АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад гурав дахь өдрөө үргэлжилж буй дараалсан цохилтоо цуцалж, тус улстай энэ амралтын өдрүүдэд энхийн гэрээ байгуулна гэж мэдээллээ. Тэрбээр гэрээ байгуулах цаг хугацаа болон газрыг тун удахгүй зарлана гэжээ.
Харин Иран улсын Засгийн газрын удирдах албан тушаалтан АНУ-тай энхийн гэрээнд хүргэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах төслийг тус улс авч үзэж байгаа гэж мэдээлснийг Aljazeera сувгийн Тегеран дах сурвалжлагч уламжилсан боловч “цаг хугацааны хувьд эргэлзээтэй хэвээр” гэжээ. Мөн Ираны төрийн мэдлийн хэвлэлд бичсэнийг Reuters эш татсанаас үзвэл “хэлэлцээний хүрээнд гэрээний ихэнх хэсэг эцэслэгдсэн ч Тегеран үндсэн зарчим, шаардлагаасаа ухрахгүй” гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багхаей мэдээлсэн байна.
Д.Трампын мэдээлснээр энхийн гэрээг энэ амралтын өдрүүдэд Европт байгуулах магадлалтай бөгөөд дэд Ерөнхийлөгч Ж.Д.Ванс гарын үсэг зурах ажээ.

Пүрэв гарагт Ираны Хувьсгалт Гвард Бахрайн, Кувейт, Йордан дахь Америкийн цэргийн байгууламжуудад цохилт өгснөө мэдээлсэн. Мөн Ормузын хоолойг бүрэн хаах шийдвэр гаргаснаа зарласан бол Д.Трамп Иран улсыг хүнд цохилт амсана хэмээн анхааруулснаас гадна, тус улсын Харк арал болон газрын тосны бусад дэд бүтцийг Америкийн арми хяналтдаа авна хэмээсэн юм.
Ингэснээр дайн үргэлжлэх эрсдэл үүсэж, газрын тосны үнэ өсөж, алтны ханш буураад байлаа. Дайны хувь заяа хаашаа ч эргэсэн, дэлхий нийт зарим нэг суурь бөгөөд зайлшгүй өөрчлөлттэй нүүр тулж байгааг CNN дурдаж байна. Дайны нөлөөгөөр дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ өөрчлөгдөж, 37 км өргөн усан зам дэлхийн эдийн засгийн зангилаа байхаа больж, Иран улсыг дэлхийн газрын тосны зах зээлээс гаргах нь гарцаагүй болж байна гэжээ. Түүнчлэн ОПЕК бүтцийн хувьд жижигрэх, эс бөгөөс задрах, газрын тос, байгалийн хийн үнэ буурч болох юм гэсэн таамаглал мөн дэвшүүлжээ.

