К.Ивкоф: Хөрөнгө оруулах боломжоо танилцуулахын тулд илүү идэвх санаачилгатай ажиллах нь зүйтэй

Mongolian Economy
2023-06-28 10:20:54

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд К.Ивкофтой хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.

-Канад бол Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч улс гэдгийг ярилцлагын эхэнд дурдахад таатай байна. Юун түрүүнд та Канадын компани, хөрөнгө оруулагчдын манай улсад хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Канад бол Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч улс юм. Монгол Банкннаас гаргасан мэдээллээс үзвэл Канадаас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 8.1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд ихэвчлэн уул уурхайн салбарт төвлөрч байна.

Канадаас Монгол Улсад оруулсан хамгийн чухал, олны дунд илүү танигдсан хөрөнгө оруулалт бол Өмнөговь аймаг дахь Оюу толгойн алт, зэсийн уурхай. Тус төслийг Монреаль хотод төвтэй “Turquoise Hill Resources” ХК (хуучнаар Ivanhoe Mines компани) Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Export Development Canada (EDC) байгууллага тус төслийг санхүүжүүлэх хүрээнд “Turquoise Hill Resources”-ийн хөрөнгө оруулалт болон Оюу Толгойд Канадын ханган нийлүүлэлтийг дэмжиж нэг тэрбум канад долларын санхүүжилт үзүүлсэн.

Манай улс Оюу Толгой компанийн түүх бичигдсэн цагаас эхлэн хамт байсаар ирлээ. “Ivanhoe Mines” компани (одоогийн Turquoise Hill Resources) анх 2001 онд тус ордыг нээсэн цагаас хойш Оюу Толгойн төсөл нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн том олон улсын хэмжээний төсөл болжээ. Эл төслийн нийт өртөг 13 тэрбум ам.доллар. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлвэл жилд ойролцоогоор 500 мянган тонн зэс үйлдвэрлэх тооцоолол бий. Оюу Толгой төсөл нь Монгол Улсын хувьд экспортын орлого, өндөр цалинтай ажлын байр, татварын орлогын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Оюутолгой төсөл дээр хоёр тал зөвшилцөлд хүрч, урагшлахаар болсон нь сайн хэрэг. Гэхдээ бид өнгөрснөөсөө сургамж авах ёстой. Цаашид Монгол Улс томоохон төсөл хэрэгжүүлэхдээ юуг анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ? 

-Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” компани энэ оны эхээр зөвшилцөлд хүрсэнд бид сэтгэл хангалуун байна. Оюу Толгой төсөл цаашид бүх талуудад болон Монголын ард түмэнд харилцан ашигтайгаар үр дүнтэй үргэлжлэн хэрэгжинэ гэдэгт бид итгэлтэй байна.

Бодлого, төлөвлөлт болон хууль эрх зүйн орчны таамаглаж болохуйц байдлыг гадаадын хөрөнгө оруулагч нар ихээхэн үнэлдэг, анхаардаг гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн ялгавартай хандах, арбитрын шүүхийн үйл ажиллагаанаас хамгаалдаг байх нь хөрөнгө оруулагчдын авч үздэг өөр нэг үнэ цэн юм.

Урьдчилан таамаглаж болох, нээлттэй, итгэл даахуйц найдвартай байдал зэрэг нь хөрөнгө оруулалтын эрүүл, зөв орчны цөм элементүүд бөгөөд энэ бүхнийг зөвхөн хууль ёсыг эрхэмлэн мөрдөх, шүүх засаглалын бие даасан байдлаар дэмжих ёстой.

Эдгээр зарчмыг чандлан мөрдөх аваас Монгол Улс нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах илүү таатай улс гэж гадаадын хөрөнгө оруулагчид дүгнэх болно.

Оюу Толгой уурхайд ажилладаг эмэгтэй ажилтнуудын төлөөллийн хамт

– Том хөрөнгө оруулагчаа айлгах нь бусад хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болдог. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн маргаанаас үүдэлтэйгээр Канадын хөрөнгө оруулагчид Монголд эргэлзсэн, шийдвэрээ өөрчилсөн тохиолдол бий юу? Канадын хөрөнгө оруулагчдыг Монголд урихад ямар хүндрэл тулгарч байна вэ? 

-Оюу Толгойтой холбоотой тодорхойгүй байдал, үүн дээр геополитикийн эрсдэл нэмэгдсэн зэрэг нь Канадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад бизнес эрхлэхдээ илүү болгоомжтой байр суурь баримтлахад хүргэсэн тал бий. Өмнө өгүүлсэнчлэн хөрөнгө оруулалт нь аюулгүй, хөндлөнгийн, тэр тусмаа улс төрийн оролцооноос ангид байгаасай гэж Канадын хөрөнгө оруулагчид хүсдэг. Үүн дээр нэмж хэлэхэд Монгол Улс хайгуулын шинэ лиценз олгосноос хойш их олон жил өнгөрсөн учир гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад үзүүлэх итгэлийг дахин сэргээхэд багагүй хугацаа орох болов уу.

Монгол Улсыг сонирхох боломжтой хөрөнгө оруулагчдад мэдлэг мэдээлэл дутмаг байх, хөрөнгө оруулах боломжтой салбаруудын талаар ойлголт сул байгаа нь анхаарах ёстой нэг чухал сорилт болж байна. Монгол бол харьцангуй жижиг зах зээл, тиймээс Монгол Улсыг, хөрөнгө оруулах боломжоо гадны хөрөнгө оруулагчдад танилцуулахын тулд илүү идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй.

Хоёр дахь гол сорилт бол гадаадын хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбар луу чиглүүлэх явдал юм.

-Канадын бизнесмэнүүд Монголын уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулах сонирхол бий юу? 

-Канадын хөрөнгө оруулалт ерөнхийдөө уул уурхайн салбарт төвлөрч байгаа талаар би түрүүн дурдсан. Канадын компаниудыг сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг бусад салбарыг илүүтэй сонирхоосой гэж бид хүсдэг. Газар зүй, уур амьсгал гээд Канад, Монголд ижил төстэй тал олон бий. Аль аль нь дөрвөн улирал, хахир хатуу өвөлтэй дэлхийн бөмбөрцгийн хойд бүсийн улсууд. Канадын компаниуд газар зүй, уур амьсгалд нь тохирсон хөдөө аж ахуй, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр асар их мэдлэг, туршлага хуримтлуулсан агаад энэ нь Монголын нөхцөлд ч тохирох нь дамжиггүй. Канад, Монголын энэ мэт ижил төстэй талууд дээр тулгуурлан улам ихийг бүтээх шаардлага бий.

Манай хоёр улс 2017 онд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр (FIPA) буюу хоёр талын хөрөнгө оруулалтын цогц гэрээг байгуулсан. Тус хэлэлцээр нь хоёр улсын бизнесүүдийн хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэх, гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд зөвхөн уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй. Цаашдаа бусад салбарт ч хөрөнгө оруулалт татахад FIPA тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хууль эрхзүйгээ шинэчлэх тал дээр ихээхэн ач холбогдол өгч байна. Хөрөнгө оруулагчдад ээлтэй улс болохын тулд бид юунд анхаарах ёстой вэ? 

Урьдчилан таамаглаж болох, нээлттэй, итгэл даахуйц найдвартай байдлыг хууль ёсыг эрхэмлэн мөрдөх ёс, бие даасан шүүх засаглалаар дэмжих шаардлагатай талаар би өмнө дурдсан. Үүнээс гадна бизнес эрхлэх орчин, зардал, татвар, ажиллах хүчний өрсөлдөх чадамж, тогтвортой байдал зэрэг хүчин зүйлийг авч үзэх ёстой.

Дэлхий нийтийн жишгээс харахад таатай бодлого, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтын давуу талыг ашиглах чадвар зэрэг нь хөрөнгө оруулалтад таатай улс болоход ихээхэн нөлөөлдөг байна.

Монгол Улс мөн “Бизнес эрхлэхүй” тайлан (Монгол Улс 81-р байрт бичигддэг) болон Авлигын төсөөллийн индекст эзэлж буй (Transparency International-ийн гаргадаг тус индекст Монгол Улс 110-р байрт ордог) байраа ахиулахын тулд улам их хичээх ёстой. Эдгээр хүчин зүйлийг хөрөнгө оруулагчид чухалчлан авч үздэг юм.

Гадаадын хөрөнгө оруулалт аль ч улсын хувьд чухал. Канадын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт хэр зэрэг хувь нэмэр оруулсан бэ? Хөрөнгө оруулалт татах Канадын туршлагаас хуваалцана уу. 

-Тийм ээ, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Канадын эдийн засгийн хөгжил, урт хугацааны хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэртэй юм. Тийм учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам төдийгүй дэлхийн улсууд дахь манай элчин сайдын яамдын нэг чухал үүрэг билээ.

Канадын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар хувь нэмэр оруулж байгаа талаарх ойлголт өгөх үүднээс зарим статистик үзүүлэлт танилцуулъя. Канад дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь аж ахуйн нэгжүүдийн нийт хөрөнгийн 18 хувь, үйл ажиллагааны орлогын 30 хувь, судалгаа, хөгжүүлэлтэд зориулж буй зардлын 41 хувь, ажлын байрны 13 хувийг эзэлж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах тал дээр Канадын давуу тал нь төсвийн тогтвортой байдал, хүчирхэг эдийн засаг, бага зардал, татварын хэмжээ бага, иргэдийн өндөр боловсрол, өрсөлдөх чадвартай ажиллах хүч юм.

Гадаадын хөрөнгө оруулалт татдаг зарим жишээнээс танилцуулья. Таван тэргүүлэх салбарт 950 сая ам.долларыг 2028 он хүртэл зарцуулах Supercluster хөтөлбөрөөр дамжуулан төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих замаар бид инновацыг хөгжүүлдэг. Мөн Канадын банкууд дэлхийн хамгийн аюулгүй, найдвартайд тооцогддог. Нэмж хэлэхэд Их 20-ийн улсуудыг нийгмийн хөгжлөөр Канад тэргүүлж, ирэх таван жилд тус бүлгийн улсууд дотор бизнес эрхлэхэд хамгийн таатай орчныг санал болгоно гэж тооцогдож байна.

Асуултаа гадаад худалдаа руу чиглүүлье. 2014 оноос хойш хоёр орны худалдаа эргэлт огцом буурсан үзүүлэлттэй байна. Цаашид худалдаа эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах шаардлагатай вэ?

 -Канад, Монголын худалдааны эргэлт багавтар буюу жилийн 20 сая орчим ам.доллар. Канад улс Монгол руу 18.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, Монголоос 14 сая ам.долларын үнийн дүн бүхий импортын барааг авдаг. Худалдааны эргэлт ийн буурсан нь цар тахалтай нэг талаараа холбоотой. Хил хаагдаж, аяллууд цуцлагдаж, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь хоёр талын худалдаанд сөрөг нөлөө үзүүллээ.

Хоёр талын худалдааны дийлэнх хэсэг нь уул уурхайн салбарт ногддог. Тус салбар нь Канад, Монголын хувьд стратегийн чухал салбар хэвээр байх боловч үүнийг төрөлжүүлж, эдийн засгийн бусад салбартай холбох хэрэгтэй.

Монгол Улсын хөгжлийг дэмжихийн тулд Канадын анхаарч буй нэг гол талбар бол “ногоон эдийн засаг” юм. Нэн ялангуяа ногоон уул уурхай, ногоон барилга, уур амьсгалд дасан зохицсон хөдөө аж ахуй, замын хөдөлгөөний ухаалаг шийдэл зэрэг чиглэлд тодорхой санал санаачилгыг дэмжинэ. Цар тахал намжиж буй учраас хоёр талын худалдаа өмнөх үеийн түвшинд хүрч сэргэнэ гэсэн хүлээлтээс гадна эл өсөлт шинэ салбараар тэлж, төрөлжинө гэсэн итгэл бидэнд байна.

-Канадын Засгийн газрын Олон Улсын хөгжлийн хөтөлбөр нь манай улсын нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Тус хөтөлбөр 2022 онд ямар чиглэлд төвлөрч ажиллах вэ?

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төслийн нээлтийн үеэр

-Олон улсын тусламжийн хөтөлбөрөөрөө дамжуулан Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд Канад улс хувь нэмэр оруулж буйгаар бахархдаг. 2012 оноос эхлэн 85 сая ам.долларыг Канадын Засгийн газар Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад олгосон. Тус хөгжлийн хөтөлбөр нь хүртээмжтэй засаглал, жендэрийн эрх тэгш байдал буюу охид, эмэгтэйчүүдийн хөгжил, хүн бүхэнд хүртээмжтэй өсөлтийг дэмжих гэсэн гурван чиглэлд төвлөрдөг. Монгол Улсад үзүүлж буй олон улсын туслалцаа маань Монгол Улсын Алсын хараа 2050, Канадын феминист олон улсын тусламжийн бодлогод  нийцэж байгаа юм. Одоогийн байдлаар Канад улс нийт дөрвөн төслийг таван жилийн хугацаанд 25 сая ам.доллароор санхүүжүүлж байна.

Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах MERIT төслөөр дамжуулан олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд Канад улс дэмжлэг үзүүлсээр байна. MERIT бол Монголын олборлох салбарын үр ашигтай байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд Канадын технологийн туршлагыг нэвтрүүлэх, мэдлэгийн солилцоог дэмжиж ажиллах зорилготой найман жил үргэлжлэх төсөл бөгөөд Канад улсын Гадаад харилцааны яамнаас  санхүүжүүлдэг. Төсөл Сүхбаатар, Дорнод, Дундговь, Төв аймагт хэрэгжиж, байгаль орчны хамгаалалтыг сайжруулах, талуудын оролцоог хангах, зөвлөгөө үзүүлэх, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг дэмжихэд анхаарал хандуулж байна. Үндэсний хэмжээнд төсөл маань Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран үр дүнд суурилсан менежмент, жендэрийн эрх тэгш байдал, жендерийн тэгш байдал, байгаль орчин болон бодлого төлөвлөлт, төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.

MERIT төсөл цаашид хүний нөөцийн удирдлага, манлайллын өөрчлөлт, үр дүнд суурилсан менежмент, төрийн байгууллагуудад жендерийн эрх тэгш байдлыг хангах, байгаль орчны болон орон нутгийн хөгжил, мэдлэгийн менежмент чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.

Канад улс мөн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Мэргэжлийн ба иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл жендэрийн линз ашиглан хүний нөөцийн үр дүнтэй менежментийг сайжруулах, ажилтнуудаа дэмждэг үр дүнтэй, өгөөжтэй төрийн үйлчилгээг бий болгохын тулд хүний нөөцийн процесс, журмуудыг хөгжүүлж, сайжруулахад чиглэдэг. Саяхан тус төсөл Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны 150 гаруй эмэгтэй ажилтнуудын мэргэжлийн болон манлайлах ур чадварыг сайжруулснаас гадна “Төрийн албан дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлахад дэмжлэг үзүүллээ.

-Элчин сайдын хувьд та хоёр орны хамтын ажиллагаа ойрын ирээдүйд хэрхэн өргөжин хөгжинө гэж бодож байна вэ? 

-Канад, Монголын харилцаа ойрын ирээдүйд улам хүчирхэгжиж, илүү харилцан ашигтай болно гэж бодож байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд болно. Тус ой нь Канад, Монгол Улсын хамтдаа бий болгосон түүхийг эргэн санах, цаашид ямар чиглэлд хамтран ажиллах талаар төсөөл өгөх таатай боломжийг олгох юм. Ардчилсан төрт улсуудын хувьд хоёр улсын харилцаа нь хуулийг хүндлэн дээдлэх, хүний эрх болон суурь эрх чөлөөг эрхэмлэх зэрэг хамтын үнэ зүйлсийн бат суурь дээр тогтож байна.

2021 онд болсон Засгийн газар хоорондын ес дэх удаагийн дугуй ширээний уулзалтын үеэр “Иж бүрэн түншлэлийн замын зураглал”-ыг тохиролцсон. Ингэснээр хоёр талт харилцан ярианы механизмууд, олон талт форумыг хамтран зохион байгуулах, батлан хамгаалах хамтын ажиллагааг сайжруулах, иргэд хоорондын харилцааг үүсгэх, худалдааны харилцааг өргөжүүлэх, олон улсын хөгжлийн тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсыг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтууддаа хүрэхэд нь Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих юм.

Бид энэ бүх чиглэлд хамтдаа далайцтай ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард хоёр улсын Гадаад харилцааны яамд анхны хоёр талт зөвлөх уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалт нь харилцан сонирхол бүхий хоёр талт, бүс нутгийн, олон улсын асуудлаар цогц, гүн гүнзгий хөндөн ярилцах боломжийг олголоо. Товч хэлэхэд Канад-Монголын хамтын ажиллагааны ирээдүй маш гэрэлтэй, эерэг байна.

-Ярилцлагын төгсгөлд та манай улсын тухай сэтгэгдлээ уншигчидтай маань хуваалцана уу? 

-Дуртайяа. Монголын талаар олон гайхалтай сэтгэгдэл надад бий. Хамгийн хүчтэй, тун эерэг сэтгэгдлийг нүүр тулан уулзсан олон мундаг хүмүүс үлдээжээ. Монгол хүмүүс бол энэ улсын хамгийн агуу хүч чадал бөгөөд цаашдын ирээдүйнх нь итгэл найдварыг тээгчид юм. Би Улаанбаатарт амьдардаг, хотоор аялах, эрч хүчтэй соёлыг нь мэдрэх дуртай.

Үүний зэрэгцээ би Монголоор олонтоо аялж, Оюу Толгойн уурхай, Эрдэнэт хот, Булган, Баян-өлгий, Ховд аймагт очсон. Хөвсгөл нуурт амарсан маань надад их олон талаараа эх орныг минь санагдуулж байлаа. Ийн аялж байхдаа олон гайхалтай хүмүүстэй учирч, Монголын газар зүй, нийгэм, соёлын өвөрмөц шинж чанаруудаас суралцсан. Саяхан л гэхэд MERIT төслөөс хамтран Сүхбаатар аймагт зохион байгуулсан Зүүн аймгуудын уул уурхайн бага хуралд оролцлоо. Ирэх саруудад өөр олон аймгаар зочилно гэж найдаж байна.

Энэ жил би анх удаа Цагаан сарыг тэмдэглэсэн. Гэр бүлийг чухалчлан авч үздэг энэ уламжлалт баяр надад тун онцгой санагдсаныг дурдъя. Цагаан сар надад их олон сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тун удахгүй Үндэсний их Баяр Наадмыг тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна.

-Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

 

 

 

 

Mongolian Economy