Г.Ганзориг: БНХАУ-ын боломжийг ашиглаж чадвал тэлэлтийн хамгийн том ялалт болно

Mongolian Economy
2020-12-08 16:04:00
Ангилал:

Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн тодотгол, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид байр сууриа “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын дугаарт илэрхийлсэн юм. Тэдний байр суурь өдгөө ч үнэ цэнээ алдаагүй байгаа учир бид цувралаар хүргэж байна. 

Эдийн засагч, “Мандал даатгал” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзориг

Аливаа эдийн засаг унасан бол буцаад өсдөг жамтай. ОУВС-аас гаргасан таамаглалын дагуу 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар агших бол 2021 онд 5.4 хувиар сэргэхээр харагдаж байна. Одоогийн байдлаар хоёр вакцин тодорхой хүрээнд хэрэглэгдэж болно гэж зөвшөөрөгдсөн, найман вакцин энэ шатанд орохоор хүлээгдэж байгаа. Тэгэхээр миний хувьд эдийн засгийн нөхцөл байдлын талаар харьцангуй эерэг хүлээлттэй байна. Монголын эдийн засаг ч үүнтэй адил динамиктай байх болов уу.

Зунаас эхлэн нүүрсний экспорт нэмэгдэж байна. Түүнчлэн манай экспортын гол худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг аль хэдийнэ сэргээд эхэлчихлээ. Дэлхий даяар эдийн засаг нь агшиж байхад БНХАУ-ын эдийн засаг оны эхний хагаст 3.2 хувийн өсөлт үзүүллээ. Хятадын үйлдвэрлэл сайн сэргэж байгаа бөгөөд удахгүй хэрэглээ мөн сэргэнэ. Энэ бол манайд шинэ боломж юм. Манай улсын эдийн засгийн өсөлт, бууралтыг гадаад хүчин зүйл талаасаа нэг л зүйл удирддаг. Тэр бол таваарын ханш. Зэс, нүүрсний ханш өндөр байвал манай улс мөнгөтэй болж, өсөлт ирдэг. Энэ удаад ч тус нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Манай улсын сэргэлтийн суурь хүчин зүйл нь БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, таваарын эрэлт л байна.

Нөгөө талаас манайд дотоод асуудал их байна. Хамгийн том нь яахын аргагүй гадаад өрийн эргэн төлөлт. 2021 онд манай улс 500 сая ам.долларын бонд төлж барагдуулна. Цаашлаад улстөрчдийн элдэв поп үйлдлүүд эдийн засагт аюул тарьж байна. Гэхдээ өрийн дарамт, популизм зэрэг нь манай улсад хэвийн зүйл болж дээ. Иймд сөрөг зүйлсээс үл хамааран БНХАУ-ын өсөлтийг дагаад манай улс 2021 он гэхэд эдийн засгийн сэргэлтийг мэдрэх нь дамжиггүй.

Микро буюу компанийн түвшинд харвал дижитал шилжилтийг л онцлох хэрэгтэй болов уу. Их Британид нийт компанийн 80 хувь эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор тодорхой хэмжээний дижитал шилжилтийн төлөвлөгөө гаргасан ба 18 хувь нь бодитоор хэрэгжүүлсэн. Манай улсад ч мөн адил зайнаас ажиллах боломжийг туршиж үзлээ. Түүнчлэн автоматжуулалт, онлайн худалдаа гээд олон дэвшил гарлаа. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн тул эдгээр шилжилт сэргэлтийн үед улам л эрчимжинэ. Энэ л хамгийн том онцлог байх болов уу.

Гэвч манай улсын бий болгосон капитализмд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болгоход төвөгтэй. Энэ удаагийн эдийн засгийн тэлэлтээр ч ялгаагүй байх болов уу л гэж айж байна.

Эдийн засаг тэлэх нь нэгэнт тодорхой учраас Засгийн газар юуны өмнө бодит бус амлалтуудаасаа салж, бодитой реформууд хийх шаардлагатай. Ингэж гэмээ нь хүртээмжтэй эдийн засгийн өсөлт бий болох суурь тавигдана. Жишээ нь, тэтгэврийн реформыг хийх цаг нь яахын аргагүй мөн. Бизнесийн хувьд дотоод хүчин зүйл талаасаа дижитал шилжилтээр дамжуулан бүтээмжээ нэмэгдүүлэх нь зөв байх болов уу. Гэхдээ энэ миний зөвлөх хэсэг биш. Харин гадаад хүчин зүйл талаасаа БНХАУ-аас ирэх боломжуудыг анах ёстой болов уу. Тэнд л зах зээлийн маш их боломж гарч ирнэ. Энэ бүхнээс бага ч болов бид ашиглаж чадвал дараагийн тэлэлтийн хамгийн том ялалт болох болов уу даа. Харин үүнд төр засгаас хүндрэл учруулахгүй байх, дэд бүтцийг шийдэх, эцэст нь, эрх зүйн орчноо сайжруулах гэсэн гурван том тус хүргэх хэрэгтэй.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 8-р сарын дугаараас

 

 

Mongolian Economy