Төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 10 мянган айл өрх төвлөрсөн дулаан хангамжид холбогдоно

B Shurenchimeg
2022-05-06 10:58:34
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, олон улсын хөгжлийн ассоциаци хамтран Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиснээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх юм.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нь аль ч улс орны түрүүлж хөгжих шаардлагатай стратегийн салбар байдаг. Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн санхүүжилт дээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 151 МВт буюу 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, 347 МВт-аар дулааны эрчим хүчийг хэмнэх судалгаа гарсан. Мөн дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэн, дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэж, системийн төсгөглийн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт эерэг үр нөлөө бий болно” гэдгийг онцоллоо.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний насжилтийн 30 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Төслийн хүрээнд дулаан хангамжийн салбарт тогтвортой байдлыг хангах дэд бүтцийн ач холбогдолд төвлөрч сонгосон. Мөн түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуух болон уламжлалт галлагаат зуухыг аажмаар хэрэглээнээс халах боломжтой. Ингэснээр дулааны хэрэглээ халаалтын тогтвортой найдвартай ажиллагаанд шилжиж, тэр хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах юм.

Төслийн хүрээнд энэ онд Хан -Уул дүүргийн 3-р хороонд байрлах 2.8км урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах 1км урт 3г магистраль шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

5а магситраль шугам нь 1969 онд ашиглалтад орж 53 жил ашиглагдаж буй “ДЦС-3” ТӨХК-ийн Дунд даралтын хэсэгт үйлдвэрлэсэн дулаан эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг

Харин 3г магистраль нь 1988 онд ашиглалтад орж 34 жил ашиглагдаж буй нэг км хос шугамыг  өргөтгөн шинэчилж, үл нэвтрэх сувагт оруулах барилга угсралтын ажил хийгдэнэ.

“УБДС” ТӨХК болон “ДЦС-3” ТӨХК-аас гаргасан техникийн тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм стандартын дагуу дэвшилтэд технологи, техникийн шаардлага хангасан шугам, хоолой ашиглана. Шинэ хоолойнууд дамжуулах хүчин чадлыг 100 – 150 Гкал/цаг-аар нэмэгдүүлэх юм. Төслийн хэмжээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 12.8 км насжилтын хугацаа дууссан хуучин дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил хийгдэх бөгөөд сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд буюу Баянгол дүүргийн 7, 8, 11, 12, 13, 15-р хороо, Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт дулаан хангамжийн сүлжээг өртгөтгөхөөр ажлын зураг төсвийг хийж байна. 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg