Шийдэл
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргасан 2019 оны авлигын индексээр Монгол Улс 35 оноо авч 180 орноос 106-д жагсав. Гучин таваас доош буюу бага оноотой байвал их авлигатай оронд тооцогдоно. Манай улсын хувьд төрийн байгууллагын ил тод, хариуцлагатай байдал сул, хээл хахууль өндөр, шүүхийн аливаа шийдвэрт нөлөөлдөг, албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан хаагчидтай хариуцлага тооцож чадахгүй байгааг тайланд дурджээ.
Дэлхий даяар бүхий л улс орнуудын Засгийн газрын нийтлэг хүсэл тэмүүлэл нь “хөгжлийн дээд түвшинд хүрэх” явдал байдаг. Мөн ирээдүйн шинэ үеийнхэнд тулгарч болзошгүй хэрэгцээ шаардлагыг хангах “тогтвортой хөгжил”-д хүрэхийг улс орнууд тэмүүлж буй. Гэвч авлига эдийн засгийн хөрөнгө оруулалтыг бууруулж, өрсөлдөөнийг хазаарлаж, зах зээлийг гажуудуулж, орлогын тэгш бус байдлыг бий болгодог. Мөн авлига нь Засгийн газрын зүгээс олон нийтэд үзүүлэх чанартай үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг бууруулж, төсвийн дарамтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл хөгжилд тушаа болсон авлигыг үгүй хийх нэг арга нь цахим шилжилт. Үүнийг цаг үе биднээс шаардаж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал аль хэдийн эхэлсэн. Бид өөрчлөлтийг харах мөч л үлдлээ.
Дижиталчлал ил тод байдлыг бий болгодог.
Шинэ үеийнхэн, технологийн салбарынхан “Төрийн үйлчилгээг яагаад заавал төрийн албан хаагчтай харилцаж асууж авах ёстой юм бэ” гэж хэлж байна. “Цахим засаглалыг бий болгосноор авлига гарах нөхцлийг бүрдүүлж буй төрийн хүнд суртал үгүй болно гэж” ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ онцлон хэлсэн. Яг энэ санааг 1996 онд Эстони улс гаргаж, өдгөө ажил хэрэг болгож чадсан юм. “Авлигын төсөөлийн индекс 2019” тайлангаас харвал Эстони улс 74 оноогоор 18 дугаар байранд жагсчээ. “Дижиталчлал ил тод байдлыг бий болгодог. Эстони улсын иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл маш өндөр байдаг” хэмээн тус улсын И-Засаглалын Академийн менежментийн зөвлөлийн дарга, доктор Арво Отт манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Солонгоруулах боломж
Монголын төр, засаг эдийн засгаа солонгоруулах тухай хэзээнээс ярих болсныг мартаж орхиж. Юутай ч их олон жил энэ тухай дээд, доодгүй хэлэлцэж мэтгэлцсээр ирсэн. Энэ удаад цахим шилжилтийн хүрээнд эдийн засгийн гол салбаруудаа төрөлжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх боломж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Манай мэдээлэл технологийн салбарт эдийн засгийн гол салбаруудыг өндөр технологийн хэрэглээтэй болгох нөөц бололцоо бэлэн байна.” гэж хэлсэн. Тухайлбал, эдийн засгийн гарцаараа хоёр дахь том салбар болох хөдөө аж ахуйн салбарт мал бүртгэх, амьтны генийн сан, амьтны эрүүл мэндийг хянах мониторингийн технологи зэргийг нэвтрүүлжээ. Гэхдээ эдийн засгийн гол салбаруудыг технологижуулах үйл явц мэдээлэл технологийн салбарын чадавхиас удаан хэрэгжиж буйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Юмсын интернэт (IoT), хиймэл оюун ухааныг (AI) ХАА эрхлэх, хүрээлэн буй орчны талаар мэдээлэл цуглуулж, боловсруулахад ашигласнаар усны хүртээмж хязгаарлагдмал байгаа газар нутагт ХАА-н бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. GPS, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, програм хангамж нь үр, бордоо, түлшний хаягдлыг бууруулах юм. Энэ нь салбарын бүтээгдэхүүний үнийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. Мэдээлэл, харилцааны технологийн шинэлэг хэрэглээ нь мэдээллийн тэгш бус байдлыг бууруулж, ХАА-н жижиг, дунд бизнес эрхлэгчдийг ченжид өндөр төлбөр төлөлгүйгээр зах зээлд идэвхтэй оролцох боломж олгоно. Тухайлбал, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны долоодугаар сарын 1-нээс алс хязгаар нутагт оршин сууж буй иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх үүднээс цахим үйлчилгээ, цахим боловсролыг дээшлүүлэх “Цахим Энэтхэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Учир нь тус улсын хүн амын 68 хувь нь хөдөө тосгонд амьдардаг бөгөөд тэдний амьжиргааны эх үүсвэрийн дийлэнх хэсгийг ХАА-н салбар бүрдүүлдэг байна. Цахим ХАА гэх ойлголтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлснээр фермерийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, тогтвортой эрхлэх боломж бүрдүүлж ачаа барааны ханган нийлүүлэлт, үйлчилгээ сайжирч, хүн амыг тэжээллэг, аюулгүй, хүрэлцээтэй хоол хүнсээр хангах боломж бүрджээ.
Манай эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой өөр нэгэн салбар нь аялал жуулчлал. Энэ салбар 2028 он гэхэд Монгол Улсын ДНБ-д хоёр тэрбум гаруй ам.доллар (2017 оны байдлаар 1.23 тэрбум ам.доллар) оруулах хүлээлттэй байна. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг хөрш зах зээлүүдийн хилийн чанад дахь аялал өсч байгаа учраас Монгол Улс бүс нутгийнхаа жуулчдын урсгалыг татахад анхаарах цаг болсныг энэ салбарынхан хэлж буй.
Дижитал технологи жуулчдын сонирхлыг өөрчилж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломж олгодог.
Тиймээс жуулчдын аялдаг бүх байршлыг интернэтэд холбож, тэдэнд зориулсан үйлчилгээ, мэдээлэл англи хэлээр байх хэрэгтэй гэж “Монгол Улсын дижитал бэлэн байдлын үнэлгээ” тайланд бичжээ. Аялал жуулчлалын салбар нь хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлтийн гол хэсгийг бүрдүүлэхийн зэрэгцээ хэдэн сая ажлын байр бий болгож, энтрэпренершип, инновацийг дэмждэг. 2018 оны байдлаар Монгол Улсад жуулчны бааз, амралтын газар, гэр бааз болон бусад сууцны төрлийн 72 мянга гаруй жижиг, дунд бизнес үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбар нь тээвэр, сууц, хүргэлтийн болон бусад үйлчилгээ зэрэг дэд салбаруудад хуваагдсан бөгөөд эдгээр салбарт дижиталчлалыг ашиглан өөр боломжийг бий болгох боломжтой.
Нийгмийн болоод эдийн засгийн олон асуудлын шийдэл болох “E-Mongolia” хөтөлбөрийг засгийн газраас дахин санаачлаад буй. 10 гаруй жил яригдсан цахим улсыг бий болгох ажил УИХ-ын сонгуулийн өмнөхөн эхэлж байгаа ч энэ хөтөлбөрийг аль ч засгийн үед тууштай үргэлжлүүлээд явах ёстой гэдгийг бодлого тодорхойлогчид хэлж байна. Гэхдээ “Цахим шилжилт бол хэзээ ч дуусахгүй түүх” хэмээн Эстонийн И-Засагалалын Академийн менежментийн зөвлөлийн дарга, доктор Арво Отт хэлсэн нь бий.