Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ

B Shurenchimeg
2024-03-14 17:54:00
Ангилал:

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх шийдэл, гарц гаргалгаа, хот төлөвлөлтийн алдаа болон бусад асуудлыг засан сайжруулах боломжийн талаар хэлэлцэх “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд болж байна.

Уг чуулганаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд чуулганы хэлэлцүүлэг өрнүүлж буй.

“Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот” сэдэвт нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, дагуул хот байгуулах, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр, нар оролцсон. 

Хуралдаанд оролцогчид нутаг дэвсгэрийг бүсчлэн ангилж, сул хөгжилтэй бүс хийгээд хөгжлийн ирээдүй сайтай бүс нутаг, хот суурин тус бүрд ялгавартай бодлого явуулах нь хөгжлийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх хамгийн зөв шийдэл гэдэгтэй санал нэгдэж байсан юм. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Хотын дарга асан Ү.Бат-үүл цаасан дээр дагуул хот байгуулах амархан ч бодит ажил хэрэг болгож иргэдийг суурьшуулах нь амаргүй гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр “Дагуул хот бол ороод гардаг оффис биш. Тэнд сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээ, бүх төрлийн бизнес, аятай тухтай орчин гээд он удаан жил амьдрах боломж бололцоог бүрэн бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс дагуул хот байгуулах тал дээр бид маш сайн ул суурьтай хандах ёстой. Дагуул хот байгуулах судалгааг маш нарийн хийж, тоо баримтуудыг дахин дахин нягтлах хэрэгтэй. Олон улсад ч дагуул хот байгуулах нь хамгийн эрсдэл дагуулсан ажил гэж үздэг. Хятад улс маш олон дагуул хот, аж үйлдвэрийн парк байгуулсан ч ихэнх нь амжилттай бололгүй, дампуурсан жишээ бий.” гэлээ. 

Харин Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж дагуул хотоос гадна аж үйлдвэрийн парк байгуулах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжийн нэг нь чөлөөт бүс байдаг. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэхэд хамгийн таатай орчинтой байх ёстой. Мөн чөлөөт бүс, боомтуудыг дагаж шинэ суурьшил, шинэ хот үүсдэг гэдгийг онцолсон. 

Мөн тэрбээр “Улаанбаатар хотод заавал төвлөрөлгүйгээр тээвэр логистик, худалдаа үйлчилгээний HUB-уудыг хоёр талд нь байгуулах төлөвлөлтүүд хийх ёстой. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа Хөшигийн хөндийг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын болон улс төрийн дэмжлэг үзүүлж, газар олгох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

 

 

 

 

 

B Shurenchimeg