Б.Түвшинтөгс: Төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлээгүй бол 9 их наядыг хэмнэх байсан

B Shurenchimeg
2023-04-13 15:16:15
Ангилал: Хууль, эрх зүй

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Түвшинтөгстэй  ярилцлаа. 

-Манай улсын төсвийн сахилга бат сул, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж та үзэж байна. Төсвийн сахилга бат сул, хэт үрэлгэн байдал нь ямар хор уршиг дагуулдаг вэ? 

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль мөрдөгдөж эхлээд 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд төсвийн сахилга бат, хуулийн хэрэгжилт хангалтгүй. Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Манай төсөвт “Голланд өвчин”-ий шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Үр дүнд нь төр хэт данхайж, хувийн секторыг шахан гаргах үзэгдэл явагдаж ирлээ.

Өөрөөр хэлбэл, төсөв данхайхын хэрээр Засгийн газрын зарлага нэмэгдэнэ. Зарлага их болохын хэрээр орлогоо тэр хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд татвар, хураамж, шимтгэлээ нэмэгдүүлдэг. Энэ нь дам нөлөөгөөрөө хувийн хэвшлийн орон зай, хөрөнгө оруулалт хийх боломжийг хумьж байна. 

Эдийн засагт Засгийн газрын эзэлж байгаа хувийн жин 35,10 хувь байна. Үүнийг манай улсын эдийн засагтай ойролцоо орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Эдийн засагт Засгийн газрын гүйцэтгэж байгаа үүрэг хэт өндөр байна гэж хэлж болно.

Тиймээс үүнийг багасгаж хувийн хэвшилд орон зай олгож, аль болох зардлыг нь бууруулах боломжуудаар хангаж өгөх ёстой. 

-Таны судалгааг харахад төсвийн нийт зарлага хязгаараасаа удаа дараа хэтэрсэн үзүүлэлтэй байна. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2010 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар нэгдүгээрт, төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, хоёрдугаарт төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай байх, гуравдугаарт, төсвийн зарлагын өсөлт тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон сүүлийн 12 жилийн эрдэс бус ДНБ-ий өсөлтийн дунджаас хэтрэхгүй байх буюу зарлагын таазыг тогтоож өгсөн. Дөрөвдүгээрт, Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувиас бага байх гэж заасан. 

Гэтэл энэ хуулийг анх баталснаас хойш 13 удаа тодотгол хийж, тодорхой заалтуудын хэрэгжилтийг удаа дараа хойшлуулсан байдаг. Тухайлбал, 2015 онд тав, 2016-2017 онд дөрөв, 2021 онд нэг удаа тодотгож төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлсэн.

Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай орны хувьд орлогын хэмжээ зарим үед өндөр, заримдаа маш доогуур байх тохиолдол олон бий. 

Уул уурхайгаас орж ирэх орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа их хэмжээгээр дагаад нэмж болохгүй, аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл төсөв дээр зарлагаа нэмэгдүүлэх хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөөд зарлагаа нэмээд байна. 

Засгийн газар зарлагаа нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын тоо хэмжээг өөдрөгөөр төсөөлдөг, төсвөөс гадуур зарцуулалт хийдэг. Зөвхөн 2021 онд төсвөөс гадуур 1.3 их наяд төгрөгийн зарцуулалт хийсэн.

Харамсалтай үр дагавар нь бид Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэсэн үзэл баримтлалаасаа ухраад байна гэсэн үг. 

-Та есөн их наяд төгрөгийн алдагдсан боломжийн талаар илтгэлдээ дурдсан. Энэ есөн их наядын эдийн засгийн үндэслэлийг тайлбарлаж өгнө үү?

-Миний тооцооллоор, хэрвээ бид хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлээгүй, урсгал шилжүүлэгээ өсгөөгүй, зарлагын тааз чинээндээ тулаагүй бол өнөөдрийн байдлаар долоо орчим их наяд төгрөгийг Засгийн газар хадгалчихсан байх байлаа. Төсвөөс гадуурх урсгал шилжүүлэг дээр 2020, 2021 онд хоёр их наяд гаруй төгрөг зарцуулсан. Энэ хоёр нийлээд есөн их наядыг бүрдүүлж байгаа юм. 

-Цаашид төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд бид юунд илүү анхаарах ёстой гэж та бодож вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль яг өнөөдрийн энэ дүр зургийг зохицуулах гэж гарч ирсэн хууль. Энэ хуулиар төсвийн орлого хэлбэлзэлтэй байдаг учраас хамаагүй өр битгий тавиарай, зарлагаа өсгөж болохгүй, төсвийн алдагдалгүй, Засгийн газрынхаа зарцуулалтыг жигд байлгах ёстой гэдгийг зохицуулдаг. 

Бид сүүлийн 10 жил энэ хуулийг дагаж мөрдөх гэж оролдсон ч чадсангүй. Тиймээс буцаад энэ хуулиа ягштал мөрдөх хэрэгтэй байна. 

Миний хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь Төсвийн хуулиасаа эдийн засгийн зохицуулалт, ач холбогдлоороо илүү өндөр гэж боддог. 

Манай улсын эдийн засаг шууд болон дам нөлөөгөөр уул уурхайгаас хамааралтай. Уул уурхайгаас өндөр хамааралтай үед Засгийн газрын зарлагыг зайлшгүй зохицуулах ёстой. 

Судалгааны дүнгээс харахад төсвийн нийт зарлага дээд хязгаараасаа хэтрэхгүй байх, төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь буурах, төсвийн алдагдал 2018 оноос эхлэн дээд хязгаар буюу ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өр илүү хурдтай буурч, 2018 оноос эхлэн 60 хувийн хязгаартаа багтах зэрэг эерэг үзүүлэлттэй байх боломжтой байсан.

Эх сурвалж: Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg