ЗАСАГ ДАРГА ГЭХ “ШҮДНИЙ ӨВЧИН”

tselmeg tselmeg
2019-10-25 14:45:14
Ангилал:

Бичил уурхайчид буюу хууль ёсоор хувиараа ашигт малтмал олборлогчид үйл ажиллагаа явуулахад орон нутгийн засаг захиргааны байгууллага хамгийн их хүндрэл учруулж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн 12 мянган бичил уурхай эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар олборлолт явуулах газрын зөвшөөрөл орон нутгийн удирдлагаар дамждаг нь харилцахад хүндрэл учруулах хамгийн том шалтгаан болдог аж. Дөрвөн уурхайчин тутмын нэгд нь орон нутгийн удирдлагатай харилцаж, олборлолт явуулах газрын асуудлаа шийдвэрлүүлэхэд цаг хугацаа алдах, хүнд суртал гаргах, үл тоогдох гэх мэт хүндрэл гарсан байна.

Энэ бүхэн орон нутагт хууль журмаас илүү удирдлагын үзэмж давамгайлдагтай холбоотой гэдгийг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ) ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг тайлбарлав. Тэрбээр пүрэв гарагт сэтгүүлчдэд явуулсан сургалт, уулзалтын үеэр “Эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт бичил уурхай эрхлэгчдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллахыг төрөөс бодлогоор дэмжинэ гэж заасныг хууль, журамд суулгадаг. Гэвч орон нутгийн түвшинд удирдлагын үзэмж төрийн бодлогоос давдаг. Орон нутагт нь байгаа ажилгүй иргэд өөрсдөдөө ажлын байр бий болгохоор таван га газарт ч юм уу олборлох зөвшөөрөл хүсэхэд “Би дургүй учраас дэмжихгүй” гэж хэлээд хүлээж авдаггүй. Энэ нь бичил уурхайн салбарт хамгийн их асуудал үүсгэж байна” гэлээ. Уг нь бичил уурхай эрхлэгчид албан ёсны зохион байгуулалтад ороод багагүй хугацаа өнгөрч буй.

Металл илрүүлэгч барьж, ногоон түмпэн үүрч, хууль бусаар алт болоод бусад төрлийн ашигт малтмал олборлогчдыг хууль ёсны зохион байгуулалтад оруулж, хариуцлагажуулах ажлыг анх 2005 онд УУХҮЯ болон Швейцарын хөгжлийн агентлаг эхлүүлсэн байдаг. Швейцарын татвар төлөгчдийн 14.98 сая швейцар франк буюу одоогийн ханшаар 15 сая ам.доллараар хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд орон нутгийн иргэд албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашигт малтмал олборлож, нийгмийн асуудлаа шийдэж, орон нутагтаа хувь нэмэр оруулж, олборлосон алтаа Монголбанкинд тушаах зэргээр бүх үйл ажиллагаагаа хууль ёсоор явуулах орчин бүрдсэн. 14 жилийн хугацаанд дөрвөн үе шаттай хэрэгжиж, эрхзүйн орчныг бүрдүүлж, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, алт цэвэршүүлэх мөнгөн усгүй технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ бичил уурхайчдад мэргэжил олгох, өөр ажлын байранд шилжүүлэх, хүний эрхийн асуудлыг шийдэх замыг зассаныг Тогтвортой бичил уурхай төслийн албан ёсны тайлангаас харж болно. Үүнийг дагаад бичил уурхайн талаар зөв ойлголт хандлага бий болсон. Гэсэн ч бичил уурхайн салбарын шүдний өвчин болсон “нинжа” хэмээх үзэгдэл оршсоор байгаа.

Жилийн жилд л хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчин сүйтгэж буй зөрчил, гэмт хэргийн талаар мэдээлэл тасардаггүй. Тэдний сүйтгэсэн, нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайн талаар албан ёсны тоон мэдээлэл байхгүй. Харин хууль ёсны зохион байгуулалтад орсон бичил уурхайчдын ашиглаж буй талбай 350 га газар бөгөөд 2013 оноос хойш нийт 450 га талбай нөхөн сэргээжээ. Энэ онд нөхөн сэргээж буй 80 га газрын 20 хувь нь эзэнгүйдсэн талбай байгааг МБУНДХ мэлээлэв. 2013-2019 оны наймдугаар сард нийт 56 тонн алт Монголбанкинд тушаасан бөгөөд АМНАТ-т нийт 31.3 тэрбум төгрөг төлжээ.

БОАЖЯ-ны мэдээлснээр 2018 оны байдлаар 120 орчим мянган хүн хувиараа ашигт малтмал олборлож буй аж. Харин хууль ёсны зохион байгуулалтад орсон иргэд буюу МБУНДХ ТББ-д бүртгэлтэй бичил уурхайчдын тоо 10 мянгыг давжээ. Гэсэн ч цаана нь албажаагүй 100 гаруй мянган олборлогч буюу нинжа байна гэсэн үг. Гэтэл бичил уурхайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн УУХҮЯ-нд нэг, АМГТГ-т гурав байгаа бөгөөд орон нутгийн удирдлагын зүй бус үйлдлүүд цаашид энэ салбар өнөөгийн ололт дэвшлээ хадгална гэхэд эргэлзэхээр байна.

Г.Мөнхцэцэг: Том “нинжа”-д хүлээлгэх хариуцлага багадаж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл энэ онд дуусаж буйтай холбоотойгоор цаашид эл салбарыг хэрхэн авч явах талаар МБУНДХ-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийн байр суурийг сонирхлоо.

 

Бичил уурхайн салбарыг цаашид авч явах чадавх хэр зэрэг бүрдсэн бэ?

-Манай холбоо хүний эрхийн асуудал, мөнгөн усны хэрэглээ, алтны нийлүүлэлтийн сүлжээ, байгаль орчны нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт бичил уурхайтай холбоотой бүх чиглэлээр ажилладаг. БУЭНДХ салбараа одоогийн түвшнээс нь дордуулалгүй авч явахад хүний нөөц, бүтэц, системийн хувьд хангалттай чадавхжсан. Манай холбоо аймгийн нэгдсэн холбоод, сумын ТББ, нөхөрлөлүүд гэсэн шатлалтай бөгөөд мэдээлэл цуглуулах, түгээх, хяналт тавих цогц систем юм. Бид маш их хичээж байгаа ч хамгийн гол нь бодлого хариуцсан яамны, цаашлаад орон нутгийн удирдлагын дэмжлэг хэрэгтэй. Төрийн нэгдсэн бодлого бүх шатанд нэг мөр хэрэгжих нь маш чухал байна. Нөгөө талаар хууль бус олборлолтын хариуцлагын механизм хүчтэй ажиллах ёстой. Хууль бус олборлолт явуулж буй том техникүүдийг хурааж, улсын орлого болгохыг бид удаа дараа хөнддөг ч одоо л эрх зүйн орчин бүрдүүлэх талаар яригдаж байна.

Хариуцлагын механизм сул байгаагийн шалтгаан юу вэ?

-Энэ талаар мэргэжлийн хяналтынхан “Бид хэдэн засаг даргыг барьж хорих вэ?Ашигт малтмалын журам зөрчиж, хахууль авсан 20 засаг даргыг барьж хорилоо гэхэд дараагийн гарч ирсэн дарга нар журам зөрчихгүй гэсэн баталгаа хаана байгаа юм бэ?” гэсэн тайлбар хэлдэг. Үүнийг сонсоход нэг талаар маш өрөвдөлтэй, арга мухардсан хүний үг. Уг нь шийтгэл нь дараагийн хүмүүстэээ сургамж болох ёстой. Бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах талбайд журам зөрчөөд том техниктэй компаниудыг оруулсан засаг даргад ногдуулах хариуцлага сул байдаг. Тиймээс шинэчлэхээр бэлтгэж буй журмууддаа энэ асуудлыг тусгаж, хариуцлагыг нь Эрүүгийн хуульд суулгахаар ярьж байна. Энэ бол сайн шийдэл гэж харж байна.

Үүнээс гадна, бидний ойлгож буйгаар хууль бусаар ашигт малтмал олборлох сүлжээний оролцогчдыг “нинжа” гэж нэрлэдэг. Тэгэхээр орон нутгийн удирдлага, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид гэх мэт олборлох эрх олгоод байгаа хүмүүс том гарын нинжа болж таарч байна. Тухайлбал, Ерөө голын орчимд олборлох явуулах 20 талбайн зөвшөөрөл АМГТГ-аас олгосон байхад засаг дарга нь 90 гэрээ байгуулж, хууль бус олборлогчдыг оруулсан байна. Эрх бүхий албан тушаалтнуудын эл үйлдлийг тайлбарлахад маш тодорхой байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй, хахуультай ямар нэг байдлаар холбогдоогүй бол өөрийгөө эрсдэлд оруулж хууль бус олборлогчтой гэрээ хийж, зөвшөөрөл олгохгүй. Малчдыг нинжа гэдэг ч үнэндээ ганц нүх ухахаас хэтэрдэггүй. Гэтэл томчууд газар нутагаа хэдэн арван га-аар нь самардаг.

-Тэгвэл том гарын “нинжа” нартай хэрхэн тэмцэх вэ?

-Орон нутагт хууль бус олборлолт явагдахад манайд л ханддаг. Засаг даргын эхнэр нь дүүтэйгээ нийлж ухаж байна, ИХТ-чид нь бүгд тусдаа нөхөрлөл байгуулсан гэх мэтээр нарийн мэдээлэл ирдэг. Бид энэ мэдээллийг хуулийн байгууллагад өгөхөд зөрүүлээд нотлох баримт нэхдэг. Гэтэл бид цагдаа, мэргэжлийн хяналт, АТГ биш учраас хууль бус үйлдлийг баримтжуулах нь манай ажил биш. Нөгөөтэйгүүр, салбар хариуцсан төрийн байгууллагууд зам харилцаа, дэд бүтэц муу хөгжсөн, ийм том газар нутгийг нийтэд нь хянаж чадахгүй байна. Хэн хаана хууль бус олборлолт явуулах бол гээд сахиад хэвтэх аргагүй. Тиймээс хамгийн боломжтой хувилбар бол иргэний хяналт гэж бид үздэг. Бичил уурхайчид тухайн орон нутагт үе удмаараа амьдардаг иргэд тул хаана, юу болж байгааг маш сайн мэддэг. Манайд цугласан энэхүү мэдээллийг ашиглаж болно. Мөн бичил уурхай эрхэлдэг 400 гаруй нөхөрлөлийн гэрээнд ч үүрэгжүүлж болно. Ингэснээр хууль бус олборлолттой тэмцэх 10 мянган сайн дурын иргэнтэй болно шүү дээ.

Судалгаанаас харахад танай гишүүнчлэлийн хүрээ нэмэгдэж байгаа ч нинжа нарын тоо буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Бичил уурхайн салбарыг хүн бүр нулимж, чичлэх дуртай. Гэтэл энэ салбарт өмнө хэлсэнчлэн хууль бусаар олборлох эрх олгогчид буюу төрийн том албан тушаалтнууд, бага гарын буюу орон нутгийн удирдлага ч явдаг. Сумын сургуулийн багш нар амралтаараа, малчид малдаа явахдаа металл хайгч бариад явдаг. Ажилгүй иргэд ухна, ажилтай болохоороо болино. Хэн дуртай нь орж гардаг сонин салбар болчихоод байгааг ойлгох хэрэгтэй.

-Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьцын лаборатори, худалдан авах нэг цэгийн төв нээсэн. Энэ нь олборлогчдын амьжиргааг дэмжих, нийлүүлэлтийн хууль бус сүлжээг хумих үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Маш их эерэг нөлөө үзүүлж байгаа. Бичил уурхай эрхлэгчдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж, нөгөө талдаа хууль бус сүлжээнд алдаж байгаа алтыг ч гэсэн бууруулж байгаа болов уу. Дундын зуучлагч буюу ченжээр дамжиж тушаагддаг байсан алт одоо иргэнээс орон нутагтаа шууд тушаах боломжтой болсон. Тушаасан алтны хэмжээ ч нэмэгдсэн байсан. Болж өгвөл ийм нэг цэгийн төвийг бичил уурхай идэвхтэй явуулдаг аймгуудад бий болгож чадвал бүр ч илүү үр дүн гарна гэж үзэж байна.

-АМНАТ-ын хэмжээ таван хувь болж нэмэгдсэн нь танай салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Зөвхөн бичил уурхай гэлтгүй нийт уул уурхайн салбарт том нөлөө үзүүллээ. Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан байна. Тэгэхээр энэ өөрчлөлт мэдээж бичил уурхайн салбарыг тойроогүй. Татварын хувь хэмжээ өндөр байгаа нь төдий чинээ их алтыг хар зах руу алдаж байна гэсэн үг. Бидний хийсэн судалгаагаар алтны хууль бус нийлүүлэлтийн сүлжээ оршин тогтнох хэд хэдэн шалтгаан бий. Үүний нэг нь АМНАТ. Мөн хууль бус сүлжээгээр зарагдаж буй алтны грамм тутмыг дэлхийн зах зэлийн үнээс арай өндрөөр худалдаж авдаг, ХХОАТ, НДШ гэх мэт татвар суутгуулууд төлдөггүй зэргээс болж алтыг хууль бусаар хил давуулах үзэгдэл байсаар байна. АМНАТ бага байж алтны салбарын улс орны эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр өндөр байдаг.

tselmeg tselmeg