мөн тодорхой хувь нэмэр оруулна. Орон нутгийн бусад буудлаа ХААБ маягаар жижиг онгоцуудаа нааш цааш явуулдаг өртөөлчилсөн байдлаар хөгжүүлбэл, Хятад,Тайланд, бусад улсаас аялал жуулчлалын урсгалыг татах маш том боломж харагдаж байгаа. Олон улсын томоохон нисэх буудлуудыг дагаад хотууд үүссэн байдаг. Үүн лугаа адил дөрвөн нисэх буудлыг дагаад шинэ цагийн хотууд бий болох боломжтой. Харин тэнд агаарын тээврийн логистикийн бодлоготой уялдаад аялал жуулчлалын хувьд стандартын үйлчилгээнүүд бий болох ёстой. Миний хардаг өнцөг бол 10, 20 жилийн дараа манай агаарын тээвэр улсын эдийн засагт маш том үүрэг гүйцэтгэдэг, төсөвт том орлого төвлөрүүлдэг салбар болно гэж боддог.
-ИНЕГ хуулиараа Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Одоо ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?
-Манай газрын гол хийх ажил агаарын тээвэрлэгчдийг гэрчилгээжүүлэхэд чиглэнэ. Том, жижиг бүх агаарын тээвэрлэгчийг стандарт шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхийг хянаж, гэрчилгээ олгоно. Техник технологи нь ямар байна, стандарт шаардлагыг хангаж байна уу, хүний нөөц, аюулгүй байдлыг хэр хангаж ажиллаж байна гэх мэт шаардлагыг үндэслэн үйл ажиллагаа явуулах сертификат өгнө. Дараа нь манай байцаагчид тухайн тээвэрлэгчийн онгоцонд дахин шалгалт хийнэ. Техник технологийн бүрэн бүтэн эсэх, аюулгүй ажиллагааг хангаж байна уу, нисгэгч сургалтдаа суусан эсэх, англи хэлний түвшин нь хүрч байна уу, нисгэгчийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал хэр байна гэхмэтчилэн аюулгүй ажиллагааг бүрэн шалгаж хянаад мөн гэрчилгээ олгоно. Манай газар хуулийн хүрээнд маш хариуцлагатай ажиллах шаардлагатай болж байгаа. Тухайн тээвэрлэгчид асуудал үүсвэл манайх хариуцлага үүрнэ. ИНЕГ яагаад гэрчилгээ олгов гэдэг асуудал гарч ирнэ. Тухайлбал, онгоцны дугуйнд ямар нэг асуудал үүсвэл тухайн онгоцонд гэрчилгээ өгсөн байцаагчид, хянасан ерөнхий байцаагч хариуцлага үүрнэ. ИНЕГ 106 байцаагчтай. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас баталсан дүрмүүд бий.
Навигаци, агаарын хөлөг, нисэх буудал, аюулгүй байдлын хамгаалалт гээд багц бүрд тохирсон дүрмүүдийн дагуу чиглэл чиглэлээр хариуцсан байцаагчид ажилладаг. Нэг жишээ дурдья. Нисэх буудлын шалганаар хар тамхи ч юм уу аваад орсон зорчигчийг бид илрүүлж чадахгүй хилээр оруулчихвал хариуцлагыг манайх үүрнэ гэсэн үг. Тиймээс бид маш нягт нямбай байж, дүрэм журмынхаа хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой. ИНЕГ нисэхийн аюулгүй ажиллагаа, стандарт, зохицуулалтыг хийх үндсэн чиг үүрэгтэй. Харин “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит ХХК ИНЕГ-ын гэрчилгээжүүлсэн компаниудад нисэхийн үйлчилгээгээ л үзүүлээд явна. Манай газар өмнө нь 2178 ажилтантай байсан. Одоо Иргэний нисэхийн үндэсний төвд 2078 ажилтан очсон. Манайх 106 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Би Монгол Улсын Иргэний нисэхийн хяналтын улсын ерөнхий байцаагч. Нисэхийн ерөнхий зохицуулагч Монгол Улсад нэг л хүн бий. Тэр нь би. Тэгэхээр маш том хариуцлага үүрч яваа хүн. Гарын үсэг зурах, бүх л зүйл дээр хариуцлагатай ажил хийж байгаа.
ИНЕГ нисэхийн аюулгүй ажиллагаа, стандарт, зохицуулалтыг хийх үндсэн чиг үүрэгтэй
-Одоо хоёулаа агаарын тээврийн сэдэв рүү оръё.
-Өнөөдрийн байдлаар 19 агаарын тээвэрлэгч, 20 гаруй чиглэл рүү нисч байна. Агаарын тээвэр нь том оврын, бага оврын гэж хоёр хуваагдаад явдаг. МИАТ олон улсын хэмжээнд нислэг үйлдэж буй төрийн өмчит компани. Ковидын үед хэрхэн ажилласныг манай ард иргэд харсан. Олон улсын түвшинд бизнес хийсэн туршлагатай залуус МИАТ ийг удирдаж байгаа. Нийтдээ 10 агаарын хөлөгтэй. Боинг 787 буюу өргөн биетэй, тив алгасан нисдэг хоёр онгоцтой. 767 онгоц, өргөн биетэй 100 хувь өөрийн эзэмшлийн онгоцтой. Боинг 737, Боинг 737 MAX гээд агаарын таван хөлөгтэй. Хятад, Солонгос, Япон, Турк, Тайланд, Герман руу нисч байна. Энэ долдугаар сараас Шанхай, есдүгээр сараас Сингапурын чиглэлд ниснэ. Мөн АНУ руу нисэх бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-АНУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Японоор дамжин Монгол Улс руу хийх нислэгээ эхлүүлчихлээ. Манай МИАТ-ийн хувьд АНУ-ын чиглэлд нисэх нислэгийн ажлын явц хэр байна вэ?
-United Airlines буюу АНУ-ын агаарын тээвэрлэгч Нарита-Улаанбаатар гэсэн нислэгээ сая нээлээ. Эндээс манай иргэд, АНУ-аас Монгол руу ирж буй иргэд үйлчлүүлэгчид маань Японд буугаад тухайн онгоцоороо Монгол руу нисэх боломжтой болж байгаа юм. Нэг авиакомпаниар үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Нэг авиакомпаниар үйлчлүүлснээр илүү хямд төсөр тасалбар авах боломжтой болох ач холбогдолтой. United Airlines Монгол руу нислэг хийж эхэлж байна гэдэг нь МИАТ АНУ руу шууд нислэг хийх суурь тавигдаж байгаа юм. Энэ бол том боломж. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлах үеэрээ Open sky Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манайх АНУ-ын нисэхийн товчооны шалгалтад орох ёстой. Уг шалгалтыг тийм амар давчихдаггүй.
Казахстан улс өнөөг хүртэл даваагүй, Америк руу нисч чадахгүй 12 жил болж байна. Узбекистан мөн л давж чадаагүй байна. Тайланд дөнгөж л өнгөрсөн сард шалгалтад тэнцэж нисэх эрхээ авлаа. Бид Амеркийн нисэхийн товчооны зөвлөсний дагуу бэлтгэл ажлыг хангах зорилгоор Викс групп консалтинг компаниас зөвлөх үйлчилгээ аваад ажиллаж байна. Тус компаниас манайд анхаарах ёстой 174 зөвлөмж өгсөн. Эдгээрийг өргөс авсан юм шиг арилгах боломжгүй. Хүний нөөцийг ч богино хугацаанд сургах, бүрдүүлэх боломж хомс байх жишээний. Төлөвлөгөө гаргаад засч залруулахаар ажиллаж байна. Багц дүрэм гэхэд маш зузаан ном шиг материал байдаг. Бид нийтдээ 20 гаруй дүрэм журмыг өөрчлөх ёстой. Энэ 20 гаруй дүрмийг өөрчлөөд ЗТЯ-нд өгч, Хууль зүйн яамаар хянуулаад Зам, тээврийн сайдаар батлуулах ёстой. Наад зах нь шаардлагатай мэргэжилтэн, байцаагч нарыг сургах, сургалтад хамруулах шаардлагатай. Ажилтнуудын цалин хангамжийн асуудал ороод ирэх жишээтэй. Ийм мэргэжлийн хүнд ийм хэмжээний цалин хангамж өгөх ёстой гэдэг ч юм уу. Энэ бүгдийг хийж хэрэгжүүлээд шалгалтад ороход доод тал нь хоёр жил шаардагдана. Гэхдээ бид хамгийн хурднаараа шахаж ажиллаж байна. ЗТЯ, Засгийн газар маш их дэмжиж тусалж байгааг хэлэх хэрэгтэй. Ялангуяа ЗТЯ асуудлыг ойлгож хандаж байгаад талархаж байна. Бид энэ жилдээ нэлээд дөхүүлэхээр хичээж байна. Бид АНУ-ын Нисэхийн товчоо руу шалгуулах хүсэлтээ саяхан өгсөн.
-Хүмүүс ч хүлээгээд их л яараад байх шиг байна. Өнгөрсөн онд ниснэ гэсэн шүү дээ гээд л.
-Процессыг мэдэхгүй шүү дээ, хүмүүс. Хүсч, хүлээж, ярьж байгаа нь сайн хэрэг. Мэргэжлийн нарийн зүйлс байдаг болохоор хугацаа их орно. Тухайлбал, мэргэжлийн нэг үгийг орчуулах, утга санааг нь зөв гаргахын тулд олон талаас нь ажиллаж байна. Бид энэ жилдээ багтаад шалгалтаа өгөхөөр төлөвлөж байгаа. Гэхдээ Америкийн Нисэхийн товчооноос ирээд шалгаад 174 зөвлөмжөөс энэ асуудлууд дээр анхаар гээд хэлчихвэл хугацаа сунгагдаад явна. Тэгэхээр хугацааг яг таг хэлэхэд хэцүү. Манай ажилтнууд үндсэн гол үүрэг нислэгийн аюулгүй байдлын ажлаасаа гадна энэ бүх дүрэм журам, зөвлөмж дээр өдөр шөнөгүй сууж байна. Эдгээрийг дагаад бүх дүрэм журам, аюулгүйн ажиллагааны зааварт өөрчлөлт орно, тэгээд орчуулна. Маш их ажил орж байна.
Бид энэ жилдээ нэлээд дөхүүлэхээр хичээж байна. Бид АНУ-ын Нисэхийн товчоо руу шалгуулах хүсэлтээ саяхан өгсөн
-Боловсон хүчний асуудал хаа ч хүнд байна. Нисэхийн салбарт боловсон хүчний бодлого ямар байна, ажилтнуудыг чадавхжуулах, бэхжүүлэхэд хэр анхаарч байна вэ?
-Энэ жил хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг ирэх оноос эрчимжүүлнэ. Нисгэгч нараа бодлогоор бэлдэнэ. Бүгдээрээ англи хэлтэй больё гэж зорино. Сургалтыг урьд өмнө байгаагүйгээр хийж байна. Сая би Тайландад очоод Иргэний нисэхийн академитай нь хамтраад нисэхийн удирдлагын ажилтнууд бэлтгэхээр ярилцлаа. Сайншандын нисэхийн удирдлагын төвд доод тал нь 100-гаад нислэгийн удирдагч ажиллах ёстой. Бакалавр, магистр, 12 сарын курсын зэрэгтэй гээд үе шаттайгаар 50-60 ажилтныг үндсэн үнээс нь 20-30 хувийн хөнгөлөлттэйгээр бэлдэх Санамж бичиг зураад ирлээ. Нисгэгчдийг мөн бэлдэх боломжуудыг судаллаа. Нисэхийн чиглэлийн англи хэлний сургалтуудыг явуулахаар олон улсын иргэний нисэхийн байгууллагатай Санамж бичигт гарын үсэг зурсан. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн Ерөнхийлөгчтэй уулзаж, ирэх онд олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийх аудитад хамтран бэлдэхээр боллоо. Монголыг хариуцсан тусдаа нэг хүн гаргаж төлөвлөгөө боловсруулаад явахаар боллоо.
Зуун хувийн дэмжлэг үзүүлье гэсэн. Ийм том боломж бараг байдаггүй. Энэ бол үнэхээр том дэмжлэг. Тус байгууллагаас манай 10 аад байцаагчийг сургахаар боллоо. Францын Засгийн газартай энэ тавдугаар сарын 15-нд Сайншандад барих хоёр дахь төвийн төсөл дээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Францын нисэхийн академийн багш нар манайд ирж, нислэгийн удирдагчид сургалт явуулна. Түүнчлэн Айробусын засварын төвийг Монголд нээнэ. Энэ мэтчилэн бид маш олон ажил өрнүүлсэн амжилттайгаар 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.
-Дотоодын тээвэрлэлтийн хүчин чадал хэр байна вэ?
-МИАТ CRJ 200 маркийн, 250 хүний суудалтай онгоцоор дотоодын долоон чиглэлд нисч дотоодын агаарын нислэгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байна. Талархалтай байгаа. Ирэх долдугаар сард CRG 700 нэг онгоц нэмж оруулж ирнэ. Хүннү эйр компани саяхан Эмбраер 195 маркийн шинэ онгоц оруулж ирж, олон улс руу нисэх томилгоонуудаа авсан. Айро Монголиа, Изинис эйрвэйс, Монголиа эйрвэйз карго компаниуд мөн шинэ онгоцууд ярьж байна. Манай салбар аялал жуулчлалын оргил ачааллын үед нэлээд ачаалал даах боломжтой болж байна. Мөн бид ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллаж байна.
Сүүлийн үед нисдэг тэргүүд их орж ирж байна. VIP жуулчид хөгжих боломж нээгдэж байна. Дэлхий нийтээрээ цаг хугацааг чухалчлах болсон. Хугацаа хэмнэх үүднээс нисдэг тэрэг хөлслөх хандлага нэмэгдсэнээр бага оврын агаарын хөлгөөр доод агаарын зайд нисэх үйлчилгээнүүд хөгжиж байна. Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулаад явбал манай салбар илүү хурдан хөгжих боломжууд байна гэж бодож байна. Засгийн газар, яам, агентлагуудтай мэдээллээ маш сайн солилцоод явах хэрэгцээ шаардлага үүсч байна. Бид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай нэлээд нягт хамтран ажиллаж, сардаа нэг удаа уулзаж мэдээллээ солилцож байна.
-Нисэхийн салбарт технологийн шинэчлэл маш хурдацтай хөгжиж буй талаар ярилаа. Нисэхийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа эсэхэд та ямар хариу өгөх үү. Мөн хиймэл оюун ухаан руу хэр анхаарч байгаа вэ?
-Шинэ зуун жилийн эхлэл тавигдаж байна. Бид нийгмийн шилжилтийн он цагуудад системтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, өөрчлөгдөн шинэчлэгдэж, шинэ технологи руу шилжиж, түүх бүтээсээр ирсэн. Одоо бид дэлхий рүү илүүтэй харж тоглолт хийх хэрэгтэй. Монгол Улс газар зүйн байрлалын хувьд стратегийн ач холбогдол бүхий байршилтай бүс нутаг. Транзит нислэгийн бизнесийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай улс өнөөдөр өдөртөө 100 гаруй транзит зорчигч авч байна. Үүнийг нэмэгдүүлэх ёстой. Транзит буудал бариад, нислэгийн томилгоо, цагийн хуваариа хамтдаа суугаад ярилцаад эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлээд явбал транзит урсгалаас томоохон орлого олох боломжтой. Дараа үеийн технологи шинэ зах зээл дрон болж гарч ирлээ. Тиймээс дроны дүрэм, зааврыг маш сайн бичих шаардлага үүссэн. Бид дроны дүрэм журмыг өөрчлөх, зах зээлийг хөгжүүлэхээр бичиг цаас дээр сууж эхэлж байна. Бүх л салбарт дроны үйлчилгээ нэвтэрлээ шүү дээ. Хот дотор дроны хүргэлтийн үйлчилгээ хийх хүсэлтүүд ихэсч байна. Манайх Цусны үндэсний төвтэй хамтраад дроноор эмнэлгүүд рүү цус зөөх ажлыг мэргэжилт арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, агаарын орон зайн зохион байгуулалтыг хийж өгсөн. Уул уурхайн салбар энэ технологийн үйлчилгээг их нэвтрүүлж байна. Тэгэхээр дрон нисгэх үйлчилгээний зохицуулалтыг хийж, бүртгэлжүүлж, хяналтдаа авах ёстой. Чиглэл бүрээр эрх олгох асуудалд анхаарлаа хандуулаад богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг хийгээд явж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтраад Дроны хөгжлийн төвийг нээхээр ажиллаж байна. БХЯ-тай мөн хамтраад ажиллаж байна. Хиймэл оюун ухаан нь хүний хийж буй ажлыг илүү хялбаршуулах үүднээс нисэх буудлуудад түлхүү орж ирэх нь ойлгомжтой. Хиймэл оюун ухаан руу үе шаттай шилжих судалгааг хийж байгаа. Гэхдээ нислэг нь өөрөө аюулгүй ажиллагаа, хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой учир хүний оролцоо илүү шаарддаг салбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай салбар дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Навигацийн үйлчилгээ, агаарын хөлгийн парк шинэчлэл гэх мэт үзүүлэлтийн хувьд дэлхийгээс хоцорчихсон зүйлгүй. Харин аюулгүй хамгаалалт, нэвтрэн өнгөрөх бүс, камерын хяналтын бүс, хил гаалийн технологийг шинэчилж, сайжруулах шаардлагатай.
-Бидний ярилцлага дуусах дөхөж байна. Та нисэхийн салбарт 20 жил ажилласан гэж байна. Сэтгэлээс гардаггүй дурсамжаасаа хуваалцана уу?
-Анх ажилд ороод орон нутгаар их явсан. 365 хоногийн 200 гаруй хоногийг орон нутаг, хөдөөгүүр явж өнгөрөөсөн. Фургонтой сэгсчүүлээд л явдаг дурсамж сэтгэлээс гардаггүй. Маш их эрсдэлтэй үйл явдалтай тулгарч байсан. Амь насаа ч алдах зүйлстэй тулж байлаа. Ямар ч холбоо харилцаагүйгээр бүтэн 72 цаг цасанд сууж үзсэн. Монгол Улсынхаа бүх аймаг сумаар явсан даа. Энэ нь өөрөө нисэхийн салбарын суурь бодлого, дүрэм журам бодит амьдралд хэр байгааг их сайн ойлгуулахад том нөлөө үзүүлсэн. Нисэх буудлын хүн бүхэнтэй уулзаж, ярилцана. Нисэх буудлын хаана юу болохгүй байгааг маш сайн мэддэг болсон. Энэ бүхэн надад маш их туршлага суулгаж, маш их мэдлэг өгсөн байдаг юм байна. Ингээд нисэхийн салбархандаа, ахмадууддаа, иргэний нисэхийн хамт олондоо Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
/Монгол Улсад Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2025.5 дугаар сар/