Анх ДЦС-5-ыг Улаанбаатар хотыг тэлэх хөгжлийн бодлогын хүрээнд барихаар төлөвлөж байсан. Гэтэл нэмэлт эх үүсвэр барих тухай зорилт хэдэн арван жил хүлээгдэх зуур төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангаж буй бусад эх үүсвэрүүдийн ашиглалт үеэ өнгөрөөж байна. Ийнхүү ДЦС-5 төслийн эрчим хүчний нэмэлт эх үүсвэр болох зорилт цаг хугацааны эрхээр хуучин станцуудын халааг авах шаардлага болж хувирлаа.

Эргэж буцсан жилүүд

Социализмын үед ЗХУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөлтийг гаргахдаа дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийг нийслэл хотын зүүн талд байх ёстой гэж үзэн судалгаа хийж байжээ.

Анх 1988 оны үед ДЦС-5-ыг нүүрсний орд газар дээрээ түшиглэн Багануурын уурхайн хажууд байгуулахаар болж бүр шавыг нь хүртэл тавьж байв. Гэвч 1990 он гараад оросууд нутаг буцахтай зэрэгцээд уг ажил замхарчээ.

Үүний дараа 1990-ээд оны сүүлээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны техник хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний хүчин чадлыг бэхжүүлэх судалгааны ажлыг хийж, Улаанбаатар хотод дулаан хангамжийн шинэ эх үүсвэр хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Ийнхүү 2000 оны эхээр нийслэл хотын дулааны эрчим хүчний хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд хотын зүүн хэсэгт дулааны эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд Улиастайд байгуулахаар болж цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа учраас дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС-5-ыг барихаар шийдвэрлэжээ. Гэвч судалгаа хийх явцад энэ байрлал нь газрын цэвдэгтэй, нийслэлийн агаарын бохирдлыг улам ихэсгэнэ, усан хангамжид сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч, өөр газар хайхад хүрсэн. Дараа нь Хонхорын радио станцын орчмыг онилж байсан ч Богд ууланд ойрхон тул хотын хориотой бүсэд орно, дулааны шугам сүлжээ хэт алслагдаж 27-28 км орчим болно, газрын өндөрлөг нь даваа гүвээтэй, хотын түвшингээс 100 орчим метр өндөр байгаа нь дулааны шугам сүлжээний усны эргэлтэд хүндрэл учруулна гэсэн дүгнэлт хийжээ.

Судалгааны явц энэ мэт саад, бэрхшээлтэй тулгарсаар эцэст нь ДЦС-3-ын суурь баазыг өргөтгөх замаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барихаар болов. Ийнхүү Төрийн өмчийн хороо, АХБ хамтран зөвлөх үйлчилгээ авч концессоор төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон. Гэвч газрын асуудал шийдэх, 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал болж эх үүсвэр нэг дор байрших нь зохимжгүй, хотын нөгөө захад байх ёстой гэж үзсэн байна.

Улмаар хотоос зүүн тийш Хөлийн голын хөндий буюу Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт ДЦС-5-ыг байгуулахаар шийдэж, 2013 оны наймдугаар сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Францын “Жи ди Эф Суэз”, Япон улсын “Сожитц корпораци”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэрлэгч БНСУ-ын “Поско энержи”, Монголын “Ньюком” ХХК-уудаас бүрдсэн түншлэл төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төр,хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг томоохон хэмжээний станцыг 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн ч судалгааны явцад Хөлийн голын хөндийн газар нь бас л маргаантай болж таарсан бөгөөд уг асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Мөн ус хангамжийг шийдэх зэрэг асуудал удааширч, хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдэлтэй гэж үзээд төслийг хэрэгжүүлэх консерциум таржээ.

Олон жилийн турш, үе үеийн Засгийн газруудын хэрэгжүүлэхээр зорьсон мега төслүүдийн нэг болох ДЦС-5 төсөл мартагдав. Харин оронд нь богино хугацаанд, бага зардлаар эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх шийдлийг сонгон одоо байгаа станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)-т ДЦС-5 төсөл багтаагүй. Харин цахилгаан станцуудыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар нэмэгдүүлээд байгаа бол Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар нэмэгдүүлэх ажил БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхэлж байна. Мөн Амгалангийн ДЦС-ыг дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх байдлаар өргөтгөх 50 МВт-ын өргөтгөл, ДЦС-3-ыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, ДЦС-4-ын трубиныг шинэчилж, хүчин чадлыг нь 89 МВт-аар нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байгаа талаар Эрчим хүчний яамнаас мэдээлсэн.

Шинэ үеийн ДЦС

Уг нь эрчим хүчний салбар түрүүлж хөгжиж байж эдийн засгийн өсөлтийг хангадаг онцлогтой. Гэтэл манайд 1980-аад оноос хойш цахилгаан, эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд ашиглалтад ороогүй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний төслүүд л хэрэгжиж байна. Энэ хооронд нийслэлийг дулаан, цахилгаанаар хангаж буй ДЦС-ууд эцсийн нөөц бололцоогоо шавхан ажилласаар. Өөрөөр хэлбэл, ДЦС-2 60 гаруй жил ажиллаж байгаа бол хамгийн “залуу” ДЦС-4 л гэхэд өнгөрсөн жил 35 нас хүрлээ. Хэдийгээр станцуудад өргөтгөл, шинэчлэлт хийн засаж сэлбээд явах боломжтой ч орчин үеийн технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий. Дэлхий нийт үр ашиг муутай технологиос татгалзаж, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийг сонгох болсон. Европын орнууд 40 гаруй жил ашигласан станцуудаа зогсоож буй. Урд хөрш 20 гаруй жил ашиглагдсан станцуудаа хааж байна.

ДЦС-5 төслийг Европын Холбооны дагаж мөрддөг, экологийн сөрөг нөлөөлөл хамгийн бага стандарт, шаардлагын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. Тухайлбал, ДЦС-5 төсөл  нүүрсийг иж бүрэн боловсруулан дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг, одоо ашиглаж буй технологиос гурав дахин бага ус зарцуулах тооцоотой байсан.

Жил бүр эрчим хүчний хэрэгцээ 6-8 хувиар нэмэгдэж байна.  Гэсэн атлаа өнөөдөр манай улс -10 хувийн эрчим хүчний дутагдалтай, үүнийгээ ОХУ-аас эрчим хүч импортлох замаар нөхдөг. Харин цаашдаа Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд эрчим хүчний хүртээмжтэй байдлыг 100 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм. Үүнээс гадна нэмээд 20 хувиар эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Ойрын хугацаанд станцуудаа өргөтгөн, шинэчлэх замаар эрчим хүчний хэрэгцээгээ шийдээд, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан томоохон төсөл хөтөлбөрүүдээ хойш нь тавьдаг юм байж гэж бодоё. Гэтэл Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж, дэлхий нийтийн жишгийг дагахаар зорьж буй бодлоготой төр, засгийн хувьд эдийн засгийг урагшлуулах гол салбартаа томоохон шинэчлэлт хийхээс цаараглаж байгаа нь хэр зохимжтой вэ.

 

Mongolian Economy сэтгүүлийн 2019 оны хоёрдугаар сарын (149) дугаараас оруулав.

Сарангуа Төмөр