Бороотой, бага зэрэг нар гарна
Америкийн эдийн засаг хямралд бус уналтад орно
Муу мэдээнээс эхэлье: Америкийн эдийн засаг 2023 онд удааширна. Инфляц жилийн таван хувьд хүрэх бүрдээ эдийн засгийг удаашруулж байсан нь сүүлийн хагас зууны түүхээс харагддаг (график үз). Одоогийн инфляц ч ялгаагүй. Өсөлт сөрөг болсон нөхцөлд л Америк үнийн айхтар дарамтыг тэсвэрлэх чадамжтай болно.
Америкийн өсөлт 2022 оны эхний хагаст сөрөг байсан гэж харамч хүн хэлэх байх. Техник талын эл бууралт хүчирхэг хөдөлмөрийн зах зээлтэй зэрэг өрнөв. Удаашралыг албан ёсоор зарлах ёстой Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны судлаачид тийн зарлахыг эсэргүүцэв. Ирэх жилүүдэд тэд дуугай байж чадахгүй. Өсөлт сулрахаар ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, Америкийн эдийн засаг агшиж буй нь эргэлзээгүй болно.
Бодлогын хүүг 2023 онд чангаруулсаар байх Холбооны нөөцийн банк нь удаашралын шууд шалтгаан болно. Тус банк 2023 онд бодлогын хүүг гурван хувиар нэмж, 4.6 болгоно гэж 2022 оны есдүгээр сард танилцуулсан. Гэвч шинэ оны эхээр инфляц салж өгөхгүй зууралдсаар байх тул хүүг таван хувь болгон өсгөнө. 2022 оны турш бүхий л хүүгийн өсөлтийн улмаас стресст орсон санхүүгийн зах зээлүүд өрөнд орсон компаниуд, үрэлгэн өрхүүдийн улмаас шинэ эрсдэлүүдтэй тулгарна.
2023 оны эцсээр Америкийн эдийн засаг бага зэргийн уналтаасаа гарна
Гэвч бүх зүйл бүүдгэр биш. Эдийн засгийн айсуй уналт зөөлөн байна гэх шалтгаан бий. Өнгөрсөн жил сул ажлын байрны тоо нь ажиллах хүчний тооноос илүү байсан. Өсөлт саарсны улмаас компаниуд шинэ ажилтан авахаа багасгах ч олноор ажлаас халахгүй байх. Ажилгүйдлийн түвшин 2022 оноос ялимгүй их байх ч эдийн засгийн өмнөх уналтын үе шиг огцом өсөхгүй.
Хямралын нөлөөг бууруулахад туслах нэмэлт зөөллөгчүүд Америкт олон бий. Хамгийн нөлөөтэй нь цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд юм. 2021 оны сүүлчээр мужуудын бэлэн мөнгөний нөөцийн хэмжээ 250 тэрбум долларт хүрсэн нь 2019 оныхоос хоёр дахин их байв. Цар тахлын өмнөх үетэй харьцуулбал өрхүүдийн хадгаламж 1.5 их наяд доллароор нэмэгджээ. Компаниуд ч эрсдэлийн сангаа мөнгөөр дүүргээд амжсан. Энэ бүх нөөц, хадгаламжийг эдийн засгийн уналт бууруулах боловч төсвийн асар том таналтыг даваад гарахаар хэмжээний хангалттай хэмжээнд үлдэнэ.
Америкийн эдийн засгийн зураглал 2023 оны турш мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Эдийн засгийн идэвхжил саарч буйн нөлөө мэдрэгдэж, уналт эхлэхэд дефляц болон хувирна. Ингэснээр бодлогын хүү өсгөдөг Холбооны нөөцийн банкны мөчлөг оны дундуур төгсгөл болж, харин хэзээ мөнгөний бодлогыг сулруулах вэ гэдэгт олны анхаарал чиглэнэ. Үнийн өсөлтийг дарахын тулд шаргуу тэмцсэн тус банк бодлогын хүүг бууруулах гэж яарахгүй. Гэхдээ эдийн засгийн уналт, инфляц хурдтай алга болохтой зэрэгцээд 2023 он дуусахаас өмнө Холбооны нөөцийн банк хүүг танаж эхэлнэ.
Богино хугацаанд эдийн засгийн өсөлт буурах муу ёрын таамаг 2023 онд хэвлэлийн мэдээг дүүргэх боловч хамгийн чухал үйл явдлууд нь урт хугацааны нөлөөтэй байна. Дэд бүтэц, уур амьсгал, технологид зориулсан хөрөнгө оруулалтын багцыг батлуулснаар хуулийн талбарт дараалсан том ялалтыг Жо Байден байгууллаа. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх амаргүй ажлууд 2023 онд эхэлнэ.
Зарцуулалт ихээр нэмэгдсэнээр өсөлт гарах магадлалтай. Өсөлт удааширлаа ч том төслүүдийг хэрэгжүүлэх ажилтан олоход хэцүү болж, төслүүдийн зардлыг нэмнэ. Олон улсад нийлүүлэлт муудах бус харин илүүдэл үүссэнээр хагас дамжуулагч зэрэг салбарт үлэмж хэмжээний мөнгө оруулсан нь буруу байсан гэсэн шүүмжийг Засгийн газар хүртэнэ.
2023 оны сүүлчээр Америкийн эдийн засаг уналтаасаа гарч, инфляц алга болно. Харин үүний оронд аж үйлдвэрийн салбараа дахин
инженерчлэх Америкийн өндөр төсөвтэй төлөвлөгөө нь ухаалаг стратеги уу, эсвэл бардам алдаа байв уу гэдэгт санаа зовох ёстой.
САЙМОН РАБИНОВИЧ АНУ-ын эдийн засгийн редактор, The Economist, ВАШИНГТОН
Дэлхий 2023 дугаараас