The Economist 2018 онд 175 жилийн ойгоо тохиолдуулан XXI зууны зах зээл, эрх чөлөө, технологийн талаар ярилцах Open Future-ийг эхлүүлсэн юм. Энэ тусгай булан 2019 онд болон түүнээс цаашхи жилүүдэд олны анхаарлыг татах сэдвүүдэд төвлөрч, зарим онцгой үйл явдлыг танилцуулна.

Дэлхийн хэмжээний гурван асуудал биднээс хүн төрөлхтөн болон дэлхий гарагтаа үнэнч байхыг шаардаж байна

Юваль Ноа Харари  түүхч, зохиолч

“Дэлхийн либерал дэг журам” гэж нэрлэж буй зүйл дэлхийг хэдэн зууны турш захирч ирэв. Эдгээр сүртэй үгний цаана бүх хүн зарим үндсэн эрх, үнэ цэнэ, сонирхол эдэлдэг бөгөөд хүмүүсийн ямар ч хэсэг бүлэг бусдаасаа илүү байдаггүй гэсэн үзэл санаа оршиж байдаг. Тиймээс хамтрах нь зөрчилдөхөөс илүү зөв байдаг. Бүх хүн нийтлэг үнэ цэнээ хамгаалж, нийтлэг ашиг сонирхлоо гүнзгийрүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой. Ийм хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих хамгийн зөв арга бол бодол санаа, бараа, мөнгө, хүмүүс дэлхий даяар тархан шилжихийг хялбарчлах юм.

Дэлхийн либерал дэг журам нь олон алдаа, асуудалтай ч бусад бүх хувилбараас илүү дээр болохоо нотолсон. XXI зууны эхэн үеийн либерал дэлхий нь урьд өмнөх бүх үеэс илүү хөгжиж цэцэглэсэн, эрүүл саруул, энх тайванч болсон. Хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа өлсгөлөн нь илүүдэл жингээс цөөн хүн, тахал нь өтөл наснаас цөөн хүн, хүчирхийлэл нь ослоос цөөн хүний амийг авч одсон байна. Хэрэв та либерал дэг журмын өмнөх алтан үе рүү буцаж очих ёстой гэж бодож байгаа бол хүн төрөлхтөн нь XXI зуунаас илүү сайхан амьдарч байсан оныг нэрлэж чадна гэж үү? 1918 он уу? 1718 он уу? Эсвэл 1218 уу?

Гэсэн ч либерал дэг журамд хүмүүс итгэл алдарч байна. Дэлхийн олон улсын засгийн газар цагаачлалыг хязгаарлаж, өндөр тариф ногдуулж, гаднын үзэл бодлыг хянаж, эх орноо хана хэрэмтэй цайз болгох нь ихсэв. Хэрэв энэ мэт явдал үргэлжилвэл дэлхийн либерал дэг журам нурна. Харин түүнийг юу орлох вэ? Үндсэрхэг үзэл нь улс удирдахад олон давуу тал олгох ч, харамсалтай нь дэлхийг бүхлээр нь залах бодитой төлөвлөгөө үүнд байхгүй.

Зарим үндсэрхэг үзэлтэн дэлхийг хана хэрэмтэй боловч нөхөрсөг цайзуудын сүлжээ болно гэдэгт найдаж буй. Цайз-үндэстэн болгон өөрийн онцлог шинж, сонирхлоо хамгаалах боловч бүх цайз хоорондоо хамтран ажиллаж, энх тайвнаар наймаалцана. Цагаачлал, олон талт соёл, дэлхийн элит гэж байхгүйн зэрэгцээ дэлхийн дайн ч болохгүй. Гэвч хана хэрэмтэй цайзууд нөхөрсөг байх нь ховорт л ийм төсөөллийн дутагдал оршино. Дэлхийг яв цав тодорхойлсон улсуудад хуваах урьдын бүх оролдлого дайнаар өндөрлөж байв. Зарим нийтлэг үнэ цэнэ, олон улсын байгууллагууд байхгүй бол өрсөлдөгч улсууд энгийн дүрэм журам дээр ч санал нийлж чадахгүй.

Бусад үндсэрхэг үзэлтэн бүүр туйлширсан байр суурь баримталж, олон улсын ямар ч хамтын ажиллагаа хэрэггүй гэж зарлаж байна. Ингэвэл улс болгон зөвхөн өөрийн эрх ашигт санаа тавьж, дэлхийн бусад улс үндэстний өмнө ямар ч үүрэг хүлээхгүй. Цайз ердөө урдах гүүрээ хурааж, харуул манаа тавиад бусад улс там руу явсан ч үл тооно.

Үндсэрхэг үзэл болон даяарчлалыг тэнцвэржүүлэх

Энэхүү итгэл үнэмшлийг үгүйсгэсэн нигилист байр суурь нь ямар ч утгагүй. Олон улсын худалдааны сүлжээгүйгээр орчин цагийн нэг ч эдийн засаг тэсэж үлдэхгүй. Танд таалагдах эсэхээс үл хамааран өнөөдөр хүн төрөлхтөн нь үндэсний бүхий л хил хязгаарыг тохуурхсан, зөвхөн олон улсын хамтын ажиллагаа л шийдвэрлэж чадах гурван нийтлэг асуудалтай нүүр тулаад байна. Энэ бол цөмийн дайн, уур амьсгалын өөрчлөлт, технологийн түйвээн юм.

Та цөмийн өвөл эсвэл дэлхийн дулаарлаас хамгаалах хана барьж чадахгүй. Нэг ч улс хиймэл оюун ухаан эсвэл био инженерчлэлийг ганцаараа зохицуулж хүчрэхгүй. Европын холбоо алуурчин робот үйлдвэрлэхийг хорьж эсвэл Америк хүний хүүхдэд генийн инженерчлэлийн өөрчлөлт хийхийг хориглосон ч энэ нь хангалттай бус. Ерөөс ганц улс өндөр эрсдэлтэй ч өндөр ашигтай энэ замыг сонгохоор шийдвэл бусад улс тэднээс хоцрохоос эмээсэндээ энэхүү аюултай замыг дагахаас өөр аргагүй болно. Тийм болохоор хэн нэг улстөрч “Миний эх орон нэгдүгээрт” гэж хэлвэл түүнээс ингэж асуугтун: Танай улс ганцаараа хэрхэн цөмийн дайнаас сэргийлж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож, түйвээгч технологиудыг журамлах вэ?

 Зарим нийтлэг үнэ цэнэ, олон улсын байгууллагууд байхгүй бол өрсөлдөгч улс орнууд энгийн дүрэм журам дээр ч санал нийлж чадахгүй, арсалдана

Энэ гурван асуудалтай амжилттай тэмцэхийн тулд олон улсын багахан хэмжээний байтугай ихээхэн хэмжээний хамтын ажиллагаа шаардлагатай. Бид дэлхийн онцлогийг бий болгож, өөрийн улсаас гадна хүн төрөлхтөн, дэлхий гарагтаа үнэнч байхад хүмүүсийг уриалах ёстой. Дэлхийн ийм онцлогийг бий болгоход үндсэрхэг үзэл нь үлэмж саад болно гэдгийг нотлох шаардлагагүй биз. Хүний шинж чанар нь дасан зохицохдоо чамгүй сайн билээ.

Өнөөгийн үндэстэн-улсууд нь хүний биологи эсвэл сэтгэлзүйн үүрдийн хэсэг биш юм. Таван мянган жилийн өмнө итали, орос эсвэл турк хүн байгаагүй. Хүн бол генд нь бүлгийн үнэнч чанар тамгалагдсан бүх талаараа нийгмийн амьтан гэдэг нь үнэн. Гэвч хүн олон сая жилийн турш давамгай үндэсний төрт улсад бус жижиг, ойр дотно бүлэгт хамрагдан амьдарсаар иржээ. Хомо Сапиенс буюу оюун ухаант хүн нь эцэстээ соёлыг томхон хэмжээний хамтын ажиллагааны суурь болгон ашиглаж сурав. Хамтрах нь хүн хэмээх төрөл зүйлийн хувьд амжилтад хүрэх түлхүүр билээ. Гэвч соёл нь маш уян хатан. Шоргоолж эсвэл шимпанзегээс ялгаатай нь Сапиенс нь их олон төрлийн зохион байгуулалтад орж чадна. Энэ нь бидэнд “цаанаас заяагдсан жам ёсны зүйл” биш юм. Хот-улс нь эзэнт гүрнээс илүү жам ёсных биш, үндэсний төрт улс нь овгоос илүү жам ёсных биш билээ. Эдгээр нь Сапиенсийн цэсэн дэх ялгаатай сонголтууд бөгөөд алийг сонгох нь өөрчлөгдөн буй нөхцөл байдлаас шалтгаалдаг.

Том үндэстнүүд зөвхөн сүүлийн хэдэн мянган жилд үүссэн нь хувьслын цагийн хуваариар бол өчигдөр өглөөд тооцогдох агаад жижиг овгууд шийдэж чадахгүй томхон хэмжээний асуудлыг зохицуулах шаардлагаар үүсэж бий болжээ. XXI зуунд том улсууд ч шийдвэрлэж чадахааргүй олон улсын асуудалтай бид нүүр тулаад байна. Тиймээс үндэсний үзлийнхээ төлөө гаргадаг үнэнч зангийнхаа бага ч болов хувийг дэлхий нийтийн төлөө зориулах нь утга учир дагуулна.

Энэ нь дэлхийн засгийн газар байгуулах эсвэл соёл, шашин, үндэсний ялгааг устгахын нэр биш юм. Би нэг төдийгүй олон зүйлд, тухайлбал гэр бүл, тосгон, ажил, эх орон мөн эх дэлхий цаашлаад бүхий л хүн төрөлхтөнд үнэнч байж болно. Ялгаатай зүйлст нэгэн зэрэг үнэнч байх нь заримдаа зөрчил үүсгэдэг нь үнэн, ийм тохиолдолд юу хийхийг шийдвэрлэх нь хялбар биш юм. Гэвч амьдралыг хялбар гэж хэн хэлээв? Амьдрал амаргүй. Үүнийг хүлээн зөвшөөр. Заримдаа бид ажлаа гэр бүлээсээ, хааяа гэр бүлээ ажлаасаа дээгүүрт тавьдаг. Үүнтэй адилаар бид үндэсний сонирхлоо нэгдүгээрт тавих хэрэгтэй ч хүн төрөлхтний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэх тохиолдол ч мөн гарна.

 

Алсын хараатай хүмүүсийг дэмж

Тэгвэл энэ бүхнийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ? Дараачийн сонгууль болж, улс төрч өөрт нь санал өгөхийг хүсвэл та тэднээс доорх дөрвөн асуултыг асуу:

  1. Хэрэв та сонгогдвол цөмийн дайны эрсдэлийг багасгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
  2. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг бууруулахын тулд та юу хийх вэ?
  3. Хиймэл оюун ухаан, био инженерчлэл зэрэг түйвээгч технологийг зохицуулахын тулд та ямар арга хэмжээ авах вэ?
  4. Та 2040 оны дэлхийг ямраар төсөөлж байна вэ? Таны хамгийн муу болон хамгийн сайн таамаглал юу вэ?

Хэрэв улс төрч эдгээр асуултыг ойлгохгүй эсвэл ирээдүйн тухай учир утгатай төсөөлөл боловсруулж чадахгүй өнгөрсөн зүйл байнга ярьж байвал тэдний төлөө саналаа бүү өгөгтүн.

Юваль Ноа Харари

 “Дэлхий 2019” сэтгүүлийн “Нээлттэй ирээдүй” булангаас 

 

Mongolian Economy