М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт шинэтгэл хийх цаг болсныг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, дэмжиж байна
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэгтэй эрчим хүчний асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.
-Та эрчим хүчний салбараас УИХ-ын гишүүн болсон. Эрчим хүчний салбар эх үүсвэрийн дутагдлаас ер нь яаж гарах вэ?
-Эрчим хүчний салбар маш хүнд байдалд байна. Олон жил нийгмийн хариуцлагыг нуруундаа үүрч, үнэ тарифаа өртгөө нөхөхгүй түвшинд барьж ирснээс болоод өрөндөө баригдсан, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй, эх үүсвэрийн дутагдалд орсон, олон жил бэлтгэсэн инженер, техникийн ажилчдаа алдсан, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болсон салбар болчихоод байна. Маш олон хэрэглэгч үйлдвэр, орон сууц барья гэсэн боловч цахилгаан, дулаанаар хангагдаж чадахгүй, техникийн нөхцөл авч чадахгүй, хүлээлтийн байдалд байна. Хамтарсан засгийн газар олон том бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн боловч энэ бүх төсөл цахилгаан, дулаанаар хангагдаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байна. Цахилгааны хэрэглээ жилд дунджаар 200 МВт-аар өсөж байна. Гэтэл энэ бодит өсөлт биш юм. Учир нь маш олон хэрэглэгчийг эх үүсвэрийн дутагдлаас цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүд нь хэт ачаалагдсан байдлаас болоод холбож чадахгүй, техникийн нөхцөл өгөхгүй байгаа. Хэрэв эдгээр хэрэглэгчийг холбох, мөн хийхээр төлөвлөөд байгаа бүтээн байгуулалтын ажлууд өрнөөд эхэлбэл цахилгааны хэрэглээ жилд дунджаар 300-400 МВт-аар өснө.
“Улсын төсвөөсөө эрчим хүчний салбарт зарцуулаач ээ” гэж хэлмээр байна
Хэдийгээр бид Бөөрөлжүүтийн 600 МВт, Төв аймгийн Баян суманд 660 МВт-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ нь хангалтгүй юм. Цахилгаан, дулааны хэрэглээний энэ огцом том өсөлтийн хурдыг гүйцэхэд маш хүнд байна. Иймд бид эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлэхийн тулд бүх л нөөц боломжоо буюу улсын төсвөө, гадаадын зээл тусламжаа, хувийн хөрөнгө оруулалтаа ашиглах шаардлагатай. Бага чадлын, хөрөнгө оруулалт багатай, тархмал эх үүсвэрүүдийг хурдан хугацаанд улсын төсвөөрөө барьж, алс хол байрладаг аймаг, сумуудын цахилгаан, дулаан хангамжийг найдваржуулах, том чадлын, хөрөнгө оруулалт өндөртэй төслүүдээ гадаадын зээл тусламжаар, хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Саяхан Монгол
Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг УИХ баталлаа. Үүн дээр сэтгэл хангалуун бус байсан. Учир нь Эрчим хүчний салбарт нийтдээ 24 төсөл тусгагдаж орж ирсэн. Гэтэл ердөө гурван төсөл л улсын төсвөөр бусад 21 төсөл нь гадаадын зээл тусламжаар хэрэгжихээр тусгагдсан байсан. Бид эрчим хүч рүү түлхүү анхаарсан төсөв, төлөвлөгөө орж ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гаднын зээл тусламжийг бүтээхэд маш их цаг хугацаа ордог, хувийн хөрөнгө оруулалтын хувьд үнэ тарифаа тохирох гэж хэлэлцэж суусаар цаг хугацаа их алддаг нь өнгөрсөн туршлагаас тодорхой харагддаг. Жишээ нь, Чойр-Сайншандын 220 кВ ын цахилгаан дамжуулах шугамыг одоо гадаадын зээл, тусламжаар барих гэж байна. Энэ төслийн зээл тусламжийг бүтээхэд бараг 4 жил зарцуулсан байна. Иймд бид тодорхой хэмжээний улсын төсвийг эрчим хүчний бага оврын тархмал эх үүсвэр, цахилгаан дамжуулах түгээх сүлжээгээ өргөтгөхөд зарцуулах зайлшгүй шаардлагатай гэж харж байна.
Үнэ тарифыг өртгөө нөхдөг болгох нэмэх, бүх хөрөнгө оруулалтаа эрчим хүч рүүгээ хийе гэдгийг улс төрчид, олон нийт хүлээн зөвшөөрсөн байна
Улаанбаатар хотын бараг бүх 110 кВ-ын дэд станцууд хэт ачаалагдан, нэмж хэрэглэгч холбох боломжгүй байгаа. Гэтэл Улаанбаатарт барих шаардлагатай 110 кВ ын дэд станцуудыг хүртэл гадаадын зээл тусламжаар хийнэ гэхээр бид цаг хугацаа алдаж, орон сууцны хорооллуудаас эхлээд том бүтээн байгуулалтуудаа хийхэд хүндрэл бэрхшээл тулгарна гэсэн үг юм. Эрчим хүчний салбарын хувьд нийгэм, улс төрийн маш таатай уур амьсгал бий болжээ гэж харж байгаа. Үнэ тарифыг өртгөө нөхдөг болгох нэмэх, бүх хөрөнгө оруулалтаа эрчим хүч рүүгээ хийе гэдгийг улс төрчид, олон нийт хүлээн зөвшөөрсөн байна. Гол нь эрчим хүчний салбар энэ таатай энэ үеийг маш сайн ашиглаж, асуудлаа сайн ойлгуулж, бүх л хөрөнгө оруулалтыг татахыг хичээх ёстой. Энэ салбараас УИХ-ын гишүүн болсон хүний хувьд салбараа сайн төлөөлөхийг хичээх ёстой гэж ойлгож байгаа. Ер нь их хэцүү байдаг юм байна.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд гурван ажил оруулах гэж багагүй юм болж оруулсан. Нэг ажил нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор гурван аймгийн цахилгаан хангамжийг найдваржуулах асуудал. Энэ гурван аймаг нь хаа байсан Эрдэнэтээс 110 кВ-ын хэт урт, насжилт өндөртэй шугамаар тэжээгддэг. Зундаа “шугам дээрээ засвар хийж байна” гээд цахилгаангүй олон хонодог, өвөлдөө Хархорины шугам дээр тулгуур унахад л гурван аймаг, олон арван сум хөлдөх хэмжээний эрсдэлтэй байдалд байдаг. Тэгэхээр энэ гурван аймаг дээр нарны станцыг батарейтай нь бариад цахилгаан хангамжийг нь найдваржуулж, гурван аймаг, олон сумыг хөлдөхөөс аврах асуудлыг олон гишүүн ойлгож, дэмжиж ажилласанд баярлаж байгаа. Гэх мэтээр 5-6 сарын дотор хэрэгжүүлэх боломжтой, бага хөрөнгө оруулалттай, бага оврын тархмал сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, ДЦС-уудыг аймаг, сумын төвүүдэд барьж, цахилгаан, дулаан хангамжийг найдваржуулах нь энэ салбарын тулгамдсан асуудлуудын нэг юм. Бөөрөлжүүт, Баянсумын ДЦС-ууд нь алс хол байрладаг эдгээр аймгийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэх боломжгүй юм.
-Эрчим хүчний салбарт реформ хийх шаардлагатай гэдэг дээр бодлого тодорхойлогчид санал нийлж эрчтэй ажилдаа орж байгаа харагдаж байна?
-Засгийн газрын дэргэд Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформыг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулсан. Энэ хороо нь эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлох, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын асуудлыг олон нийтэд танилцуулах, салбарын байгууллагуудын засаглалыг сайжруулах, мега төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн зургаан гол ажил дээр төвлөрч ажиллана. Миний бие энэ хорооны дэд даргаар ажиллахаас гадна салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг ахалж байна. Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай гэсэн гурван хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсэгт Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа, Ж.Золжаргал, Б.Жаргалан, Ч.Анар гишүүд ажиллаж байна. Одоогоор эрчим хүчний хуулиудын хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хуулийн эрэлт хэрэгцээнд тандан судалгаа хийх, оролцогч талуудаас санал авах, салбарын дүрэм, журмуудыг судлах ажлуудыг хийж байна.
Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдаж, дэлхийн 150 гаруй улсад хэрэгжсэн реформыг Монгол Улсад хэрэгжүүлсэн
Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсан байдаг. Дэлхийн 150 гаруй улсад хэрэгжсэн реформыг Монгол Улсад хэрэгжүүлсэн. Энэ реформ нь босоо бүтэцтэй байсан эрчим хүчний салбарыг задлаад хэвтээ хэлбэрт оруулж, үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн олон компани болгож бүтцийг өөрчлөх, үнэ тарифыг тодорхойлох зохицуулах хороог байгуулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар өрсөлдөөнийг бий болгох талаар зохицуулалт гэсэн 4 том зорилготой байсан. Монгол Улсын хувьд реформ-1 буюу эхний хоёрыг амжилттай хэрэгжүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлж амжаагүй байна. Тиймээс эрчим хүчний хуулийг шинэчлэн боловсруулж, реформ-2 буюу хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгохоос гадна ногоон хөгжлийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэх нь чухал юм. Харин хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр бизнесийн хүнд суртал үгүй болдог, улс төрийн хараат байдлаас гардаг, ашиг, алдагдал, зардлын хяналт ил тод болж, үйлчлүүлэгчдээ дээдэлдэг, үйлчилгээний чанар сайжирдаг, өрсөлдөөн бий болсноор зэх зээл дээр байж болох хамгийн доод үнэ тогтдог болохыг дэлхийн олон улс орон туршиж тогтоон хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгэхээр бид энэ чиглэл рүү л явахыг зорих ёстой.
-Эрчим хүчний хуулийг шинэчлэхэд гол анхаарах зүйл юу вэ?
-Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой гэсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг тусгасан хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ерөнхийдөө хууль нь тухайн салбар дахь оролцогч талуудын дунд үүсэж байгаа харилцааны хэм хэмжээг тодорхойлох зорилгыг агуулдаг. Тухайн хууль салбар дахь харилцааг иж бүрнээр нь оновчтой зохицуулж байгаа эсэх, хэрэглэгч буюу оролцогч талуудын эрх ашгийг хангаж байгаа эсэхийг хэмждэг. Хамгийн эхний хэмжүүр нь тэр салбарт гомдсон, хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, шүүх цагдаадаа тулсан оролцогч талуудын тоо байдаг. Эрчим хүчний салбарт ийм асуудал олон байгааг хүн бүр мэдэж байгаа. Мөн 2001 онд батлагдсан хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх асуудал чухал. Мөн урьдчилсан байдлаар харахад Эрчим хүчний тухай хууль маань маш ерөнхий.
Дулааны салбарыг бараг зохицуулаагүй гэж хэлж болно. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг нарийвчлаад харах юм бол уртаашаа гурван хуудсанд багтдаг. Нэр томьёо, тодорхойлолтууд, тэгээд төрийн байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гээд л дуусдаг. Хуулийн зохицуулалтыг ингэж хэт ерөнхий боловсруулж баталснаас болж системийн нарийвчилсан харилцааг хуулиас давсан олон тооны журам, дүрмүүдээр зохицуулахаас аргагүй болж байгаа юм. Журам, дүрмүүдийг дурын нэг дарга ирээд сольж, шинэчлээд байдаг болохоор салбарын эрх зүйн орчин бүхэлдээ тогтворгүй болчихжээ. Гадаад орнуудын хууль тогтоомжуудаас харж байхад эрчим хүчний салбарын бүхий л харилцааг эмх цэгцтэйгээр нэг бүрчлэн хуульчлан зохицуулсан байгаа юм. Хууль бол дүрэм, журмуудыг бодвол тогтвортой, өөрчлөгдөж, солигдох нь харьцангуй бага шүү дээ. Хууль тогтоомжийн хуулийн дагуу аливаа хуулийг боловсруулах, өөрчлөх, шинэчлэхэд хамгийн түрүүнд хийдэг ажил нь хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийдэг. Бид энэ ажлыг одоо хийж байгаа ба энэ үнэлгээг хийснээр дүгнэлтүүд нилээд тодорхой болж гарч ирнэ.