Ардчилалд аюул нүүрлэв

Mongolian Economy
2023-12-26 16:46:39
Ангилал: Эдийн засаг

2024 он либерал ардчилалд элэгтэй хүн бүрд түгшүүртэй жил болно хэмээн Занни Минтон Беддос үзэж байна.

Бөмбөрцгийн нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг орнууд 2024 онд сонгууль хийх гэж байна. 70 гаруй орны хоёр тэрбум шахам хүн сонгуулийн байранд очиж санал өгөх төлөвтэй. Сонгуулийн хуудас Англи, Бангладеш, Энэтхэг, Индонез хүртэл тараагдана. Ардчиллын хувьд ялгуусан жил мэт сонсогдож байгаа ч бодит байдал дээр эсрэгээрээ байна.

Олон тооны сонгуулиар дарангуйлагч удирдагч нар байр суурь, эрх мэдлээ улам бэхжүүлэх бол бусад сонгуульд авлигажсан, чадваргүй хүмүүст ээлтэй болж өнгөрнө. Хамгийн томд тооцогдох Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн улстөрд хар сүүдэр үлдээх хэмжээний хор хөнөөлтэй болно. Украин, Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөний хажуугаар Америкийн ирээдүйн асуудал хөндөгдөх бол өнөөг хүртэл Америкийн удирдан чиглүүлж, гардан гүйцэтгэж ирсэн дэлхийн дэглэм дагаад ганхана. Энэ жил түгшүүр дагуулсан, аюултай байна.

Зарим сонгууль илэрхий луйврын болно. Тухайлбал, Беларус, Руандад болох сонгуулийн гол анхаарал ерөнхийлөгч хэн болох вэ гэдэгт биш харин одоогийн ерөнхийлөгч хэр үнэмлэхүй ялалт байгуулах вэ гэдэгт оршино. Владимир Путин ямар ч эргэлзээгүй гурав дахиа дараалан (нийтдээ тав дахиа) Оросын ерөнхийлөгчөөр сонгогдоно.

Дийлэнх сонгууль Ази тивд болно. Бангладеш, Энэтхэг, Индонез улсын сонгогчид бүгд сонгуулиа өгөхөөр явна. Харамсалтай нь либерализмыг чиглэсэн аюулын харанга улам бүр хүчтэй болж байна. Энэтхэг Нарендра Модигийн удирдлага дор эдийн засаг, геополитикийн мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгаа ч тэрээр лалын шашны эсрэг үзлийг дэвэргэх мөн институцийн дархлааг доройтуулж байгаа явдлын эсрэг тууштай арга хэмжээ авахгүй байна. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо улс төрийн ноёрхлоо бататгаж бэхжүүлэхэд л хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Бангладешын хувьд сөрөг хүчний удирдагчдаа хорьж, олон ургалч үзлийг бүрэн хориглосноос дарангуйллын дэглэм рүү шилжээд байна.

Африкт хамгийн олон сонгууль болох ч сонгогчид нь ардчилалд эргэлзэх болсон. Энэ тивд төрийн эргэлт хэвийн үзэгдэл болж, 2020 оноос хойш есөн улсад төрийн эрхийг хүчээр авав.

Цэргийн дэглэмээр удирдуулах хүсэлтэй африкчуудын тоо улам их болжээ. ӨАБНУ-д ANC нам авлига, гэмт хэрэг, ажилгүйдэлдээ живсэн улсынхаа Засгийн эрхийг дахин барина.

Мэдээж бүх мэдээ муу биш. Мексик анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгоно. Бусдаас түрүүлж яваа хоёр өрсөлдөгч хоёул эмэгтэй бөгөөд популист биш. Английн сонгогчдод хоёр чадварлаг нэр дэвшигчээс сонгох боломж гарч ирэв. Консерватив нам 14 жил засгийн эрх барьсны дараа Хөдөлмөрийн нам ялах өндөр магадлалтай.

Зарим сонгууль улсынхаа хил хязгаараас давсан том нөлөө үзүүлнэ. Тайванийн 18 сая сонгогч саналаа хэнд өгөх нь Тайванийн хоолой ямар байх, Америк-Хятадын хурцадмал байдалд ч нөлөөлнө.

Гэхдээ аль ч улсын сонгууль Америкийнхтай харьцуулашгүй. Энэ сонгуулийн хамгийн бодитой үр дүн нь дийлэнх сонгогчдын хүсээгүй хоёр хөгшин эрийн хоёр дахь тулаан гэдэгт итгэхэд бэрх. Дональд Трамп нэр дэвшиж байгаа нь л Америкийн ардчиллыг ганхуулав. Өмнөх сонгуулийн дүнг засах гэж байсан хүн нэр дэвших нь ардчиллын манаач гэсэн Америкийн нэр хүндийг баллана.

Трамп ерөнхийлөгч болвол геополитикийн аюул нүүрлээд байгаа энэ үед изоляционист хандлага нь Америкийг таашгүй, хяналтгүй гүрэн болгоно. Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор дуусгана гэх амлалтаараа тэр Украиныг золигт гаргана. Трамп нэр дэвшихгүй байж магадгүй ч дэвшвэл ялагдаж мэднэ. Гэхдээ Трамп хоёр дахиа сонгогдох боломж өндөр байгаа нь түгшүүр дагуулж байна. Үр дагавар нь ардчилал, дэлхийн дахины хувьд тун эмгэнэлтэй байж мэднэ.

 

Английн “The Economist” сэтгүүлийн “Дэлхий 2024 онд” тусгай дугаараас.
Онцгой эрхийг эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл

 

 

 

Mongolian Economy