Токио хотод ажилласан хугацаанд Япон орныг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гол хүчин зүйл нь юу болохыг өөр өөрийн харж буй өнцгөөс хэлж өгөхийг ард, дарга, судлаач, монгол, япон гэлтгүй уулзсан хүн бүрээсээ хүссэн юм. Үндсэндээ бүх хүн нэг л зүйл дээр санал нэгдэж байв. Тэр нь хүн.
Гэхдээ Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн тэргүүн, хатагтай Фүжимото Микикогийн хариулт бусдынхаасаа өөр, сонирхол татахуйц байв. Ф.Микико гуай дайны хүнд жилүүдийг туулж гарсан, дайны дараах хүнд цаг үеийг нүдээр үзэж, бүтээн байгуулалт, эх орныхоо хөгжлийн гэрч болсон хүн. Тэрбээр “Япон хөгжсөн нь бид өөрсдийн нүдээр Америк гэж ямар хөгжингүй орон байдгийг, чөлөөт зах зээл гэж юуг хэлдгийг үзсэн учраас” гэж хариулсан юм.
Дайны өмнө ч Япон зах зээлийн эдийн засагтай орон байсан. Гэхдээ дайны дараа л өмнө нь зөвхөн дээдсийн хүрээлэнгийнхэн өмсдөг байсан торгоор урласан шилэн оймсыг бүх эмэгтэйчүүд худалдан авч болохуйц хямдхан байж болдгийг нүдээр үзэж, гартаа барьж үзсэн. Тиймээс Америк шиг элбэг хангалуун орон болохыг бүх нийтээрээ хүссэн болохоор ийн хурдацтай хөгжсөн хэмээн Ф.Микико нэмж тайлбарлав.
Японы хөгжил цэцэглэлтэд хүргэсэн маш олон хүчин зүйлийг дурдаж болно. Мөн уламжлал, өв соёл, Хаант засаглал, суурин иргэншил, төрийн бодлого, бүр АНУ-ын дэмжлэгтэй ч холбон тайлбарлаж болно.
Гэхдээ өнөөгийн хүчирхэг эдийн засаг, тэргүүлэгч шинжлэх ухаан бүхий улсыг байгуулсан хамгийн гол хүчин зүйл нь хөдөлмөр, боловсрол хоёр юм гэсэн бодол сэтгүүлч миний бие арлын улсаас тээж ирсэн юм.
Монгол Улсын бүтээхийг зорьж буй “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийн бодит загварыг бид Японоос харж, үлгэрлэж болох юм. Бие биенээ хүндэлж, халамжилж бусдад садаа болохгүй байх нь япон хүн бүрийн баримталдаг гол зарчим ажээ. Тиймээс бусдынхаа хөдөлмөрийг хөсөрдүүлэхгүйн тулд хариуцсан ажилдаа эзэн болж, эхэлснээ дуусгадаг чанар нь “Япон чанар” гэх нэр хүндийг авчирчээ.
Япон Улсад хоёр ч удаа Элчин сайдаар томилогдон ажилласан С.Хүрэлбаатар гуай Японы хөгжлийн суурь нь үндсэндээ бүр эртнээс, Мэйжийн хувьсгалаар (1868 он) тавигдсан тухай өгүүлсэн юм. Тэрбээр “Японы хөгжлийн гол хүчин зүйл маш сайн боловсрол, хүмүүжилтэй хүн амыг бүрдүүлж чадсанд” хэмээв. Чухамхүү Мэйжийн хувьсгалаар л улс орны хөгжилд юу чухал вэ гэдгийг эрэмбэлж иргэдээ маш сайн сургаж чадсанд оршино гэж тэрбээр дүгнэж буй. Энэ эрэмбийн эхэнд боловсрол, хүний хөгжил багтсан байна.
Түүнтэй ижил санааг мөн “Иточү” корпорацийн ТУЗ-ийн дарга Ёйчи Кобаяаши илэрхийлсэн юм. “Япон Улс баялаг багатай. Тиймээс хүнээ хөгжүүлж хөгжихөөс өөр арга замгүй гэдгийг ухаарсан” хэмээн хэлэв. Түүний ярьсанчлан Мэйжийн хувьсгалаар Япон орон нээлттэй болж Европын соёл нэвтэрснээс гадна, хүний хөгжилд төр гол анхаарлаа хандуулсан аж.
Тэгэхээр улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулахаа мэддэг, үндэстнийхээ ирээдүйг төсөөлж чадсан, үргэлж өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй иргэн хүмүүс л өнөөгийн Япон Улсыг цогцлоожээ. Тиймээс ч иргэнээ дээдэлдэг, иргэдийнхээ өмнө уучлал гуйж, өөртөө хариуцлага тооцож чаддаг төр тогтсон буй за.
Өнөөдөр энэхүү үнэт зүйл нь хөдөлмөрийн харилцаанд шингэж, энэ орны тогтвортой хөгжлийн хөдөлгүүр нь болжээ. Ноён Ё.Кобаяаши хэлэхдээ “Америкт компаниуд хувьцаа эзэмшигчээ дээдэлдэг бол Японд ажилтнаа өөрсдийн гэр бүлийн гишүүнээ гэж үзэж, хүнээ хайрлан дээдэлдэг” гэсэн юм.
Ажлаас халах тухай ойлголт Японы компаниудад байдаггүй гэх. Ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн тэр л компанидаа тэтгэвэрт гаран гартал ажиллах боломжоор хангагдах ёстой гэсэн бичигдээгүй хууль энд үйлчилдэг. “Наран” улсад Монголын нэрийг дуурсгаж яваа сумочидтойгоо уулзах бүрт л тэд “Монгол Улс илүү хурдацтай хөгжихийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн нэгэн ижил бодолтой явдгаа хуваалцаж байв.
Нөгөө талаас “Энд бизнес эхлүүлэх амархан. Харин бизнесээс гарах хэцүү” гэж Токио хотноо жижиг бизнес эрхлэгч Д.Энхтуяа ярьсан юм. Ажилтан тэтгэвэрт гартал нэг л компанид ажиллах боломжтой байхын тулд тэр компани түүнийг тэтгэвэрт гартал нь зогсолтгүй ажиллаж байх хэрэгтэй шүү дээ. Товчхондоо тогтвортой байдал чухал аж. Хэрэв бизнесээ орхиж буй тохиолдолд нийгмийн өмнө хариуцлагаа биелүүлж, үүдэх сөрөг үр дагавруудыг арилгасан байх шаардлагуудыг нь стандартчилж, журамлаж өгсөн байдаг. Тэрбээр “Улаанбаатар” нэртэй монгол хоолны ресторанаа 10 дахь жилдээ тогтвортой ажиллуулж байна.
Боловсролын тухай нурших нь илүүц биз. Харин Япон дахь монгол судлаач эрдэмтэдтэй хийсэн уулзалт сэтгэл хөдөлгөм байсныг дурдах хэрэгтэй. Тэд Монголын эдийн засаг болон засаглалын талаар дотоодын болон, барууны эрдэмтдийн хэн нь ч хэлж байгаагүй шинэ өнцгөөс учир, шалтгаан бүрийг тайлбарлаж байсан юм. Өнөөдөр Японоос бараг л жил дараалан шахам Нобелийн шагналтан төрж буй. Өдийг хүртэл боловсролын бодлогоо өөрсдөө хадгалж, дэлхийн шинжлэх ухаанд япон орон зай бий болгосны үр дүн энэ. Бодит амьдралд ч бид Японд төрсөн инновацийг хөлөглөж, хэрэглэж, хүртсээр явна.
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан
“Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаараас. 2017 оны 9-р сар