Тарган заан, туранхай луу
Хятадыг Энэтхэг гүйцэж дэлхийн хамгийн их хүн амтай улс болно
Хятад олон жилийн турш дэлхийн хамгийн их хүн амтай улс байв. 1750 онд 225 сая орчим хүнтэй байсан нь дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгээс илүү байлаа. Тархай бутархай, 200 сая орчим хүн амтай Энэтхэг хоёрт оржээ. Харин 2023 онд Энэтхэг тэргүүн байрт заларна. Тус улс хүн амын тоогоор Хятадыг дөрөвдүгээр сарын 14-нд гүйцэж түрүүлнэ (1,425,775,850 хүн) гэж НҮБ таамаглажээ.
Тэргүүн байр үнэ цэнээр бага ч чухал зүйлийн илэрхийлэл юм. Хятад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн атал Энэтхэг биш нь хачирхалтай байж магадгүй. Хятадын эдийн засаг Энэтхэгээс зургаа дахин том ч өсөн нэмэгдэж буй хүн ам нь гүйцэж түрүүлэхэд их нөлөө үзүүлнэ. Энэтхэг 2050 он гэхэд дэлхийн хөдөлмөрийн насны хүн амын (15-64 нас) өсөлтийн зургаагаас илүү хувийг бүрдүүлэх төлөвтэй.
Харин Хятадын хүн ам огцом буурч магадгүй. Хятадын хөдөлмөрийн насны хүн амын тоо 10 жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн. Тус улсын хүн амын медиан нас 2050 онд 51 болж, одоогийнхоос 12 жилээр нэмэгдэнэ. Хөгширч буй Хятад улстөр, эдийн засгийн нөлөөгөө хадгалахын тулд илүү чармайх ёстой.
Хүн амын өсөлтийг хязгаарлахын тулд ХХ зуунд хоёул их хичээсэн. 1959-61 оны өлсгөлөн нь хүн амын өсөлтийг удирдах ёстойг Коммунист намд ухааруулав. Арван жилийн дараа хожуу гэрлэлт, төрөлт хоорондын хол зай, цөөн хүүхдийг дэмжсэн “хожуу, хол, цөөн” кампанит ажлыг Хятад эхлүүлэв. Энэ арга нь 1980-аад онд танилцуулсан нэг хүүхэд бодлоготой харьцуулбал илүү нөлөө үзүүлсэн гэж Британийн хүн ам судлаач Тим Дайсон өгүүлэв. 1960-аад онд нэг эмэгтэй зургаан хүүхэдтэй байсан бол 1970-аад онд гурваас цөөн болж буурсан нь том улсын хувьд хамгийн эрс өөрчлөлт болж түүхэнд үлдсэн юм.
Энэ нь ашгаа өгсөн. Хятадын эдийн засгийн гайхамшиг нь хөдөлмөрийн насныхны тоо 1970-2000 оны эхэн хүртэл өссөний үр дүн байсан юм. “Хоолны сав” цөөн байхын хэрээр эцэг эхчүүд хүүхдэдээ илүү их мөнгө зарцуулах болов. Гэвч хүүхдээс олон эцэг эхтэй байх нь хүүхдүүд бага байх үед давуу тал болдог ч эцэг эх нас өндөр болоход сул тал болдог. Эдийн засгийн огцом өсөлтийг авчирсан үе тэтгэвэрт гарч, тоогоор цөөн дараа үеэсээ хараат болоход Хятад төлөөсөө төлнө.
Төрөлтийг бууруулах Энэтхэгийн чармайлт амжилт олсонгүй. Энэтхэг 1950-иад онд гэр бүл төлөвлөлтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн анхны улс болсон юм. Ерөнхий сайд Индира Гандигийн зарласан онцгой байдлын үеэр олноор нь үргүй болгох кампанит ажлыг 1975-1977 онд албадлагын шинжтэй хэрэгжүүлсэн. Түүний хүү Санжайгийн удирдлагаар Засгийн газар цалинг нь олгохгүй, ажлаас хална гэж сүрдүүлэх замаар эрчүүдийг үргүй болгох мэс заслын хуарангуудад аваачиж байв. Мэс заслын улмаас 2000 орчим эрэгтэй нас баржээ.
Индира Ганди сонгуульд ялагдсаны дараа энэ явдал дуусав. Эл харгис арга нь Энэтхэгийн хүн амын өсөлтийг эрс бууруулж чадаагүй. Хүн ам нь Хятадтай харьцуулбал илүү цөөн, удаанаар буурч байв. Медиан нас 28, хөдөлмөрийн насны хүн ам нэмэгдэж байгаа учир Энэтхэг хүн амзүйн давуу талаа одоо эдлэх боломжтой болжээ. Эдийн засгийн хэмжээгээр Британийг гүйцэж тавдугаар байрт орсон бол 2029 онд гуравдугаар байрт орно гэж Энэтхэгийн Төрийн банк таамаглав. Гэхдээ тус улсын хөгжил нь Хятадаас арай цөөн тоотой залуусын бүтээмжээс их хамаарна. Энэтхэгийн насанд хүрэгчдийн тал хүрэхгүй хувь нь ажилладаг бол Хятадад энэ тоо гуравны хоёрт хүрсэн..
Өөрийн эхлүүлсэн хүн амын огцом бууралтын үр дагавараас Хятад зайлж чадахгүй. Тус улс нэг-хүүхэд бодлогыг 2016 онд, хүүхдийн тоонд тогтоосон бүх хязгаарлалтыг 2021 онд цуцалсан. Гэвч төрөлт буурсаар. Тэг-ковид бодлогын улмаас залуус хүүхэдтэй болохоос татгалзах нь ихсэв. Тэтгэврийн гол сан нь 2035 онд мөнгөгүй болох магадлалтай. Гэхдээ Энэтхэг супер гүрэн болох нь Хятадын хувьд хамгийн хөндүүр цэг болж магадгүй юм.
Бруук Ангер Ахлах дижитал редактор, The Economist
Эх сурвалж: Дэлхий 2023 онд дугаар, “Олон улс” булан
The Economist сэтгүүлийн онцгой зөвшөөрлийн хүрээнд Mongolian Economy хүргэж байна.