Танай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц шавхагдашгүй юм
Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл /ДСЭХЗ/-ийн нарийн бичгийн дарга Стив Сойертой /Steve Sawyer/ уулзан ярилцсан юм.
-Монгол Улсад хөл тавьсан анхны сэтгэгдлээс ярилцлагаа эхлэх үү?
-Танай орны нар, намайг хамгийн их баярлуулсан. Мөн монгол хэл, Аляск нутгийн аялгатай төстэй сонсогдсон, их гайхсан шүү. “Ньюком”-ын барьсан салхин станцтай танилцахаар явах замдаа Чингис хааны “Цонжин болдог” хөшөөг үзэх завшаан олдсонд баяртай байна. Улаанбаатар хотын хувьд түгжрэл маш их, дээрээс нь зам нь бартаатай гэх мэт сонин зүйлс байсан. Гэхдээ надад Монгол орон таалагдаж байна.
-Монгол Улсад анх удаа ирж байгаа танд манай орны хөгжил ямар харагдсан бэ?
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайтай салшгүй холбоотой. Үүнээс хамаарч маш их хэмжээний хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт авчирч байна. Харин орж ирсэн тэр их мөнгийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг юу юунаас чухал. Уул уурхайн баялаг гэдэг тодорхой хугацаанд ашиглаад л нөөц нь дуусна. Тухайлбал, Африкийн зарим орон баялгийн хараалд өртсөн. Үүнтэй холбоотой авлигал, тэгш бус байдал гээд олон хортой үр дагаварууд гарч ирсэн. Мөн байгаль орчин бохирдож экологийн тэнцвэрт байдал алдагдах сөрөг үр дагаврууд ч илэрдэг. Гэхдээ Монгол Улсын шийдвэр гаргах түвшнийхэнтэй уулзахад ийм байдал учирч болзошгүйг сайн мэдэж байсан бөгөөд урт хугацааны төлөвлөлт хэрхэн хийх ёстой тал дээр ярьж байсан. Хамгийн гол нь уул уурхайгаас орж ирэх ашгаа хэрхэн зөв зүйтэй зарцуулах нь л чухал.
-Манай орны уул уурхайн хөгжил хурдацтай өсөж байна. Харин байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний асуудал сайн хөгжихгүй байгаа?
-Тийм ээ. Гэхдээ хувийн хэвшлийн компаниуд энэ талын ойлголтыг өөрчилж байгаа болов уу. Ерөнхийдөө Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй ч энэ нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Харин салхи, нар гээд танай оронд байгаа сэргээгдэх эрчим хүчний нөөц шавхагдашгүй юм. Тийм болохоор урт хугацааны төлөвлөлт хийхдээ уул уурхайн хөгжлөөс гадна сэргээгдэх эрчим хүчний тал дээр анхаарах нь зүйтэй.
-Та дэлхий нийтийн шинэ хандлага болох ногоон хөгжлийн талаар ярина уу?
-Ер нь ногоон хөгжлийн хувьд улс бүр өөр өөрийн гэсэн харилцан адилгүй түвшинд явж байна. Хамгийн урт хугацаанд энэ замналаар явсан улс бол Герман, Дани хоёр юм. Дани улсыг аваад үзэхэд 1970-аад онд тулгарсан газрын тосны асуудлаасаа үүдэн ногоон хөгжилд хөл тавих шаардлагатай болсон. Тухайн үед тэдэнд тогтвортой эдийн засаг, экологийн тэнцвэрт байдал хамгийн их шаардагдаж байсан юм. Харин Герман улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч ногоон эдийн засгаа дэмжиж ирсэн.
Ер нь дэлхийн олон улс ногоон хөгжилд ямар шалтгаанаар орж байна гэдэг нь харилцан адилгүй байгаа ч хамгийн гол нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци буюу “Киотогийн” протоколыг баталсан нь их түлхэц болсон юм. Тухайн гэрээ нь байгаль орчны өөрчлөлтийн улмаас хийгдсэн боловч эдийн засгийн хөгжил рүү хандсан байсан. Уг гэрээнд яагаад хатуу түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ёстой талаарх таван гол шаардлага байдаг. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт. Хоёрдугаарт, дотоодын байгаль орчны доройтол. Тухайлбал, Энэтхэг, Хятад зэрэг оронд хатуу түлш их хэрэглэсний улмаас нүүрстөрөгчийн давхар исэл их хэмжээгээр ялгарч эрүүл мэнд болоод байгаль экологит хор хохирол учруулж байсан. Гуравдугаарт, эрчим хүчний аюулгүй байдал. Энэ нь эрчим хүч хатуу түлшнээс хамаарал бага болох тусам эдийн засаг өсдөг. Нэг зүйлээс хэт хараат байх нь тухайн эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Дөрөвдүгээрт, макро эдийн засгийн хамаарал. Тавдугаарт, сэргээдэх эрчим хүч ирээдүйд эрчим хүчний салбарт томоохон байр суурийг эзлэх зэрэг юм. Иймээс л БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Бразил гээд дэлхийн олон улс орнууд ногоон хөгжлийн бодлогыг түлхүү баримтлах боллоо.
-Өнөөдөр Монгол Улсын хувьд агаарын бохирдол гэдэг тулгамдсан асуудал болоод байна. Мөн манай эдийн засаг нүүрснээс улам хараат болж байгаа?
-Монгол Улсын хувьд нэг томоохон боломж байна. Энэ нь танай орны газрын доорх баялгийг худалдаж авах эрэлт маш өндөр. Уг эрэлт ойрын хэдэн жилд буурахгүй. Хатуу түлшнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явц тийм ч хурдан байдаггүй. Монгол орон салхи, нарны эрчим хүчний нөөц асар ихтэй. Тиймээс боломж их байна гэсэн үг. Гэхдээ технологийн хувьд танай улс, хоёр хөрш оронтойгоо эрчим хүчээ холбох гэдэг хэцүү зүйл юм байна. Би Монголд ирэхээсээ өмнө энэ талаар огт санаа зовохгүй байсан. Гэтэл маш чухал асуудал юм байна. Үүнтэй холбоотойгоор хот төлөвлөлтийн асуудал яригдах нь зайлшгүй. Тухайлбал, 2020 он гэхэд Улаанбаатар хотын хүн амын тоо хэд хүрэх, эндээ байх уу үгүй юү гээд асуудал бий. Энэ бүгдээс хамаарч шаардлагатай үед зөв хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг.
-Өнөөдөр дэлхий нийт салхины эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Салхины эрчим хүч бусад сэргээгдэх эрчим хүч дундаас хамгийн хурдан хөгжиж байна. Дэлхий нийт салхинаас гурав хүрэхгүй хувьтай цахилгаан гарган авч байна. Салхины эрчим хүчний хөгжлөөр Европ тэргүүлж байсан бол өнөөдөр Ази тэр дундаа Хятад тэргүүлж байна. Мөн саяхнаас Латин Америк хүч түрэн орж ирсэн. Тэр дундаа Бразил, Мексик хоёр улс шинэ зах зээл гэгдэж байна. Бразилын хувьд найман жилийн өмнөөс энэ салбарт хөл тавьсан хэдий ч сүүлийн хоёр жилд салхины эрчим хүчний салбарын хөгжил нь маш хурдтай хөгжиж яваа. 2015 он гэхэд 10 мянган мВт-ын салхи үйлдвэрлэх боломжтой гэж тогтоогдсон. Мөн Европ сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20 хувиар өсгөх зорилт тавьсан. Түүнчлэн Европын нийт сэргээгдэх эрчим хүчний 17 орчим хувийг салхинаас гаргаж авдаг. Харин бусад орны хувьд тодруулбал Африк, Тунис зэрэг улс салхины эрчим хүчийг хөгжүүлэх тухайд анхаарлаа хандуулж ирсэн. Энэ бүгдийн үндсэн дээр салхины эрчим хүч хөгжсөөр байна. Ер нь дэлхий нийтийн салхинаас эрчим хүч гаргаж авах хөгжлийг харахад хоёр зүйлийг тодруулах хэрэгтэй байх. Нэгдүгээрт, Хойд Америк салхины эрчим хүчний салбарт тэргүүлэгч байсан. Гэхдээ Америк болоод Канад улсын хувьд улс төрийн тогтолцоо нь урт хугацааны төсөл боловсруулахад нэлээд төвөгтэй байдаг. Тухайлбал, тодорхой төсөл нэг хэсэг амжилттай явж байгаад Засгийн газар солигдоход унадаг. Хоёрдугаарт, Японы Фүкүшимад үүссэн нөхцөл байдал салхины эрчим хүчийг хөгжүүлэх боломжийг бий болгосон. Тус улсын улс төрийн хүчнүүд цөмийн эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих гэсэн эрмэлзлэл их байна. Гэхдээ энэ нь нэлээд маргаан дагуулах байх.
-Японд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих улс төрийн хандлага хүчтэй байгаа бол манай улс цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр их ярьж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Цөмийн эрчим хүч гэдэг хүн төрөлхтний бүтээсэн хамгийн аюултай бөгөөд хамгийн үнэтэй зүйл. Танай улсад цөмийн зэвсэг үйлдвэрлэх хэрэгцээ сонирхол байхгүй л бол энэ төрлийн эрчим хүчийг ашиглах шаардлага байхгүй гэж бодож байна.
-Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүч гэдэг ойлголт дөнгөж л эхлэл төдий байна. Ийм үед төр, засгаас ямар эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Би одоогоор Монгол Улсын хууль тогтоомжтой танилцаж амжаагүй л байна. Гэхдээ хүмүүстэй уулзахад сэргээгдэх эрчим хүчний хуулийн талаар ярьж байсан. Миний болоод бусад орны туршлагаас харахад, төрийн оролцоо болон хувийн хэвшлийн үүрэг зэргийг нарийн зааж өгөх хэрэгтэй. Ялангуяа хувийн хэвшлийн эрх үүргийг тодорхой зааж өгөх нь чухал. Танай орон сэргээгдэх эрчим хүчний салбарт орж байгаа нь сайшаалтай. Энэ нь гаднын хөрөнгө оруулалт татах нь зайлшгүй юм. Тиймээс уг салбарт хэрхэн хамтарч ажиллах ёстой талаар бүх заалтыг нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Дараагийн асуудал бол урт хугацааны төлөвлөлт. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд 20 хувиар өсгөнө гэсэн байсан. Энэ бол үнэхээр сайн зорилт мөн. Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлэх гэдэг нь чухал. Тухайлбал, энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эхлээд дэд бүтцээ шийдэх ёстой. Үүний дараа дараагийн асуудлыг шийдэх шаардлага гарч ирнэ.
-Та байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Манай байгууллагын үйл ажиллагааг хэд хэдэн гол үзүүлэлтээр тодорхойлж болно. Нэгдүгээрт, олон улсын түвшинд сэргээгдэх эрчим хүч тэр дундаа салхины эрчим хүчний төлөөлөл болох. Хоёрдугаарт, бүс нутгийн хөгжлийг дэмжих юм. Энэ үүргийн дагуу өнгөрөгч зургадугаар сард болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын хуралд оролцож байхдаа “Ньюком”-ын Б.Бямбасайхан захиралтай танилцсан. Тэрбээр өөрийн орны салхины эрчим хүчний талаар танилцуулж, Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Гэхдээ танай оронд ирсэн хамгийн гол зорилго маань Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар боломж байна, мөн нөөц хэр байгаа зэргийг судлах. Түүнчлэн Монгол Улсад шинэ боломж байгаа талаар олон улсад сурталчлах юм. Тухайлбал, энэхүү айлчлалын дараа Бээжинд болох салхины эрчим хүчний томоохон хуралд танай улсын салхины эрчим хүчний хөгжлийн талаар сайтар танилцуулах болно.