“Mongolian Economy” сэтгүүл Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулган Даланзадгад хотод есдүгээр сарын 28-29-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү чуулганаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцож, аймгийн хөгжлийн төслүүдийг танилцуулсан юм. Яам, агентлаг, аймгийн төлөөлөл, хөрөнгө оруулалт болон үнэт цаасны компани зэрэг салбар бүрийн 500 гаруй оролцогч Өмнийн говьд хэрхэн хөрөнгө оруулах, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, бизнесийн орчин, эрчим хүчний ирээдүй, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн боломжуудын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Чуулганы хоёр дахь өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар “Mongolian Economy” сэтгүүлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж “Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр нар гарын үсэг зурсан. Тус санамж бичгийн хүрээнд “Говь ба Ус” контентын төслийг хэрэгжүүлнэ. Өмнөговьд аймагт хамгийн тулгамдсан асуудал бол ус. Уул уурхайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй олон уул уурхай гүний ус ашиглаж байгаа нь усны нөөцөөр хомс говийн бүсийг улам хүнд байдалд оруулж тухай усны салбарын мэргэжилтнүүд олонтаа ярьж анхааруулсаар ирсэн. Тиймээс “Mongolian Economy” сэтгүүлээс тус аймгийн усны асуудал, болон уур амьсгалын өөрчлөлт үр нөлөөний хүрээнд нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээлэл бэлдэж, Өмнөговь аймгийн удирдлага, хувийн хэвшил, ард иргэдэд, улмаар Засгийн газар, бодлого тодорхойлогчдод хүргэхэд гол зорилгоо чиглүүлэх юм.
Мөн Өмнөговь аймгийн хувьд хариуцлагатай уул уурхайд түшиглэн, тогтвортой аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөсөн. Цаашид эдгээр салбарт хийх хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийг үнэн, зөв мэдээллээр хангах, төр засгийн шийдвэр гаргах түвшний удирдлагуудад дуу хоолойгоо хүргэх шаардлага бий. Говийн бүсийн тулгуур аймаг болон хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, орон нутаг, хэвлэл мэдээлэл гээд олон талт хамтын ажиллагаа хамгийн чухал билээ. Харин “Mongolian Economy” сэтгүүлийн редакцын бодлого, үйл ажиллагаа улс төрөөс ангид улс орны тогтвортой хөгжлийн бодлогуудыг дэмжиж, хариуцлагатай уул уурхайн жишгийг сурталчлах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын талаар олон нийт, уншигчдад үнэн зөв ойлголт өгч мэдээ, мэдээллээр хангахад чиглэдэг. Тиймээс хоёр байгууллагын алсын хараа, үйл ажиллагааны чиглэл нийцэж байгаа учраас цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллахаар болж байна.
Түүнчлэн чуулганы үеэр “Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр, Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны Тэргүүн Х.Түмэндэлгэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өмнөговь бол аялал жуулчлалын гол бүс нутаг. Монголд аялахаар ирж буй жуулчдын 70 гаруй нь Өмнөговь аймаг руу явдаг гэсэн статистик тоо бий. Тус аймгийн хувьд аялал жуулчлалын салбартаа анхаарал хандуулж, дэд бүтцийг сайн тавьж буй бөгөөд аялал жуулчлал, уул уурхай, мал аж ахуйг хослуулсан шинэ загварыг хөгжүүлэхээр зорьж буй юм.
“Гайхамшигт говь” бол аялал жуулчлалын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, жуулчны баазуудаа чанар стандарт даган мөрдөж хөгжүүлэх чиглэлээр аймгийнхаа БОАЖ-ын газартайгаа нягт хамтран ажилладаг холбоо юм. Сэтгүүлийн зүгээс “Гайхамшигт говь” холбоотой хамтран говийг дэлхийд таниулан сурталчлах, дэлхийн мэдээллийн сувгийг бий болгох чиглэлд хамтран ажиллахаар болж байна. Мөн дотоодын аялагчдад өмнийн говийг сурталчилж, үнэн зөв мэдээлэл өгөхөд бодлогоо чиглүүлж ажиллах юм.
Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн ЗДТГ “Хасу Мегаватт” ХХК-тай үйлдвэр, сургалтын төв байгуулах талд, хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Засаг дарга Р. Сэддорж, “Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш нар гарын үсэг зурсан. Өмнөговь аймагт тулгарч буй бас нэг асуудал бол боловсон хүчин гэдэг талаар чуулганд оролцогчид ярьсан. Тэгэхээр үйлдвэр, сургалтын төв байгуулснаар орон нутагт хүний нөөцийн дутагдалтай байдлыг арилгахад чухал алхам болох юм.