“Маргаашийн төлөө” хамтдаа уриатай эдийн засгийн чуулган болж байна

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулганыг нээж, Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Манай улс газрын ховор элемент, зэс алтны төдийгүй газар дээр асар их баялагтай түүхтэй орон. Энэхүү баялагаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжсэн солонгоруулсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх болно.
“Урьчихаад урдаг биш залчихаад заамддаг биш” гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчид ээлтэй зарчмыг баримтална. Энэ бүх эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Энэ бол Энержетик Монголиа буюу “Эрчист монгол” хөтөлбөр юм. Монгол Улс эрчим хүчний маш баян нөөцтэй орон. Зөвхөн нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гегабайтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа эхлээд явж байна. Тухайлбал, нарны зайн хураагуур болон нарны зайн эрчим хүч экспортлох хэмжээний төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл ирэх наймдугаар сард нээлтээ хийнэ. Дараа нь хоёр ч цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Түүнээс гадна Эгийн голын усан цахилгаан станцны төсөл хэрэгжиж эхэлнэ. Ийм учраас Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж байна. Мөн эдийн засгийн бүтэц дотор дижитал пост буюу цахим өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр ард иргэддээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлдэг шилжилтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Дараагийн томоохон төслүүд нийслэл хотын хөгжилд чиглэж байна. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 10 томоохон төслийг эхлүүллээ. Үүний зэрэгцээ Хархорин хотыг шинээр байгуулах ажлыг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрт та бүхнийг чөлөөтэй, нээлттэй оролцохыг уриалж байна. Засгийн газрын хуралдаанаар дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмыг тогтсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчдад хариуцлагатай, таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадварыг хангаж, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Мөн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж бизнес эрхлэгч, ард иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ бий болгохыг зорино. Бид хөрөнгө оруулагчид, бизнесийнхэндээ гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизмыг бий болгоно. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгүүд, шуурхай багуудыг томилсон.
Ойрын 10 жилд бид эдийн засгаа хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах зорилт дэвшүүллээ.
Эдийн засгийн форум чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ мега 14 төслийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулья. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж эхэлснийг онцлон тэмдэглье. Энэхүү 14 мега төслийг хүлээгдэж буй үр нөлөөгөөр нь эрэмбэлсэн. Нэгдүгээрт, тээвэр ложистикийг дэмжихэд чиглэсэн төслийг, хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэл, түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн төслийг эрэмбэлж байна. Ган, төмөрлөгийн болон зэсийн үйлдвэрлэлийн суурийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн нефть, химийн салбарын хөгжих шинэ боломжийг нээж байна. Эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын тулд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бол ирэх сард Сэлэнгэ, Тосонцэнгэлийн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд Монгол Улс эрчим хүч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч экспортлогч орон байх зорилтыг ойрын 5 жилд хэрэгжүүлж чадна. Түүний дараа нүүрс, хийн кокс, химийн цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү 14 мега төслөөс гангийн болон зэсийн үйлдвэрийг хөгжлийн тулгуур багана хэмээн онцгой ач холбогдол өгч байна.
Бид Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Мөн нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр тохирлоо. Үүний зэрэгцээ Тавантолгойн цахилгаан станцын бас асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хотод V цахилгаан станцыг барих ажлыг энэ жилдээ багтаан шийдвэрлэнэ. Ийнхүү эрчим хүчний төслүүд бодитой хэрэгжиж боломжтой боллоо” гэсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.
Жил бүр өөр өөр уриан дор болдог тус чуулган 2022 онд “Шинэ сэргэлтийн бодлого”, өнгөрсөн онд “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” нэртэй зохион байгуулагдаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын хуваарилалт, төсвийн үр ашигтай байдлын талаар хэлэлцэж байв. Энэ жилийн тухайд “Маргаашийн төлөө” хамтдаа уриан дор хот төлөвлөлт, хотын эдийн засаг, олон улсаас хөрөнгө оруулалт татах нь, шинэ боломж ба эрсдэл, чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ зэрэг сэдвийг онцолж, илтгэл хэлэлцүүлж буй юм. Эдийн засгийн чуулганд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий гурван мянга гаруй хүн оролцож байна.