Тогтвортой мал аж ахуй бол Монгол Улсын хөгжлийн гарц

Mongolian Economy
2024-04-09 11:03:26

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн мэдээллээр Монгол Улсын агаарын жилийн дундаж температур 1940 оноос 2.14 хэмээр халуун байгаа нь дэлхийн агаарын дундаж температураас хоёр дахин хурдтай нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Мэдээж үүний нөлөөнд хөдөө аж ахуйн салбар илүү их өртсөн. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд хахир хатуу цаг агаар нь гэнэтийн зүйл биш хэдий ч өнгөрсөн жилүүдийн зуд, хуурайшилт, аадар бороо, их хэмжээний цас, элсэн шуурга, зэрэг байгалийн гамшгийн давтамж нь малчдын ахуй амьдрал, амьжиргаа, эдийн засагт ихээхэн хүндрэл бэрхшээл учруулсан юм. 

Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүс нутаг бүрд янз бүрийн байдлаар нөлөөлж байна. Жишээлбэл, далайн эргийн Гринланд, Антарктидын мөс, мөсөн голууд их хэмжээгээр хайлсны нөлөөгөөр далайн түвшин нэмэгдэж мөн далай тэнгист дулаарал явагдсаны улмаас усны түвшин далайн эрэг дагуудаа ихэссэн зэргийг дурдаж болно. Экосистем болон биологийн олон янз байдлын тоо хэмжээ, амьдрах орчин өөрчлөгдөж буй энэ цаг үед эл өөрчлөлтийг багасгах, түүнд дасан зохицох шаардлагтай болоод байна. 

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Монгол мал үндэсний хөтөлбөр нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах, бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгой, сүргийн бүтцийг бүрдүүлэх, даатгалын системийг хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,  мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлж, бэлтгэл, борлуулалтын сүлжээг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдээд бэлчээр, ус хомсдох, малын тарга хүч муудах, ашиг шим буурах, түүгээр дамжин орлого багасах гээд тоочоод байвал олон бэрхшээл малчдад учирдаг. Бэлчээрийн доройтлын талаар малчдаас авсан судалгаанд дан ганц уур амьсгалын өөрчлөлт бус хүний үйл ажиллагааны нөлөөллөөс хамаарч байна гэж дурдсан байдаг. Тухайлбал, олон цооног гаргаж газрын доорх усыг их хэмжээгээр ашиглах, бэлчээр нутгийг хашаалах, хүнд даацын машин механизм ихээр явах, газар цөмрөх, олон салаа зам үүсэх, түгээмэл тархацтай баялгийн уурхай ихээр ажиллах гэх мэт хүчин зүйлсийг дурдсан байна. 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийг дагаад дэд бүтэц, зам, барилга баригдах болсон нь бэлчээрийн талбайн хэмжээг багасгаж байна. Уул уурхай хөгжих нь нийгэм, эдийн засагт сайн үр нөлөөтэй ч ус, хөрсний бохирдол зэрэг сөрөг хүчин зүйлүүд нь хүн ам болон малын эрүүл мэндээр дамжин илэрч байгаа нь харамсалтай. Тиймээс нутгийн иргэд тогтвортой мал аж ахуй эрхлэх, үндсэн хуулиар олгогдсон нутаг орондоо чөлөөтэй амьдрах, хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд саад болж байна хэмээн үзэж уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай маргаан үүсгэдэг билээ. 

Зуны улиралд хэт халуун болж мал бэлчээрлэх цаг багасаж байгаа нь мал маллах арга ухаанд өөрчлөлт оруулсныг судлаачид мөн тогтоосон байна. Жишээлбэл, хашир туршлагатай малчид өглөө эрт сүүдэр дагуулж бэлчээрлүүлж малдаа махан тарга суулгадаг арга барилтай байсан нь сүүлийн үед байгаль цаг уурын нөлөөгөөр үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Судалгааны дүнгээс үзэхэд мал хувьд шилжсэнээс хойш хонины амьдын жин дөрвөн кг, ямааных хоёр кг, үхрийнх 10 кг-аар тус тус буурчээ. Ноос, ноолуурын гарц ч мөн дагаад буурсан. Энэ нь яваандаа малын бие давжаарах, ашиг шим муудах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Малын үүлдэр, угсааг  сайжруулан чанарыг дээшлүүлснээр мах, ноос, сүүний гарцыг нэмэгдүүлж цөөн тооны малаар хэрэгцээгээ хангах боломжтой гэдгийг малчид тэр бүр ойлгодоггүй. Малын тоог цөөрүүлснээр бэлчээрийн ачааллыг бууруулж, бэлчээрээс авах тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэн ашиг шимийг сайжруулах арга зам бий. Энэ нь нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад тустай бөгөөд мах, ноос, сүү үйлдвэрлэхэд ногдох хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж буй хэрэг юм. Тиймээс төр, засгаас цөөн тооны чанартай мал маллах, таваарын малыг өсвөр насанд нь богино хугацаанд бордон эргэлтэд оруулах, хагас суурин маллагаа руу шилжих, хамтын хүчээр хоршиж асуудлаа шийддэг байхад нь дэмжлэг үзүүлж байна. 

Манай улсын мал эмнэлгүүдийн нийтлэг үйлчилгээнүүд нь малын халдварт өвчнийг багасгах, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэснээр гарал үүсэл, ашиг шимийн гарц, эрүүл мэндийн асуудал тодорхой болж малын гаралтай бүтээгдэхүүний чанар баталгаажна. Ингэснээр олон улсын зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах боломжтой болох юм. Тиймээс төр засгийн зүгээс мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

Малчид өдөр тутам цаг агаар, бэлчээр нутгаа шинжин ажигладгаас үүссэн ерөнхий ойлголт нь цаг уурын өртөөний олон жилийн ажиглалт, статистик үр дүнтэй тохирдог гэсэн эрдэмтдийн судалгааны сонирхолтой үр дүн байдаг. Малчид олон жилийн туршид бүрэлдсэн мэдлэг, туршлагаа ашиглан байгалийн аясыг шинжих өөрсдийн итгэл үнэмшилтэй болдог нь өдөр тутмынхаа шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлэх үндэс болдог. Тиймээс нийгэм ба экологийн хүрээнд илэрч буй өөрчлөлтөд зөв дасан зохицоход хэрэгтэй мэдээ мэдээллийг олон талт эх сурвалжийг ашиглан уламжлалт ба шинэлэг байдлаар хослуулан цаг агаарыг мэдээлэх нь цаашид тун чухал болж байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн өвөлжөө, хаваржаа, зуслан, худаг усны байршил ойролцоо, нэг дороо байнга нутагладаг, бие биеэ сайн мэддэг малчид доройтож буй бэлчээрийн талбайгаа сэлгэн амраахад хамтран ажиллах хэрэгтэй. Манай оронд бэлчээр ашиглах аргыг улирлаар энгийн хуваарьтай ашиглах, хэсэгчлэн хашиж хуваарьтай ашиглах гэсэн хувилбаруудыг хэрэглэж ирсэн. Бэлчээрийг зуны улиралд сараар, жилээр сэлгэж ашиглах нь одоогийн нөхцөлд талхагдлыг бууруулах, бэлчээрээ тогтвортой ашиглах хамгийн оновчтой аргын нэг юм. Талхлагдсан бэлчээрийг сайжруулахын тулд урт хугацааны сэлгээний хувилбарыг орон нутгийн онцлогт тохируулан хийх хэрэгтэй байна. 

Ургамлын өсөлтийн хугацааг тохируулахын тулд бэлчээрийг сэлгэн ашиглаж нөхөн сэргэх, ургамал үржин олшрох боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Хэвийн бэлчээрийг тогтвортой ашиглая гэвэл богино хугацааны сэлгээг, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээе гэвэл урт хугацааны сэлгээг хуваарийн дагуу цаг тухай бүрд хийх хэрэгтэй. Үүний тулд малчид бүлэг хэсгээрээ хуралдаж тухайн нутаг бэлчээрт тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн зохицуулах талаар зөвшилцөж, доройтсон бэлчээрийг амраах схем, гар зургийг гаргаж сумын удирдлагуудтай хамтран ажиллавал үр дүнтэй төлөвлөлт болно. Одоогийн байдлаар зарим малчид нутаг орноо хамгаалах нэрийдлээр нэг доороо жилийн туршид амьдрах үзэгдэл сүүлийн үед элбэгшсэн. Энэ байдлаас нутгийн удирдлага, малчид өөрсдөө л зоригтой шийдвэр гаргаж тулгамдсан асуудлаас гарч чадна. 

Уур амьсгалын өөрчлөлт цаашид улам бүр нэмэгдэх нь тодорхой. Ирээдүйд үүсэж болох нөхцөлийг урьдчилан тооцоолж экологи, нийгэм эдийн засгийн онцлогт тохирсон бэлчээр ашиглалт ба хамгаалалтын хамгийн оновчтой төлөвлөгөө даруй авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, уламжлалт ухаан хоёрыг хослуулан цаг үетэйгээ зэрэгцэн алхах шаардлага байна. 

Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааныг тогтоон, үр дагаврыг бууруулах ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай. Энд зарим нэг сайн жишээг дурдвал, хүлэмжийн хийн өөрчлөлтөд нөлөөлж буй түлшний шаталтыг сайжруулах технологи нэвтрүүлсэн, малаас ялгарч буй хүлэмжийн хийг ашиглах технологийг үе шаттай нэвтрүүлж байгаа зэргийг дурдаж болно. Цаашид байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийснээр хүлэмжийн хийг багасгаж агаар мандалд ялгарахаас урьдчилан сэргийлж чадна. 

Энэ жилийн зуд, гамшгийн нөхцөл байдлын сургамжид тулгуурлан тархай бутархай нүүдлийн мал аж ахуйг хагас суурин маллагааны хэлбэрт шилжүүлэх, хамтарч хоршиж асуудлаа шийдэхэд анхаарч Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульийн төслийг боловсруулан шат шатны хэлэлцүүлгүүдийг хийж байна. Хуулийг хэрэгжүүлэх “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх таван их наядын цогц төлөвлөгөө”-г мөн боловсруулж эхэлжээ. 

Малын тооны өсөлт, хагас суурин маллагааны арга барилын улмаас малын нэмэлт тэжээл тариалах, тэжээлийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. Бэлчээрээ дагаад малчид баруунаасаа зүүн тийшээ нүүдэллэх нь ихсэж, хадлангийн нөөц рүүгээ орж эхэлсэн. Зүүн талын хөрс сийрэг, эмзэг байдлыг урт хөлийн мал болох үхэр, адуу ихээр талхалж байгаа нь тухайн аймаг сумдын удирдлагад асуудал дагуулж байна. Бэлчээр доройтоод, малын тоо өсөөд байвал тэжээлийн хомсдол бий болж малын эрүүл мэнд муудан хорогдол ихсэх, нэг малаас авах бүтээгдэхүүний гарц буурч, үүнийгээ дагаад малчдын орлого ч багасна. Энэ нь цааш үргэлжилбэл бэлчээрийн талхагдал улам эрчимжиж, ядуурал нэмэгдэхэд хүргэх юм. Тиймээс малын үүлдэр угсаа, эрүүл мэнд, тэжээлийн чанарыг сайжруулснаар малын ашиг шим нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшилж, цаашлаад бэлчээрийн ургамлын нөхөн сэргэх нөхцөл бүрдэнэ. 

ХХААХҮЯ-ны зүгээс тариаланчдад тэжээлийн ургамал тариалахад нь үр, бордоо, шатахууны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Малчид өөрсдөө ч өвөлжөө, хаваржаандаа ногоон тэжээл тариалах, хөрсгүй технологи  ашиглан өвөл, хаврын улиралд шинэ ногоон тэжээл тариалж ашиглах зэргээр тэжээл тариалалт шинэ түвшинд гарах юм. 

Уур амьсгалтай холбоотой санаа зовоож буй өөр нэг асуудал нь усны эх үүсвэрүүд эрчимтэйгээр ширгэн устаж байгаа явдал юм. Олон зуун гол горхи, булаг шанд, нуур цөөрөм хатаж ширгэсний улмаас үлдсэн цөөн тооны усны ундаргаа дагаж бэлчээрлэсэн малын хэт төвлөрөл нь бэлчээрийн доройтлыг ихэсгэж, ургамлын гарц буурахад нөлөөлж байна. Энэ зууны эхээр 3000 орчим усны эх үүсвэр ширгэсэн хэмээн бүртгэгдсэний тоонд 680 гол, 760 нуур цөөрөм багтжээ. Мөн гүний усны ундарга улам л доошилж байна. Тиймээс гүн өрмийн худаг гаргах зардал жилээс жилд өсөж байгаа нь малчдад хүндээр тусч байна. 

ХХААХҮЯ бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад сүүлийн жилүүдэд жилд 1.5-10.0 хүртэл тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган 200-300 худаг жилдээ шинээр гарган малчдад дэмжлэг үзүүлж байна. Ер нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх асуудал нь маш олон салбарын, олон талын оролцоотой хийгдэх ажил юм.

 

 

 

 

Mongolian Economy