“Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” болно

Mongolian Economy
2024-01-18 11:35:45
Ангилал: Мэдээ

Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар сүүлийн жилүүдэд байнга ярьж ирсэн ч бодит байдал дээр хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийгдэхгүй байна. Энэ байдлыг засах зорилгоор Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Тиймээс “Монголын эдийн засгийн форум” ТББ хоёрдугаар сарын 1, 2-нд “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд тус арга хэмжээний талаар Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Эдийн засгийн форумын ажлын хэсэг хамтран өчигдөр мэдээлэл хийлээ.

“Монголын эдийн засгийн форум” ТББ-ын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг: 

-УИХ-ын тогтоол гарч, холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж яригдаад хориод жил боллоо. Гэхдээ бүсчлэн хөгжүүлэх бодлого газар дээрээ хэрэгжсэн зүйл туйлын бага. Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд олон жил яригдсан эл асуудлыг гараанаас хөдөлгөнө. Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнийг сонгуулийн тойргуудаа дагуулаад, хийх юм.

Монгол Улс Баруун, Зүүн, Төв, Хангай, Говийн бүсэд хуваагдсан. Улаанбаатар хот нь Үндсэн хуульд заасан нийслэлийн статустай учраас дөрвөн бүсэд хуваан сонгууль явагдана. Улс төрийн намууд өмнө нь сонгуульд оролцохдоо тухайн аймгийн асуудлыг ингэж шийднэ гэдэг байсан бол өнөөдөр илүү томоор харах шаардлага үүсэж байна. Зөвхөн Завханы асуудлыг шийдэх биш бүсийн ажилд оролцох мөрийн хөтөлбөрөө гаргах ёстой болно. Үүний дагуу хөгжлийн чиг, зам арай өөр голдиролд орох эргэлтийн цэг дээр ирлээ гэж харж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөх Ү.Амарбат:

-2024 оны УИХ-ын сонгуулиар 21 аймгийг долоон тойрогт хувааж байгаа. Монгол Улс цаашдаа зургаан бүсчлэлээр хөгжих нь зүйтэй үзсэн. Үүнийгээ сонгуулийн тойрогтой уяж өгнө. Улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр ч илүүтэй бүсчилсэн хөгжил рүү чиглэнэ. Парламетын гишүүд аль нэг аймгийн гэхээс илүүтэй бүсчилсэн хөгжлийн бодлого барьж, бодлого шийдвэр гаргах агуулга руу явж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг илүү тодорхой болгох, түүний төрийн бодлого, шийдвэрүүдэд бодитой тусгаж явах үндсэн суурь арванхоёрдугаар сард батлагдсан зургаан бүсийн дүр зургаар бүтэн гарч ирлээ.

Бүс нутгууд хэрхэн хөгжих тухай судалгааг Эдийн засаг хөгжлийн яам удаан хугацаанд хийж, эдийн засгийн тооцоо гаргасан. Үүнд тулгуурлаж зургаан бүсийн зургаан баг бүс тус бүрд детальчилсан төлөвлөлт хийхэд олон эерэг өөрчлөлт бий болж байна. Энэ зургаан тусдаа явж байгаа бодлогын төлөвлөлт бэлэн болсноор Засгийн газар, Монголын эдийн засгийн форум хамтарч хоёрдугаар сарын 1,2-ны өдөр “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг зохион байгуулна. Яагаад энэ удаагийн бүс нутгийн төлөвлөлт чухал вэ гэхээр сонгуулийн тойрогтой давхцаж байгаа. Энэ нь өөрөө тухайн тойрогт дэвшиж, нэр дэвшүүлж байгаа намууд бодлогоо бүс рүү чиглүүлж, төрийн бодлого болгох ач холбогдолтой.

Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр

-Бүсчилсэн хөгжлийн өмнөх үзэл баримтлал нь олон төрлийн нөөцийг нэг бүсэд багтаасан буюу босоо бүсчлэлтэй байсан. Энэ нь тухайн цаг үедээ эдийн засгийн коридор бий болгох, эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбоход тодорхой хувь нэмрээ оруулсан. Энэ бодлого батлагдсанаас хойш 23 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Бүсчилсэн хөгжлийн чиглэлийн олон улсын чиг хандлага өөр болж байгаа. Өөрөөр хэлбэл говийн бүсийг дагасан уул уурхай, хүнд үйлдвэрийг дэмжсэн бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэрийг дэмжсэн ялгаатай бодлогуудыг тухайн бүсэд хэрэгжүүлснээр эдийн засгаа илүү эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн чиг хандлагатай уялдуулаад манай улс ч гэсэн энэ тогтолцоо руу шилжих ёстой байна. Тийм учраас бүсүүдээ ялгаж, нөөцөд нь таарсан бодлогыг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан.

Бусад улстай харьцуулбал манай төсвийн хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалт өндөр.  Бүсийн тогтолцоонд шилжсэнээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад хийгдэж буй гол өөрчлөлт нь хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ. Ингэснээр орон нутагт үйлдвэр үйлчилгээ, хувийн байгууллага шилжин суурьших таатай орон зайг бий болгох юм. Энэ үед орон нутагт ажилгүйдэл, ядуурал буурч, хөдөлмөр эрхлэлт дээшилнэ.

Аймгуудын түүхий эд бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд хүргэх анхан шатны тээвэр логистикийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, үйлдвэр, технологийн парк, чөлөөт бүсүүдийг орон нутгуудад байгуулах юм. Орон нутагт байгаа мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн зөвлөл тухайн бүс орон нутагт ямар хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлэлцээд, саналаа ЭЗХЯ-нд  хүргүүлдэг тогтолцоонд шилжүүлэх санал гаргаж байгаа.

Хувийн хэвшлийн хэрэгцээ шаардлагад тохирсон хөрөнгө оруулалтыг орон нутагт хуваарилах өөрчлөлтийг Бүсчилсэн хөгжлийн шинэчилж буй үзэл баримтлалын төсөлд тусгасан. Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдгээрт тулгуурлан гаргаж, хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр хэлэлцдэг болох юм. Аймаг болгон тухайн нөөцөөрөө улсдаа давуу талтай болно.

“Бүсчилсэн хөгжлийн форум-2024” өнөөдөр Удирдлагын академийн их танхимд болох Барун бүсийн урьдчилсаг хэлэлцүүлгээр эхлэх юм. Өнөөдөр болж буй тус хэлэлцүүлгийн хөтөлбөрийг танилцуулъя.

 

 

 

 

 

 

Mongolian Economy