Баруун бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо

Mongolian Economy
2024-02-02 17:55:33
Ангилал: Мэдээ

“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум энэ сарын 1-2-нд боллоо. Энэ үеэр нэгдсэн хуралдаанаас гадна Хангайн бүс, Баруун бүс, Хойд бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Говийн бүс зэрэг зургаан бүсээр салбар хуралдаанууд Соёлын төв өргөө, Төрийн ордон, Новотел зочид буудал, ДБЭТ, Туушин зочид буудал, Blue Sky зочид буудал, Чингис хааны музей гэсэн долоон байршилд болсон юм.

Баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгууд багтаж буй. Хоёр өдрийн хугацаанд Баруун бүсийн хөгжлийн үзэл баримтлал, тэргүүлэх чиглэл, дэд бүтэц, тээвэр логистик, нийгмийн үйлчилгээ, санхүү, хөрөнгө оруулалт, эрхзүй зэрэг бүхий л чиглэлээр нийт дөрвөн салбар хуралдаан болж, 425 оролцогч оролцсон бөгөөд нийт 70 санал гарсан байна.

Баруун бүсийн сул тал нь дэд бүтцийн хувьд сул, маш их алслагдсан байршилтай, хүний нөөцийн дутагдал гэж тооцож байна. Эдгээр сул талаа засаж залруулах гол хүчин зүйл бол хүний хөгжил гэж аймгууд үзэж байгаа аж. Тухайлбал, 2020 оноос Говь-алтай аймаг Засаг даргын мөрийн хөтөлбөртөө боловсролын хөгжлийг тусган оруулж хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр бүс нутагтаа үлгэр жишээ болох санал санаачилгыг хэрэгжүүлж чадсан байна. Жишээ нь боловсролын чиглэлээр сургуулийн өмнөх боловсролос бүрэн дунд хүртэл боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлжээ. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн дундааар Монгол Улсын нийт аймгуудаас хэдхэн жилийн өмнө 20-р байр эзэлж байсан бол 2023 онд 9-р байр хүртэл дээшилсэн байна.

Түүнээс гадна зах зээлтэйгээ холбогдох асуудлыг хөндөж ярив. Баруун бүсийн аймгуудад Улаанбаатар, БНХАУ, ОХУ гэсэн гурван том зах зээл бий. Энэ том зах зээлүүдтэй илүү өргөн хүрээнд холбогдох шаардлага зайлшгүй бий. Одоогоор бусад аймгуудтай автозамаар холбогдоод байгаа бөгөөд цаашид зах зээлүүд рүү гарах автозамуудад анхаарал хандуулах ёстой гэж салбар хуралдаанд оролцогчид өгүүлж байв. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг хөгжиж байж ард иргэдийн амьдрал дээшилнэ. Тиймд эцсийн зорилго бол баруун таван аймгийг жигд хөгжүүлэх юм” гэж онцолсон.

Харин Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Хөгжил дэвшлийн үндэс нь дэд бүтэц. Цахилгаан хямд байж үйлдвэрлэл хөгжинө. Барилгын материал нь хямдхан байж, барилга баригдана. Энэ хүрээнд Ховд аймагт үйлдвэрлэл технологийн парк байгуулагдаж байгаа” гэв. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Цаашид ОХУ, Казахстан, БНХАУ руу экспорт хийх боломжтой. Ховд аймагт агаарын нэг, хуурай газрын хоёр боомтоор дамжуулаад транзит тээвэр явж байна. Тиймээс цаашид тээвэр логистик, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуй салбар ялгарч, хөгжлийн том суурь болох болов уу” хэмээн онцолсон.

Улмаар салбар хуралдаануудын санал, дүгнэлтийг танилцуулах үеэр баруун аймгуудын хөгжлийн зорилтыг дараах байдлаар тодорхойлсныг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

– Экспортын баримжаатай МАА-д суурилсан хүнс, хөнгөн аж ахуй, хилийн худалдаа, байнгын ажиллагаатай боомтуудад тулгуурласан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, боловсролын чанарыг сайжруулах, тэжээлийн үйлдврийг сэргээх замаар малын үржил шимийг нэмэгдүүлэх,

– Зам харилцаа, эрчим хүч зэрэг дэд бүтцийн холболтыг хийх, эрчим хүчний найдвартай ажиллагааг ханган, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, транзит тээврийг хөгжүүлэн Азийг холбосон төмөр зам байгуулах, Ховдын нисэх буудлын хүчин чадлыг нэмэх, ЛАянгийн боомтыг хөгжүүж ажиллагаанд оруулах

-Баруун бүсийн дээд боловсролын үйлчилгээнд хамрагдагчдыг бүсэд нь сургах нөхцөл бий болгох, аймаг бүрт эрүүл мэндийн оношилгооны төв, эмийнүйлдвэр байгуулах, алслагдсан сумдын нийгмийн үйлчилгээг сайжруулах, дотоод, гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллах

– ОУ-ын хөрөнгө оруулалт худалдааг дэмжих орчныг бүрдүүлэх, онцлог бараа бүтээгдэхүүнээ солилцох, худалдахын тулд дэд бүтцэд хөрөнгө оруулах, бизнесийг дэмжсэн татварын нөхцөлийг авч хэрэгжүүүлэх, шилжин суурьшсан иргэдэд хөнгөлөлт  үзүүлэх

Эцэст өгүүлэхэд, форумаас гарсан саналуудыг бүсийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх бөгөөд тодорхой судалгааны дараа Засгийн газарт танилцуулж, дэмжсэн тохиолдолд УИХ-аар батлуулах арга хэмжээ авах юм.

 

 

 

 

Mongolian Economy