Дэлхийн эдийн засгийн төлөв Covid19-ийн халдвараас сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг хэр зэрэг эрс, шуурхай авахаас ихээхэн шалтгаалж буй бололтой. Харин уламжлалт төсөв, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг удаах ээлжинд ашиглаж буйгаараа энэ жил дэлхийн эдийн засагт тулгамдсан сорилт онцлогтой байна. Хорио цээрийн эрс арга хэмжээгээр л даван гарч буй уг цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөг ОУВС, Дэлхийн банк зэрэг томоохон хамтын нийгэмлэг эцэслэж гаргаагүй ч бүс нутгийн болон санхүүгийн байгууллагууд хэдийнэ төлвөө танилцуулж эхэллээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) дэлхийн эдийн засгийн энэ оны төлвийг 0.5 хувиар бууруулж, 2.4 хувь гэж танилцуулсан бол Moody’s мөн 2.4-2.1 хувь болгосон байна. Харин Bank of America-гийн төлгөнд 2.8 хувь гэж буусан бөгөөд энэ нь 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн муу үзүүлэлт болж буй юм.

Covid19-ийн голомт болсон өмнөд хөршид нэгдүгээр сарын 22-нд хөл хорио тогтоогоод 50 орчим хонож байна. Энэ хугацаанд БНХАУ халдварын хамгийн хүнд, оргил үеэ даван туулж, вирусийн тархалт буурч байгааг шинэ халдварын эрс буурсан статистик үзүүлэлт харуулж буй юм. Мягмар гарагт Хятадын удирдагч Ши Жиньпин халдвар анх илэрсэн Үхань хотод айлчилж, Covid19-ийг хязгаарлаж чадсанаа дэлхий нийтэд зарласан билээ. Вирусийн тархалт намжсанаар дэлхийн эдийн засгийн 16 гаруй хувь (2019 оны байдлаар)-ийг, манай улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг өмнөд хөршийн үйлдвэрлэл, бизнесүүд хэр зэрэг сэргэж байгаа нь өдгөө чих тавих сэдэв юм.

Хятадын гангийн үйлдвэрлэлийн 10 орчим хувийг бүрдүүлж, дэлхийн түүхий эдийн зах зээлд жин дарагч Хэбэй мужид хөл хорио чанга байгаа ч үйлдвэрүүд сэргэж эхэлжээ. Бээжингийн зүүн хэсэгт аж үйлдвэрийн том зангилаа болсон Таншанийн үйлдвэрүүд бий. Эдгээр үйлдвэрийн сэргэлтээс цаашид зах зээлд үзүүлэх нөлөө хамаарна гэж дэлхийн томоохон хэвлэлүүд бичиж байна. Хятадын эрх баригчид коронавирусийн тархалтыг тогтоон барих эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд тус бүсийн үйлдвэрлэл богино хугацаанд эрчимтэй сэргэвэл нэгдүгээр сард бий болсон шок хоёрдугаар улирал гэхэд илаарьших магадлалтай. Энэ бол коронавирусийн дараах эдийн засгийн сэргэлт V хэлбэртэй байж болох таамаг.

Өөр нэг хувилбар. Цяньань зэрэг бүс нутгийн үйлдвэрлэлийг сэргээх гэсэн Хятадын эрх баригчдын хүчин чармайлт буруугаар эргэж, коронавирусийн халдварын тархалтыг дахин дэгдээвэл илүү эрс арга хэмжээ шаардагдахын зэрэгцээ зах зээлд үүсэх шок нь өмнөхөөс ч илүү байж мэднэ. Гангийн үйлдвэрлэлд тун чухал үүрэг гүйцэтгэдэгийн хувьд Цяньаньд Хэбэй мужийн бусад хот, дүүргээс илүү хатуу хөл хорио үйлчилж буй. Бүх дэлгүүрийг хааж, оршин суугчид орж гарахдаа биеийн халуунаа хэмжүүлж, ханиадны шинж тэмдэг илэрч буй эсэхээ мэдээлэх ёстой. Мөн гангийн үйлдвэрийн ажилчид гэртээ огт харихгүй, гэрийнхэн нь ч зорьж ирэхийг хатуу хориглоод байгаа билээ. Тус дүүрэгт тун саяхан нэг үйлдвэрийн ажилчид вирусийн халдвар авснаас өөрөөр бол бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэж арилжаачид хэлж байна. Гэхдээ үйлдвэрлэл хэвийн хэмжээнээс доогуур байгаа аж. Харин тэд гангаа хаана борлуулах вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарав.

Financial Times сонинд бичсэнээр тус улсын хойд хэсгээр гангийн эрэлт бараг л байхгүй байгааг Таншан үйлдвэрийн тогтмол худалдан авагчдын нэг Жан Инь хэлж байна. Тэрбээр “Бидний хувьд өмнөд мужуудад эсвэл нөөц бүрдүүлж буй барилгын компаниудад багахан хэмжээгээр л борлуулж байна даа” хэмээв. S&P Global Platts-ийн шинжээч Себастян Льюс “Хятадад дотоодын зах зээлд гангийн эрэлт буурвал экспортод гаргадаг. Гэхдээ одоо бол энэ сонголтыг хэрэгжүүлэх боломжгүй үе” гэлээ. Өмнөд Солонгос, Япон, Иран, Итали, АНУ зэрэг оронд вирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа нь Хятадын гадаад худалдааны түншүүдэд байдал хүнд байгааг хэлж байна. Сингапурын үндэсний их сургуулийн Зүүн Азийн Хүрээлэнгийн захирал Берт Хофманы үзэж буйгаар өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд 6.5 хувийн өсөлттэй байсан Хятадын эдийн засаг энэ улиралд хоёр хувьтай байх аж. Хэрэв байдал нэгдүгээр улирлаас цааш энэ чигээрээ үргэлжилбэл жилд 10 гаруй сая ажлын байр бий болгож, орон нутгийг хөгжлийг дэмжих замаар ДНБ-ий өсөлтөө дэмждэг Хятадын Засгийн газрын зарчим гамшиг болж хувирна.

Дэлхийн банкинд Хятадыг хариуцсан захирлаар ажиллаж байсан Хофман “тус улсын ДНБ-ий талаас илүү хувийг үйлчилгээ, дотоодын худалдан авалт бүрдүүлдэг, гэтэл вирусийн тархалт, эрх баригчдын чанга хяналтын улмаас дотоодын худалдан авалт буурч, эдийн засаг эмзэг болсон бөгөөд дотоодын бараа үйлчилгээ, худалдан авалтын сэргэлт аж үйлдвэрээс амаргүй байна” гэж онцолсон байна. Тухайлбал, дотоодын Box office-ийн орлого өнгөрсөн жилийн цагаан сарын үеэр 1.5 тэрбум ам.доллар байсан бол энэ жил ердөө л 3.9 сая ам.доллар болжээ. Хятадын Гаалийн байгууллагын мэдээлж буйгаар 1-2 дугаар сард тус улсын экспорт 17 хувиар агшаад буй бөгөөд энэ сарын сүүлд албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Өнгөрсөн сарын сүүлийн өдөр Хятадын Үндэсний статистикийн хорооны зарласан мэдээгээр худалдан авагч менежерүүдийн индекс түүхэн доод түвшинд хүрээд байна.

Гэсэн ч Хятадын эдийн засгийн суурь урт хугацаандаа бат бөх байгааг Ши Жиньпин Чили, Кубын удирдагчидтай сүүлд утсаар холбогдохдоо тэмдэглэжээ. Citic Securities судалгааны байгууллагын ахлах эдийн засагч Жан Аньюан Хятадын эдийн засгийн өсөлтийг нэгдүгээр улиралд 4-5 хувьтай байна гэж таамаглаад, дунд болон урт хугацааны төлөв эерэг байгааг онцлов.

Хэдийгээр Хятадын үйлдвэрлэл сэргэж, компаниуд дахин ажиллаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдсан ч гүйцэт сэргэх яагаа ч үгүй бололтой. Хятадын худалдааны банкны шөнийн цагаар авсан хиймэл дагуулын зургаар энэ долоо хоногийн даваа гарагийн байдлаар аж үйлдвэрийн 143 төвийн 60 орчим хувь нь үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Харин ачаа тээврийн хэрэгслийн 20 орчим хувь нь сэргэж буйг GPS-ийн өгөгдлийн тусламжтай зураглал гаргадаг G7 Network стартап мэдээлсэн байна. Томоохон компаниуд, үйлдвэрүүдийн хүргэлт 60 орчим хувьтай байгаа бол жижиг компаниуд захиалга багатай, дөнгөж 26 хувийн сэргэлттэй байгааг G7 стартапын зах зээл хариуцсан захирал Сун Фангуян онцлов.

Баримжаа өгөх өөр нэг чухал мэдээлэл бол өмнөд хөршийн орон нутгийн удирдлагууд энэ оны төлөвлөгөөгөө дэлгэж эхэлжээ. Тухайлбал, Хятадын өмнөд хэсгийн Гуандон муж 100 тэрбум юань буюу 14 орчим тэрбум ам.долларыг нийгмийн эрүүл мэнд, хөдөөгийн хөгжил, тосгоны сэргээн босголтод зарцуулахаар төлөвлөжээ. Зүүн бүсийн Жөжян мужид төмөр зам, авто зам, гамшгийг даван туулахад зориулсан 100-аад хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Нийтдээ долоон мужид 25 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

 

tselmeg tselmeg