Төрөлжүүлэх зорилт
“Бүх өндгөө хэзээ ч битгий нэг сагсанд хий”. Энэ бол төрөлжилтийн тухай онож хэлсэн нэгэн сонирхолтой хэлц үг. Хэрэв сагсаа унагавал бүх өндгөө хагална. Энэ жишээ нь шууд утгаараа хөрөнгө оруулалтын эрсдэлийн тухай ярьж буй хэрэг. Тэгвэл уг хэлцийг манай арилжааны банкуудын өнцгөөс харвал, тэд голдуу иргэдийн хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, нэг зах зээл дээр өрсөлдөж, хөрөнгө оруулж байна.
2019 онд банкуудын олгосон зээлийг харвал, хэрэглээний зээл 7.7 их наяд төгрөг буюу 36.4 хувь, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний зээл 6.2 их наяд төгрөг буюу 29.5 хувь, уул уурхай, олборлолтын зээл 1.6 их наяд төгрөг буюу 7.4 хувь, барилга угсралтын үйл ажиллагаатай холбоотой зээл 1.2 их наяд төгрөг буюу 5.8 хувь, боловсруулах үйлдвэрлэлийн зээл 1.1 их наяд төгрөг буюу 5.4 хувийг тус тус эзэлж байгаа юм. Эндээс банкуудын олгож буй санхүүжилт нь эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх бүтээн байгуулалт болж чадахгүй байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхлэхэд банкуудын олгосон дийлэнх зээл эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн оноос банкны системд зээлийн эргэн төлөлтийн доголдол үүсэж эхэлсэн бөгөөд 2020 оны зургаадугаар сарын байдлаар анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь харгалзан 7.3 хувь, 9.8 хувь болж өссөн, нийт эргэн төлөлтийн доголдолтой зээлийн дүн 2.9 их наяд төгрөгт хүрлээ. Тухайлбал, банкны салбарын анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл өмнөх жилийн мөн үеэс 19.7 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувиар тус тус өссөн байна.
Бизнесийн загвараа шинэчлэе
Банкууд үйл ажиллагаагаа төрөлжүүлж, ялангуяа томоохон төслүүдийг санхүүжүүлэх чиглэлд ажиллаж эхэлбэл, цар хүрээгээ дагаад банкуудын актив тэлэхийн зэрэгцээ бизнесүүдийг дэмжиж, эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан эдийн засагч Н.Энхбаяр хэлсэн. Монгол Улсад өнөөдөр арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа ч бүгд нэг загвараар, адилхан бүтээгдэхүүнтэй байна. Гэтэл олон улсад хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагууд зэрэг банктай зэрэгцээд олон төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгодог. Тухайлбал, хамгийн ойрын жишээ болох “Оюу толгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд Европын сэргээн босголтын банк, Олон улсын санхүүгийн корпораци (IFC), экзим банкууд оролцож Дэлхийн банкны Батлан даалтын групп хамтран оролцож батлан даалт хийсэн.
Энэ мэтчилэн байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг манай ХАА-н салбарт, бүтээн байгуулалт нь удаан хугацаанд үргэлжилдэг төслүүдэд олон төрлийн санхүүжилтийн үйлчилгээг санал болгох шаардлага буй. Банкуудын хувьд томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг, ЖДҮ, экспортыг дэмжсэн чиглэлд дагнан ажилладаг, эсвэл зөвхөн ипотекийн зээл гаргадаг банк байдлаар цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг төрөлжүүлж тодорхойлох боломжтой гэж Монголбанк үзэж байна.
Зарим оронд тухайлбал, тодорхой газар зүйн байршил, бүс нутаг, орон нутгийн засаг захиргааны нэгжид банкны үйлчилгээ үзүүлдэг бүс нутгийн банкууд байдаг. Тухайлбал, Азийн улс орнуудаас Энэтхэг, Индонез, Европоос Герман, Австри, Испани зэрэг улсад тодорхой бүс нутагт оршин суугч иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэх, алслагдсан болон жижиг хот, суурин газрууд дахь санхүүгийн хүртээмжийг сайжруулах, улмаар тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой бүс нутгийн банкууд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс ХБНГУ-ын бүс нутгийн банкууд нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд тус улсын банкны системийн нийт активын 40-50 хувийг бүрдүүлж, банкны системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээр дурдсан бүс нутгийн банкууд нь голчлон төрийн өмчит буюу тухайн бүс нутгийн засаг захиргааны харьяа бөгөөд бизнесийн загвар нь тухайн үйл ажиллагаа эрхэлж буй бүс нутгийн эдийн засгийг дэмжих, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна.
Sparkassen буюу Хадгаламжийн банк нь тодорхой бүс нутгийн иргэдийн орон сууцны болон өрхийн бусад зээл, жижиг, дунд бизнесийн зээлийг санхүүжүүлдэг бол Landesbanken буюу Бүс нутгийн банк нь хадгаламжийн банкуудыг эх үүсвэрээр хангах, тухайн бүс нутагт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлд засаг захиргааны харъяа нэгж байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс ч энэ удаагийн банкны шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд, банкуудын үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэн харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох зорилтыг дэвшүүлж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр зорьж байна.
Цахимжилт
Банк, санхүүгийн салбарт хийх ээлжит нэгэн төрөлжилтийг финтек буюу санхүүгийн технологи гэж тодорхойлжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын нөлөөгөөр санхүүгийн технологи дэлхий даяар эрчээ авч байна. Apple, Samsung, Viber зэрэг технологийн компаниуд өөрсдийн төлбөрийн систем, цахим мөнгө, төлбөрийн карт зэргийг хэрэглээнд нэвтрүүлж санхүүгийн салбарын хүртээмжийг тэлж байна. Үүнтэй адил Монголд ч гэсэн “Лэндмн ББСБ” Супер Апп, “Ард Крэдит ББСБ” Ард хэтэвч, “Мобифинанс ББСБ” Монпэй аппликэйшнуудыг ашиглан цахим мөнгийг хэрэглэгчдэд санал болгож эхэлсэн. Цахим мөнгийг хэрэглээнд нэвтрүүлж буй нь цаас, бэлэн мөнгө ашиглалгүйгээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх, ашигт ажиллагаа нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлаа бууруулах давуу талтай.
2020 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 6.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний цахим мөнгө эргэлтэд гарчээ. Цаашид финтект суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих үүднээс Монголбанкнаас суурь дэд бүтцийг бий болгож, эрх зүйн зохицуулалт, бодлогыг гарган ажиллаж байна. Тухайлбал, “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийг санаачлан батлуулсны үр дүн нь эдгээр компани аль хэдийн зах зээлд танигдаж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа явдал юм.
Харин арилжааны банкуудад цахимжилт хэрхэн явагдаж байна вэ? Монгол Улсын хэмжээнд бүх төрлийн төлбөр, тооцоо гүйлгээний 90 орчим хувь нь цахимаар буюу интернэт банк, ухаалаг гар утасны апп, төлбөрийн карт ашиглах байдлаар хийгдэж байна. Засгийн газраас цахим улс болох зорилготой E-Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Цахимжих үйл явцыг хувийн хэвшил, тэр дундаа банкууд манлайлж байгаа билээ. Цахим бизнес хөгжлийн төвөөс 2017 онд гаргасан судалгаагаар банкны салбарын нийт хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь өдөр тутамдаа гар утасны аппликэйшн ашиглан үйлчилгээ авдаг гэж байжээ. Хэдий банкны шинэтгэлийн бодлогын хүрээнд финтек банкны тухай ойлголтыг оруулсан боловч энэ салбар нь угаасаа цахимжсан салбар гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Өнөөдөр банкуудын үйл ажиллагаанд цахимжаагүй, цаасаараа үлдсэн ганц зүйл нь өөрийн биеэр очиж гарын үсэг зурах бөгөөд үүнийг шийдэхийн тулд тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. Тэгвэл Монголбанк нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Төлбөрийн системийн шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж, тоон гарын үсгийн системийг аль суурилуулжээ.
Цаашид Үндэсний дата төвийн нэгдсэн тоон гарын үсгийн системд холбогдон, зөвшөөрөл авснаар хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Update хийе
Технологийн шинэчлэлт хийх шаардлагатай, шинэчилж байгаа нэг төлбөрийн хэрэгсэл бол төлбөрийн карт. Тухайлбал, бидний өдөр тутам хэрэглэж буй төгрөгийн карт буюу ₮ картанд ашигладаг соронзон туузан технологийг 1970-аад онд зохион бүтээж байжээ. Тиймээс уг картны нууцлал, аюулгүй байдлыг олон улсын түвшинд нийцүүлэх үүднээс EMV стандартын шаардлага хангасан чиптэй болгох гэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголбанкнаас уг ажлыг олон улсын “Мастеркарт” байгууллагатай хамтран хэрэгжүүлж, шинэ чиптэй картыг энэ ондоо багтаан хэрэглээнд нэвтрүүлэх аж. Ингэснээр картыг төхөөрөмжид ойртуулах төдийд уншиж, гүйлгээ хийдэг болно.
Мөн одоо ашиглаж буй банкны ATM, бусад төхөөрөмжийг 2016 оноос хойш энэ төрлийн чиптэй карт унших боломжтой байхаар технологийн шаардлага тавьж буй. Тиймээс ойрын 2-3 жилд хуучин картыг сольж, чиптэй картыг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхээр зорьж байна. Чиптэй карттай болсноор мэдээж нууцлал, аюулгүй байдал сайжирна. Үүнээс гадна 100,000 төгрөг хүртэл дүнтэй гүйлгээ хийхэд пин код шаардахгүй болно. Цаас, баримт хэвлэж гарын үсэг зурдаг процесс алга болж, ачаалалтай газруудад төлбөр хийх хурд 10 дахин буурах юм. Мөн чип дотор нэмэлт мэдээлэл суулгаж янз бүрийн хөнгөлөлт, лояалти үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд санал болгох, цаашлаад нийтийн тээвэр, авто зогсоол, улсын чанартай авто замын төлбөр зэрэг төрийн үйлчилгээнд ашиглах боломж бүрдэнэ.
Банкуудын төлбөр тооцоо, гүйлгээг түргэн, шуурхай гүйцэтгэхэд чиглэсэн технологийн бас нэгэн шинэчлэлтийг Монголбанкнаас нэвтрүүлсэн нь АСН plus буюу Автомат клиринг хаус систем. Гурав хүртэлх сая төгрөгийн буюу бага дүнтэй гүйлгээ бодит цагийн горимоор, гүйлгээ хийгдсэн даруйд тухайн хүний дансанд орох боломжтой болоод удаж байна. Тэгвэл уг суурь систем дээр суурилаад QR код уншуулах, Direct debt буюу хэрэглээний төлбөрөө урьдчилан бүртгүүлж автоматаар төлөх зэрэг финтек үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Мөн заавал нэр, дансны дугаар ашиглалгүйгээр гар утасны дугаар эсвэл имэйл хаягаар гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхээр Дансны нэгдсэн сан бий болгохоор зорьж байна. Ингэснээр гүйлгээ хийх хугацаа багасч, уг систем дээр суурилсан финтек компаниуд, үйлчилгээний шинэ боломжууд нэмэгдэх юм.
Банкны шинэтгэлийн хүрээнд хяналт, шалгалтын тогтолцоог цахим хэлбэрт оруулах буюу Регтек технологийг нэвтрүүлэхийг зорьж буй. Тэгвэл Монголбанкнаас уг ажлыг эхлүүлэн, Fi¬nancial Auditing системийг нэвтрүүлэн банкуудын тайлан, мэдээг цахимаар хүлээн авч эхэлжээ. Олон улсын томоохон банкууд харьяандаа мэдээллийн технологийн баг бүрдүүлж, Регтек систем нэвтрүүлж байгаа бол энэ төрлийн программ хангамжуудыг худалдан авч, үйл ажиллагааныхаа онцлогт тохируулан ашиглах боломж мөн бий.
Өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж буй технологийн нөлөөгөөр банкны салбарт шинэчлэлт хийгдсээр байна. Банкны салбарын шинэтгэлийн бодлого энэ өөрчлөлтийг өөрийн орны онцлогт нийцүүлэн шинэчлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр тусгажээ.