Т.Лхагвадорж: Монгол Сингапураас хол ч дижитал эрин бизнесийн боломжуудыг ойртуулж байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсаас Сингапур улсад суух Элчин сайд Т.Лхагвадоржийн 2019 оны зургадугаар сард манай сэтгүүлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсад айлчилж, энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчид уулзлаа. Энэ мэт олон үйл явдал давхцсаны дараах үр дүнг дүгнэж хэлэхгүй юу?
-Ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жил болох учраас ойг угтаж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Сингапур дахь анхны айчлалын үеэр ийнхүү хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Миний ойлгосноор энэ арга хэмжээ нэлээн амжилттай болж, хоёр талын сонирхол ямар хэмжээнд байгааг бид харлаа.
Миний ажил бол энэ улсад Монголыг аль болох эерэг талаас нь яаж зөвөөр илэрхийлэх вэ гэдэгт чиглүүлж ажиллах. Үүний нэг чухал хэсэг нь бизнес эрхлэгчид хоорондоо нүүр тулан уулзаж, асуудлаа газар дээр нь дэлгэрэнгүй ярилцах юм. Бид цаашид бизнес эрхлэгчидтэй байнга холбоотой байж, нөхцөл байдалтай танилцан мэдээлэл авч, хурдан шуурхай асуултуудад хариулж, асуудал гарвал туслах зэргээр цаашид тэдэнтэй харилцаагаа бэхжүүлж, идэвхтэй ажиллах үүрэг хүлээгээд байна.
Д.Цогтбаатар сайдын айлчлалын үеэр зэргэлдээ Лаос, Тайланд, Вьетнамд суугаа Монголын Элчин сайдууд Сингапурт ирж, зүүн өмнөд Ази руу чиглэсэн бодлогын талаар хэлэлцсэн. Тодруулбал, Монгол АСЕАН-ийн орнуудын яриа хэлэлцээний түнш байх талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тухай байв. Яагаад гэвэл АСЕАН-ийн яриа хэлэлцээний гол хамтрагчид нь Энэтхэг, Орос, Америк, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орон байдаг. Тиймээс Монголын хувьд АСЕАН-ийн орнуудтай илүү зөөлөн хүчний бодлогоор харьцах нь чухал. Яг албан ёсоор түнш болж зөвшөөрүүлэх процесс нь их удаан үргэлжилдэг. Тиймээс бид соёл, эдийн засгийн харилцаагаа илүү идэвхтэй байлгахад санал нэгдсэн.
-Энэ удаагийн бизнесийн уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдийг харахад олон чиглэлийнх байгаа ч гол сонирхол үл хөдлөхийн салбарт төвлөрч байсан нь сингапур бизнес эрхлэгчдийн Монголыг харж буй нийтлэг сонирхлыг илтгэж чадах уу?
-Сингапурын чинээлэг бизнесийнхэн үл хөдлөх хөрөнгийн салбарыг их сонирхож оролцдог. Сингапурт үл хөдлөх хөрөнгө байнга өсөж байдаг. Корпораци хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг Real Estate Investment Trust гэх үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангууд өндөр хөгжсөн байдаг. Тиймээс энэ зах зээлд тоглож сурсан туршлагатай бизнес эрхлэгчид мөнгө босгоод үл хөдлөх хөрөнгөд оруулахад үнэ нь хэр өсөж, жилд ямар хэмжээний ашиг хуваарилах вэ гэдгийг хардаг. Сингапурын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангууд дунджаар таван хувийн ашиг өгдөг, цаашлаад хувьцаа нь өсөлтөө хадгалдаг. Ер нь эдгээр сан 5-15 хувийн ашигтай ажилладаг. Тиймээс үүнээс илүү ашигтай үл хөдлөх хөрөнгийн орчин Монголд байгаа эсэхийг сонирхож байна. Манай үл хөдлөх хөрөнгийн компаниуд доод тал нь 8-10, түүнээс дээш хувийн ашигтай ажиллах боломжтой гэж хэлж буй учраас тэд сонирхож байгаа.
Жишээ нь, БНХАУ-ын хамгийн том хөрөнгө оруулагч нь Сингапур улс. Тэр ч утгаараа бизнес эрхлээд сурчихсан хүмүүс. Хятадын “Бүс ба зам” хөтөлбөрийн санхүүжилтийн 80 хувь нь Сингапураас угшилтай. Гэхдээ Сингапурын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид гадагшаа чиглэхдээ том, ирээдүйтэй гэх мэт тодорхой бус мэдээлэл, сэтгэл хөөрөлд тулгуурлаж хөрөнгө оруулдаггүй. Олон улсын банкууд тус улсад байдаг учраас улс бүрийн мэдээлэл, судалгааг тал талаас цуглуулж чаддаг.
-Бизнес эрхлэгчид өөрсдийн мэддэг салбартаа хөрөнгө оруулж ажиллахыг илүүд үздэг. Үл хөдлөхөөс гадна өөр ямар салбарыг сингапурчууд сонирхох бол?
-Сингапурчууд инженерчлэл, дизайн, ложистик, эрүүл мэнд гэх мэт салбарт мэргэшсэн. Ер нь сингапурчууд “ясны наймаачин” сэтгэлгээтэй хүмүүс. Аль нэг улсад байгаа хямд бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулж, өндөр түвшинд хүргэмэгцээ Сингапурынх гээд өндөр үнээр зардаг. Жишээлбэл, ямар нэгэн төслийн инженерчлэл, дизайны сайжруулалт дээр оролцож, ТЭЗҮ боловсруулаад өгөхөд олон улсын аль ч банк санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрдөг, цаашлаад санхүүжилт олгодог. Ер нь Сингапур улс консерватив орнуудын нэг. Сингапур бизнес эрхлэгчдийн хувьд эхлээд очиж үзээд, таалагдвал найдвартай түнш олохыг эрмэлздэг. Дараа нь тухайн түнштэйгээ итгэлцэл үүсгэнэ гэдэг хугацаа шаардана. Нэгэнт түнштэй болсон бол өөрсдийн мэддэг, чаддаг бизнесийн салбартаа (үл хөдлөх хөрөнгө, техник технологи, эрүүл мэндийн салбар гэх мэт) хөрөнгө оруулья гэж хардаг. Гэвч монголчууд хувьд их яаруу ханддаг. Өнөөдөр танилцаад маргааш хөрөнгө оруулалт хийх юм шиг боддог. Сингапур бизнес эрхлэгчид зугуухнаар үүсгэсэн харилцаа, итгэлцэл дээрээ үндэслэж бизнес хийдэг.
Мөн зочид буудлын менежментэд ч тэд гарамгай. Сингапурын ямар ч зочид буудал хүн олонтой, дүүрэн байдаг нь нэг үзүүлэлт болох бөгөөд энэ нь нөгөө талаас аялал жуулчлалын салбарт хамтрах боломжтойг илтгэж буй. Үүний зэрэгцээ Сингапурын боловсролын тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж өндөр хөгжсөн учраас энэ туршлагаа гадагшаа экспортлох сонирхолтой. Сингапур 3.5 сая хүнтэй жижигхэн зах зээл. Тиймээс ойролцоох зах зээлүүд рүүгээ яаж орж ажиллахаа мөн харж байгаа. Ялангуяа Вьетнам, Лаос шиг хурдтай хөгжиж байгаа орнуудыг онилж байна. Манай улс ч зүүн өмнөд Ази руу бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа ч Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлал хийж, Сингапурын шинэ Ерөнхий сайд болох одоогийн Шадар сайд Хенг Сви Киатад бараалхахдаа манай хүмүүсийг сургалтад хамруулах хүсэлт тавьсан. Ялангуяа хөрөнгийн зах зээл, төрийн албыг бэхжүүлэх чиглэлд Сингапурын талаас дэмжлэг хүссэн бөгөөд үүнийг нааштай хүлээж авсан. Ер нь сингапурчууд мөнгөө хамаагүй цацаад байдаггүй. Мэдлэгээ хуваалцаж туслахаас биш хандив тусламжийн хэлбэрээр мөнгө өгөөд байдаггүй.
-Сингапур, Монгол гэх хоёр орны эдийн засгийн харилцаа ямар түвшинд байна вэ?
-Сул байна. Оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний тоог харахад ч чамлахаар үзүүлэлттэй. Гэхдээ Монгол болон Сингапур улс хооронд байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих” болон “Давхар татвараас зайлсхийх, чөлөөлөх” гэсэн гэрээ, хэлэлцээр бий. Тийм учраас Сингапурт компаниа нээсэн этгээд Монголын компанид хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үүнд хэд хэдэн давуу тал бий. Нэгдүгээрт, давхар татвар төлөхгүй, хоёрдугаарт, Сингапур шүүхийн засаглал сайтай учраас хоёр талд маргаан, зөрчилдөөн үүссэн тохиолдолд Сингапурт шударга шийдүүлэх боломжтой гэсэн хамгаалалтын давуу тал бий. Мөн хоёр орны хамтын ажиллагаанд улс төрийн талаасаа ямар нэгэн саад тотгор алга. Энэ утгаараа бизнесийн харилцаа өндөр түвшинд өрнөх боломжтой. Манай улсын зүүн өмнөд Азийн улсуудаас байршлын хувьд хол гэх сул талыг их тодотгодог байсан ч өнөө үед холбогдох тухай ойлголт өөр болчихоод байгаа нь тоглоомын дүрмийг өөрчилж байна.
Тиймээс одоо хоёр орны бизнесийнхэн хоорондоо харилцан ойлголцож чадаагүй, хөндий байгаа нь гол асуудал юм. 2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр бид хүлээн авалт хийж “Сингапур- Монголын бизнес форум” зохион байгуулж байсан. Тухайн үед олон хүн идэвхтэй оролцож Монголыг сонирхож байв. Үүнээс хойш олон сингапур бизнес эрхлэгч Монголыг зорьж, судалгаа хийсэн. Гэхдээ хөрөнгө оруулалт хангалттай түвшинд хүрч чадаагүй. Монголчууд улс төр болон хууль эрх зүйн өөрчлөлтийнхөө талаар гадныханд хангалттай тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс цахимаар, хэвлэмэлээр гарсан Монголын талаарх сөрөг мэдээллүүд, мөн хөрөнгө оруулаад бизнес нь амжилтгүй болсон хүмүүсийн тухай сэтгэгдэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг буруулах нэг хүчин зүйл болдог.
-Энэ бизнес форумын үеэр хоёр ч компани Сингапурт бүртгэлтэй болох тухай бидэнтэй хуваалцсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Хоёр жилийн өмнөөс Монголын финтек компаниуд Сингапурт ирж бүртгүүлээд компаниа өргөжүүлэх, мөн энэ талаар илүү сонирхон судлах тренд ажиглагдаж байна. Энд компаниа бүртгүүлснээрээ Засгийн газраас дэмжлэг авах гэхээс илүүтэй Сингапураар дамжуулан зүүн өмнөд Ази болон олон улсад танигдах боломж нээгдэж байгаа юм. Товчхондоо, гадны хөрөнгө оруулагчдын уулзаж, цуглах төв цэг болж буй учраас давуу тал нь үүндээ оршино. Сингапураар дамжуулж зүүн өмнөд Азийн, тэр дундаа Индонезийн 260 сая, Филиппинийн 100 сая, Малайзын 30 сая хүн амтай гэх мэт том зах зээлүүд рүү ороход илүү хялбар байдаг.
-Сингапурын Засгийн газар старт-апууд болон финтекийг дэмжиж байгаа туршлагаас хуваалцвал?
-Гадаад харилцааны сайдын айчлалын үеэр бидний очсон Үндэсний судалгааны сан гэдэг нь Ерөнхий сайдын харъяанд Шинжлэх ухааны яамны хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг алба. Сингапурчууд сүүлийн таван жилд 20 тэрбум сингапур долларыг шинжлэх ухаан, технологид оруулсан байх жишээтэй. Үүнээс гадна батлан хамгаалах, финтек, технологи зэрэг ирээдүйн хөгжлийг нь тодорхойлох салбарт хөрөнгө оруулж буй. Мөн Төв банкнаас санхүүгийн технологийн инновацийг дэмжих үүднээс тодорхой хугацаа, эрх зүйн зохицуулалтын хүрээнд компаниуд шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнээ Сингапурт турших боломжийг хүртэл олгож буй. Энд хяналт маш сайн, ойлгомжтой учир Сингапурын Төв банкны хяналтаар орж, шалгууруудыг давж чадсан гэхээр өөрсдийгөө аль ч газрын хүмүүстэй нүүр бардам танилцуулж, цаашаа ажил ярьдаг. Засгийн газраас нь Сингапурын хөгжилд нөлөөлөх, мөн олон улсад өргөжих чадвартай компаниудаа олон аргаар дэмжиж байгаа.
Старт-ап компани нэг сая сингапур долларыг хувийн хэвшлээс босгож чадвал Засгаас нь нэмж нэг сая ам.доллар өгье гэх жишээтэй. Жишээ нь, таньдаг бизнес эрхлэгчийн маань компани Лаост сургалт хийсэн үр дүнгээ эргэж ирж тайлан болгон Сингапурын бизнесийн холбоондоо гаргаж өгсөн юм. Үүнийг нь судалж үзээд үр дүнг баталгаажуулаад гаргасан бүх зардлыг Засгийн газраас нь тухайн компанид буцаагаад өгсөн байдаг.
-Сингапурт бүтээгдэхүүнээ гаргах, компаниа өргөжүүлэхийн тулд манайхан ямар бэлтгэл хийх ёстой вэ?
-Сингапурын хүн ам 5.7 сая. Тус улсыг зорих иргэдийн тоо жилдээ дунджаар 17 сая. Удахгүй 30 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Дэлхий Сингапурыг жижиг зах зээл гэж хардаг ч дээрх хүмүүс тухайн улсад байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гээд харахаар өрсөлдөөн маш ширүүн. Сингапурт бүтээгдэхүүнээ таниулна гэдэг олон улсын зах зээлд байр сууриа эзлэх том боломж. Учир нь зүүн өмнөд Азийн соронз нь, мөн үлгэр жишээ нь болдог улс бол Сингапур. Тиймдээ ч тус улсад чанартай, баталгаатай гэсэн бүхэн байдаг гэж бусад орныхон хардаг.
Сингапур дийлэнх бараа, бүтээгдэхүүнээ импортолдог учраас өндөр шалгуур тавьдаг. Тиймээс энд хамгийн шалгарсан сайн бүтээгдэхүүнүүд л зарагддаг. Тэгэхээр олон улсын стандартыг сайн судалж, англиар танилцуулгаа бэлдэх, цаашлаад мах, сүүн бүтээгдэхүүн л гэхэд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн стандартыг дээд зэргээр хангасан байх ёстой.
Бусад бүтээгдэхүүний хувьд ч Монголынхоо онцлогийг шингээгээд зогсохгүй халуун орны нөхцөлд тохирох эсэхийг ч судалж мэдэх хэрэгтэй. Жишээ нь, иргэд нь үхрийн мах гэхээр ихэвчлэн Австрали, Шинэ Зеландын мах гэж ойлгодог. Тэр нь дотроо өвс идсэн үхрийн мах, үр тариагаар тэжээсэн үхрийн мах гэсэн тайлбар бүхий сонголтуудтай. Ийм шаардлага өндөртэй, ойлголт нь тогтчихсон зах зээлд бид монгол малын махаа таниулах болж буй.
Үүнээс гадна Сингапурын эрүүл ахуйн шаардлагын нөхцөл нь нэлээд ярвигтай. Тодруулбал, нэг үхрийн мах байлаа гэхэд эцэг, эх малын мэдээлэл, тэр бүү хэл өвчний түүх, ямар орчинд өсгөсөн, ямар байдлаар махыг нь бэлтгэсэн, боловсруулсан, хэрхэн хадгалсан, ямар нөхцөлд тээвэрлэсэн гэх мэт маш олон мэдээлэл, шаардлагад үндэслэж бүтээгдэхүүнийг хилээрээ оруулж ирдэг. Сингапурын холбогдох байгууллагууд импортлох бараа, бүтээгдэхүүнийхээ нөхцөлийн талаар цахим хуудастаа дэлгэрэнгүй оруулсан байдаг. Манайхан заавал биеэр уулзаж, судална гэж ярьдаг. Шаардлагад нийцэх бүтээгдэхүүнд зөвшөөрөл өгөхгүй. Мөн худалдааны зууч компаниуд ч үзээд түүхий хэвээр байна, ажил ярилцах болоогүй байна гэдэг үнэлгээ хийчихвэл эргээд харилцахад хэцүү болно. Сингапурт хүнд суртал бага, бичиг баримтын боловсруулалт, шалгалт нь зарим газартай харьцуулахад хөнгөн, хурдан. Өөрөөр хэлбэл, хаа нэгтээ бүтээгдэхүүнийг чинь шалгана гээд түгжээд алга болчихгүй гэсэн үг.
-Чухам ямар бүтээгдэхүүнүүд илүү өрсөлдөж чадах вэ?
-Хэдий халуун орны уур амьсгалтай ч гэсэн Монголын ноос, ноолууран хувцас, хэрэглэлийг сонирхдог. Хүйтэн агаар үлээлгэсэн агааржуулагчтай орчинд удаан байхаар нэлээд жиндүү л дээ. Тиймээс манай Монголын нимгэндүү ноолууран шаль, алчуур зэрэг их тохиромжтой. Монгол Улсын ноос, ноолууран бараа, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс хамаагүй хямд учир өрсөлдөх чадвар өндөр. Олон нийтэд таниулах ажлаа сайн хийвэл тансаг зэрэглэлийн дэлхийн томоохон брэндүүдийн дайтай зарагдаж чадна. Гэхдээ үүнд нэлээд их зүтгэл, хөрөнгө мөнгө шаардлагатай.
-Сингапурыг загвар болгож суралцах тухай их ярьдаг. Бидний суралцаж болох давуу талуудаас та алийг нь онцлох вэ?
-Сингапурчуудаас сурах юм олон бий. Жирийн иргэн, сайд хоёр яг л адилхан дарааллаараа үйлчилгээ авдаг. Хууль бүгдэд тэгш үйлчилдэг орон. Сингапурчуудын том давуу тал нь төрийн албаны ажилтнуудаа маш сайн сургаж, бэлтгэдэг. Төрийн албанд ажилладаг хүн ажлаа тууштай сайн хийвэл хэлтсийн дарга болно гэх зэргээр ур чадвар, гүйцэтгэлд суурилан шат ахиулах зарчим нь маш тодорхой. Жишээ нь, зүүн өмнөд Азийг хариуцсан хэлтэст ажилладаг бол Солонгос, Хятад руу Элчин сайдаар томилогдох магадлал тэдэн хувь гээд тодорхой мэдэгдэж байдаг. Төрийн албанд ажиллах шийдвэр түр зуурын сонирхол төдий байдаггүй байх зарчмыг бий болгосон. Төр, бизнесийг ялгаж амьдрал, ажлын шийдвэрээ гаргах зарчмыг иргэддээ сайн ойлгуулдаг. Зарим талаар бизнес хийж байгаад төр лүү ороход алдах юм их. Сайд болоход жилийн цалин нь нэг сая сингапур доллар байхад бизнес сэтгэлгээтэй, чадалтай хүн энэ байтугай л мөнгө олно. Тиймээс бизнесээс төр лүү ороход цалингийн зөрүүг нь өгье гэсэн саналыг хүртэл өмнө нь чадвартай хүмүүстээ тавьдаг байсан.
-Сингапур бизнес эрхлэгчид Монголын тухай голдуу юу асуудаг вэ. Нөгөө талаас Монголд бизнес эрхэлж буй хэсэг нь ямар бэрхшээлүүдийг онцолдог вэ?
-Яг Монголд хөрөнгө оруулаад бизнес эрхэлж буй сингапурчууд хууль эрх зүйн тогтворгүй байдлыг хамгийн том хүндрэл гэдэг. Татвар нь хэзээ ч яаж ч өөрчлөгдөж магадгүй. Засаг солигдоход дагаад гарсан шийдвэрүүд хүртэл өөрчлөгддөг учир тэд үүнд их санаа зовдог. Дээрээс нь монгол төгрөгийн ханшны хүндрэл байна. Ам.долларыг монгол төгрөг болгоод хөрөнгө оруулчихдаг. Тухайн үед ам.доллар 1200 төгрөг байсан бол таван жилийн дараа ашгаа авах гээд төгрөгөө ам.долларт шилжүүлэхэд ханш нь унаад ашиг гардаггүй. Төгрөгөөр бол ашигтай ажилласан юм шиг. Тиймээс ашгийг юугаар хэмжих бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Бас нэг асуудал нь итгээд хөрөнгө оруулчихсаны дараа нөгөө Монгол дахь хамтрагч нь хувиа зараад гарлаа, миний хувийг худалдаж ав гэж тулгадаг. Нэг хөрөнгө оруулалтын тохиолдлыг жишээлбэл, хөрөнгө оруулалт татаж, хамт компани байгуулан тоног төхөөрөмж авч, тухайн компанийг нь хариуцаж ажиллахаар болчихсон мөртлөө тэр даруй өөртөө дахин нэг компани байгуулаад тоног төхөөрөмжийг нь ашиглаж байх жишээтэй. Ийм итгэл алдсан тохиолдлууд гарахаар гадныхан цөхөрч, бусдадаа ч энэ талаар сэрэмжлүүлж байгаа юм.
Хөрөнгө оруулах гэж сонирхож байгаа хүмүүст Монгол уг нь потенциал өндөртэй харагдаж байгаа ч бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаж байгаа орон уу гээд харахаар учир дутагдалтай байна.
-Ирэх жил хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг Монголд зохион байгуулбал энэ удаагийн уулзалт шиг олон бизнес эрхлэгч сингапураас ирж чадах болов уу?
-Олон бизнес эрхлэгч Монголд авч очихоор одооноос зорьж ажиллана. Бизнесийн томоохон 4-5 холбооноос бизнес эрхлэгчдийг авч ирэхэд чамгүй олон хүн цуглах боломжтой. Гэхдээ очоод ямар үр дүнд хүрэх үү, хэнтэй харилцах уу гэдгийг тодорхой болговол тэд ач холбогдол өгч очно. Урьд нь Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ хоорондоо харилцдаггүй байлаа. Тэгвэл энэ удаад хамтран, манайхтай нийлээд энэ хүртэл ирж арга хэмжээ зохион байгууллаа. Ингэснээр эдгээр байгууллага руу Сингапурын бизнес эрхлэгчид шууд холбогдоод харилцах боломжтой болж байгаа. Дан ганц бизнесүүдтэй холбогдохоос илүүтэй холбоод руу нь хандвал илүү үр дүнтэй, олон бизнес түнштэй болдог.
Сая болсон хуралд мэдээгүй өнгөрөөчихсөн, бүртгэлээс хоцорсон, ажлын байдлаас үүдэн амжаагүй олон компани бий. Уулзалт болсон сургаар бидэнтэй холбогдож, хурлын материалууд, тэр дундаа Гадаад харилцааны сайдын илтгэлийг авч үзэж болох эсэхийг асууж буй хүмүүс олон байна. Тиймээс бидний зүгээс мэдээллээр сайн хангахад анхаарна. Монголд 2-3 жилийн өмнө байдал хүнд байсан ч одоо дээрдсэн учир үүнийгээ сайн сурталчлах хэрэгтэй. Mongolian Economy, Business.mn сэтгүүлүүд л гэхэд энэхүү хуралд зориулан тусгай дугаар гаргасан шигээ холбогдох сэтгүүлүүдээ явуулж, тараагаад байвал мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг үеийн мэдээллийг авах, цаашлаад захиалан байнгын мэдээлэлтэй байж, холбоотой байх боломж бүрдэнэ.
-Сингапурт бизнесийн олон холбоод байдаг юм байна. Бодлого, чиглэл нь яаж салж, бас нийлж явдаг юм бэ?
-Үйлдвэрлэгчдийн холбоо нь голдуу үйлдвэрлэгч компаниудын гишүүнчлэлтэй бөгөөд гарал үүслийн гэрчилгээ олгох эрхтэй байгууллага. Харин Сингапурын бизнесийн холбоо илүү өргөн хүрээтэйгээр, салбар харгалзахгүй хамардаг. Бусад орны ижил төстэй байгууллагуудтай холбох, Засгийн газрын бодлогыг уяж, бизнесийнхэнтэй холбож гүүр болох зорилготой. Жишээ нь, Сингапурын үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Даглас Фу гээд саяхан парламентын гишүүн болсон хүн бий. Уг нь улстөрч биш. Гэхдээ Сингапурын парламент нь бизнесийн төлөөллөөс 10 хүнийг Nominated Member of Parliament гэж тусгайлан урьж оруулдаг. Тэрбээр Sakae Sushi нэртэй сүшиний том компанийн эзэн. Тэр бизнесийнхээ хажуугаар олон ажлыг амжилттай удирдаж яваа нэгэн. Еnterprise Singapore гэж бас нэг байгууллага бий. Энэ нь Сингапурын компаниудыг гадагшаа хөрөнгө оруулахад нь тусалж, зуучилдаг. Компаниудаа гадагшаа сурталчилж, үндэсний компаниудаа дэмждэг. Мөн Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гээд Сингапур компаниудаа илүү хүчирхэгжүүлэхэд чиглэсэн байгууллага бас байна.
-Сингапурт Элчин сайдын яам байгуулагдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд харилцаа хэрхэн өөрчлөгдөж, дээшилсэн бэ?
-Сингапурт гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг, сургуульд суралцдаг гээд 270 гаруй монгол хүн бий. Сүүлийн жилүүдэд монголчууд технологи, банк, хууль гэх мэт олон салбарт тархаж байна. Хэдий зүүн өмнөд Азийн бусад орны ажиллах хүчний тоотой харьцуулахад бараадахааргүй цөөн хүн ажилладаг ч манайхны мэргэшсэн байдал нь ихэвчлэн менежерээс дээд түвшнийх байдаг. Монголоос жилд 5000 орчим хүн Сингапурт ирдэг. Сингапураас Монголд зорчих иргэдийн тоо сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн. Одоо сингапурчуудын хүсэж буй зүйл нь шууд нислэг. Иргэний агаарын тээвэр, МИАТ судалж байгаа л байх. Air Asia, Changi Airport Singapore-ийн зүгээс энэ талаар судалж байгаа юм байна лээ. 2014 онд Монгол, Сингапурын хооронд шууд нислэг зургаан сар хийгдээд больсон нь манай талын урьдчилсан бэлтгэл дутсаных юм. Жил, жилээр нь урьдчилж төлөвлөгөөгөө гаргадаг сингапурчуудад энэхүү богинохон шууд нислэг хүрч амжаагүй. Тиймээс тэдэнд энэхүү шууд нислэг үгүйлэгддэг. Changi нисэх буудлын зүгээс Монголд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа энэхүү шууд нислэгээ дахин сэргээх талаар ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
Сингапурчууд шинэ газрыг байнга сонирхдог. Монголыг мундаг түүхтэй, үзэсгэлэнтэй орон гэж нийтлэг мэддэг ч тэсэхийн аргагүй хүйтэн, дэндүү хол, зүглэх ч хэрэггүй, хэцүү гэсэн яриа олны дунд их байдаг. Тиймээс их, бага гэлтгүй олон талын мэдээллийг бүх сувгаар өгч энэ бодлын бартааг түрүүлж арилгах хэрэгтэй.
Жишээ нь, Монголын цаг агаар нь -40 – +40 хэм гэсэн байдаг. Зөвхөн энэ мэдээллийг хараад л “Хөөх, энэ чинь ямар хүйтэн газар вэ” гээд буруу ойлгочихдог. Би 2016 оны нэгдүгээр сард Сингапурын Ерөнхий сайд АСЕМ-д оролцох урилгын хариу өгөхгүй болохоор нь уулзаад “Та Монголд зочлох эсэх шийдвэрээ гаргасан уу” гэж асуухад сайд “Зун нь маш халуун гэж ойлгосон” гэж билээ. Харин би дунджаар +25 хэм л байдаг, хамгийн сайхан үе гээд тайлбарласны дараа зөвхөн АСЕМ-ын уулзалтанд очих биш бүр албан ёсны айлчлал хийсэн. Мэдээлэл дутуу байдал ийм үр дүнд хүргэх жишээтэй. Үүний дараа сая Монгол Улсын Гадаад харилцааны сайд айлчиллаа.
Цаашлаад ирэх жилүүдэд өндөр дээд хэмжээний айлчлалуудын цуваа тасрахгүй байвал чухал ач холбогдолтой. Учир нь, Сингапурын Ерөнхий сайд Монголд айлчилсны дараа Сингапурын томоохон бизнес эрхлэгчид “Манай Ерөнхий сайд дурын орон руугаа сонирхлоороо айлчлаад байдаггүй. Монгол Улстай эдийн засаг, худалдааны талбарт хамтрах боломжтойг төрийн зүгээс бодитой гэж үнэлж, санал нэгдсэний үндсэн дээр Монголд албан ёсоор айлчилсан. Тиймээс бид Монгол руу эдийн засгийн ямар боломж байгааг харах хэрэгтэй” хэмээж байсан. Гадаад харилцааны сайд энэ удаагийн уулзалтаар Сингапурын Гадаад хэргийн сайдыг Монголд урьсан. Энэ айлчлал хийгдвэл хоёр талын харилцаанд том түлхэц болно. Дээд хэмжээний айлчлал хийгдэх үеэр хамтын ажиллагааны боломжуудыг өндөр түвшинд тохирч чадсанаар цаашид хөгжүүлэх чиглэлүүд тодордог.
“Mongolian Economy” сэтгүүлийн 2019 оны долдугаар сарын дугаараас авав.