С.Цэнгүүн: “Эгийн голын УЦС” төслийнхөн жилд 3 тэрбумын нийгмийн хариуцлагын ажил хийсэн байсан

Sarangerel
2026-06-03 16:35:50
Ангилал: Эрчим хүч

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрийн өмчит компаниудын асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийсэн юм. Тус мэдээллээс эрчим хүчний салбартай холбоотой сэдвийг түүвэрлэн хүргэж байна.

Эрчим хүчний яам 10 аймгийн дулааны цахилгаан станц барих гэрээг БНСУ-ын Засгийн газартай байгуулсан. Гэвч энэ төсөл бүтэлгүйтэж, зогссон. Үүнд мэдээж татвар төлөгчид, монголчууд хохирно. Энэ үйл явдлыг та юутай холбож тайлбарлах вэ?

Энгийнээр тайлбарлавал, Солонгосын зүгээс манайх шиг ядуу орон хайж байгаад төсөл хэрэгжүүлэгч компанидаа “Та нар наад төслөө Монголд хэрэгжүүлчих” гээд ажил өгсөн байгаа юм. Харин нөгөө талд үнэхээр дулааны станц манайд хэрэгтэй юу гэдэг асуудал яригдана. Ямар ч ашиггүй, алдагдалтай, тариф өндөр байдаг. Манайд давхар цахилгаан үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станц хэрэгтэй. Ганцхан дулааны станц сонин биш. Гэтэл дулааны цахилгаан станцаас үнэ өртөг нь бараг ялгаа байхгүйгээр 2016 онд гэрээ хийсэн. Арван аймаг ашигтай үгүйг нь ч хараагүй. Хүн амын төвлөрөл, нягтаршлаа бодоод үзэхэд хэрэггүй аймаг хүртэл байгаа. 

Улмаар гүйцэтгэл нь бүтэлгүйтээд, Солонгос тал нь дампуураад энэ төсөл яах нь мэдэгдэхгүй дууссан. Гэтэл өдий хүртэл гарсан зардлыг манай татвар төлөгчид төлж л таарна. Гаднын санхүүжилтийг бид буцааж төлөх нь гарцаагүй. Дээрээс нь гаднын зарим тусламж маш аюултай. Тусламжаа дагалдуулаад асар өндөр зээлийн дүнгээр хэлэлцээр, туслан гүйцэтгэгч орж ирдэг. Хятадаас бараа материалаа авна гээд нэг ёсондоо хүчээр зээлээ тулгаж байгаа хэлбэр юм. “Үнэгүй зүйл хулганын хавханд л байдаг” гэдэг шиг, үнэгүй гэсэн юм болгоныг хүлээж аваад зээлийн хэлэлцээрт ороод байна. Хэрэгтэй байсан уу, гээд харахаар хүндрэлтэй. Үүний том жишээ бол 10 аймагт баригдах байсан дулааны станц юм.

Нэг төгрөг олохын тулд 17 төгрөгийг төрийн өмчит компани зарцуулж байна. Дийлэнх нь буюу 70 хувь нь эрчим хүчний салбарынх.  

-Манай төрийн өмчит дийлэнх компани ашиггүй ажилладаг. Тэр тусмаа эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж, төрөөс татаас авсаар ирсэн. Үүнийг яах ёстой вэ, шийдвэрлэх арга зам нь юу вэ?

-1996-2000 он хүртэл томоохон өмч хувьчлалууд явагдсан. Нэг алдаатай зүйл нь өмч хувьчлалыг зөвхөн монголчууддаа өгч,гаднаас хөрөнгө оруулагчид орж ирэхийг нь хаасан. Нэг ёсондоо Монгол Улсад шинээр мөнгөний эргэлт орж ирэх том үүд хаалгыг хаачихсан. Ялангуяа “эрчим хүчний компаниудыг заавал төрд авах ёстой” гэж үзээд 2001 оны Эрчим хүчний тухай хуульд оруулж өгсөн. Энэ шийдвэр өнөөдрийн ТӨК-иудын хамгийн том алдагдлын эхлэл болсон. 

Нэг ёсондоо өмч хувьчлал бүрэн гүйцэт хийгдээгүй. 2004 оноос хойш төрийн өмчийг хувьчилъя гэж хэлэхээс айдаг болчихсон. Төрийн өмчит компанийг татан буулгасан тохиолдол гараагүй. Буцаад өмнөх тогтолцоо руугаа шилжсэн. Нэг төгрөг олохын тулд 17 төгрөгийг төрийн өмчит компани зарцуулж байна. Дийлэнх нь буюу 70 хувь нь эрчим хүчний салбарынх.  

Төрийн өмчит компаниудын дундаж цалин өндөр байдаг. Нийгмийн хариуцлага, татаасын дүн ч өндөр. Нэг сонин зүйл ажиглагдсан нь төрийн өмчит компаниуд санхүүгийн баланс дээр алдагдалтай ажилладаг хэрнээ нийгмийн хариуцлагын ажил хийгээд байдаг сонин байсан. Багануурын нүүрсний уурхай 300 сая төгрөгөөр мод тарьсан, тэр нь төрийн бус байгууллагын данс руу орсон байх жишээний. “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК гээд ямар ч төсөл хэрэгжүүлдэггүй байгууллага жилд гурван тэрбум төгрөгийн нийгмийн хариуцлагын ажил хийсэн байгаа юм.  

“ТЭЦ-3” дээр аваар гарсны дараа бүх хүн хариуцлагаас мултарсан

-Өнгөрсөн жилийн зургадугаар сард ТЭЦ-3 дээр дэлбэрэлт болсон. Над руу “ТЭЦ-3”-ын ажилчид мессеж бичээд “Энд маш том аваар гарсан. Хүний амь эрсэдсэн. Аваар гарсан үед ажилласан хүмүүсийг ээлжээс нь буулгахгүйгээр дотор хориод байна. Үүнийг гаргаж хэлээч ээ, гишүүн ээ” гэсэн. Салбарын сайд нь нуун дарагдуулах гээд утсыг нь хурааж аваад, “мэдээлэл гаргаж болохгүй” гэсэн байсан. Үүний дараа салбарын сайд, Засгийн газар хариуцлага хүлээгээгүй. Хэнд ч хариуцлагагүй хүлээлгэхгүйгээр БЭТ томилчихсон. Уул уурхайн салбарт БЭТ томилдог жишиг байсан бол энэ удаа эрчим хүчний компанид БЭТ томилсон. 

2019 онд Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлаад БЭТ томилсноос хойш Засгийн газар БЭТ томилдог гэх ойлголт түгсэн.

Манай багийнхан БЭТ-ийн хуулийг судлахад, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль 1991 онд батлагдсан байсан. Тэр нь социализмын эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжих шилжилтийн үеийг зохицуулах түр хууль байдлаар ашиглаж байсан байгаа юм. Онцгой нөхцөл байдал үүссэн үйлдвэрийн газар, байгууллагад бүрэн эрхт төлөөлөгч томилно. Тэр бүрэн эрхт төлөөлөгч томилогдохдоо Монгол Улсад нийтлэг хэрэглэгддэг хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан байдаг. 2019 онд Эрдэнэт үйлдвэр дээр онц байдал зарлаад БЭТ томилсноос хойш Засгийн газар БЭТ томилдог гэх ойлголт түгсэн. Иймэрхүү хуулийн завхрал төрийн өмчид компаниудад явагдаад байна.

Ямартай ч төрийн өмчит компаниудын эрх, үүргийг хууль ёсны болгох гээд ажиллаж байна. Хүн амын динамикаа харвал 2008 оны алтан гахай жилд “бэйби бүүм” болж байсан. Одоо энэ хүүхдүүд 18 нас хүрч, манай ажиллах хүч буцаад нэмэгдэж байгаа ч удаан хадгалагдахгүй, 2040 гэхэд буурна. Энэ үед хямралуудаа давчихмаар байгаа юм. Эрчим хүчний реформ, нийгмийн даатгалын реформ болон гол бодлогуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ажиллах хүчний динамик өөрчлөгдсөний дараа манай эдийн засаг дийлэхээ болино. Одооноос салбар, салбараа барьж аваад асуудлаа шийдээд явах хэрэгтэй.

Эрчим хүчний зохицуулах хорооны бие даасан хууль дээр нягтлан бодох бүртгэлийн стандартыг оруулж өгөх шаардлагатай байгаа

-Эрчим хүчний салбарын өр, төлбөр 700 тэрбум гарсан. Төрийн өмчит компаниуд нь алдагдалтай ажиллаж байгаа хэрнээ цалин өндөр, нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрт их хөрөнгө зарцуулдаг гэж байна. Хулгай байгаа эсэхийг тогтоодог механизм байгаа юу?   

-Олон улсад эрчим хүчний компаниудад нягтлан бодох бүртгэлийн стандарт байдаг.  Тэр стандартаараа алдагдлыг хэмждэг. Өнөөдөр төрийн өмчит компаниудын алдагдлыг хэмжих гэхээр харьцуулсан зүйл байдаггүй. Цахилгаан түгээхэд 900 хүн илүү ажилладаг гэх тооцоо бий.

Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооны бие даасан хууль дээр нягтлан бодох бүртгэлийн стандартыг оруулж өгөх шаардлагатай байгаа. Нэг стандартын бүртгэлтэй болчихвол хяналт тавьж болно. Дандаа хардлага болчхоод байдаг. Дулааны цахилгаан станцууд дээр цалингийн алдагдал их байдаг.