Дахиад л Европын өвчтөн
Үлбэгэр хөрөнгө оруулалтаа сэргээх гэж Британи зовно
Шинэ Ерөнхий сайдтай болж, ЕХтой худалдааны гэрээ байгуулж, цар тахлаас үүдэлтэй тодорхойгүй байдал улирч байгаа тул Британийн ужиг асуудлыг засах үе нь 2023 он болж магад. Гэхдээ…цахилгаантасрах, бодлогын хүү өсөх, өсөлт буурах зэрэг макро эдийн засгийн сорилттой Риши Сунак тулгарна. Төсвийг янзлахаар тэрбээр ханцуй шамлан дайрах учир Британийн бүтээмж доройтсон асуудлыг шийдэхэд тун бага хүч зарцуулна. Ингэвэл хайран боломжоо алдана.
2010-аад онд Британийн бүтээмж асар муу байсныг Сунак ойлгож буй. Нэг цагт ногдох Британийн бүтээмжийн өсөлт 1997-2007 онд Их 7-гийн улсууд дунд хоёрдугаарт орж байв. Харин 2009-2019 оны хооронд доороосоо хоёрт бичигдэв. 2019 он гэхэд Британи ажилчид француудтай харьцуулбал нэг цагт 18 хувиар багыг үйлдвэрлэж байлаа. Энэ нь цалингийн сул өсөлтөд нөлөөлж, инфляц тооцсон дүнгээр 2019 онд цалин 2009 онтой харьцуулахад нэгхэн хувь өсжээ.
Үүний шийдэл бол Британийн үлбэгэр хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх юм. Resolution Foundation тинк-танкийн тооцооноос үзвэл Британи, Франц ажилтнуудын нэг цагт гаргаж буй ДНБ-ий хэмжээ ялгаатай байгаа нь хөрөнгийн зөрүүгээр тайлбарлагдах аж. 2019 онд OECD-ийн гишүүн улсуудын дунд үндсэн хөрөнгийн нийт хуримтлал ДНБ-ий 22 хувьтай тэнцэж байсан бол Британийнх дөнгөж 18 хувь байв.
2023 онд Британийн бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэх шалтгаан саяхныг хүртэл байсан.
Тодорхой бус байдлаас шалтгаалж Брексит нь 2021 он хүртэлх таван жилд хөрөнгө оруулалтыг 25 хувиар бууруулсан гэж Английн Төв банк үзсэн. Цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдал ч саад болов. Эл хоёр шок алга болсон учир хуримтлагдсан хөрөнгө оруулалт ихэснэ гэх итгэл төрөв.
Харамсалтай нь эл итгэл талаар боллоо. Эдийн засгийг нөмөрсөн шокийг бууруулахын тулд сангийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн сайд нарын хүслийг бүтэлгүй бичил-төсөв бууруулав. Компаниудын цахилгааны төлбөрийг төлөхөд туслах зургаан сарын хөтөлбөрийг 2022 оны есдүгээр сард Лиз Трасс зарласан ч юу болох нь тодорхойгүй. Энэ нь компанийн захирлуудын хувьд тогтворгүй, тодорхойгүй байдлыг үүсгэж буй.
Өрхүүдийн гунигтай байдал ч эрэлтийг тодорхойгүй болгоно. Бодлогын хүүг огцом өсгөж, үл хөдлөхийн зах зээлийг сулруулж, эрэлтийг хязгаарлаж байгаа учир инфляцын эрсдэл ужгирна гэж Төв банк эмээж байна. Өрхүүдийн цахилгааны төлбөрийг дөрөвдүгээр сар хүртэл тогтмол 2500 фунт байлгана гэж Засгийн газар мэдэгдсэн ч зардал өсөж байгаа учир цаашид ийм өгөөмөр арга хэрэглэхгүй болов уу.
Сунак Сангийн сайд байхдаа татварын өөр бодлого хөрөнгө оруулалтыг өсгөж магадгүй гэж байв. 2010-аад онд аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэмсэн нь үр дүнд хүрээгүй ч хөрөнгө оруулалттай холбоотой татварын хувьд Британи нь OECD-ийн дунджаас илүү өгөөмөр юм. Тэрбээр ААНОАТ-ыг бууруулж, хөрөнгө оруулах санаачилгыг илүүтэй дэмжихээр төлөвлөсөн. Гэвч Засгийн газар арваннэгдүгээр сарын 17-нд татварыг нэмэх, зарцуулалтыг танахаар бэлтгэж байгаа учир өгөөмөр хандах боломж түүнд алга.
Моргэйж үнэтэй болж, цахилгааны төлбөр нэмэгдэх тул хэрэглэгчийн итгэл сул байна
Британийн компаниуд айдаст автах нь үүнээс үүдэх гол эрсдэл юм. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сорилт нь дахин давтагддаг сэдэв боллоо гэж Institute for Government тинк-танкийн Жилес Уилкес өгүүлсэн. Хөрөнгө оруулалт бол эрүүл эдийн засгийн үндэс болоод үр дүнгийн аль аль нь юм. Энэ бол өндөр эрэлтийн үр дүн мөн илүү сайн ханган нийлүүлэлтийг өдөөгч юм. Зөв чиглэлд явж буй бодлого ч гадаад шокийн улмаас бүтэлгүйтдэгийг энэ явдал харуулж байна. Маргаашийн төлөө илүү их хөрөнгө оруулахын тулд өнөөдөр багыг хэрэглэх ёстой гэдэг нь өөр нэг гашуун үнэн юм. Гэхдээ зардал ихсэж байгаа үед ингэх хэцүү.
Их хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, төсвийг сайжруулна гэдгийг Сунак ойлгож буй. Гэхдээ тодорхойгүй байдал үргэлжилж, бусад улсын эрэлт сул, бодлогын хүү буруу чиглэлд явбал хөрөнгө оруулалтыг нэмэх нь хэцүү бөгөөд цалингаа нэмүүлэхийг хүсэж буй иргэдийн урмыг хугална.
СОУМАЯ КЕЙНС Британийн эдийн засгийн редактор, The Economist
Дэлхий 2023 дугаараас