Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий…

B Shurenchimeg
2022-05-24 16:06:20
Ангилал: Банк

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд арилжааны банкуудаас анх “Богд банк” өнгөрсөн оны арванхоёрдугаар сард IPO хийсэн. Тус банк нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2.540 төгрөгөөр нийтэд санал болгож байсан бол өнөөдрийн байдлаар ширхэг хувьцааны үнэ 2.250 төгрөг болж буурчээ. 

Богд банкны араас энэ оны долдугаар сарын 1-нд багтаан системийн нөлөө бүхий таван банк хөрөнгийн биржээр хувьцаагаа олон нийтэд санал болгох байсан ч Олон улсын валютын сан (ОУВС)-гийн зөвлөмжийн дагуу 2023 оны долдугаар сарын нэгэн хүртэл нэг жилээр хойшлуулаад байгаа билээ. Банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулсанд бухимдаж дургүйцэх хүмүүс цөөнгүй байна. Гэсэн ч нөгөө талд энэ шийдвэрийг зөвтгөж, цаг хугацааны хувьд банкууд IPO гаргах нь арай эрт байгааг сануулах хүмүүс  бий. 

Эдгээр банкнаас зарим нь IPO гаргахад бэлэн болсныг үгүйсгэхгүй. Тэдний хувьд хохиролтой хэрэг ч нийтэд нь хойшлуулах нь зүйтэй байж ч мэднэ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкуудад хувьцаагаа гаргахад бэлтгэн, активын чанарын үнэлгээг бүрэн хийлгэж, дотоодын болон олон улсын шаардлагыг бүрэн хангах боломж өгөх ёстой” хэмээн учирлаж буй. ОУВС-гаас гадна Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар тоймлон гаргасан тайландаа банкны салбарын талаар ч дурдсан байна. Уг тайланд системийн нөлөө бүхий томоохон банкууд активаа ангилах, эрсдэлийн сан байгуулах журмын хэрэгжилтийг түр хугацаанд түдгэлзүүлсэн нь тухайн банкны санхүүгийн бодит нөхцөл байдлыг халхалж байна гэдгийг дурдаад олон нийтэд нээлттэй компани болгох ажил ойртсон үед зарим банк өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бол ард иргэдийн банканд итгэх итгэлийг сулруулан банкны системийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй гэж анхааруулжээ. Тэр тусмаа, хөрөнгө оруулагчид мэдээлэл дутмаг, банкнуудын өөрийн хөрөнгийн талаар итгэлцэл сул байх үед бэлтгэл ажлыг хангалттай базаалгүйгээр нээлттэй компани болгохоор яарвал санхүүгийн салбарын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг дурдсан байна. 

 

 

 

Энэ мэт олон улсын байгууллагуудаас Монголчууд банк байгуулж тоглохоо болино уу гэх утга бүхий  анхааруулга дахин дахин ирсээр байгаа. Хамгийн гол нь бид өмнө нь алдсан алдаагаа давтах учиргүй. Сануулахад, 2008 онд Анод банк хөрөнгийн бирж дээр олон нийтэд хувьцаагаа гаргаж хувьцаат компани болсон ч жилийн дараа дампуурлаа зарлаж, харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч нарт 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын хохирол учруулсан дуулиантай хэрэг мандаж байлаа. 

Үүнээс харахад арилжааны банкуудын нийтлэг дүр төрх болох эрсдэлээ бодитойгоор үнэлж цэгнэх, түүнийгээ зөв үнэлээд хуулийн дагуу хэрэгжүүлэх чадвар дутмаг байсныг өмнөх үйл явдлууд харуулж буй. Бидэнд энэ мэт сайн, муу олон туршлага бий. Тиймээс нуухыг нь авах гэж нүдийг нь сохлохгүй байхад анхаараасай.

Уул шугамандаа банкууд ном журмын дагуу бэлтгэл ажлаа хангаад, зээлийн чанартаа олон улсын шалгалт болох “AQR”-ийг оруулсны дараа хувьцаагаа олон нийтэд санал болгох нь шинэ хөрөнгө оруулалт татах, өөрийн хөрөнгийн өгөөжөө нэмэгдүүлэх, эрсдэл даах чадвараа сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийг тэлж цоо шинэ түвшинд гаргах зам нээгдэж, олон нийт ч хувьцаа хэлбэрээр ашиг хүртэх боломж бүрдэнэ. 

Гэтэл бодит байдал арай өөр гэдгийг гадаад,  дотоодын шинжээч, эдийн засагчид  анхааруулсаар байгаа энэ үед зээлийн багц сайн байгаа гэсэн тайланд өнөөдөр итгэх хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Эдийн засагч Л.Ган-Очир, Д.Ангар нар банкуудын зээлийн чанарын шалгалт болох “AQR”-ийг хувьцаа гаргахаас өмнө хийх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. 

Өнгөрсөн нэг жилийн дотор дийлэнх банк зээлийн хугацаагаа сунгасан. Тэгээгүй бол муу зээлийн хэмжээ үлэмж өсөх байсан болов уу. Одоо хугацаа сунгасан зээлүүд муу ангилал руу гулсан орсоор байж мэднэ. 

Олон улсын томоохон аудитын байгууллагаар хяналт шалгалтаа хийлгүүлсэн банк Монголын хөрөнгийн бирж дээр гарч байна гэдэг хөрөнгийн зах зээлийн нэр хүнд өсөх, цоо шинэ шатанд гарах, оролцогчдын тоо нэмэгдэх гол шалтгаан болно. Тиймээс банкууд бүх эсрдэлээ бодитоор тооцож,  зээлийн чанартаа олон улсын шалгалт болох “AQR”-ийг оруулж хувьцаа гаргах бэлтгэл ажлаа даруй хангах нь өөрсдөд нь ч өрөөлд ч хэрэгтэй болов уу.

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg