Улаанбаатарыг үнэд оруулах хууль
Улаанбаатарчууд саяхан нийслэл хотынхоо 382 жилийн ойг тэмдэглэсэн. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нийслэл танигдахын аргагүй өөрчлөгдсөн. 1994 онд 117 хороотой, 609 мянган оршин суугчтай байсан бол одоо 173 хороотой, 1.5 сая орчим оршин суугчтай болж хүн ам нь бараг гурав дахин өсчээ.
Эдийн засгийн хувьд ч эрс ялгаатай болсон. Монголд бүртгэлтэй ААН-үүдийн 60 гаруй хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, төвлөрлийн хамгийн том цэг болсон. Зах зээлийн хуулиараа бол төвлөрөл ихтэй газар хөгжил ирдэг. Гэвч нийслэлийн хувьд эсрэгээрээ хөгжлийн хурд нь төвлөрлийн хурдаасаа хол хоцорчээ. Өнгөрсөн гучаад жилд хотын 100 асуудал тутмын 90 нь шийдэгдээгүй хуримтлагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
Оршин суугчдад авах ёстой үйлчилгээ нь маш олон ч тэдгээрийг хангах санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамж хотын удирдлагад байхгүй байсаар өнөөг хүрчээ. Харин өнгөрсөн долдугаар сард УИХ-ын баталсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ байдлыг эрс өөрчилнө гэж хууль санаачлагчид, хотын удирдлагууд үзэж байна.
Аварга биет амь орно
Капиталистын нүдээр харахад хүн, машин чихэлдүүлэх чадалтай хот тэр хэрээрээ мөнгө олох боломжтой байх ёстой. Газартай хүн баян гэдэг логикоор авч үзвэл нийслэл хот одоо байгаа газар, орон зайгаа ухаалаг ашиглаж маш их хэмжээний хөрөнгө оруулалт татах арга зам олон арваараа бий. Нийслэлийн өмчид бүртгэлтэй нийт 770 орчим үл хөдлөх хөрөнгө байдаг ч үл хөдлөхөөс олдог татварын орлого өчүүхэн. Нийт дөрвөн их наяд гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Улаанбаатар хот төрийн өмчийг ашиглуулсны төлөө ердөө гурав орчим тэрбум төгрөгийн орлого олж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар баян байх бололцоотой ч түүнийгээ ашигладаггүй.
Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх хууль хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот төсөв санхүү, эрх зүйн байдал, хөрөнгө оруулалт татах чадамжийн хувьд өмнөхөөс хамаагүй бие даасан болох учиртай.
Улаанбаатар түгжрээтэй, бохирдолтой, хэтэрхий ачаалалтай гэж ярьдаг ч энэ их ачааллыг бий болгож буй хотыг өөрийг нь эдийн засгийн талаас нь дүгнэсэн мэргэжлийн дүгнэлт одоо хүртэл байдаггүй. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй “Улаанбаатар” гэдэг орон зайн хувьд эдийн засгийн дүгнэлт огт байхгүй. Эндээс “Ер нь Улаанбаатар хот ямар үнэтэй вэ?” гэсэн асуулт гарч ирнэ. Харамсалтай нь одоогоор гадна, дотны хөрөнгө оруулагчдад хэлчих нийслэлийг эдийн засаг талаас нь үнэлсэн тоо байхгүй. Энэ бүхний гол алдаа нь Улаанбаатарыг хот буюу “нийгэм-эдийн засгийн цогцолбор” гэдэг өнцгөөс хөгжүүлж чадаагүй, зөвхөн засаг захиргааны нэгж гэдэг талаас нь авч үзсээр ирсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.
Шинэчлэн баталсан хууль нь нийслэл хотыг хөрөнгө оруулалт татах сонирхолтой орчин болгох ёстой. Бизнесмен хүний нүдээр харвал онгоцны билетээ хямдруулаад Хөшигийн хөндийд жуулчдыг хэдэн мянгаар нь “асгах” бололцоо бий. Хүй Долоон худагт морин тойруулгын орчин үеийн төв байгуулж, дэлхийн хамгийн хурдан морьдыг уралдуулах боломж байгаа. Зайсангийн аманд том казино байгуулан дэлхийн баячуудыг тоглуулж, түүнээс нь татвараа аваад суух гарц бий. Тэрэлжид маш том усан парк, наадам цэнгээний цогцолбор барьж жуулчдыг зугаацуулах потенциалтай. Энэ бол мөрөөдлийн жагсаалт биш, харин зах зээлийн бодит боломж юм.
Шинэчилсэн хуулиар Улаанбаатар хот бие даасан төсөвтэй, үнэт цаас гаргах, концесс олгох, хотын албан татвартай болон нийслэлийг хөгжүүлэх тусгай сантай байх эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, нийслэл өөрийн өмчөө зах зээлийн эргэлтэнд оруулан арвижуулах боломжтой болж, аварга биет амь орно.
Хотын асуудлыг зөвхөн тендерээр шийдэх боломжгүй
2022 онд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ санхүүжилтыг зөвхөн замын түгжрэлд бус нийтийн тээврийн парк шинэчлэл, дэд бүтэц, зам засвар, үйлчилгээ гээд олон асуудалд зарцуулна гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ярьж байв.
Нийслэлийн төсвийн зарлага (мян.төг)
Харин хотын асуудлыг хувийн хэвшлийн оролцоогүй шийдэх боломжгүй. Нийслэлийн удирдлагууд ч үүнийг сайн ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Учир нь зөвхөн төсвийн мөнгөөр тендер зарлаж хотын асуудлыг цэгцлэх бололцоогүй. “Тиймээс асуудал болгоныг бизнес төсөл болгох шаардлагатай. Бидэнд шинэ амьдрах арга ухаан хэрэгтэй. Үүний шинэ түнш нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшил юм” гэж Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Р.Дагва хэлэв. Өөрөөр хэлбэл, дээрх хууль нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан эдийн засгийн эргэлтэд оруулж төр, хувийн хэвшил, олон нийт гээд бүх тал өгөөж хүртэх, ажлын байр бий болгох, Улаанбаатар хот хувийн хэвшилд хаалгаа нээх эхлэл гэж үзэж байна.
Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нийслэл дагуул хоттой, тусгай бүстэй байхаар зохицуулсан. Тусгай бүсэд хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд татварын болоод татварын бус дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, дагуул хот, тусгай бүс нь Улаанбаатарын эдийн засгийн үндсийг бүрдүүлэх шинэ орон зай болох юм. Жишээ нь, Хөшигийн хөндийд нээгдээд удаагүй байгаа шинэ нисэх онгоцны буудалд үндэслээд анхны дагуул хот бий болно. Одоогоор нисэхийн ажилтнууд, тэднийг дагаж очих бизнес, төрийн үйлчилгээ гээд 2000 ажлын байр бий болох эхлэл тавигдсаныг уг төслийг удирдсан Н.Энхбат ярьж байлаа. Ойрын ирээдүйд 2000 хүн ажилтай болж, хүн болгоныг дагаж 3-5 хүн очно гэхээр 6-10 мянган хүн Хөшигийн хөндийд суурьшиж, түүнийг даган бизнесүүд очин дагуул хот утгаараа үүсэж хөгжих юм.