Цар тахлын үеэр Сингапурт өнгөрүүлж буй өдрүүд

Mongolian Economy
2020-05-20 15:09:26
Ангилал: Коронавирус

Ковид-19 ба Сингапур
2020 оны нэгдүгээр сарын 23. Энэ бол Сингапурт жуулчилсан БНХАУ-ын иргэнээс коронавирусийн анхны тохиолдол илэрсэн өдөр. Энэ өдрөөс хойш Сингапур дахь нөхцөл байдал, хүмүүсийн амьдралын хэв маяг орвонгоороо өөрчлөгдсөн юм. 2020 оны тавдугаар сарын 19-ны байдлаар Сингапурт Ковид-19-ийн 28794 тохиолдол илэрсэн бөгөөд вирусийн тархалтыг хэзээ тогтоон барих нь бусад улс орны адил тодорхойгүй байна.

Тус улс нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс аж ахуйн нэгж, сургуулиудаа маш сайн ариутгал, онцгой хяналтын дор ажиллуулж гурван сарыг өнгөрүүлсэн. Гэвч вирусийн дэгдэлтийг тогтоон барихад хөл хорио тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тул дөрөвдүгээр сарын 7-ноос өндөр дэглэмтэй хөл хориог улс даяар тогтоож, хүний хөлд үргэлжийн дараатай байдаг гудамж талбай, дэлгүүр хоршоо, спорт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбай, бизнес, сургууль цөм хаагдаж, гадуур ганц нэгээрээ явах, гэрээсээ хол сэлгүүцэхгүй, айлд зочлохгүй, уулзахгүй байх хязгаарлалтыг зургадугаар сарын 1 хүртэл тавив. Халдварын ихэнх тохиолдол анх гаднаас авчирсан сингапур иргэдээс илэрч байсан нь Монголын одоогийн нөхцөлтэй адил. Гэвч халдварыг нэг гадагш алдвал хэр хурдан тархдагийг бид Cингапур тэргүүтэй олон улсын туршлагаас харж буй учир үүнээс сургамж авч, төр засаг маань хяналтаа, ард иргэд маань анхаарал болгоомжоо сулруулахгүй байх нь зүйтэй.

Сингапурын хамгийн завгүй Орчард гудамж хөл хөдөлгөөнгүй болжээ

Сингапурт гудамж талбай хов хоосон. Дэлгүүр хоршоо дийлэнх нь хаалттай. Гадуур хааяа нэг маск зүүсэн эсхүл гүйж яваа хүн үзэгдэх…. Та бидний төсөөлөлд буудаг Сингапур сүүлийн хоёр сарын хугацаанд ийн орвонгоороо өөрчлөгдлөө. Нийтийн тээвэр, гудамж талбайд хүмүүс хоорондоо дор хаяж нэг метр зай барих журмыг баталснаар сандал суудал бүрт, дэлгүүрийн очерт зориулж шалан дээр хүртэл тэмдэглэгээ хийв. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, гүйх, дугуй унах зэргээс бусад тохиолдолд амны хаалт байнга зүүж явах төдийгүй цөөн хэдэн онгорхой хүнсний дэлгүүр, шатахуун түгээгүүр, эмнэлэг зэргээр орж гарах бүртээ оршин суух цахим үнэмлэхээрээ цагийн бүртгэл хийлгэх ёстой. Ингэснээр халдвартай иргэн зорчсон газруудыг түргэн хугацаанд тогтоохоос гадна тухайн газар хэн явж байсныг нарийвчлан тогтоох боломжтой гэж албаныхан үзсэн. Шинээр тогтоосон хязгаарлалт, дүрэм журмыг сахиулахаар сайн дурын ажилтанг олноор ажиллуулж байгаа бөгөөд зөрчил гаргасан иргэд, албан газруудад өндөр торгууль, шийтгэл хүлээлгэнэ. Жишээлбэл, зөрчлийн хэлбэрээс шалтгаалаад хөнгөн тохиолдолд хувь хүн  зөрчил гаргавал эхний удаа 300 сингапур ам.доллароор торгож байна. Харин давтан зөрчил гаргасан хүнд хорих ял оноохоос гадна хүний өөрийн гэлтгүй тус улсад оршин суух эрхийг цуцлах арга хэмжээ авч байна.

Өдөр тутмын амьдралд гарсан эдгээр өөрчлөлтийг хүлээн авч дагаж мөрддөг нэг хэсэг байхад, эсэргүүцээгүй хэдий ч эвлэрч чаддаггүй хэсэг аль ч нийгэмд байдаг юм байна. Өнгөрсөн хугацаанд тус улсад ажиллаж, амьдардаг олон гадаад иргэний оршин суух эрхийг хэв журам сахиагүй үндэслэлээр цуцалсан төдийгүй сингапур иргэний иргэншлийг ч цуцалсан тохиолдол гарав. Энэ бол тус улсад суугаа бүх хүнд хууль журам тэгш үйлчилдэг, хуулиа чанд сахиулан биелүүлдэгийн тод жишээ болов уу.

Сайны хажуугаар саар гэгчээр энэ цар тахал тус улсад чимээгүй оршдог хүний эрхийн асуудал болох гадаад ажилчдын хөдөлмөрийн хүнд нөхцлийг бүх нийтийн анхааралд оруулав. Хэдий Сингапур улсын оновчтой зөв бодлого, хөгжлийн загварыг олон улс шагшин магтдаг ч бүс нутгийн буурай хөгжилтэй орнуудаас хямд ажиллах хүч олноор авч ажиллуулж ирсэн тухай нь төдийлөн мэдээлдэггүй билээ. Тус улсад ойролцоогоор 300 орчим мянган гадаад хөлсний ажилчин ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 12 хөлсний ажилчин тутмын нэг нь коронавирус туссан байгаа нь олны эгдүүцлийг төрүүлж байна. Тэдгээр ажилчдыг дотуур байранд амьдруулж, нийтийн хоолоор хангаж, ачааны тэргээр зөөвөрлөдөг бөгөөд зарим дотуур байранд 80 хүний дунд нэг ариун цэврийн өрөө байсан нь халдвар маш хурдацтай тархах нөхцлийг бүрдүүлсэн. Дотуур байран дахь ажилчдыг олноор нь тусгаарлаж эхэлснээр барилгын ажлууд, гудамж талбай тохижуулалт, цэвэрлэгээ үндсэндээ зогссон байдалтай байна.

Сингапур дахь монголчууд

Миний хувьд гэр бүлийн хамт Сингапурт амьдардаг ба бага насны хүү, охин хоёртой. Том хүү маань энэ энэ жил нэгдүгээр ангид орсон ч цар тахлын улмаас гэрээсээ хичээллээд даруй хоёр сар өнгөрчээ. Хүүхдэд суурь боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд ямар их тэсвэр тэвчээр, ур ухаан шаарддагийг энэ хугацаанд ойлгож ухаарах завшаан тохиов. Аль ч улс багш, сурган хүмүүжүүлэгч нарынхаа хөдөлмөрийг өндрөөр үнэлэх хэрэгтэй. Ялангуяа суурь боловсрол, сурах төлөвшил олгодог бага ангийн багш нарыг энд онцлон хэлмээр байна.

Ажлын газрын хувьд бүх албан томилолтыг цуцалж, Ковид-19-тэй холбоотой лабораторийн ажлаас бусад бүх үйл ажиллагаа гэрээс ажиллах горимд шилжсэн байна. Бид өдөрт хоёр удаа халуунаа хэмжиж, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн эсэхээ цахимаар бүртгүүлдэг бөгөөд эх орондоо буцахаас бусад тохиолдолд өөр улс оронд зорчихгүй байх удирдамж авсан. Бидний бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндэд зориулж цөөнгүй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл өөдрөг амьдрах ухаан, гэрээс ажиллахад цагаа зөв зохицуулах талаар байнгын зөвлөмж илгээж, хэрэгтэй нэгэнд нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн хүмүүсийг мөн ажиллуулж байна.

Ковид-19 цар тахлын улмаас Зүүн Өмнөд Азийн улс орнуудад сурч, ажиллаж, эмчлүүлж, жуулчилж байсан 400 гаруй монголчууд гацсан бөгөөд нөхцөл байдал дээрдэхийг горьдож, эх орон маань татаж авахыг тэсэн ядан хүлээж сууна. Миний холбогдсон хилийн чанадад суугаа хүмүүс хатуу дэглэмтэй хорионд ороод 40-100 хонож байна. Зарим нь орох оронгүй, төлбөрийн чадваргүй маш хүнд нөхцөлд эдгээр хоногийг өнгөрүүлж байна. Урт хугацаанд үргэлжилж байгаа (цаашид ч үргэлжлэх) энэ нөхцөл байдал ямар ч хүний бие сэтгэцийн хувьд маш том сорилт юм.

Энэ талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Т.Лхагвадоржтой холбогдож лавлахад Сингапур Улсаас эх орондоо буцахаар 80 орчим хүн албан хүсэлт гаргасан байгаа бөгөөд ЭСЯ-ны зүгээс тэдгээр хүсэлтийг цаг алдалгүй ГХЯ-нд хүргүүлж, иргэддээ олон талаар дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа аж. Тухайлбал, монгол иргэдийнхээ визийг сунгуулах асуудлыг Сингапурын төр засгаар шийдвэрлүүлж, Сингапур Улсын Цагаачлалын албанд хандахад нь туслалцаа үзүүлж байгаа төдийгүй хоол хүнсний хэрэгцээнд нь дэмжлэг үзүүлэх буяны байгууллагуудтай холбож өгч байна. Мөн Сингапур дахь зочид буудлууд гадаад иргэдийг хүлээж авахгүй байгаатай холбогдуулан ЭСЯ-аас албан шугамаар хөөцөлдсөний үр дүнд монгол иргэд маань зочид буудалд хөнгөлөлттэй буух боломжийг нээж өгчээ. Түүнчлэн Сингапураас Монгол Улсад шинжилгээний төхөөрөмж хандивлах ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Темасек сангаас 3000 ийм төхөөрөмж илгээж, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, хөрөнгө оруулагч нарын хандиваар 1800 шинжилгээний тест Монголд илгээхээр ажиллаж байгаа аж.

Ковид-19-тэй тэмцэж буй Сингапурын туршлага

Сингапурын Үндэсний хөгжлийн сайд нь цар тахалтай тэмцэх ажлын хэсгийг удирдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд иргэдээ гадаадаас татан авчирч, бүх нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг нарийн зохион байгуулалттай, ухаалаг цахимжсан шийдлүүдийн тусламжтай зохион байгуулж байна. Сингапурын хувьд сүүлийн 20 жил хөгжүүлсэн биотехнологи, үйлдвэрлэлийн салбартаа түшиглэн маск, шинжилгээний тоног төхөөрөмж зэрэг нэн шаардлагатай багаж хэрэгслийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна шинжилгээний тоног төхөөрөмжөө экспортолж байна. Мөн 28 мянга гаруй хүн халдвар авсан гэхэд 20 орчим хүн (өндөр настай, суурь өвчтэй хүмүүс) нас барсан статистикийг бусад хөгжингүй орнуудын тоо баримттай харьцуулбал тус улсын анагаахын салбарын хөгжлийн түвшинг илтгэнэ.

Коронавирустэй тэмцэх түүнчлэн уг цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг тогтоон барих, иргэдийн орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор тус улс 33.7 тэрбум ам.долларын (ДНБ-ий 12%-тай тэнцэхүйц) төсвийг батлав. Энэхүү төсвийг бүрдүүлэхэд улсын сан хуримтлалаасаа санхүүжилт татсан бөгөөд сан хөмрөг рүүгээ орох нь тус улсын хувьд маш ховор үзэгдэл юм. Уг төсвөөс иргэн бүртээ 420 орчим ам.доллар тарааж буй бөгөөд энэ нь ажиллах, оршин суух эрхтэй бидэн шиг гаднын иргэдэд огт хамааралгүй. Мөн тэд ажилгүйдэлд нэрвэгдсэн иргэддээ зориулж төрийн түр албанд 10 мянган шинэ ажлын байр бий болгохоо зарласан. Уг хөтөлбөрт хамрагдсан цөөнгүй иргэд олон нийтийн газруудад хэв журам сахиулах элч нараар томилогдон ажиллаж байна. Мөн хувийн компаниудын эргэлтийн хөрөнгөд нь зориулж нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож, төрийн өмчит үл хөдлөх хөрөнгөд суугаа түрээслэгч нарын түрээсийн төлбөрөөс чөлөөлж, бусад түрээслүүлэгч нарт татварын хөнгөлөлт олгох замаар түрээс төлөгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж эхлэв. Чингэхдээ түрээслүүлэгч түрээслэгчийн төлбөрийг хөнгөлөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээр зохицуулалт хийж өгчээ. Үнэхээр тал талаас нь харсан гайхалтай цогц шийдлүүдийг хэрэгжүүлж байгааг хараад биширснийг нуух юун.

Гадаад дахь монголчууд

Хэдий Монголын төр засаг маань нийтийн эрх ашгийг хамгаалж, хилээ хаасан ч хилийн чанадад ажиллаж хөдөлмөрлөдөг иргэдийнхээ үнэ цэнийг санаж, энэ хүнд нөхцөлд илүү их нөөц бололцоог дайчлах хэрэгтэй мэт санагдана. Бид бүгд мартсан байж болох нэг тоог энд дурдъя гэж бодлоо. Хилийн чанадад суугаа монголчууд эх орныхоо эдийн засагт жилд хэдэн зуун тэрбум төгрөгийг тасралтгүй төвлөрүүлж ирснийг сануулъя. 2018 онд л гэхэд нэг их наяд төгрөгийг эх орондоо илгээсэн байдаг. Үндэсний тэргүүнд явдаг томоохон групп компани эсхүл экспортлогчийн дайтай валютыг эдийн засагтаа оруулж байдаг гэсэн үг. Тэдгээр байгууллагын жишгээр үзвэл энэ мөнгөөр хэдэн цэцэрлэг барьж болох байсан, хэдэн хүний амьдралыг тэтгэсэн тухай энд дурдах шаардлагагүй болов уу. Цаашилбал тэр хүмүүсийн эх орондоо авчирдаг мэдлэг туршлага, ноу хаугаас бий болсон бизнес, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөтэй шийдлүүдийг тоочих бүр илүүц биз ээ.

Гадаадаас бидний илгээдэг энэ бүх шилжүүлэг дотоодын эргэлтэнд орж та бидний амьдралд шууд болон шууд бусаар эерэгээр нөлөөлж олон хүний амьдралд дэм болж ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг үгээр тодорхойлбол хилийн чанадад суугаа монголчууд бол манай улсын эдийн засгийн нэгэн тулгуур гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Иймд засгийн газар маань үүнийг харгалзан үзэж, нарийн зохион байгуулалттайгаар иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэхийн сацуу эх орондоо суугаа хүмүүстээ хандаж сайн цагийг эргэн санаж гадаадад суугаа иргэдээ хүлээн авахад уужуу хандахыг уриалъя. Эцэст нь сайн сайхан цаг эргэн ирж эх орон, төрөлх нутагтаа дэлгэр зуны цагт уулзахын ерөөл тавин энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Mongolian Economy