Л.Оюунцэцэг: Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн үндэс нь мэдлэг юм
Монголын инновацийн холбооны Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд “Хүүхэд залуучуудын боловсрол ба ёс зүйн хандлага: Инновацийн чиг баримжаатай хөгжлийн асуудал” нэртэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье.
-ШУТИС 2015 оноос санаачлан Монголын инновацийн 7 хоног нэртэй арга хэмжээг холбогдох яамд, агентлаг, хувийн хэвшилтэй хамтран ес дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын хүүхэд, залуусын боловсролд зориулсан инновацын чиглэлийн томоохон уулзалт, семинарыг хийлээ.
Үүний зорилго нь Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийн үндэс суурийг бүрдүүлэх, инновацийн чиг баримжаагаар хөгжүүлэх асуудалд төр болон олон нийт, мэргэжлийн байгууллагууд, нийгмийн анхаарлыг татах зорилготой юм.
Их сургууль бол мэргэжилтэн бэлтгэдэг, харин ерөнхий боловсролын сургууль мэргэжилтэн болохын өмнөх түүхий эдийг бэлтгэдэг гэж зүйрлэж хэлж болно. Материал, түүхий эдийн чанараас бүтээгдэхүүний чанар шалтгаалдаг. Тиймээс их сургууль болон 10 жилийн ерөнхий боловсролын сургуулиуд хоорондоо нягт хамтын ажиллагаатай байх шаардлагатай гэсэн үндсэн концевсоор энэхүү уулзалт семинарыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд Английн Хатан хааны сургуулийн захирлаар ажиллаж байсан Доктор, профессор Грэм Хьюитт оролцож илтгэл тавьсан. Профессор Грэм Хьюитт нь 150 гаруй орны сургуульд ажиллаж, илтгэл, зөвлөгөө өгч ажилладаг, боловсролын салбарын арвин туршлагатай багш юм. Мөн нийслэлийн 150 гаруй ерөнхий боловсролын удирдлага, хүүхдийн номын сангийн төлөөлөл оролцож байна.
-Өнөөдрийн арга хэмжээнд та ямар сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх вэ?
-Миний хувьд “Мэдлэгийн эдийн засаг, Аж үйлдвэрийн IV хувьсгал:Дээд боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Өнөө үед мэдлэгийн эдийн засаг, инновац нь дэлхий дахины хөгжлийн гол чиг хандлага болсон. Дэлхийн бүх улс орон мэдлэгийн эдийн засаг руу шилжиж, үүнд анхаарлаа хандуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд өөрсдийгөө мэдлэгийн эдийн засагтай улс гэж тодорхойлж байна.
Уламжлалт эдийн засгийн нөөц нь байгалийн баялаг, ашигт малтмал байдаг. Үүнтэй мэдлэгийн эдийн засгийг харьцуулах юм бол мэдлэг, мэдээлэл гэдэг өнөөдөр эдийн засгийн нэг нөөц болж үүнийг ашиглан баялаг бүтээдэг болжээ.
-Та өөрийн илтгэлээрээ дамжуулан ямар асуудлыг хамгийн чухлаар хөндөж байгаа вэ?
-Гурван асуудлыг хөндөж ярилаа. Нэгдүгээрт, дэлхий дахины хөгжлийн чиг хандлага, мэдлэгийн эдийн засаг, мөн аж үйлдвэрийн IV хувьсгалын үе шатны онцлог, цаашид дэлхийн хөгжлийн чиг хандлага ямар байгааг өөрийн судалгаа, мэдээлэл дээр үндэслэн ярихыг зорилоо.
Манай улс 2023 онд инновацийн индексээрээ 132 орноос 71-р байрт жагссан. Өнгөрсөн жил 58-рт байсан бол даруй 10 гаруй байраар ухарсан үзүүлэлттэй байна.
Мөн Монгол Улсад ямар сорилт тулгарч байгааг хөндлөө. Хоёрдугаарт манай улсын мэдлэгийн эдийн засгийн хөгжлийн түвшин, өрсөлдөх чадвараараа дэлхийн хаана явна вэ, бидэнд ямар нөөц бололцоо байгаа, түүнийгээ хэрхэн, яаж ашиглах вэ гэдэг талаар хөндсөн. Гуравдугаарт, боловсролын салбарын инновац, хөдөлмөрийн зах зээл дээр ямар эрэлт хэрэгцээ байна, үүнд бидний бэлтгэн гаргаж буй залуус хэр нийцэж байгаа, цаашид боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг чухлаар авч хэлэлцлээ.
-Манай улсын хувьд мэдлэгийн эдийн засгийг хэр үнэлж, ойлгож байгаа гэж та хэлэх вэ?
-Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, Алсын хараа-2050 урт хугацааны бодлогод энэ талаар тусгасан. Манай улс 2050 он гэхэд мэдлэгийн эдийн засагтай, хөгжингүй орон болохоор зорьж байгаа. Мэдлэгийн эдийн засаг Монголын хөгжил, алсын хараа, хөгжлийн бодлоготой шууд уялдаатай гэж хэлж болно.
Мэдлэгийн эдийн засаг, инновацийг хөгжүүлэхэд хүмүүсийн мэдлэг, боловсрол маш чухал. Эл мэдлэг боловсролыг олгодог салбар нь мэдээж боловсрол, шинжлэх ухаан юм. Тиймээс их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль зэрэг бүх шатны боловсролын байгууллага нэгдэх зайлшгүй шаардлага бий.
Бид бүтээлч, өндөр боловсролтой, ёс зүйтэй, ур чадвартай Монгол хүнийг хөгжүүлэх ёстой. Монгол хүн бол улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Ард түмэн нь боловсролтой, мэдлэг, чадвартай байж улс орон хөгждөг жамтай. Мэдлэгийн эдийн засгийн нөхцөлд энэ асуудал хамгийн чухал ач холбогдолтой юм. Манай улс 2023 онд инновацийн индексээрээ 132 орноос 71-р байрт жагссан. Өнгөрсөн жил 58-рт байсан бол даруй 10 гаруй байраар ухарсан үзүүлэлттэй байна.
Хэдийгээр төрийн бодлого, Инновацийн тухай хууль батлагдан хэрэгжиж, эко систем нь маш сайн хөгжиж байгаа ч үр дүн хангалтгүй байгаа.
-Хэрэгжилт, үр дүнг сайжруулахын тулд бид юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Би ШУТИС-д 1992 оноос хойш 30 гаруй жил багшилж байна. Миний мэргэшсэн чиглэл бол бүтээмжийн менежмент, чанар, инновацийн удирдлагын асуудал. Энэ хүрээнд Монгол Улсын инновацийн чадавх, боломж, механизмыг үнэлэх оролдлого хийсэн. Миний гол дэвшүүлсэн санаа нь Монголын үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх тухай юм.
Инновацийг ганцхан төрийн бус байгууллага эсвэл төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага дангаараа хөгжүүлэх боломжгүй. Хамтын ажиллагаа буюу инновацийн түншлэлийг хөгжүүлж байж, энэ үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлдэг. Инновац өөрөө маш олон талын мэдлэг ур чадвартай хүмүүс, мэргэжилтэн, байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болдог.
-Мэдлэгийн эдийн засаг, инновацийг хөгжүүлэхийн тулд төр засгаас ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэ та харж байна вэ?
-Засгийн газар инновацийн маш том хэрэглэгч юм. Өөрөөр хэлбэл, инновацийн бүтээгдэхүүнийг Засгийн газар нийтийн хэрэглээнд зориулан худалдан авдаг. Нэн тэргүүнд төр, засгийн зүгээс мэдлэгийн эдийн засаг, инновацийг хөгжүүлэхэд бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.