Тэдний хэрэгцээг хангаж чадах уу
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй нүүр тулж буй өнөө үед хүрээлэн буй орчинг бохирдуулагч хоёр дахь том хүчин зүйл нь загварын ертөнц, текстилийн салбар. Нүүрсээс салж сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих тухай ярьж байгаа шиг бид энэ салбарын хандлагыг өөрчлөх цаг аль хэдийн болжээ. Харин энэ өөрчлөлтөд хэн манлайлах вэ? гэвэл хариулт болгон Их Британийн Хэриот Уатт Их сургуулийн профессор Др.Сүй Томас “Z үеийнхэн” гэж хэлсэн юм. 1990 оноос хойш төрсөн Z үеийнхэн тун удахгүй загвар зохион бүтээгчид, үйлдвэрлэгчдийн хамгийн гол хэрэглэгч болно. Тэд тухайн брэндийн гадаад нүүр царай, дүр төрхөөс илүүтэй үүний цаана болж байгаа бодит үнэнийг мэдэхийг хүсдэг байна. McKinsey&Company-аас өнгөрсөн жил онлайнаар хийсэн судалгаанаас харахад Z үеийнхний 65 хувь нь худалдан авч буй бараа, бүтээгдэхүүнийхээ гарал үүсэл, хаана, хэрхэн, яаж хийсэн болохыг олж мэдэхийг хичээдэг гэж хариулжээ. Мөн 80 хувь нь асуудалд орж, шүүмжлэл хүртсэн компаниас бараа, бүтээгдэхүүн авахаас татгалздаг гэсэн байна.
Тэгвэл яг энэ хандлага өнөөдөр дэлхийн ноолуурын салбар, тэр дундаа уг түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч Монголын мал аж ахуйн салбарт анхаарах ёстой чухал асуудал болоод байна. Тиймээс ч “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” (ТННЭ)-ээс малчдыг сургаж, байгаль орчинд ээлтэй тогтвортой мал аж ахуй эрхлэн, түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд батлан харуулах үнэлгээ, батламжийг малчдад олгон ажиллаж байна гэж тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Уна Жонс ярьсан.
Монголчууд хэдэн мянган жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэн, байгальтайгаа зохицон аж төрж ирсэн ард түмэн. Гэтэл гадаад, дотоодын байгууллагууд монгол малчид хэрхэн тогтвортой аж ахуй эрхлэх тухай сүүлийн үед их ярих боллоо. Учир юунд вэ гэхээр гол шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт. Нөгөө талаас бэлчээрийн талхлалт. Мөн монголчууд ямаагаа харгис, хэрцгий байдлаар самнаж байгаа тухай мэдээ олон улсад цацагдсан нь ноолуурын салбарт хүнд цохилт болж буйг энэ салбарынхан хэлж байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мал аж ахуйн чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хил хязгааргүй малын эмч нар ба малын эрүүл мэнд хөтөлбөр, ТННЭ-ийн малчдыг сургаж, чадавхжуулах хөтөлбөр зэрэг олон санаачлага болон малчдын өөрсдийнх нь хүчин чармайлтын үр дүнд тогтвортой мал аж ахуйн суурь тавигдсан. Гэхдээ малын бэлчээр, байгаль орчин, мал аж ахуйн бодитой нөхцөл байдлыг хэрэглэгчид мэдэхийг хүсэж байгаа учраас үүнийг батлан харуулах ёстой. Гарал үүсэл нь тодорхой, аж ахуй эрхэлж буй байдал нь эцсийн хэрэглэгчдэд хүрдэг үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага ноолуурын салбарт тулгарч байна. Ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой эдгээр асуудлыг шийдэх нь энэ салбарын ирээдүйг тодорхойлно хэмээн 1797 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Их Британийн хамгийн том ноолуурын компани болох “Жонстон оф Элгин” компанийн гүйцэтгэх захирал Саймон Коттон онцолсон.
Тэгвэл бодит байдал Монголын тал газарт ямар байгаа юм бэ? Сүүлийн 20 жилд Монгол оронд байгаль, цаг уурын эрс тэс үзэгдэл огцом нэмэгдэж буйг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга Др.Б.Эрдэнэцэцэг хэлсэн. Олон улсын байгууллагаас гаргасан 1993-2012 оны мэдээгээр Монгол Улс уур амьсгалын урт хугацааны эрсдэлийн индексээр дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт бичигджээ. Малын тоо 1990 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 66.4 сая толгойд хүрсэн бол бэлчээрийн талбайн хэмжээг 1964 оныхтой харьцуулахад есөн сая га-гаар багасжээ. 2018 оны байдлаар бэлчээрийн мониторингийн мэдээг үндэслэж гаргасан дүнгээр нийт нутгийн 60 орчим хувьд бэлчээр унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж, доройтсон байна.
Харин ховор тооцогдох (дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 94.5 сая тонн байгаагаас ердөө 0.3 хувийг ноолууран ширхэгт эзэлдэг) ноолууран ширхэгтийн гол нөөцийг бүрдүүлэгч монгол ямааны чанарын тухайд ХХААХҮЯ-ны Малын үржил бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн, малын чанарыг сайжруулж, тоог бууруулах чиглэлд малчид, яамд, оролцогч талууд бүгд хамтран хүчин чармайлт гаргах нь чухал гэсэн. Өнөөдөр Монгол Улсад 18 аймгийн 73 суманд 50 гаруй үүлдэр, омгийн баталгаажсан малын үүлдэр угсаа байдаг. Үүнээс баталгаажсан 13 үүлдэр, омгийн ямааг үржүүлдэг байна. 2018 оноос малын үүлдэр угсаа, гарал үүслийг бүрдүүлэх ажил амжилттай хийгдэж эхэлсэн бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Малын генетик нөөцийн тухай хуулиар мал маллагааны уламжлалт арга технологио бүртгэлжүүлэн дэлхий дахинд таниулахаар ажиллаж буйг тэрбээр хэлсэн. Монголчууд мал маллагааны уламжлалт арга технологитой, мал бэлтгэхдээ хүртэл үр хүүхэддээ харуулдаггүй уламжлалтай. “Зөвхөн ямаа самнах тухайд л гэхэд монгол ямаа нь төмөр хашаанд төрөөд, цаг тутам хүнээс хамааралтай хооллодог Барууны фермийн ямаанаас ихээхэн ялгаатай. Эхийгээ дагаад бэлчээрлэж явдаг ямаа анх удаа баригдаад үс, ноолуураа самнуулахдаа мэдээж хүнээс эмээж айна. Бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг өнөөдөр дэлхий дахинд сул тал болгон харуулж буйд харамсаж байна” хэмээн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Др.Нарантуяа хэлсэн. Үнэхээр ч хэрэв ямааг ноолуураас нь салгахгүй бол уг ямаа нь анхны ширүүн шуурганаар л осгож үхэх аюултай болно. Бороо орсны дараа ноолуур нь барьцалдаад дараагийн шинэ ноолуур ургахад саад болно гээд Монгол орны байгаль цаг уур, аж байдалтай холбоотой уламжлалт онцлогууд байдаг. Энэ бүгдийг олон улсад зөвөөр таниулж сурталчлах нь чухал гэдгийг малчид, дотоодын ноолуурын салбарынхан онцлон хэлж байна.
Эцэст нь, чанартай ноолуур бэлтгэх арга зам, тогтолцоог бий болгох нь “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгагдсан тухай ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэлсэн. Тиймээс ч ТННЭ-ээс санаачлан хэрэгжүүлж буй малчид, хоршоодыг чадавхжуулж, үүгээр дамжуулан тогтвортой аж ахуй эрхэлж буйг эцсийн хэрэглэгчдэд баталгаажуулан хүргэхийг зорьж буй ажил нь төрийн үйл ажиллагаатай уялдаж буйг тэрбээр онцолсон. Мөн Монгол ноолуурын чанарыг дэлхийд таниулах зорилгоор “Хаан ширхэгт” гэх ноолуурын чанарын стандартыг нэвтрүүлэн, уг стандарт, шаардлагыг ханган хэрэгжүүлэх эрхийг Монголын Ноос ноолуурын холбоонд олгожээ. Энэхүү “Хаан ширхэгт” стандартыг одоогийн байдлаар дэлхийн 33 оронд хүлээн зөвшөөрүүлж байна. Тиймээс ноолуурын чанар стандартыг таниулж, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж буй Монголын Ноос ноолуурын холбоо, тогтвортой аж ахуй эрхлэх стандарт, үйл ажиллагааг нэвтрүүлж буй ТННЭ хамтран ажиллавал Монгол Улсын Засгийн газар, салбарын яамны бодлого, зорилт биелэх боломж бүрдэнэ гэдгийг Б.Батхүү дарга хэлсэн. Олон талд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй газрууд хамтран ажиллах нь эцэстээ нэг зорилтын төлөө явж байгаа учраас үр дүн гарахад чухал гэдгийг ч Монголын Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг илэрхийлсэн.
2018 онд Монгол Улсын Засгийн газар “Ноолуур” хөтөлбөр баталсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1500 ажлын байрыг бий болгосноороо ноос, ноолуурын салбар тэргүүлж байна. Олон өөрчлөлт, тэр дундаа амжилттай алхмууд хийгдэх эхлэл нь энэ салбарт тавигдлаа. Харин Z үеийнхэнтэй хөл нийлүүлэн алхаж, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлж урагшлах эсвэл уналтад орох эсэхийг энэ салбарынхан өөрсдөө шийднэ, тэднээс хамаарна.