Ц.Нацагдорж: Экосистем бүрдвэл дуу хөгжмийн салбар луу хөрөнгө оруулалт чиглэнэ

T.Amarjargal T.Amarjargal
2021-11-30 16:32:17
Ангилал: Нийгэм

Плэйтайм наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдоржтой ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар ярих боллоо. Дуу хөгжмийг эдийн засгийн тулгуур багануудын нэг болгохын тулд юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян маш үр дүнтэй арга хэмжээ болж байна. Учир нь бид бүх түвшинд бодлого чиглэлээ хэлэлцэж, цаашид хүрч болох боломжуудаа илүү өргөн хүрээнд ярилцаж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд дуу хөгжмийн салбар чухал байр суурьтай. Тийм ч учраас манай улс бусад улс орны туршлагыг судалж, өөрийн онцлогт тулгуурлан шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх нь тун чухал. 

Дуу хөгжмийн салбараас хуримтлуулж буй орлогыг эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээнд хүргэхийн тулд төр, хувийн хэвшил, уран бүтээлчид нэгдэж ажиллах ёстой. Дэлхий дахинд дуу хөгжмөөр дамжуулан хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, ажлын байр бий болгосон сайн жишээ олон бий.

Их Британи гэхэд 2019 онд дуу хөгжмийн салбараараа дамжуулж, 5.8 тэрбум фунтын орлогыг эдийн засагтаа төвлөрүүлж чадсан.

Зөвхөн дуу хөгжмийн салбар нь 197 мянган хүний ажлын байрыг бий болгосон гэсэн статистик мэдээ бий. Мөн нэг жилийн дотор 850 мянга шахам хүн Их Британид болдог хөгжмийн фестиваль, концертуудыг үзэхээр хилийн чанадаас зорьж очсон байх жишээтэй. 

Харин Ази тивээс хөгжмийн зах зээлд томоохон байр суурь эзэлсэн улс бол БНСУ. Солонгос улс цар тахлын өмнө буюу 2019 онд 5.6 тэрбум ам.долларын орлогыг эдийн засагтаа төвлөрүүлсэн. Түүнчлэн дуу хөгжмийн салбарын экспорт нь 756 сая ам.долларт хүрсэн байна. Дуу хөгжмийн салбарт нь 77 мянган хүн ажиллаж байна. Тийм учраас бид энэ улсуудаас суралцаж, соёл урлагийн салбарынхаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийг тодорхойлох ёстой. 

-Монгол хамтлаг, дуучдын бүтээлийг дэлхийд таниулах ямар боломжууд, ямар сувгууд байна вэ?  

-Дуу хөгжмийг зөвхөн хэрэглээ, зугаа цэнгэл гэсэн өнцгөөс хараад байдаг. Гэвч нөгөөтээгүүр маш том бизнес гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэнх бизнесмэн, хөрөнгө оруулагчид уул уурхай, хөдөө аж ахуй гэх мэт салбар луу хошуурдаг. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд соёл, урлагийг бодлоготойгоор дэмжиж, экосистемийг бүрдүүлэх шаардлагатай. Дижитал шилжилтийн ачаар дуу хөгжмөөс ашиг орлого олох сувгууд бий болж байна. Дэлхийн томоохон платформууд болох Spotify, Apple Music, Youtube, Facebook гэх мэт сувгуудыг ашиглан бүтээлээ мөнгөжүүлэх боломж нээлттэй.

Spotify гэхэд 400 сая хэрэглэгчтэй. Энэ аварга платформ дээр монгол уран бүтээлчид ч дуугаа тавих боломжтой цаг ирж.

Өөрөөр хэлбэл, технологийн боломжууд нь бэлэн. Гагцхүү дуу хөгжмөө сурталчилах маркетинг, менежментийн асуудал учир дутагдалтай байна. 

-Дуу хөгжмийн зах зээлд хүчирхэгжсэн улс орнууд ямар алхмууд хийж байна вэ? Бид тэдний туршлагыг хэрэгжүүлэх боломж хэр байна вэ? 

-Үүн дээр би их тодорхой саналтай явдаг. Ерөөсөө л гадны мэргэжилтнүүдийг урьж авчраад мэдлэг, туршлагаа солилцох хэрэгтэй. Тодруулбал, Монгол уран бүтээлчдээ таниулах томоохон хэмжээний фестивалийг олон улсын хурал семинарын хамт зохион байгуулах хэрэгтэй. Ийм арга хэмжээг дэлхийн олон хотод зохион байгуулдаг. Монголд ч бас уламжлал болгон хийх хэрэгтэй. Үүний тулд Spotify, Apple Music, Universal Music, Sony гэх мэт томоохон лэйблүүд, дэлхийд алдартай фестивалиудын захирлууд, дуу хөгжмийн салбарын хамгийн нөлөө бүхий 40-50 мэргэжилтнийг Монголдоо урьж авчирна. Ингээд Монголынхоо 100 гаруй хамтлаг, дуучдын тоглолтыг зохион байгуулж, үзүүлнэ. Орой нь шоу, фестиваль зохион байгуулаад өдөр нь дууны инженер техникийн мэргэжилтнүүд, бүх артист менежерүүддээ сургалт зохион байгуулаад явна. Ийм цогц арга хэмжээг жил бүр зохион байгуулбал миний яриад байгаа экосистем бүрдэх юм. Энэ экосистем бүрдсэн цагт дуу хөгжмийн салбар луу хөрөнгө оруулалт чиглэнэ. 

-Яг ийм арга хэмжээ зохион байгуулаад тэр нь олон улсын брэнд болсон ямар жишээ байна вэ? 

-Би олон улсын хөгжмийн хурал семинарт жилдээ 10 гаруй удаа оролцдог. Дэлхийн хамгийн том шоукэйс фестиваль болох SXSW АНУ-ын Остин хотод болдог. Жил бүрийн гуравдугаар сард 10 хоногийн турш болдог тус арга хэмжээнд оролцохоор 2500 орчим хамтлаг, дуучин, хөгжмийн мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрээс цуглардаг. 30 гаруй жил явагдаж буй тус арга хэмжээ Остин хотын төсөв санхүүд маш том хөшүүрэг болдог. Мөн хотынхоо, улсынхаа брэнд арга хэмжээ нь болж чадсан. Өөр олон жишээ бий. Германы Reeper Bahn Festival, Солонгосын Zandari Festa, Тайландын Bangkok music city гэх мэт фестиваль байна. 

Улсынхаа, хотынхоо дуу хөгжмийг сурталчилсан ийм төрлийн арга хэмжээ нь арилжааны гэхээсээ илүү хөгжмийн салбарынхныг чадавхжуулахад чиглэсэн байдаг. Тийм ч учраас төр засаг, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлдэг.

-Таны хувьд Playtime наадмыг үүсгэн байгуулж, брэнд болгосон. Энэ хугацаанд тулгарсан хамгийн хүнд зүйл нь юу байсан бэ? 

-Playtime наадмыг зохион байгуулаад 20 жил болсон байна. Манай хөгжмийн зах зээл жижиг, олон улсад танигдаагүй нь эхэндээ маш их сорилт дагуулсан. Наадмаа олон улсын болгож, хүрээгээ тэлэх гэхээр гаднаас хүмүүс зорьж ирэх нь бага байлаа. Өөрөөр хэлбэл, хөгжмийн зах зээл нь өргөжин тэлсэн орнуудтай харьцуулахад бидний хөдөлсөн гарааны зурвас арай хойноос эхэлсэн, бас илүү бартаатай байлаа. Мөн аялал жуулчлал сайн хөгжөөгүй учраас нислэг үнэтэй. 

Гаднаас хамтлаг дуучид урих, монгол хамтлагуудаа гадагш нь авч явах гэхээр маш өндөр зардалтай.

Хамаг эрсдэлээ өөрсдөө үүрээд асар их алдагдалд ороод л явсан. Гэхдээ хамгийн гол үнэт зүйл нь хөгжим учраас, бид хөгжимд хайртай учраас бүх бэрхшээлийг даваад л гарсан. Сүүлийн хэдэн жил нийслэлийн зүгээс ч биднийг дэмжиж, хамтарч ажилладаг боллоо. Санхүүгийн дэмжлэгээс гадна зохион байгуулалт дээр ч тусалдаг. Бид наадмаа аюулгүй зохион байгуулах үүднээс төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Дээр нь ивээн тэтгэгч байгууллагуудаа онцолж дурдмаар байна. Тэдний тус дэмжлэгээр Playtime наадам Монголын брэнд фестиваль болтлоо өргөжин хөгжиж чадсан. 

-Playtime наадмын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Ирээдүйгээ маш гэрэлтэйгээр харж байна. Playtime наадмаа Азидаа топ таван фестивалийн нэг болгох зорилготой байна. Үүний тулд 150 мянган хүн оролцдог болгох шаардлагатай. Гол нь ийм том фестиваль болгож өргөжүүлэх гэхээр одоогийн байгаа газартаа багтаж шингэхгүй байна. Тийм учраас бидэнд газрын асуудлыг шийдээд өгөөч ээ гэж хүсмээр байна.

Хэрвээ тэгвэл бид Playtime наадмыг Азидаа тэргүүлэх фестиваль болгож, дуу хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлд асар их хувь нэмэр оруулна.  Эдийн засгийн үр өгөөжийг нь ч нэмэгдүүлнэ. 

Бид хөгжиж буй улс байж болно. Жижиг эдийн засагтай улс байж болно. Гэхдээ бид дуу хөгжмөөрөө дэлхий нийтэд танигдах бүрэн боломжтой. Монголын уран бүтээлчдэд авьяас чадвар байна. Амжилттай яваа хамтлаг дуучид байна. Гол нь менежмент хийж, продакшнаас төрсөн уран бүтээлийг олон улсын зах зээлд гаргах, сурталчлахад анхаарах хэрэгтэй. 

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal