Т.Оргил: Эрчим хүчний салбарыг олон улсын түвшинд хөгжүүлэхийг хүсдэг

Sarangerel
2024-12-09 15:07:04
Ангилал: Эрчим хүч

Монгол Улсын айл өрх бүрийн хойморт гэрэл асааж, элч дулаанаа түгээдэг бахархам салбар бол эрчим хүч. Гэсэн хэдий ч энэ салбарт бизнес эрхэлдэг компаниуд адармаатай замыг туулсаар ирсэн. Зарим нь замаасаа буцаж, тууштай тэвчээртэй нь тэсэж үлджээ. Тэдний тэргүүн эгнээнд яваа компани бол “Хасу Мегаватт” юм. 20 гаруй жил эрчим хүчний салбарт ажиллахдаа маш олон зүйлийг хийж бүтээсэн байна. Эрчим хүчний салбарынханы нэг онцлог нь хийсэн бүтээснээ ярьдаггүй, чимээгүй л хөдөлмөрлөж байдаг нь гайхмаар. Бид “Хасу Мегаватт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Оргилтой ярилцлаа. 

-Бидэнд эхлээд өөрийгөө танилцуулна уу? 

-ШУТИС-ийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр 2017 онд төгссөн. Их сургуульд суралцаж байхдаа дундуур нь Герман улсад хоёр жил суралцсан. Төгсөх жилийнхээ сүүлийн улирлаас өнөөг хүртэл компанидаа ажиллаж байна.  Оюутолгой болон Дулааны IV цахилгаан станцын зуухны засварын төслүүд дээр цахилгааны, цахилгааны хяналтын инженер, төслийн ажилтан, менежер зэрэг ажлуудыг хийсэн байна. Сүүлд компанийхаа  Бизнес хөгжлийн менежерээр ажиллаж байгаад 2021 оноос гүйцэтгэх захиралаар томилогдсон.

-“Хасу Мегаватт” ХХК нь салбартаа амжилттай, тууштай, чанартай үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын нэг. Анх хэрхэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бэ? 

-Манай компани 2000 оноос Улаанбаатар хот дахь Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өндөр болон нам даралтын зуухны дунд, их засвар, шинэчлэлийн ажлуудыг  хийж гүйцэтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байсан. Тухайлбал, Япон улсын хөнгөлөлттэй зээлээр ДЦС-4 ТӨХК-ийн БКЗ-420/140 маркийн дөрвөн зуухны халах гадаргуу, тоосон систем, эргэх механизмын өөрчлөлт, шинэтгэлийн төсөл байна. 1990-1991 оноос эрчим хүчний салбарт ажиллаж байсан орос мэргэжилтнүүд  буцсан. Үүнээс болж хойд хөршөөс авдаг олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг авч чадахгүй байдалд хүрсэн. Энэ үед манай станцуудын үндсэн, туслах тоноглолууд  хуучирч, станцын үйл ажиллагаа доголдон  цахилгаан, дулааны хангамж тасалдаж байсан. Ийм олон хүндрэлүүд, шаардлагын улмаас импортын тоног төхөөрөмж болох өндөр даралтын БКЗ-420/140 зуухны халах гадаргуу болох экраны систем, уур халаагчууд, ширм халаагч, экономайзер зэргийг өөрсдөө үйлдвэрлэх хэрэгцээ бий болсонд үндэслэн өөрийн инженерийн шийдэлтэй төмөр хийцийн үйлдвэрийг байгуулсан. Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.8 км Ø1000мм-ийн диаметртэй дулааны шугамыг Ø1200мм-ийн диаметртэй шугам болгон нэвтрүүлэх хүчин чадлыг өргөтгөх төслийг гүйцэтгэсэн. Мөн Амгалан Дулааны станц шинээр баригдсантай холбогдуулан 4.5 км Ø700мм-ийн дулааны хос шугамыг шинээр барьж байгуулах ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Энэ ажлын гол онцлог нь Улаанбаатар хотод анх удаа 160 м хос дулааны тунелийг ашиглалтанд өгсөн явдал байсан. Тунель  нь дулааны шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, хяналтын олон ажлуудыг хялбарчилж зардлыг бууруулахаас гадна шугамыг шинэчлэх тохиолдолд газар ухах, зам сэтлэх, чөлөөлөх шаардлагагүй болж бусдын үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр харьцангуй бага зардлаар гүйцэтгэх боломжтой болгосноороо ач холбогдолтой юм.

“Оюутолгой” төслийн 130 МВт-ын дулааны станцын, сайтын болон гүний уурхайн дулааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг

2012 оноос “Оюутолгой” төслийн 130 МВт-ын дулааны станцын, сайтын болон гүний уурхайн дулааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах стратегийн түншлэлийн гэрээг байгуулан өнөөг хүртэл ажиллаж байна. “Оюутолгой”-д арван метр голчтой, 75 тонн нэвтрэлтийн тавцан өөрийн иненерийн шийдэлтэй төмөр хийцийн үйлдвэртээ үйлдвэрлэж нийлүүлж, угсарсан. Энэ нь цаашид Оюутолгой болон бусад уурхайнуудад импортоор авдаг олон тоноглолыг үйлдвэрлэж, нийлүүлж, угсрах ажлын эхлэлийг тавьсан.  Тус төслийн гүний уурхайн нэвтрэлтийн тавцан, эрчим хүчний барилга, дулааны станц барих, дулааны шугамын ашиглалт, засвар үйлчилгээ хийх гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд ажиллаж байгаа. Түүнчлэн барилгын, тоног төхөөрөмж суурилуулах, шинэ үйлдвэрүүд барих зэрэг төсөл дээр үйл ажиллагаа явуулж байна.

-“Хасу Мегаватт” ХХК Оюутолгой төслийн хүрээнд 2006 онд “Оюу толгой” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, төслийн талбайд ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд олон улсын компаниас суралцах зүйл их байсан байх, тийм үү? 

-Тэгэлгүй яахав, бид  2009 онд  Оюутолгой төслийн үндсэн кэмпийн барилга угсралтын ажлыг хуваарьт  хугацаанаас өмнө амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгч, шилдэг барилга угсралтын гүйцэтгэгч компаниар шалгарч байлаа. 2011 онд “Эрдэнийн говь” шалгаруулалтаар “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээдлэгч” номинациар шилдэг компани, 2013 онд Оюутолгой  төслийн хамтран ажиллагч компаниудаас “Шилдгийн шилдэг” компаниар шалгарч байсан. 2013 онд дулааны байгууламжууд төвлөрсөн дулааны станц болон дулаан хуваарилах системийн ашиглалт үйл ажиллагаа, засвар үйлчилгээний урт хугацааны гэрээг байгуулсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дэлхийн шилдэг Канадын “Рэд Пад” компанитай хамтарсан “Даян Контракт Майнинг-DCM” компанийг байгуулан олон төсөл дээр тасралтгүй ажилласаар байна. Дэлхийд өдөр тутамдаа үйл ажиллагаагаа үнэлүүлж, дүгнүүлж байдаг эдгээр компаниудтай хамтарснаараа дэлхийн түвшинд үнэлэгдэх техникийн шийдэл, менежментийн арга барил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо зэрэг нь манай компаниар дамжин Монголын эрчим хүчний салбарт, тэр дундаа манай ДЦС-уудад орж ирж ашиглагдаж, мөрдөгдөж ирсэн гэж бахархалтайгаар хэлэх эрхтэй гэж бид үздэг юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байна

Манай ажилчид угсралт, үйлдвэрлэл гээд хүнд ажлыг нуруундаа үүрдэг учраас эрсдэлтэй байнга тулгарч байдаг. Ямар нэгэн байдлаар осол аваар гарахад ажилтны эрүүл мэнд хохирч,  цаашлаад алтан аминд нь хүрэх ч эрсдэлтэй. Хүнээр ажил хийлгэж байгаа бол эрүүл, аюулгүй орчинд ажил хийлгэх үүрэгтэй. Тэгэж байж ажилтнууд сэтгэл хангалуун,  төсөл маань ч амжилттай хэрэгжинэ. Бид Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллахад Оюутолгой төсөл маш том түлхэц болсон. Оюутолгой төслийнхөн монгол ажилчдад аюулгүй ажиллагааны дүрмийг сургаж, хэвшүүлсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд хэвшүүлэн ажилладаг. Энэ соёлыг хэвшүүлснээр хоёр сая цаг аюулгүй ажилласан байна. Энэ бол маш том амжилт, бидний бахархал юм.

Мөн ISO 9000,  OHSAS 45000-ийг өөрийн компанидаа баталгаажуулснаар дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг компанитай эн зэрэгцэн ажиллах нөхцөлийг хангаж чадсан.

-Оюутолгойгоос гадна сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийнхээ талаар ярина уу? 

-Бид энэ оны аравдугаар сард ЭХЯ-ны захиалгат халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, шинэ 7и магистралын Ø700мм-ийн голчтой, нийт 3.3 км урттай хос дулааны шугамын барилга угсралтын ажлыг, томоохон төслийг дуусгаж амжилттай хүлээлгэж өгсөн. Энэ төслийн ажилд I болон IV хорооллын автозамууд доогуур 960м хос тунелийн системийг барьсан. Дулааны өргөтгөлийн эдгээр томоохон төслүүд дээр мөн силифонон компенсаторыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж тавьсан нь хүн ам, барилгын нягтралтай бүсэд автозам, ногоон байгууламжуудыг ухаж эвдэх зэрэг зардлуудыг хэмнэсэн дэвшилтэт ажил болсон. Энэ төсөл цар хүрээний хувьд том. Олон жил зарцуулсан ажил байлаа. Цаг хугацааны хувьд ковидын үе таарсан тул олон хүндрэлүүдтэй тулсан ч ард нь амжилттай гарсандаа баяртай байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар БНСУ-ын зээлээр 10 аймагт дулааны станц барих ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүн дээр манай эрчим хүчний таван компани консорциум байгуулаад ажиллаж байна.

Дулааны цахилгаан станцын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээл нэлээд гардаг. Бидэнд алдах эрх байдаггүй

-Эрчим хүчний салбарт хувийн компани ажиллана гэдэг хэцүү. Хөрөнгө оруулалт орж ирэх нь дутмаг зэрэг асуудал байдаг. Үүнийг танай компани хэрхэн даван туулж байна вэ. Ямар менежментээр ажиллаж байна вэ? 

-Хөрөнгө оруулалт татах асуудал манай эрчим хүчний салбарт хэцүү. Манай улсын тендерийн онцлог нь урьдчилгаа олгодоггүй. Бид өөрсдөө учраа олж ажлаа хийж байж төлбөр мөнгөө олж авдаг. Түүн дээр мэдээж хүндрэлүүд гардаг. Монгол Улсын зах зээл өөрөө том биш. Бидэнд төслүүдийг гүйцэтгэхэд эргэлтийн хөрөнгийн асуудал тасралтгүй гардаг. Үүнийг шийдэхийн тулд техник, хүний нөөц, зохион байгуулалтын асуудлууд дээрээ онцгой анхаарч тухайн ажлын явцын  гүйцэтгэлийг хангаснаар шаардагдах санхүүжилтийг татаж л ажилладаг. Зарим үед арилжааны банкуудаас хүүтэй зээл авч ажилчдынхаа цалинг тавьж байсан тохиолдолд ч бий.

Эрчим хүчний засвар, угсралтын  ажил нь улирлын чанартай байдаг.  Ажилчдыг байнгын ажилтай, орлоготой байлгахын тулд манай компани  2006 оноос Оюутолгой төсөлтэй холбогдсноор байнгын ажилтай болгож чадсан.

Дулааны цахилгаан станцын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээл нэлээд гардаг. Үйл ажиллагаа нь доголдох, алдаа гаргасан тохиолдолд  компанид ч, захиалагч, ашиглагч талд ч их эрсдэл үүсдэг. Дулааны цахилгаан станц зогсоход Монгол Улс эрсдэлд орох аюултай учраас алдаа гаргах эрхгүй байдаг. Тиймээс заавал ажлын ард тэсэж үлдэх сонголттой нүүр тулж байдаг.

Манай эрчим хүчний салбарынхан “Эрчим хүчний үнийг өсгөөч ээ, тарифаа нэмэгдүүлээч ээ” гээд л жил болгон шаардлага тавьдаг. Бизнесийн орчин эрүүл байхад ажлаа хийгээд явахад асуудалгүй. Тиймээс бид бусад салбар руу орж байна.  Оюутолгой төсөл гэхэд л эргэлтийн хөрөнгө сайтай. Бизнес нь эрүүл, өрсөлдөхүйц байдаг учраас ажиллахад урамтай. Харин манай эрчим хүчний салбар хүнд хэвээр байна. Эрчим хүчийг үйлдвэрлэж байгаагаасаа бага үнээр борлуулна гэдэг бол байж боломгүй зүйл. Эрчим хүчний засварын үнэлгээ бага байдгаас болж компаниудын тоо цөөрчихлөө. Яалт ч үгүй ачаалал, эрсдэлээ даахаа болиод өөр салбар руу ордог ч юм уу, эсвэл дампуураад л дуусч байна. Гэхдээ сүүлийн үед өөрчлөлтүүд гарч байна. Цаашид сайжрах байхаа.

-“Хасу Мегаватт”  компани үйл ажиллагааныхаа чиглэлийг салгаж байгаа гэж хэллээ. Ямар чиглэлийн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа вэ? 

-”Хасу Мегаватт” компани өөрөө эрчим хүчний салбар дахь үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байна. Уул уурхайтай холбоотой ажлыг “Хасу Даян” охин компани хариуцан ажилладаг.

“УЕЗА Улаанбаатар Энержи” компани маань цахилгааны дэд өртөө үйлдвэрлэдэг. Дэд өртөө гэдэг  нь  хот дундуур явж байгаа 10 кВ-ын шугамуудыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд өндөр хүчдэлийг багасгадаг байгууламжууд байдаг. Орон сууцны хороолол, хотхон дунд цахилгааны хуваарилах байгууламж байдаг даа. Арав орчим машин зогсохоор маш том талбай эзэлдэг. Үүнийг орчин үеийн шинэ шийдлээр хийж 9-12 м2 жижигхэн хэмжээтэй болгож байгаа юм.

Түүнчлэн “Хасу Металз” компани маань төмөр хийцийн үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа.  Төмөр хийцийн үйлдвэр маань сардаа 100-150 тонн инженерийн шийдэлтэй төмөр хийц үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалагчийн хүсэлтийн дагуу инженерчлэлийг нь гаргаж өгдөг. Мөн төрөл бүрийн хэмжээтэй зуух үйлдвэрлэдэг.

Манай сургуульд суралцаж төгссөн төгсөгчид хаана ч очоод ажиллаж чадвартай. 100 хувь ажлын байраар хангагддаг

-Тэрнээс гадна танай компани мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр олон жил ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагааныхаа талаар бидэнтэй хуваалцана уу?  

-2006 онд дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэх туршлагатай “Рэдпаф Монгол” ХХК-д ур чадвартай, туршлагатай гагнуурчид болон ажиллах хүчин нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед дээрх чиглэлийн мэргэжилтэй ажиллах хүчин хомс байдаг байсан. Бэлтгэгдээд гараад ирсэн нь цөөхөн боловч чанарын асуудал яригддаг байсан үе. Тиймээс манай компани 2012 онд бүх төрлийн гагнуурчин (цахилгаан, аргон, хагас автомат, хийн болон плазм) бэлтгэх “Герман-Монгол МСҮТ”-ийг байгуулан 10 гаруй жил олон гагнуурчдыг бэлтгэж тэд маань эдийн засгийн бүх салбарт ажиллаж байна. Одоо “Герман-Монгол Мэргэжлийн боловсролын сургууль” нэртэйгээр Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Германы стандарт программаар мастер инженерүүдийн давтан сургалт, гагнуурчнаас гадна барилгын цахилгаанчин, токарьчин, фрезерчин зэрэг мэргэжлээр тогтмол сургалт явуулж, ирээдүйн ажилтан, ажиллагсадыг бэлтгэж байна. Сургууль маань одоо тусдаа бие даагаад нэлээн нэр хүндтэй болсон.  Манай сургуульд суралцаж төгссөн төгсөгчид хаана ч очоод ажиллаж чадвартай. 100 хувь ажлын байраар хангагддаг гэсэн үг. Жил бүр ойролцоогоор богино хугацааны сургалтыг 250-300 хүн, жилийн сургалтыг 50-60 хүн суралцаж төгсдөг. Арван жил ажилласан гэж үзэхээр 400-500 хүн  суралцсан байна.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар “Герман-Монгол Мэргэжлийн боловсролын сургууль”-д “Төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэл хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд гагнуур, огтолгооны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MNS ISO 9606 2021 үндэсний, олон улсын гагнуурын 6 багц стандартуудыг батлуулан хэрэглэх боломжийг нээж өгснөөрөө өндөр ач холбогдолтой төсөл болсон. Энэ бүхнийг хэрэгжүүлэхээс өмнө “ДЦС-3” ТӨХК-ийн зуухны шинэчлэл, “ДЦС-4” ТӨХК-ийн зуухны халах гадаргуугийн тоноглолын үйлдвэрлэлт, угсралтын шинэчлэлийн ажилд манай улс өөрийн стандартгүйн улмаас АНУ-ын стандартыг худалдан авч орчуулан хэрэглэж байсныг түүх өгүүлнэ.

Танай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн  бэ?

-Манай нийт ажилчид 700 руу дөхөж байна. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд таван сар тутамд цус өгөх өдөрлөг зохион байгуулж, олон хүнд амьдрах итгэл найдвар өгч байна. Мөн компанийнхаа ажилчдын амьдралын нөхцөлийг сайжруулах боломжуудыг гаргаж өгдөг.

-“Хасу Мегаватт” компанийн ирээдүйн зорилго юу вэ? 

-Энгийнээр тайлбарлахад, “Хасу Мегаватт” компани энэ ажлыг хийсэн учраас бүтээгдэхүүнүүд нь чанартай, үнэ цэнэтэй шүү гэдгийг харуулах гэж л зорьдог. Мэдээж үүний ард чадавхитай ажилчид байна. Манайхны нэг ташаа ойлголт бол гадаадынхан гэхээрээ л чанартай ажил хийдэг гэж боддог. Гэтэл бид олон улсын төслүүд дээр ажиллаж чадаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн чанарыг Монголдоо бүтээхийн төлөө ажиллаж байна. Бид өөрсдөө “Бусдаас илүү хийнэ” гэдэг зорилтыг тавьж, дэлхийд өрсөлдөхүйц инженерчлэлийг санал болгож байгаа компани юм. Эрчим хүчнийхээ чиглэлээр Монголдоо тэргүүлсэн компани болохын төлөө ажиллаж байна.

-Залуу хүний хувьд эрчим хүчний салбарыг цаашид хэрхэн хөгжиж, шинэчлэгдээсэй гэж боддог вэ?  

-Монгол Улсын эрчим хүчний салбар хоцрогдсон. Үүнийг мэдээж олон улсын түвшинд хөгжүүлэхийг хүсэж байна. Эрчим хүчний салбарыг Монгол Улс ойлгохгүй байна. Эрчим хүч эрүүл бизнесийн орчинтой, зах зээлийн зарчмаараа явсан цагт  бусад салбарын хөгжил урагшилна гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа эрчим хүчний салбар хөгжих байх, салбартаа ажиллаж байгаа хүмүүс нь бахархах байх. Монгол Улс хөгжихөд амархан. Хуулах юм зөндөө байна. Аль хэдийн амжилттай яваа улсуудын хөгжлөөс нь суралцаад, алдааг нь хараад, сайн явж байгааг нь дуурайчихвал хөгжчих гээд байгаа юм.

Хэнтий дулааны станц баригдаж байна