Мэдээлэлтэй сэтгүүлч эрсдэлийг бууруулж чадна
Бид жилийн турш хөдөөд ган, зудын гамшиг, нийслэл хотдоо утааны гамшигтай нүүр тулдаг. Манай улсад сүүлийн 10 жилд 260 000 удаа газар хөдөлсөн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, үер, түймэр, газар хөдлөлт, салхи шуурганы гамшиг манай оронд төдийгүй дэлхий дахинд давтамж ихтэй тохиолдох нь тодорхой болоод байгаа талаар олон орны эрдэмтдийн баг 2023 оны наймдугаар сард нэгдсэн дүгнэлт бүхий мэдэгдэл хийсэн билээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх юм. Аюул тохиолдсоны дараа эрсдэлийг бууруулна гэж ярих нь дэндүү оройтсон хэрэг. Ийм учраас эрсдэлийг урьдчилан харахын тулд сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагаа чухал юм.
Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд эрсдэлийг бууруулахад сэтгүүлзүйн нөлөөлөл нь чухал хүчин зүйлийн нэг болжээ. Дэлхий дахинд зөвхөн байгалийн гамшигт өртөж жилд дунджаар 45000 хүн амь насаа алддаг. 2004 онд Энэтхэгт болсон цунами, БНХАУын Сычуаньд болсон газар хөдлөлт, хар салхины аюулын мэдээллийг олон нийтэд нээлттэй байнга мэдээлэх тогтолцоотой байсан бол учирсан хохирлыг бууруулах, олон хүний амь насыг аврах бололцоо байсан гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг.
Аливаа гамшгийн хохирлын 70 хувь тухайн үзэгдлээс, 30 хувь гамшгаас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд, нийтэд өгч буй мэдээллээс хамааралтай гэж үздэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж гэнэтийн гамшгийн давтамж ихсэж байгаа тул сэтгүүлчид урьдчилан мэдээлэхээс гадна редакцын төлөвлөгөөндөө тусгаж, иргэдэд байнга мэдээлэл өгөх нь чухал байгаа юм.
Үерийн аман дээр байгаа айлууд аюулд өртөнө гэж мэдээлэхээсээ илүү 10-20 минутын турш хүчтэй аадар бороо тасралтгүй ороход гэр урсах, амь насанд аюул учрах, хашаа усаар дүүрэх гэх мэт аюултай хэмээн сэрэмжлүүлж мэдээлэх нь эрсдэлээс сэргийлэхэд нөлөөлдөг.
“Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, даяаршил, буруу хот төлөвлөлт, утаа зэргийг мөн л аюул, гамшиг талаас нь хувь хүнд хэчнээн их аюултайг шийдвэр гаргагчдад хүртэл нь ухаж төнхөж мэдээлэх шаардлагатай байгаа юм” гэж НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра ОБЕГын сэтгүүлчдийн өглөөний уулзалтад оролцохдоо хэлжээ. ОБЕГ-аас сэтгүүлчдэд гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар 2017 онд 40 сэтгүүлч, 2018 онд 30 сэтгүүлч, 2019 онд 18 сэтгүүлч, 2023 онд 40 сэтгүүлчийг сургалтад хамруулсан. Мөн НҮБ-аас зарласан “Олон улсын гамшгийг бууруулах өдөр”-өөр сэтгүүлчдийг өглөөний уулзалтад урьж мэдээлэл өгдөг уламжлалтай болжээ.
Гэхдээ нийтийг хамарсан гамшиг тэр бүр тохиогоод байдаггүй учраас хэвлэл мэдээллийнхэн болсон үйл явдлыг мэдээлэх төдий үүрэг гүйцэтгэж ирсэн тал бий. Нэг үеэ бодвол гамшиг осол, эрсдэлийн нөхцөлд ажиллах харилцаа холбоо, техник, технологи сайжирч, сэтгүүлчдийн харах өнцөг ч өөрчлөгдсөн. Гэхдээ “Эрсдэлийн үндэсний форум”-ын үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Осол, гамшгийн үед зарим сэтгүүлч тухайн асуудлыг сенсацлах, тоо баримт, нөхцөл байдлыг илт гуйвуулах, бүр улс төржүүлэх, хэн нэгнийг буруутгаж олон нийтэд айдас түгшүүр бүхий мэдээлэл өгдөг нь харамсалтай” хэмээн хэлж байсан юм. Энэ онд Турк улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод манай сэтгүүлчид ажиллаж, өнгөрсөн зун нийслэлд хүний амь эрсэдсэн хоёр ч үерийн мэдээллийг шуурхай дамжуулсан.
Түүнчлэн коронавирусийн цар тахал нь гамшгийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах ёстой талаарх нэн шинэ, нэн чухал туршлага болон үлдсэнийг дурдах хэрэгтэй. 2019-2020 онуудад төрийн байгууллагууд нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллах зарчимд халдсан, тэдний мэдээлэх эрх, иргэдийн мэдэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн олон үйл явдал болж өнгөрсөн. Гэхдээ төрийн байгууллага, сэтгүүлчдийн аль аль нь гамшгийн онцгой нөхцөлд ажиллах туршлага дутсан, бэлэн биш байсан нь ч үүнд нөлөөлснийг үгүйсгэх аргагүй юм. Цаашид онцгой нөхцөл байдал, гамшиг ослын үед ажиллах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ажиллах аюулгүй нөхцөлийг хангах, дүрэм журам, стандарт, замын зургийг тодорхой гаргах шаардлагатай байгааг МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний албаны дарга Ш.Батболд “Эрсдэлийн форум”-ын санал асуулгын үеэр онцолж байв.
Аливаа гамшгийн үед иргэд хэвлэлийн мэдээг л яаралтай үздэг. Гэтэл сэтгүүлчдийг гамшиг гарсан газар, обьект руу нэвтрүүлэхгүй байх, хөөж туух, бүдүүлэг үгсээр дайрч давшлах, хувь хүний эрхэнд нь халдах, аппарат хэрэгслийг эвдэх зэрэг явдал гарсаар байна. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод тохиосон үерийн үеэр усны гуталтай ус, шавхай туучин сурвалжилга хийж байсан олон телевизийн сэтгүүлчдийг харсан байх. Телевиз, онлайнаар гараагүй ч бусад сонин сэтгүүл, радио, сайтынхан бас л хүнд нөхцөлд ажилласан нь ойлгомжтой. Тэднийг газарчлах, аюулгүй замаар явуулж
мэдээлэл өгч буй нэг ч төрийн албан хаагч харагдаагүй. Сэтгүүлчид “та мэдээлэл өгөөч” гээд ажлаа хийж буй хүмүүсийг ундууцтал ярилцлага авч байсан. Үерт урсаж байсан байшингийн бичлэгийг ТВ-ээр харсан эзэд нь газар дээр нь ирж, эд хогшлоо гаргаж авч байсан нь шуурхай мэдээлэл иргэдэд ямар чухал байгааг харуулсан юм.
Сэтгүүлчид өөрсдийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэл түгээдэг. Өнөөдөр төрийн бүх байгууллага хэвлэлийн төлөөлөгчтэй, бүр хэвлэл мэдээллийн албатай ажилладаг болсон бөгөөд гамшгийн үед сэтгүүлчдийн мэдээллийг цуглуулан боловсруулж гамшигт өртсөн иргэдэд яаралтай хүргэх (гар утас, орон нутгийн радио, ТВ гэх мэт), эрсдэлтэй нөхцөлд ч сэтгүүлчдийг мэдээллээр хангах, холбогдох албан тушаалтантай яаралтай холбож өгөх зэрэг ажлууд төрийн дээд, дунд аль ч шатанд дутагдалтай хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг бууруулахын тулд мэргэжлийн байгууллагууд сэтгүүлчдийг мэдээллээр хангах нь нэн чухал байна.