Ж.Дэлгэрсайхан: Зээлийн хүү цаашид ч өснө

Дэнсмаа
2022-08-19 14:40:08
Ангилал: Эдийн засаг

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай хөрөнгө оруулалтын орчин,  эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Валютын нөөц хомсодсон, эдийн засгийг илүү эрчимжүүлэх шаардлага тулгарсан энэ үед хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудал маш чухлаар тавигдаж байна.  Манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлтөөс өөр юу амлаж чадах вэ?

-Хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол цаасан дээр бичсэн хууль биш. Өмнө нь бид хөрөнгө оруулалтын хууль баталж байсан. Одоо шинэчлэн найруулах ажил хийгдэж байна. Эрхзүйн орчингоо сайжруулна гэдэг бол том алхам мөн. Хамгийн чухал асуудал нь хэрэгжүүлэлт. Хөрөнгө оруулагчид манай улсад мөнгөө байршуулж ашиг хүртэх таатай орчин бүрдүүлэх ёстой. Засаглалын тогтвортой байдлыг хангах, нэг дарга солигдоод өмнөх хуулиа өөрчилдөг, дүрэм журмаа өөрчилдөг, хэлсэн амандаа хүрдэггүй шударга бус байдал үргэлжилсээр байгаа нь хамгийн том эмзэглэх асуудал. Монгол улсын эдийн засгийн байдал хүндэрсээр байна. Валютын ханш , төлбөрийн тэнцэл дарамт үүсгэх хэмжээнд байна. Энэ үед хөрөнгө оруулагчид Монголыг ямар нүдээр харж байгаа нь ойлгомжтой. Бид эхлээд эдийн засгийн суурь нөхцөл байдлаа шийдэх ёстой. ДНБ үзүүлэлт өнгөрсөн улиралтай харьцуулахад өссөн сайшаалтай боловч гурван улирал дараалан өсөлттэй гарч байж бид эдийн засаг сэргэх тухай ярих ёстой. Цаашлаад хилийн боомтын асуудал цэгцэрч нийт дүнгээрээ эдийн засаг өсөлттэй гарах юм бол хөрөнгө оруулалт татах тухай ярьж болно. Өнөөдрийн нөхцөл байдалд засгийн газрын нэг шийдвэр бодлого нь нөгөөгөө үгүйсгэсэн байдалтай байна.

Эрчим хүчний хараат байдалтай. Далайд гарцгүй атлаа хилийн боомтууд нь хүчин чадал муутай. Тээврийн чадвар муу. Зарим хувийн компаниуд төмөр замаар тээвэр хийхийн тулд  өөрсдөө зүтгүүр худалдан авахад хүрсэн. Ийм улс оронд хэн хөрөнгө оруулах вэ?

Өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулагчийн нүдээр харахад Монгол улс асар эрсдэлтэй орон. Хөгжиж буй орнуудынхаа дунд ч эрсдэлтэйд орно. Тиймээс хөрөнгө оруулалтын орчныг доройтуулж байгаа зүйл нь хууль биш хуулийг хэрэгжүүлж байгаа талууд, эдийн засгийн суурь нөхцөл байдал гэдгийг ойлгож ухаалаг бодлого боловсруулах ёстой. Хөрөнгө оруулалтын хэмжээ эдийн засгийг эрчимжүүлэх хэмжээнд хүрэх боломж байхгүй биш байгаа.

-Монгол улсын гадаад өрийн хэмжээ олон улсын анхаарлыг татаж байна. Засгийн газар гадаад өрийн дийлэнх хувь нь хувийн хэвшлийн бүтээн байгуулалт уруу чиглэсэн өр байгаа учир дефолт зарлах нөхцөл байдал үүсээгүй гэж тайлбарлаж байгаа. Та энэ тал дээр бодолтой байгаа вэ?

Гадаад өрийн хэмжээ асуудал болсон уу? гэвэл болсон гэж хэлнэ. Гадаад өр 34 тэрбум ам.доллар давчихсан. ДНБ-ээс 2.6 дахин их өртэй болсон. Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувьд тэнцэх хэмжээнд очсон. Японоос эхлээд энэ хэмжээний өртэй улс орон цөөнгүй байна гэж хэлэх хүн олон бий. Япон, АНУ зэрэг том эдийн засагтай орныг манай улстай харьцуулах боломжгүй. Иргэдийн орлого, үндэсний нийт хуримтлал, нийгмийн байдлыг нь бидэнтэй жиших аргагүй. Манай улсын өрийн удирдлага “Чингис бонд”-оос эхлээд алдагдсан. Өрийг өрөөр төлдөг байдал үргэлжилсээр байна. Өмнө нь тавьсан өр Монгол Улсад нийгэм, эдийн засгийн ямар үр ашиг өгсөн юм бэ гэдгийг тооцоолох ёстой. Өрийн асуудал хурцаар тавигдаж байгаа ч дефолт зарлах хэмжээнд арай тулаагүй. Өрөө үнэхээр төлж чадахгүй болсон үед дефолт болжээ гэж үзнэ. Гадаадад төлөх ёстой  34 тэрбум ам.долларын дийлэнх нь хувийн хэвшлийн өр байгаа нь үнэн. Засгийн газрын найм орчим тэрбум ам.долларын өр бий. Үүнийг цуврал байдлаар төлнө. Ямар ч байсан дампуургүй юм байна гэж ойлгож болох юм.

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамаарах байдал нэмэгдсээр байна. Тэр дундаа Оюу толгой төсөлд ихээхэн найдвар тавьж байгаагийн эдийн засгийн үндэслэлийг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улс уул уурхай,  хөдөө аж ахуй, үйлчилгээнд суурилсан орон болсон. Халуун үнэн бол энэ. Дээр, дооргүй нүүрсний экспорт нэмэгдэж, хил гаалийн нөхцөл байдал сайжрахыг л хүлээж байна. Үүнээс гадна Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтууд дуусаж анхныхаа тэсэлгээнүүдээ өнгөрсөн хавар хийсэн.  Оюутолгойн гарц нэмэгдсэн. Богино хугацаанд эдийн засгийг сэргээх үндсэн арга зам бол гарцаагүй энэ. Харамсалтай нь уул уурхайн ашиг нэмэгдсэн ч иргэдийн амьжиргаанд жилийн дараагаас нааштай нөлөөлөл үзүүлж эхлэх болов уу. Эдийн засгийн үзүүлэлт гурваас таван улирал өсөлттэй гарвал иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлдөг. Үүнээс гадна баялгийн тэгш бус хувиарлалтаас шалтгаалж бага орлоготой жирийн иргэнд нөлөөлөх хүртэлх үйл явц маш удаан явагдана.

-Эдийн засгийг сууриар нь авч үзвэл ирэх оны дунд үе хүртэл төдийлөн сайжрахгүй гэж үзэж буй хүн цөөнгүй байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Зээлийн хүү цаашид ч өсөх хандлагатай байгаа нь эдийн засагт хүндээр нөлөөлж байна. Хүү өсөхөд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцын түвшин голлоно. Зээлийн хүүг бууруулахын тулд  энэ салбарт ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргах вэ гэдгээ урьдчилан тодорхойлох ёстой. Санхүүгийн зохицуулах хороо дорвитой шийдвэр гаргаж, ажиллах хэрэгтэй.

Санхүүгийн зах зээлд эрэлтээ давах шинэ эх үүсвэрийн нийлүүлэлт алга. Товчхондоо хөрөнгө оруулалт алга. Банкны тухайд иргэдийн зээл авахын тулд барьцаалсан эд хөрөнгийг эргэлтэд оруулах боломжгүй байна. Мөн манай улсын эдийн засагт шинэ эх үүсвэр орж ирэх найдвар бага байна.

Гэхдээ эдийн засаг өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд геополитикийн асуудлаас эхлээд биднээс шалтгаалаагүй олон хүчин зүйл нөлөөлсөн. Цар тахлын нөлөөлөл ч үргэлжилсээр байна. Тиймээс ойрын хугацаанд эдийн засаг сэргэнэ гэж хэлэхэд хүндрэлтэй. Гэхдээ хил гаалийн нөхцөл байдал сайжрах улс төрийн шийдлүүд гарч байгаа нь энэ оны төгсгөлд эдийн засгийн цусны эргэлт сайжрах нөхцөлийг бүрдүүлэх болов уу.

 

 

 

 

Дэнсмаа