Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэл болгон зарлаж, бүтцийн болон технологийн томоохон шинэчлэл хийх амлалтуудыг дэвшүүлсэн. Түүний удирдсан засаг үүнийгээ зөвхөн шинэ эх үүсвэр барих биш, бодлогын эрс өөрчлөлт гэж тодорхойлж буй.
Энэ сарын 8-ны өдөр “Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг Төв талбайд болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг онцлоод “Цахилгаан дулааны үнэ нэмэхгүй, төлбөрөө төлөөгүй айлын цахилгааныг гэнэт таслахгүй, 2-3 хоногийн өмнөөс мэдэгдэнэ” хэмээв. Түүнчлэн “Бусдаас гал гуйдаг импортын дарамт суларна. Хүлэмжийн хийн ялгарал буурна. Хамгийн чухал нь Монголд бүтээгдсэн үнэ цэнэ, Монгол Улсад үлдэх өгөөж нэмэгдэнэ. Эрчим хүчний шинэчлэл товчлуур дараад шийдэгдэхгүй. Хариуцлага, хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөн хэрэгтэй. Иргэний оролцоо хэрэгтэй” хэмээн онцлов.
Н.Учралын Засгийн газрын эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэж, үе шаттай чөлөөлөх бодлогыг 2026 оны хугацаанд багтаан иж бүрэн цогц бодлого хэлбэрээр хэрэгжүүлэх аж. Үнэ тарифын шинэчлэлийн хугацаа болон хэрэгжих үе шатууд Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 2026 оны дөрөвдүгээр сард томилогдсон Эрчим хүчний сайд Б.Найдалаад 14 хоногийн дотор үнэ тарифыг үе шаттай нэмэх, салбарыг өрнөөс гаргах төлөвлөгөөгөө танилцуулах чиглэл өгсөн. Энэхүү хугацааны дагуу салбарын яамнаас үнийг шууд огцом өсгөхөөс илүүтэй зардлыг бууруулах, орон тоог цомхотгох зэрэг бүтцийн өөрчлөлтийг урьтаж хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд буй. Салбарыг алдагдалгүй ажиллуулахын тулд цахилгааны тарифыг дахин 15-19 хувиар нэмж, үнэ тарифыг өвөл, хавар, өглөө, орой гэсэн цагийн ялгавартай, уян хатан системд шилжүүлэх бэлтгэлийг Эрчим хүчний яам хангаж байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаад 14 хоногийн дотор үнэ тарифыг үе шаттай нэмэх, салбарыг өрнөөс гаргах төлөвлөгөөгөө танилцуулах чиглэл өгсөн.
Н.Учралын Засгийн газрын эрчим хүчний салбарын чөлөөлөлт
Засгийн газар бүх эрсдэлийг сөрж, “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр зориод буй. Тэгвэл гурав дахь зам буюу “Ногоон хөгжлийн чөлөөлөлт”-ийн хүрээнд эрчим хүчний салбар хамаарна.
Тус хөтөлбөрийн хүрээнд “100 мянган нарны гэр” санаачилгаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулна. Мөн “100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелаас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бүрдүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж Засгийн газар бүрэн дэмжинэ. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниудтай хамт хэрэгжүүлнэ. Иргэд өөрсдийн эрчим хүчний хэрэглээг гар утаснаасаа бодит цаг хугацаанд хянадаг болно. Айл өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд буцааж нийлүүлэн үр өгөөж, ашиг хүртдэг шинэ экосистемийг бүрдүүлнэ.
Тархмал эх үүсвэрийг дэмжих зорилгоор цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц болон тархмал сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг хамгаалах хууль, эрх зүйн орчныг УИХ-ын түвшинд эрс сайжруулна зэрэг дээрх амлалтуудыг Монгол Улсын Засгийн газар болон Эрчим хүчний яам хамтран "Эрчим хүчний цахим шилжилт, ухаалаг хэрэглээ" реформын хүрээнд хэрэгжүүлж эхлэв.
"Цахилгаан хэрэглэгч" аппликэйшн хэрэглэхийг уриалав
Ухаалаг эрчим хүчний тогтолцоо нь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон хэрэглэгчдийн тоолуур, тоног төхөөрөмжийг дижитал технологиор холбож, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний мэдээллийг бодит хугацаанд цуглуулан удирддаг систем аж. Ингэснээр эрчим хүчний эрэлт өсөх үед хэрэглээг оновчтой зохицуулах, ачааллыг тэнцвэржүүлэх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж засварлах, мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нарны болон салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нийлүүлэх боломж бүрдэхийг эрчим хүчний салбарынхан танилцуулсан.
Ирэх өвлөөс өмнө Сэлэнгийн 70 МВт-ын цахилгаан станц, таван аймаг нийт 220 МВт нарны эх үүсвэр барина
Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд Сэлэнгэ аймагт барьж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын дүн 148 сая ам.доллар юм. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцож байна. Барилга угсралтын ажлыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд өдгөө 85 хувийн гүйцэтгэлтэй, бараа материалын татан авалт 95 хувьд хүрчээ.
Мөн Булган, Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт нийтдээ 220 МВт нарны эх үүсвэр барих ажлыг сонгон шалгаруулж, ирэх өвлийн ид ачааллаас өмнө цахилгаан үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж буй. Мөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 23 суманд хуримтлууртай нарны станц барих ажил хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар эхлээд байна.

