Дэлхийн “Залуу экопренер” шагналын сүүлийн шатанд өрсөлдөх эзэд тодорлоо

Mongolian Economy
2023-06-06 13:44:50
Ангилал: Мэдээ

Экспортыг дэмжих олон улсын форум (World Export Development Forum)-ын 2023 оны чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургадугаар сарын 26-29-ний өдрүүдэд болно. Уг форумын үеэр “Залуу Экопренер” шагналд өрсөлдөхөөр тунаж үлдсэн шилдгүүд болох Африк тивээс гурав, Ази тивээс дөрвөн оролцогч гарааны бизнесээ танилцуулна. Экспортыг дэмжих олон улсын форум нь жижиг дунд бизнесийг дэмжих үндсэн зорилго бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын худалдааны төв (ОУХТ)-өөс жил бүр зохион байгуулдаг онцлох арга хэмжээний нэг юм.

Сүүлийн шатанд шалгарсан эдгээр старт-ап компани “Залуу экопренер-2023” шагналын эзнийг шалгаруулах шүүгчдийн багт өөрсдийн бизнесээ танилцуулна.  Уралдаан байгальд ээлтэй “ногоон бизнесийн шийдэл”, “газрын доройтлыг нөхөн сэргээх санаачилга” гэсэн хоёр ангиллаар явагдах юм.

Шалгарсан шилдэг оролцогч нь гарааны бизнесийн санхүүжилт болон сургалт, менторшип хөтөлбөрт хамрагдах эрхийн эзэн болох бөгөөд энэ жилийн шагналын багцыг ОУХТ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн “G20 Глобал ланд санаачилга”, Дэлхийн оюуны өмчийн  байгууллага (ДОӨБ), Google-ийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн старт-ап, Сидлэй Оастин олон улсын хуулийн фирм хамтран олгоно.

Уралдаанд ирүүлсэн саналуудыг сонгон шалгаруулах хүнд даалгаврыг ОУХТ-өөс “G20 Глобал ланд санаачлага”, ОУХТ-ийн залуу бизнес эрхлэгчдийн дэлхийн сүлжээ (Ye! Community)-тэй хамтран гүйцэтгэсний эцэст Банладеш, Египет, Гана, Энэтхэг, Индонези, Мадагаскар, Монгол Улсаас ирүүлсэн саналууд шалгарчээ. Уралдаанд ирүүлсэн саналуудыг шалгаруулахдаа газрын доройтлыг бууруулах, тогтвортой, шинэлэг бөгөөд ногоон, тойрог эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг голлон харгалзан үзсэн байна.

Энэ жилийн уралдаанд iPAGE (Бангладеш); Cupmena (Египет); Sommalife (Гана); Brown Reed Agri Waste Innovations (Энэтхэг); Liberty Society (Индонези); Bôndy, (Мадагаскар); Airee (Монгол) гэсэн долоон оролцогч “Залуу Экопренер” шагналын төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

Улаанбаатар хотноо явагдах сонгон шалгаруулалтын шүүгчдээр Видант Ганди (2021 оны “Залуу экопренер” шагналын эзэн), Паула Падрино Вилела (“G20 Глобал ланд санаачилга”), Диана Карбалло Чанфон (Сидлэй Оастин) болон Аллан Мажуру, Зим Трэйд, Андрю Онг (ДОӨБ) нар ажиллана.

Эцсийн шалгаруулалт нь танилцуулж буй бизнесийн үр өгөөж, байгаль орчинд үзүүлэх нөлөө, зах зээлийн боломж, багийн хүч бололцоо, бизнесийн загварын тогтвортой байдал, хамрах цар хүрээ зэргийг үндэслэн шилдэг санаа, шагналын эздийг шалгаруулна.

ОУХТ-ийн “Залуу экопренер” шагнал нь залуу бизнес эрхлэгчдийг зах зээлтэй холбож, бизнес эрхлэлтийг дэмжин, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулахад гол чиглэдэг.

Шалгарсан оролцогчдын танилцуулж буй шийдлүүд

Байгальд ээлтэй ногоон бизнесийн шийдэл ангилалд шалгарсан оролцогчдыг танилцуулъя.

Энэтхэг Улсын хог хаягдлын менежментийн “Броун Рийд Агри-вэйст инноваци” Чираг М.Г (Chirag M G ) компани хөдөөгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгон, хөдөө аж ахуйн хог хаягдлыг өргөн хүрээний, тогтвортой инновац болгож байгаа саналаа танилцуулна.

Египетийн Купмена (Cupmena) компаний Абдулрман Элхалафави кофе үйлдвэрлэл дэх хог хаягдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөө аж ахуйн инновацлаг шийдлийг боловсруулсан байна.

Индонезийн Либерти Сосайти (Liberty Society) боловсруулах үйлдвэрийн Тамара Дэви Гондо Сёрижо эмэгтэйчүүдтэй голлон хамтарч хаягдал материалыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл хийж, нийгмийн хариуцлагатай бизнесийн байгууллага, брэнд бий болох байгальд ээлтэй ногоон аяныг өрнүүлэх шинэлэг санааг танилцуулна.

Монгол Улсын агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэгч “Airee” (Airee) компанийн Мөнхбатын Оюунгэрэлийн бичил пластикийн бохирдлыг бууруулж, 100% байгаль задрах боломжтой хонины ноосон шүүлтүүрийг танилцуулна.

Газрын нөхөн сэргээлтийн ангилалд шалгарсан оролцогчид:

Малагасугийн ойжуулалтын “Бонду” (Bôndy) компаний Макс Фонтайн нийгэм эдийн засаг, экологийн үр нөлөө бүхий агро-ойн аж ахуй, мангровын ойн нөхөн сэргээлтээр дамжуулан хөдөөгийн иргэдийн хөгжлийг дэмжсэн шийдлийг танилцуулна.

Бангладеш Улсын агро-техийн iPAGE компаний Машрур Хоссэйн жижиг аж ахуй эрхлэгч фермерийн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх үр тариа ургацын дижитал зөвлөх үйлчилгээг танилцуулна.

Гана Улсын Соммалайф (Sommalife) агро-тех компаний Мавуси Кристина ший модны хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжихийн зэрэгцээ зах зээлийн боломжийг танилцуулна.

Дээрх оролцогчдыг нийт 63 орны 419 компани, аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулсан юм.

Байгальд ээлтэй ногоон бизнесийн шийдэл ангилалын сонгон шалгаруулалтын жагсаалтад Givo Limited – Nigeria, Brown Reed Agri Waste Innovation – India, Cupmena – Egypt, Qubix Robotics – Malawi, ReciclApp – Mexico, Green Composting – Tanzania, Saathi – India, Liberty Society – Indonesia, Angirus – India болон Зимбаб улсын Diapo Inc, Монгол улсын Nomadic PowerBox LLC болон Airee Felt тус тус орсон.

Газрын нөхөн сэргээлтийн ангиллын сонгон шалгаруулалтын жагсаалтад: Bôndy International – Madagascar, Sommalife – Ghana, Clauseph Enterprises – Botswana, iPAGE Bangladesh – Bangladesh, Orda Wealth – Mongolia, Neoperk Technologies – India, Kimalaya Naturals – India, Viva Organica – Botswana, Ecowillow Ghana – Ghana болон Нигерийн Climtech Intelligence гэсэн нийт долоон орны 10 компани орсон.

Залуу бизнес эрхлэгчдийг шалгаруулах энэ жилийн уралдаан нь Экспортыг дэмжих олон улсын форумын хүрээнд зохион байгуулагдаж буй 4 дэх удаагийн уралдаан бөгөөд өмнөх форумын үеэр хуралдааныг улс орондоо зохион байгуулагч оронд өөрийн улсын нэг өрсөлдөгчийг шагналын эцсийн шалгаруулалтад  өрсөлдөх боломжийг санал болгож ирсэн.

“Ногоон, дижитал худалдаагаар төрөлжүүлэх”

“Экспортыг дэмжих олон улсын форум”-ын 2023 оны ээлжит бага хурал өнөөгийн олон талт хямралын нөхцөлд эрүүл органик, дижитал (цахим), тогтвортой шийдлүүдийг эрэлхийж, “Ногоон худалдаагаар төрөлжүүлэх” сэдвийн дор зохион байгуулагдана.  Бага хурлын сэдэв дэлхий нийтийг хамарсан ч,  далайд гарцгүй улс орнуудын худалдааны боломжийг нэмэгдүүлэхэд голлон анхаарах юм. Монгол улс дэлхийн хоёр дахь хамгийн том далайд гарцгүй орон юм.

Бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраар ахлуулан Монгол Улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын баг хамтран зохион байгуулна.

 

 

 

 

Mongolian Economy