Майкл Клечески: Хятадын эдийн засгийг туйлдуулах зорилго АНУ-д байхгүй

tselmeg tselmeg
2020-09-09 15:16:37
Ангилал: Элчин сайд

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл Клечески Монголын эдийн засгийн клубээс тогтмол зохион байгуулдаг өглөөний уулзалтад оролцож, хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар болон цаг үеийн сэдвээр эдийн засагчидтай ярилцлаа.

Ноён М.Клечески Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаар дамжуулан Чойжин ламын сүм музейн яаралтай засаж сайжруулах шаардлагатай Ядам сүмийг сэргээн засварлахад зориулж 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ мягмар гарагт мэдэгдсэн юм. Элчин сайдын соёлын өвийг хамгаалах сангаас өмнө нь Богд хааны ордон музей, Амарбаясгалант хийд, Монгол Улсын Үндэсний музей, Занабазарын дүрслэх урлагийн музейд соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах төслүүд хэрэгжүүлсэн билээ. Тус сан 2002 оноос хойш энэ чиглэлээр нийт 2.5 сая ам.долларын дэмжлэгийг манай улсад үзүүлээд буй аж.

Mongolian Economy цахим хуудас Элчин Сайд Майкл Клеческийн уулзалтаас тоймлон хүргэж байна.

Өмнө нь Европ руу чиглэдэг байсан АНУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого Нэгдсэн улсын 44 болон 45 дахь ерөнхийлөгчийн үед Ази, Номхон далай руу чиглэж буйг Элчин сайд Майкл Клечески онцоллоо. Тэрбээр “Худалдаа хөрөнгө оруулалтын талаар АНУ-ын засаг захиргааны баримталж буй байр суурь бол зөвхөн хоёр орны хооронд худалдаа хийх бус илүү гүн утга агуулгатай зүйл. Ерөнхийлөгч Барак Обамагийн үед эл бодлого Ази руу чиглэдэг байсан бол Дональд Трампын засаг захиргаа Энэтхэг, Номхон далайн бүсэд идэвхтэй бодлого баримтлах болсон. Хэдийгээр нэршлийн хувьд өөрчлөгдсөн ч агуулгын хувьд хэвээрээ. Эл бодлого улс орнуудын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэж, бэхжүүлэхэд хамтран ажиллах зорилготой. Монгол Улсын хувьд тусгаар тогтнол, бие даасан байдлаа сайжруулахад гадаад харилцаанд Гурав дахь хөршийн бодлого чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч бидний бодлого үүнд чиглэж байгаа” гэсэн юм.

Сүүлийн таван жилд хоёр орны худалдаа хоёр дахин, хөрөнгө оруулалт 40 хувь тэлжээ.

АНУ-аас Монгол Улсад хийж буй шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2019 онд 751 сая ам.доллар байгаа бол орох урсгал нь 87.6 саяар хэмжигдэж байна. Харин худалдааны эргэлт 2019 онд 217.4 сая ам.доллар байгаа бөгөөд худалдаанд уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмж, томоохон машин механизм, тусгай зориулалтын сорилын багаж хэрэгсэл зонхилж байна.

Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын дээрх үзүүлэлтэд Оюутолгойн хөрөнгө оруулалт, худалдан авалт болон Мянганы сорилтын корпорац (МСК)-тай хэрэгжүүлж буй 350 сая ам.долларын үнийн дүн бүхий Компакт гэрээ хамаараагүй гэдгийг Элчин сайд М.Клечески онцолсон. Мянганы сорилтын Компакт гэрээ нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэсэн ажил юм. Усны хомсдол нь ард иргэдийн амьдрал төдийгүй бизнес, аж ахуйн нэгжүүдэд шууд нөлөөлөх, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас АНУ-ын тал онцгой анхаарч буй аж. МСК нь дэлхий даяар хэрэгжүүлж буй бүх төсөлдөө хамгийн шилдэг мэдлэг, туршлагыг хэрэглэж, гэрээ хэлэлцээрээ хууль тогтоомжийн дагуу ил тод хийдгээрээ танигдсан. Улс орнуудын авлига хээл хахууль нь хөрөнгө оруулалтад хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг учраас МСК манай улсын усны асуудалд анхаарал хандуулаад зогсохгүй бизнесийн орчныг сайжруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. Элчин сайд М.Клечески “Эдийн засаг, худалдааны харилцаа бол манай хоёр орны харилцааны дөрвөн тулгуурын нэг гэж би тодорхойлох дуртай” гэв. Тиймээс ч Монгол, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхэд хүчин зүтгэж ажиллаж буйгаа тэрбээр хуваалцсан.

Харин Монголоос АНУ руу экспортлох бараа бүтээгдэхүүний стандартыг сайжруулах хэрэгтэй ч нөгөө талаар АНУ-ын Хүнс, эмийн захиргааны нөхцөл шаардлагыг зөөлрүүлэх зэргээр худалдааны саад тотгорыг багасгах боломж байгаа эсэхийг уулзалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл асуусан юм. Гэвч АНУ-ын худалдааны хөнгөлөлтийн систем, дүрэм журмуудыг л ашиглахаас биш Хүнс, эмийн захиргааны стандартыг бууруулах ямар ч боломжгүй аж. Элчин сайд М.Клечески “Хүнс, эмийн захиргааны стандартыг сулруулах гэсэн аливаа оролдлого нь АНУ-ын хэрэглэгчдийн зүгээс аюулгүй байдлын асуудал сөхөгдөж, буруу сэтгэгдэл төрүүлнэ” гэсэн юм. Харин үүний оронд АНУ-ын худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP)-ийг ашиглах боломж монголчуудад бий. Мөн Монголын ноос, ноолуурын бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох худалдааны хууль Конгресст өргөн баригдсан ч одоогоор батлагдаагүй байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанит ажил өрнөж буй энэ цаг үед уг хууль хэзээ батлагдах нь одоогоор тодорхойгүй байгааг албаныхан хэллээ.

Ил тод байдлын хэлэлцээр бүрэн гүйцэт хэрэгжихгүй байна

2007 оноос ярьж эхэлсэн Ил тод байдлын хэлэлцээр нь дотоодын төдийгүй бүхий л бизнес эрхлэгчдэд хууль, дүрэм журмын талаар ойлголт өгөх хэлэлцээр юм. Энэ гэрээ гурван жилийн өмнөөс хүчин төгөлдөр болсон ч бүрэн гүйцэт хэрэгжиж чадаагүй байна. Тиймээс Вашингтонтой улс төрийн харилцаа хэдий сайн боловч энэхүү гэрээний хэрэгжилтийг сайжруулахад судлах зүйл их байгаа юм. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд АНУ-ын Хөгжлийн агентлагийн мэдээллийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Монгол Улсад дөрөв хоног ажиллаж, цахим хуудсыг шинэчилж, идэвхжүүлэхэд нэлээд анхаарчээ. Ид тод байдлын хэлэлцээрийг бүрэн гүйцэт хэрэгжүүлснээр эдийн засгийн өргөн хүрээтэй зохицуулалт авч хэрэгжүүлэхэд тустай. Тийм ч учраас хоёр талаасаа хүчин чармайлт гаргах нь чухал гэдгийг Элчин сайд хэлэв.

Мөн Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь Монгол Улсын хууль эрх зүйн системийн дутагдалтай талыг засан сайжруулах, гэмт хэрэгтнүүдэд мөнгө угаах боломж олгохгүй байхад хийх зүйлс их байгаатай холбоотой. Түүнээс биш зарим нэг хүмүүсийн илэрхийлж буй шиг улс төрийн учир шалтгаан байхгүй аж. Энэ тал дээр АНУ-ын зүгээс “саарал жагсаалт”-аар мэргэшсэн экспертийг Санхүүгийн зохицуулах хороонд томилон ажиллуулж байгаа нь Монгол Улс техникийн шаардлагуудыг хангахад үр бүтээлтэй ажил болж байгааг М.Клечески хэлсэн юм.

Үүнээс гадна макро эдийн засгийн орчныг сайжруулахад шинэ Засгийн газар ирэх онд ОУВС-ийн хөтөлбөрийг оруулж ирэх бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй бөгөөд үүнд банкны салбарын реформ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс шинэ Засгийн газрын төлөөлөлтэй уулзах бүртээ үүнийг сануулж буй юм байна.

Хятадын эсрэг АНУ-ын улс төрийн бүх хүчин ижил байр суурьтай

Манай Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлвийг нэлээд өөдрөг харж байгаа. Үүнийгээ ч төсвийн тодотголд тусгасан. Ийн харж байгаа гол найдвар нь өмнөд хөрш. Гэтэл олон улсад Хятадын өсөлтийг хязгаарлах геополитик явж байгаа тул өөдрөгөөр харах нь эрсдэлтэй гэж зарим шинжээч анхааруулж буй. Үнэхээр КОВИД-19 дараах Хятадын эдийн засаг V хэлбэрээр өсөх боломжтой юу гэдгийг эдийн засагчид элчин сайдаас сонирхов. Тэрбээр хариуд нь “Хятадын эдийн засгийг доройтуулах санаа зорилго АНУ болон Д.Трампын засаг захиргаанд байхгүй. Гэхдээ Хятадын зүгээс санаа зовоосон үйлдлийг засаж залруулах хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн тагнуул хийх, компаниудаа арилжааны биш улс төрийн зорилгоор ашиглаж мэдээлэл цуглуулах зэрэг үйлдлүүдийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ зах зээлийн эдийн засагт шударга бус зарчмаар оролцож байгаагийн эсрэг АНУ-ын Конгресст суудалтай намууд, бусад улс төрийн хүчнүүд бүгд адил байр суурь баримталдаг. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж байгаа Жо Байден ч ийм байр суурь илэрхийлсэн. Эдийн засгийн бодлогын хувьд зарчим хэвээр хадгалагдана” гэлээ.

 

 

 

tselmeg tselmeg