“Mongolian diaspora tech summit” технологийн чуулган боллоо

Дэнсмаа
2022-07-07 10:18:40
Ангилал: Бизнес

Хилийн чанад дахь монголчуудын “Цахим өртөө” ТББ-аас “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн чуулган “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулган”-ы хүрээнд явагдсан юм. 

Чуулганд мэдээлэл технологийн чиглэлээр гадаад, дотоодод амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд цахимаар болон танхимаар нэгэн зэрэг оролцож, өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Мэдээллийн технологийн хөгжлийн асуудлыг  “Төр, хувийн хэвшлийн түшлэлийн чиг хандлага”, “Бизнес ба технологийн бодлого”, “Хилийн чанад дахь Монголчууд ба E-Mongolia”, “Өгөгдлийн засаглал ба тусгаар байдал”, “Кибер аюулгүй байдал-Дотоод хандлага”,“Технолологийн салбар дахь ажиллах хүчний асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.

Дэлхий даяар тархан ажиллаж буй монгол залуус маань нэгдэж монгол улсаа хөгжүүлэх цаг нь болсон

Хилийн чанадад ажиллаж байгаа иргэд цахимаар чуулганд оролцож, тухайн улсынхаа сайн туршлагаас танилцуулав. Тухайлбал, Голланд улсад Public-Private Partnerships (/Р3) зарчмыг бүх салбартаа баримталдаг байна. Уг хамтын ажиллагаа нь томоохон мэдээлэл технологийн паркуудыг бий болгож, гарааны бизнесүүдийг бодлогоор дэмжин олон улсын томоохон брэндүүдийг бойжуулдаг аж. Говь-Алтай аймгаас бага газар нутагтай Голланд улс мэдээлэл технологийн салбартаа тулгуурлан инновац хөгжүүлэх хот байгуулсан нь жилд 25 тэрбум еврогийн орлого бүхий дэлхийн том брэндүүдийн өлгий болж чаджээ. Тухайн хот хоёр тэрбум еврог зөвхөн судалгаанд зарцуулдаг юм. Манай улсын тухайд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлж, бизнес хөгжлийн төв, мэдээлэл технологийн парк байгуулах санаачилга гарч байгаа ч төр хувийн хэвшлийн түншлэлийг илүү сайжруулах ёстой гэдэгт чуулганд оролцогчид санал нэгдсэн. 

Уг чуулганаар яригдсан дараагийн асуудал бол цахим гарын үсэг, хилийн чанадаас сонгууль өгч, төрийн үйлчилгээ цахимаар авах асуудал байлаа. Манай улсын жишиг болгодог Эстони улс хилийн чанад дахь иргэддээ цахимаар сонгуульд санал өгөх боломжийг олгож, эрхзүйн зохицуулалтыг нь шийдсэн. Сонгогч хэдэн ч удаа санал өгөх боломжтой бөгөөд хамгийн сүүлийн санал нь хүчинтэйд тооцогддог байна. Манай улсад ч цахимаар санал өгөх боломж, шийдэл нь бий ч эрхзүйн зохицуулалт дутмаг байгаа гэдгийг оролцогчид онцлов. 

“Mongolian diaspora tech summit”-д оролцогчдын байр сууриас сонирхуулъя. 

“Цахим өртөө” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Ч.Даваажамц 

Төрийн болон хувийн хэвшил хамтарч зохион байгуулж байгаа учраас чуулганы дараа гарах санал, шийдвэрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна. Гадаадад амьдарч байгаа 175 мянга гаруй иргэнийг сонгуульд хамрагдах эрхийг нь эдлүүлэх талаар чуулганы үеэр маш том ярилцлага өрнөлөө. Мөн кибер аюулгүй байдал гэдэг зүйлийг чандлан сахих талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллах шаардлага зайлшгүй бий.

“Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал

Урьд өмнө болж байсан чуулганаар асуудлыг зөвхөн хэлэлцээд өнгөрдөг байсан бол энэ жилийн хувьд УИХ-ын дэргэдэх Инновац, цахим хөгжлийн байнгын хороотой хамтраад чуулганаас гарсан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгох тал дээр хамтарч ажиллахаар болж байна. 17 жил дараалан зохион байгуулагдсан энэхүү чуулган энэ жил гадаадад ажиллаж, амьдардаг залуусаа цахимаар хамруулж, оролцуулснаараа онцлогтой боллоо.

 

МКУТ-ийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ 

Олон талын оролцоотой, технологийн шийдлийг ашигласан чуулган болж байна. Технологийн шийдэл болоод хүний нөөцийн хувьд гаргаж болох бүхий л шийдлийг хэлэлцлээ. Дэлхий даяар тархан ажиллаж буй монгол залуус маань нэгдэж Монгол Улсаа хөгжүүлэх цаг нь болсон. Үүний төлөө бид ажиллаж байна.

Энэхүү чуулганаас гаргасан санал, зөвлөмжийг төр засгийн бодлогод оновчтой тусгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ГХЯ болон холбогдох бусад яам, тамгын газруудад хүргүүлнэ. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэргэд хамтарсан зөвлөл байгуулж, хамтран ажиллах санал гаргасан.

 

 

 

 

 

Дэнсмаа