Либералчлал үгүйлсэн салбар
Өнөөгийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд дэндүү нүсэр төвлөрсөн бүтцээр, үр ашиггүй удирдлагатай явж буй нь эрчим хүчнийхэн. Үр дүнд нь эрчим хүчний асар их нөөцтэй ч найдвартай байдал нь эмзэг хэвээр, эх үүсвэр дутмаг, төрийн өмчит компаниуд нь хуримтлагдсан их өр үүсгэж, татвар төлөгчдийн мөнгөөр угжуулсаар ирэв.
Уг нь тус салбарын зохицуулагч байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хороо өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилгоо болгосон байдаг. Өрсөлдөөн бодит утгаараа чөлөөт зах зээлд л явагддаг. Тэгвэл энэ салбарт эрчим хүчний үнийг төр зохицуулсан хэвээр байна. Шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд хүн ардаа цахилгаан, дулаанаар хангахын тулд энэ салбарт хувьчлал явуулаагүй байж болно. Тэгэхээс ч өөр аргагүй байсан шалтгаан бий. Социализмын үед ЗХУ–ын тусламжаар байгуулагдсан дулааны цахилгаан станцууд, шугам сүлжээ, дэд станцуудыг 1990-ээд он хүртэл зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хатуу хяналт дор ажиллуулдаг байв. Тэгтэл Ардчилсан хувьсгалын дараа өнөөх мэргэжилтнүүд нутаг буцаж, “саарал” сүлжээгээ удирдах том ажил бидний толгой дээр ирсэн юм.
Эхэн үедээ цахилгаан эрчим хүчний дутагдалтай, байнгын аваар саатал, доголдол гардаг цаг наргүй их ажил ундарч байсан гэдэг. Жилдээ 3.5 тэрбум КВт.ц цахилгаан эрчим хүч 1990 онд үйлдвэрлэж байсан бол 1991-1993 онд үйлдвэрлэл 40 гаруй хувь буюу хоёр тэрбум КВт.ц болтлоо буурч байлаа. Үндсэндээ энэхүү хүндрэлтэй үе 1990–ээд оны сүүл хүртэл үргэлжилсэн ч асар их хүч, нөөцөөр хүнд үеийг даван туулсан.
Харин 2000 он гармагц хэрэгжүүлсэн нэг том ажил бол 100 мянган нарны гэр үндэсний хөтөлбөр юм. Уг хөтөлбөр эрчим хүчний төвлөрсөн системтэй хамааралгүй боловч 100 мянган малчин өрхийг лааны гэрлээс холдуулж, тогтмол гэрэл гэгээтэй, телевиз үзэх боломжоор хангаж чадсанаараа чухал ажил болсон юм.
2010 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд малчин өрхүүдэд 50Вт–ын чадалтай цахилгаан үүсгүүрүүдийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлжээ. Үүний ачаар малчид үдшийн бүрийг гэрлээ залгуулж, дуртай цагтаа радиогоо сонсож, телевизээ үзчихдэг байсан юм. Энэ үед мөн зарим алслагдсан сум, суурин газруудыг цахилгаанаар хангах, Даланзадгадын ДЦС, Тайширын УЦС, Дөргөний УЦС болон бусад бага чадлын усан цахилгаан станцуудыг байгуулсан. Гэсэн хэдий ч шинэ тутам хөгжин сэргэж буй Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хангах, хэрэглэгчдийг найдвартай, чанартай цахилгаанаар хангахад хийх ёстой зүйл их байлаа. Өргөн уудам нутагт эрчим хүчний найдвартай байдлыг хангахад сэргээгдэх эрчим хүч, ялангуяа дунд оврын усан цахилгаан станцууд шаардлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай байдлыг хангах зорилгоор байгуулах Эгийн голын УЦС-ыг ярьсаар 20 гаруй жил улирч байгаа бол бусад томоохон эх үүсвэрийг бий болгох ажлуудаас нэгийг нь ч хийгээгүй байна.
Чөлөөт өрсөлдөөнгүй, үр ашигт суурилсан хувийн хэвшлийн оролцоогүй бол хөгжил хэрхэн царцдагийн жишээ л болсон юм уу даа.
Гэтэл хувийн хэвшилд суурилсан сэргээгдэх эрчим хүчний салбарт өсөлт хөгжил илүү хурдтай явагдаж байна. Айлаар зүйрлэвэл, харанхуй өрхийг татаж гэгээ оруулж байх шиг. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр сүүлийн гурван жилд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл 700 сая КВт.ц–аар нэмэгдэж, үр дүнд нь 700 мянга орчим тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, 5180 шоо метр цэвэр усыг хэмнэсэн, 3000 орчим түр, 200-гаад байнгын ажлын байр бий болжээ. Мөн эдгээр төслийн хүрээнд дотоодын компаниуд 200 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтад оролцсон гэсэн судалгаа бий.
Мэдээж уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өнөөгийн хэв загвараа үр ашигтай авч явахад эрчим хүчний хангамж, найдвартай байдал хамгийн их үгүйлэгдэж байгаа. Цаашдаа ч хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхээр зорьж, төвлөрлийг сааруулж, орон нутгаа хөгжүүлэх гэж буй бол эрчим хүчний бодлого, төлөвлөсөн ажлуудаа зоригтой, тууштай үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй.