Бидний өмнө үндэсний дээл, гутлаа өмссөн нуруулаг сайхан монгол эр сууж байна. Хүнгэнэсэн эрдүү зөөлөн хоолойгоор бидэнтэй ихэд дотно яриа өрнүүлсэн энэ хүн бол Мэргэжлийн сумо бөхийн их аварга Мөнхбатын Даваажаргал (Хакухо). Мэргэжлийн тамирчны замналдаа түүхэн амжилт тогтоосныхоо дараахан эх нутагтаа ирээд буй нь энэ. Монгол дахь сумо бөхийн анхны дэвжээг нээсэн билэгт өдөр бидний уулзалт давхацсан билээ.
1991 онд Сумо бөхийн цагийг эзэлсэн их аварга Ваканахано Японы үндэсний бөхийг сурталчлахаар Монгол оронд айлчилжээ. Монголын үндэсний бөхийн аваргуудтай хийсэн уулзалтад Ваканахано аварга аавыгаа дагаж ирсэн зургаан настай хүүд чихэр атгаж өгчээ. Тэр хүү нь Дархан аварга Ж.Мөнхбатын бага хүү Даваажаргал байжээ. “Юм бүхэн цаанаа учиртай байдаг бололтой” хэмээн Хакухо аварга тодхон үлдсэн дурсамжаа уудалсан юм.
Үзэх дуртай самурайтай киногоороо л япон орныг төсөөлдөг хүү гараас нь чихэр авсан Их аваргаасаа ч өндөр амжилт байгуулна гэж санаагүй явсан нь мэдээж. Гэсэн ч тэрбээр 15 настайдаа сумочин болох зорилго өвөртлөн Арлын орныг зорьсон юм.
“Анх Японд ирэхэд мэргэжлийн сумод орно гэсэн итгэл байгаагүй. Яагаад гэвэл нэг дэвжээнд хоёр л гадаад бөхтэй байхыг зөвшөөрдөг. Яг тэр үед Асашёрюү Д.Дагвадорж аварга, Асасикерюү Б.Дашням хоёр маань дээд зиндаанд маш амжилттай барилдаж гарч ирж байсан болохоор багш нар монгол хүүхдүүдийг их сонирхож байв. Хэдийгээр олон багш ирж үзсэн ч намайг хэн ч сонгоогүй” хэмээн Их аварга инээд алдлаа.
Хоёр сар өнгөрлөө. Маргааш нутаг буцна. Зорьсондоо хүрээгүй ч бэлтгэл хийхийн амтанд орсон хүү өөртөө шинэ зорилго тавьжээ. “Олимпийн тамирчин болно аав аа. Надад сайн багш бэлдээрэй” хэмээн хүү гэр рүүгээ утас цохьжээ.
Орой нь түүнийг үдэж өгөхөөр найз нөхөд, ойр дотнынхон нь ч цуглав. Гэтэл “Аав” гэж хүндэлдэг япон багш, мэргэжлийн сумод анхлан хөл тавьсан монгол хүү Д.Батбаяр (Кекүшюзан) ах хоёр нь түүнийг дуудаж уулзаад юу ч тайлбарлалгүй “Чадах уу” гэсэн ганц л асуулт тавьж. “Аварга” сайн ухаж ойлгоогүй ч, эргэлзэлгүйгээр “Чадна” хэмээн хариулжээ. Хэдхэн цагийн дараа онгоцонд суугаад харих гэж байсан хүү ингэж л мэргэжлийн сумод хөл тавьсан юм. “Нэг өдөр бүү хэл хэдхэн цагийн дотор л хүний амьдрал, тавилан өөрчлөгддөг юм билээ” хэмээн хувь тавилангийн тухай хөөрөлдлөө.
“Би өөрөө гүйж, харайж, сагс тоглодог, биеийн тамирт дуртай хүүхэд байсан болохоор итгэлтэй байлаа. Гэтэл ах нартай бэлтгэл хийж эхлээд бараг няслахад нь шахуу унана. Тэгж л анх өөрийгөө их сул дорой гэдгээ мэдэрч билээ” хэмээн мэргэжлийн сумод хөл тавьсан эхэн үеийнхээ тухай аварга өгүүлэв. Энэ үеэс л тэр шинэ тэмүүлэл, зорилготой болжээ.
Дөнгөж Жүрёд дэвшээд байсан үедээ гэргий Саяакотойгоо танилцжээ. Үерхэж эхлэхдээ Хакухо “Ёкозуна болсны дараа нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй” гэж хэлж байсан тухай түүний гэргий нь дурссан байдаг.
Бидний уулзалт ид дундаа орлоо. “Эх орноо, эцэг эхээ хайрлаж чадсан хүн ямар ч улсын хүн ардыг хайрлаж хамгаалж чаддаг юм болов уу” хэмээн тэрбээр сэтгэлээсээ ярив. Энэ хүний амьдрал, амжилт, туулж өнгөрүүлсэн баяр, гунигтай дурсамж бүр нь япон орон, япон ард түмэнтэй холбогдоно.
2011 оны гуравдугаар сарын 11-нд, Их аваргын 26 насны төрсөн өдрөөр Японы Тохоку мужийн ойролцоо, эргээс 70 км зайд далайн гүнд 9.1 магнитуд хүчтэй газар хөдөлж, цунами үүсгэсэн билээ. “Бид гурван сарын дараа гамшиг болсон газруудаар очсон юм. Биднийг очих үеэр ч газар хөдөлсөөр байлаа. Цунамигаас хойш том, жижиг олон удаагийн газар хөдлөлт болж, нутгийн иргэд нойргүй шахам гурван сарыг өнгөрүүлсэн байв. Тийм үед би аваргын ёслолоо хийгээд буцаж билээ. Маргааш нь “Таныг ёслогоо хийснээс хойш нэг ч удаа газар хөдөлсөнгүй. Бид үнэхээр сайхан амарлаа” гээд утсаар ярьж байсан” хэмээн хуучлах монгол хүүгээр бахархана.
Сумо нь зөвхөн спорт төдийгүй Японы өв уламжлал, ёс заншил, соёлын тээгч юм. Японы аль ч сүм дуганд орж үзвэл адилхан хөндлөн бүдүүн олс байгаа үзэгдэнэ. Яг тийм олсыг Их аварга хүн л бүслэх эрхтэй. Харин Их аваргын башёгийн үеэр өдөр бүр үйлддэг ёслол нь газарт байгаа муу муухай бүхнийг гишгэн устгаж буйг илэрхийлдэг байна.
“Миний эх орны заяа тэнгэр намайг харж үздэг юм болов уу. Яагаад дөнгөж 62 кг жинтэй байсан хүүхэд Сумогийн бүх амжилтыг эвдэв. Магадгүй сумогийн бурхан тэнгэр миний хөдөлмөрийг үнэлсэн биз. Энэ хоёр улсын маань бурхан тэнгэр л намайг түшсэн болоод л би энэ амжилтыг тогтоосон…
Би мундаг их хүчтэй бяртай хүн биш ээ, азтай л хүн. Гэхдээ аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг юм байна” гэж залуухан Их аварга маань яриагаа даруухан
үргэлжлүүлнэ.
Үнэхээр ч япон хэлнээ аз гэх үгийг “Цэрэг арми”, “Давшин довтлох” гэсэн утга бүхий ханзаар бичдэгийг тэрбээр хожим нь мэджээ. Өөрөөр хэлбэл, “Азыг тэмцэж олдог” гэсэн утгыг эдгээр ханз илэрхийлдэг байна.
Одоо тэрбээр дахин өөр шинэ зорилго, тэмүүлэлтэй болсон. Тэр нь дөнгөж сумод хөл тавьж буй залуусын зорилгыг томруулах. Тайхо аваргын 32 түрүүг гүйцсэний дараа ямар ч зорилгогүй, барилдах эрмэлзэлгүй болсон байна. Тэр залуусыг биелэхэд амар зорилготой байхыг хүсэхгүй байгаа. Тиймдээ ч “Барилдаан бүр үзүүр, түрүү шүү” гэж аавынхаа захисныг өөртөө шивнэсээр дэвжээн дээр гарах болно.
Мөн 2020 оны Олимпийн дэвжээн дээр Их аваргын ёслолоо үйлдэж газар доорх муу муухайг үлдэн хөөх хүсэл цээжин цаана нь булгилж буй. Хэрэв тэрбээр 15 настайдаа нутаг буцсан бол Токиогийн дэвжээнээ зогсож л байх байсан гэдэгт итгэлтэй байна. Ваканохана аваргын гараас чихэр авч байсан Ж.Мөнхбатын бага хүү өнөөдөр Монголын болон Японы ард түмний хүү болжээ.
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан
“Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаараас. 2017 оны 9-р сар