Нүүдлийн МАА тогтвортой гэдгийг бид батлах зорилготой
Стандартын нийцэл хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Ц.Алтанзул:
огтвортой ноос ноолуур эвсэл (ТННЭ)ТББ-аас малчдыг шинжлэх ухаанч байдлаар малдаа ээлтэй, байгаль орчиндоо сөрөг нөлөөгүй аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт явуулж, батламж олгож байгаа юм. Энэ тухай доктор Ц.Алтанзултай ярилцлаа.
-Малчдыг чадавхжуулах уг сургалтын агуулга, ач холбогдлыг хэлж өгөхгүй юу?
-Бид малчдын байгууллагын сургагч багш нарыг хоёр дахь жилдээ сургалтад хамруулж байна. Хэрэглэгч бол хаан. Өнөөдөр хэрэглэгчид юу хүсэж байна вэ гэхээр тэдний худалдан авч буй ноолууран бүтээгдэхүүн хаанаас гарал үүсэлтэй вэ гэдгийг сонирхох болсон. Монголчууд ямаагаа зовоохгүй, тайван, аюулгүй орчинд ноолуурыг нь авч байгаа эсэхийг европчууд илүү сонирхох болсон.
Уг нь Монгол орны нүүдлийн мал аж ахуй тогтвортой байгаа учраас бид өдийг хүртэл мал маллаж ирсэн. Гэхдээ үүнийг бид батлах хэрэгтэй. Ялангуяа байгалийн нөөц тогтвортой байна гэдгийг бид зүгээр хэлэх биш баталж харуулах ёстой. Уламжлалт мал маллагаа нь өдийг хүртэл хөгжөөд оршин тогтносоор ирсэн. Гэхдээ баталгаа нь юу юм бэ гэж тэд сонирхдог. Нөгөө талаас бид зарим газарт мартагдаж буй уламжлалт мал аж ахуйг сэргээхийг зорьж байна. Монголын бэлчээрийн мал аж ахуй нь өөрөө стандарт гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Энэ удаагийн сургалтаар малчдыг сургах, тэдэнд хэрхэн үнэлгээнд хамрагдаж, батламжлал авахад нь туслах сургагч багш нарыг бэлдэж байгаа юм.
-Малчид, хоршоонд олгож буй уг батламжлал ямар учиртай юм бэ?
-Энэ нь бэлчээрийн зохистой түвшин, мал аж ахуй эрхлэх зохистой дадлыг мөрдсөн гэсэн батламж. Уг батламжийг авахын тулд үнэлгээнд орно. 104 заалт, шалгуур бүхий хоёр төрлийн батламжийг бид малчдад олгож байна. Батламж авсан гэдэг нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, мал нь эрүүл, малын хашаа хороо нь мал, амьтны биед гэмтэл учруулдаггүй. Нүүдлийн мал аж ахуй нь өөрөө тогтвортой байдлыг хангаж байгаа гэдгийг баталгаажуулж байгаа юм.
-Олгож буй батламж нь ямар стандарттай вэ. Хаанаас энэ стандарт, шаардлагыг мөрдүүлж байгаа вэ?
-Батламжлалыг манай байгууллага хийж байна. Энэ бол Европын стандарт. Гэхдээ европ малын, ноолуурын эсвэл хүнсний стандарт биш. Мал аж ахуй эрхлэх стандарт. Аж ахуй эрхэлж буйг нь, тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг нь баталгаажуулж байгаа юм. Бэлчээрт үзүүлэх нөлөөллийг бууруулах, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэд малчид нэгдэн ямар ажлууд хийсэн, цаашлаад мал нь эрүүл, байгаль орчин нь тогтвортой зэргийг үнэлгээгээр баталгаажуулж байгаа юм. Батламжлагдсан малчны байгууллагын ноолуур нь үйлдвэрүүдэд зүгээр цуглуулаад өгч байгаа ноолуурыг бодвол илүү үнэ цэнтэй гэсэн үг. Тогтвортой, хариуцлагатай аж ахуйгаас цуглуулсан ноолуур гэдгээрээ илүү ач холбогдолтой. Зөвхөн ноолуур гэлтгүй үүгээр мал нь эрүүл гэдэг нь хүртэл батлагдаж байгаа учраас махны үйлдвэрүүд хүртэл тухайн хоршооноос мах авах боломжтой болно. Бид ICL Global Group-д нэгдэхийг зорьж байна. Энэ холбоонд байгаль орчинд ээлтэй ХАА-н салбарын бизнесүүд нэгддэг. Ингэснээр монгол ямаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, малчдын үйл ажиллагаа тогтвортой, мал нь эрүүл, зөв явж байна гэдэг том баталгаа, хандлага бий болно.
-Хэчнээн хоршоо үнэлгээнд хамрагдаж, батламж авсан бэ?
-Өнгөрсөн жил 17 байгууллага үнэлгээнд ороод 16 нь батламжлал авсан. Энэ жилийн эхээр гурван байгууллага ороод нийтдээ 19 байгууллага батламжлалтай болоод байна. Батламжлал авсан малчны байгууллагуудад олон боломж гарч ирж, гэгээтэй мэдээ дуулдаж эхэлсэн. Тухайлбал, “Говь” компани болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас Дорноговийн Дэлгэрэх сум, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоршоонд гурван жилийн хугацаатай малчдын аж ахуйг дэмжих жижиг төсөл хэрэгжиж байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой ноолуур” төслийн хүрээнд гурван хоршоонд мөшгөх тогтолцоог туршиж эхэлсэн. Энэ нь тухайн хоршооноос бэлдсэн ноолуурт зураглал хийгээд, ямар шат дамжлагыг дамжин хэрэглэгчдэд хүрч буйг тодорхой гаргаж өгөх тогтолцоо юм. Мөн манайхаас батламжлал авсан хоршоод, малчдын байгууллагад ХААН банкаас малчны хоршооны зээл олгож эхлэхээр яригдаж байна. 19 хоршоонд сарын 1.25 хувийн хүүтэй зээл олгох зээлийн шинэ бүтээгдэхүүн бий болсон. Энэ мэтчилэн бидний үйл ажиллагааг дагаад малчдад олон боломж нээгдэж эхэллээ. Малчид бидний төслийн нүдээр биш, ноолуур худалдан авагч биш, харин хамтдаа хөгжих, хамтран ажиллагч гэж харах болсон. Одоогийн байдлаар бид малчны 40-өөд байгууллагыг үнэлгээнд оруулах захиалга аваад сургагч багш нарыг бэлдээд үнэлгээнд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
-ТННЭ-ээс сүүлийн хэдэн жилд малчдыг сургах ажлыг түлхүү хийсэн. Эдгээр ажлуудынхаа талаар ярихгүй юу?
-Орон нутагт төгсөх ангийн сурагчдад зориулсан мэргэжлийн чиг баримжаа олгох цаг хичээлийн хөтөлбөрт нь байдаг. Энэ цагийг нь ашиглаад бид найман сургуулийн 400 гаруй хүүхдэд газар зүй, түүх, ургамал, амьтан судлал зэрэг байгалийн шинжлэх ухааныг тухайн нутгийн онцлогтой хослуулан хичээл орсон. Жишээ нь, Хэнтий аймагт тал хээрт ямар ургамал, гол ус, рашаан булаг, шанд байдаг, тухайн аймаг орон нутгийн өв соёлын тухай хөтөлбөр боловсруулан 9-12-р ангийн хүүхдүүдэд заасан. Ирэх жил есдүгээр сарын 1-ээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтраад энэ хичээлийг үргэлжлүүлэн орохоор төлөвлөж байна. Энэ хөтөлбөрийн гол онцлог нь хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг өгөхдөө тухайн орон нутгийн талаар мэдлэг, өв соёлтой нь холбон зааж өгч буйд оршиж байгаа юм. Ялангуяа залуу малчид цөөрч байна. Тиймээс бид 18-25 насны залуу малчдад зориулсан сургалтыг бас явуулж байсан. Мал шинжих ухаан, уур амьсгалаа шинжих ухаан зэрэг хичээлийг Говь-Алтай аймгийн хоёр сум, Өмнөговь аймгийн хоёр суманд очиж жилийн турш заасан.