Монголын хувийн хэвшил хэт олон хууль, дүрэм, журам, зөвшөөрөл дунд унаж босож, өсөж өндийсөөр ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 10.2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. 

Түүнчлэн бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэсэн ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй. 

Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн.

Хуулийн гол амбиц нь төр бизнесийг “зөвшөөрдөг” тогтолцооноос “хуулиар хориглоогүй бол эрхэлж болно” гэсэн зарчим руу шилжих юм. Манай улсад бизнесийн эрх чөлөөг ихэвчлэн журам, зөвшөөрөл, шалгалт, тодорхойлолт, албан тушаалтны тайлбараар хязгаарладаг бичигдээгүй хуультай. Төрийн байгууллагууд нь хуулиар хориглоогүй зүйлийг журмаар хязгаарлах дадалтай. Хэрэв салбарын яам, агентлаг, мэргэжлийн хяналт, орон нутгийн байгууллагууд хуучин сэтгэлгээгээрээ ажиллавал шинэ хууль бизнес эрхлэгчдийн бодит хамгаалалт, дэмжлэг болж чадахгүй.

Мөн энэ хууль батлагдсанаар: 

  • Мэргэжлийн нэгдсэн холбоодод 120 гаруй энгийн зөвшөөрлийг олгох, мэдэгдэл бүртгэх эрхийг бүрэн шилжүүлэх

  • Бизнес эрхлэгчид бүртгэл, зөвшөөрөл, мэдэгдлийн үйлчилгээг цахимаар авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

  • Монгол Улсад оршин суухгүйгээр гадаадын иргэн, аж ахуйн нэгж цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжтой болно

  • Зөвшөөрөл авах үйл явцыг 60 хувиар хялбаршуулж, зөвшөөрөл авах, сунгах, олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлахад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх зэрэг шаардлагуудыг зогсооно

  • Тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг таван жилийн хугацаатай болгон нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцолсон

  • 12 сарын шилжилтийн хугацаа

    Тус хуулийн төслийн 3.4-т зааснаар бизнес эрхлэгчийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, зардлыг нэмэгдүүлэх шинэ хууль, журам батлагдвал дор хаяж 12 сарын дараа хэрэгжиж эхэлнэ гэж заасан нь бизнесийн орчны хувьд чухал хамгаалалт болжээ. Энэ заалт аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад урьдчилан төлөвлөх боломж олгож буй хэрэг. Монголын бизнесийн орчинд хамгийн том эрсдэлүүдийн нэг нь гэнэтийн шийдвэр байдаг. Өнөөдөр батлаад маргааш нь шууд мөрдүүлдэг зөвшөөрөл, стандарт, татвар, хориг нь бизнесийн өсөлт, төлөвийг өөрчилж, хөрөнгө оруулалтыг хойшлуулах, тодорхойгүй нөхцөл үүсгэх ч тохиолдол бий. 

    Гэхдээ “ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх” гэдгийг хэн, хэрхэн тогтоох вэ гэдэг асуулт үлдэж байна. Нөгөө талдаа төр өөрөө өөрийнхөө шийдвэрийг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд “сөрөг нөлөөгүй” гэж дүгнэж  ч болох талтай.

    Төр өөрөө бизнес хийхгүй

    Хуулийн этгээд үр ашигтай хэрэгжүүлэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг төр эрхлэхгүй байхаар тусгажээ. 

    Төрийн өмчит компаниуд уул уурхай, эрчим хүч, тээвэр, барилга, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт хувийн хэвшилтэй шууд болон шууд бусаар өрсөлддөг. Төр зохицуулагч, худалдан авагч, зөвшөөрөл олгогч, өрсөлдөгч гэсэн дөрвөн дүрд зэрэг тоглох үед шударга өрсөлдөөн үгүй болдог. Энэ заалт хэрэгжиж чадвал ТӨК-уудын зах зээлд эзлэх байр суурь, давуу эрх, төсвийн дэмжлэг төрийн худалдан авалтаар дамжсан өрсөлдөөний гажуудлыг эргэн харах шаардлагатай болно. 

    Шинэ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль болон бусад холбогдох хуулийн өөрчлөлтүүд энэ асуудлыг хэрхэн шийдэх нь анхаарал татаж байна.

    Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюунд суурилан, хүний оролцоогүй зохион байгуулах тухай санал нь ТӨК-уудад олгогддог далд давуу эрхийг бууруулна гэж үзэж буй. Төр бизнесийн тодорхой салбараас ухрах тусам хувийн болон гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх орон зай нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа стратегийн салбаруудын хяналт, үндэсний аюулгүй байдал, байгалийн баялгийн ашиглалт зэрэг асуудал хурцаар тавигдана. 

    Олон улсын туршлагаас харахад увийн хэвшил дангаараа нийгмийн хэрэгцээт үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг хангаж чадахгүй нөхцөлд төр оролцдог. Түүнчлэн үндэсний аюулгүй байдалтай холбоотой, эсвэл хувийн хэвшил хөрөнгө оруулах сонирхолгүй салбарт төр оролцдог. Харин өрсөлдөөн бий болсон зах зээлд төр аажмаар ухарч, зохицуулагчийн үүрэгтээ төвлөрдөг аж. 

    Нийгмийн хариуцлагыг юугаар орлуулах вэ? 

    Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хамгийн их маргаан дагуулж болзошгүй заалтуудын нэг нь “бизнес эрхлэгчийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт.

    Үнэхээр ч төрийн байгууллага, орон нутгийн удирдлага, албан тушаалтнууд томоохон аж ахуйн нэгжүүдээс сургууль засварлах, наадам ивээн тэтгэх, хөшөө босгох, зам, гүүр барих зэрэг хандив өгөхийг шууд болон шууд бусаар шаардах нь зах зээлийн эдийн засгийн зарчимтай нийцдэггүй. Татвараа төлсөн аж ахуйн нэгж дахин төсвийн шинжтэй үүрэг хүлээх ёсгүй гэсэн байр суурийг энэ заалт хамгаалжээ. 

    Гэхдээ Монголын нөхцөлд нийгмийн хариуцлага гэдэг ойлголт сайн дурын шинжтэй явж байгаагүй гэж хэлж болно. Ялангуяа уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбооны томоохон төслүүд хэрэгждэг орон нутагт компаниудын санхүүжилтээр сургууль, цэцэрлэг, соёл, спортын заал, эмнэлэг, ундны усны шугам, орон нутгийн зам зэрэг олон бүтээн байгуулалт хийж ирсэн нь үнэн билээ. Зарим сумын хувьд компанийн нийгмийн хариуцлагын шинжтэй хөрөнгө оруулалт  нь улс, орон нутгийн төсвөөс илүү үр дүнтэй, хөгжлийн эх үүсвэр болох тохиолдол ч бий. 

    Хэрвээ төр компаниудаас нийгмийн хариуцлага нэрээр ямар нэгэн хөрөнгө оруулалт шаардахгүй бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажил, санхүүжилтийг юугаар орлуулах вэ?

    Уул номондоо компаниуд татвараа төлнө, харин төр тэрхүү мөнгөөр нь сургууль, эмнэлэг, дэд бүтцээ байгуулна. Гэвч манайд бүх асуудал урвуу хамааралтай ажилладаг. Тухайлбал орон нутгийн төсвийн боломж хязгаарлагдмал, төвлөрсөн төсвөөс хараат байдал өндөр хэвээр байгаа нөхцөлд томоохон компаниудын нийгмийн хөрөнгө оруулалт огцом буурвал хамгийн түрүүнд орон нутгийн иргэдийн хүртдэг зарим үйлчилгээ хумигдах эрсдэл ч бий.

    Нөгөө талдаа, компанийн нийгмийн хариуцлагыг албан тушаалтны хүсэлт, улс төрийн нөлөө, орон нутгийн шахалт дээр тогтоож болохгүй нь бас үнэн. Нэг аймагт 500 сая төгрөгийн “сайн дурын” хөрөнгө оруулалт шаардаж байхад нөгөө аймагт хоёр тэрбум төгрөгийн хүсэлт тавьдаг байж болно. Зарим тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын асуудал, орон нутгийн дэмжлэгтэй холбогдсон далд дарамт үүсдэг тухай бизнесийнхэн олон жил ярьж ирсэн.

    Тиймээс олон улсад компанийн нийгмийн хариуцлагыг илүү институцчилсэн механизмаар хэрэгжүүлэх замыг сонгосон байдаг аж. Тухайлбал, Канад улсад уул уурхайн төслүүдийн хувьд компани болон орон нутгийн иргэдийн хооронд “Impact Benefit Agreement” буюу үр өгөөжийн гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээнд орон нутгийн ажиллах хүчний оролцоо, сургалт, худалдан авалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг урьдчилан тохирч, урт хугацаанд хэрэгжүүлдэг. Ингэснээр компани дуртай үедээ мөнгө өгдөггүй, орон нутаг хүссэн үедээ мөнгө нэхдэггүй тогтолцоо бүрддэг.

    Харин Австрали улсад томоохон төслүүдийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сан байгуулж, боловсрол, эрүүл мэнд, усан хангамж, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ, зориулалт нь урьдчилан батлагдсан дүрэм, аудит, тайлагналын тогтолцоонд суурилдаг.

    Чили бүр өөр зам сонгосон. Тус улс уул уурхайн компаниудаас сургууль барьж өгөхийг шаарддаггүй. Харин уул уурхайн татвар, роялтигийн орлогын тодорхой хэсгийг орон нутгийн хөгжилд зориулах тогтолцоо бий болгосон. Ингэснээр компаниудын зардал урьдаас тодорхой болж, орон нутгийн орлого ч тогтвортой болдог байна. 

    Харин Европын олон оронд компаниудыг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхэд хүргэдэг гол хүчин зүйл нь хөрөнгө оруулагчид аж. Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) шалгуур хангаагүй компанид хөрөнгө оруулах сонирхолгүй болж, бондын өртөг нь өсөж, санхүүжилт татах боломж нь хумигддаг байна. 

    Харин Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд ийм албадлагыг хориглож байгаа ч түүнийг орлох ямар механизм бий болох талаар тодорхой заалт, журам хараахан алга. 

    Энэ хуулийн төсөлд нийгмийн хариуцлага, төрийн өмчит компани, зөвшөөрлийн шинэчлэл зэрэг эмзэг асуудлыг орлох механизм тодорхой бус үлдвэл “эрх чөлөө” гэх нэрийн дор шинэ эрсдэл, шинэ хоосон зай үүсэх магадлалтай. 

    Өчигдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн О.Саранчулуун 92000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн насны иргэн байдаг ч ердөө 13 хувь нь хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт дурдаад, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гэрээрээ гар урлал эрхэлдэг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжсэн зохицуулалт байх шаардлагатай гэдгийг хэллээ. 

    Нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй хүн бүрийг бизнес эрхлэгч хэмээн үзэж, төслийн нэр томьёо, агуулга, индекc, судалгаандаа хөгжлийн бэрхшээлтэй ч нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй иргэд, бичил бизнес эрхлэгч бүлгийг багтаахыг хүсэв. 

    Бизнесийн орчин дахь төрийн оролцоог бууруулах нь авлигыг бууруулна гэж С.Эрдэнэболд гишүүн хэлээд бизнес хийснийхээ төлөө иргэн ял шийтгэл хүлээдэггүй байх нь нэн чухал бөгөөд бизнесийн харилцааг эрүүгүйжүүлэх зохицуулалтыг маш тодорхой хуульчлах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн өрсөлдөх чадвартай хуулийн төсөл дэх зохицуулалтыг уялдуулах нь ач холбогдолтой хэмээн санал хэлээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

    Төсөлд тусгасан зарим зохицуулалтыг Д.Энхтүвшин гишүүн онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, аж ахуй эрхлэхийн тулд татвар, нийгмийн даатгалын өргүй байх, зөвшөөрөл авахын тулд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж нь эзэмшлийнх нь байх шаардлагыг хасан, бизнес эрхлэх шаардлагыг багасгаж буйгаараа ач холбогдолтой болж байгаа гэлээ. Түрээсийн, ашиглалтын гэрээтэй ч бизнес эхлүүлэх боломж бүрдэх аж.

    Мөн хүний нөөцтэй холбоотой дэвшилтэт зохицуулалтыг тусгасан байгааг дурдаад хуульд зааснаас бусад тохиолдолд үнэ тогтоох зэргээр эдийн засаг дахь төрийг оролцоог хязгаарлаж байгаа нь чухал хэмээн тэмдэглэв. Мөн банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бусад салбарт оролцохгүй байх зохицуулалт нь тун оновчтой хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй үзэл баримтлалын хувьд ижил учраас нэгтгэн хэлэлцэх  боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

    П.Ганзориг гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлсэн юм. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, суутган татварыг 5 хувь болгон бууруулж байгаа, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч, дата төв зэргийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас нь чөлөөлж байгаа зэрэг зохицуулалтын талаар онцлов.

    Нөгөөтээгүүр, бизнесийн эрх чөлөөг хангана гэж байгаа ч холбогдох хуулийг зөрчсөн төрийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй, бизнесүүдийг үндэслэлгүй шалгаж, дарамталж, хохироосон тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах зэрэг асуудлыг зохицуулаагүй байгааг хэлж байв. Монгол Улсын хувьд нээлттэй, ил тод байдал дутмаг, аливаа гэрээ, хэлэлцээний биелэлт муу, хууль дээдлэх зарчим мөрдөгддөггүй, авлигын асуудлыг олон улсын байгууллагууд, гадаа улс орнуудын Элчин сайд нар тэмдэглэдэг болохыг Б.Мөнхсоёл гишүүн хэлээд, төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Бизнесийн орчинд цогц реформ хийх эдгээр төслийн хэлэлцүүлэгт нухацтай хандах шаардлагын талаар гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.