Х.Батжаргал: Салбар, яамдын уялдаа холбоо сайжирч, асуудлаа нэг хавтгай дээр хардаг болно

B Shurenchimeg
2021-11-17 18:26:50
Ангилал: Эдийн засаг

Эдийн засаг, хөгжлийн яамыг Үндэсний хөгжлийн газрын бааз суурьд тулгуурлан байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс тус газрын дарга Х.Батжаргалаас шинэ яам байгуулах шаардлага, ач холбогдлын талаар тодрууллаа. 

-Шинэ яам байгуулснаар төрийн нүсэр зардал улам нэмэгдэнэ гэж шүүмжлэх хүмүүс байна. Таны хувьд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахын гол ач холбогдол юунд оршиж байна вэ? 

Монгол Улсын 2022 оны төсөв батлагдахтай зэрэгцэн Эдийн засаг, хөгжлийн яам  байгуулах тогтоолыг УИХ баталлаа. Эдийн засаг, хөгжлийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд тодорхойлж, хяналт тавьдаг, уялдаа холбоог нь хангадаг төр захиргааны байгууллага бий болгох зайлшгүй шаардлага бий. 

Хоёрдугаарт, нэгдмэл бодлогыг орон нутаг, бүсийн бүх түвшинд хүргэж, төсөв санхүүгийн асуудлыг дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Яамдууд ч харилцан хамааралтай ажиллаж, нэг хавтгай дээр асуудлаа харах нь илүү оновчтой. Өнөөдөр яамдууд өөрсдийн салбарыг анхаараад явж байна. Гэтэл ямарваа ажлыг хэрэгжүүлэх болоход дан ганц тухайн салбарын асуудал яригддаггүй. Цогц бодлого тодорхойлох шаардлагатай болдог. Мега төсөл хэрэгжүүлэхэд л байгаль орчин, эрчим хүч, барилга, зам тээвэр гээд бүх салбарын асуудал яригддаг. Тэгэхээр энэ бүх салбар нэгдсэн бодлого, төлөвлөлттэй байх ёстой. Энэ хэрэгцээ шаардлага, орон зайг нөхөхөөр УИХ-ын тогтоолоор шинэ яам байгуулахаар баталлаа. Олон улсад ч ийм жишгээр явдаг.

Түүх сөхвөл 1924 оны арваннэгдүгээр сарын найманд Ардын их хурлаар анхдугаар Үндсэн хуулиа баталж,  улс орны хөгжил, эдийн засгийн бодлогыг тусад нь авч үзэхгүй бол сангийн асуудал хариуцсан байгууллага хүчин мөхөсдөх юм байна гэж үзсэн байдаг. Тийм ч учраас эдийн засгийн бүх хэргийг хамаарах зөвлөлийг 1924 оны арваннэгдүгээр сарын 18-нд баталж байсан. Тухайн үед сангийн асуудал, санхүү, эдийн засгийн асуудал тусдаа гэж үзэж байсан хэрэг.

-Салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, удирдлагаар хангах асуудлыг агентлаг шийдвэрлэх боломжгүй гэж ойлгож болох уу? 

-Яам хоорондын үйл ажиллагааг агентлаг зохицуулна гэж байхгүй. Үндэсний хөгжлийн газар бодлого боловсруулж яамд хоорондын үйл ажиллагааг зохицуулах механизм, статусгүй. Харин Эдийн засаг, хөгжлийн яам стратегийн удирдлагын төрийн төв байгууллага байх ёстой. Ийм болгож чадвал яамдын үйл ажиллагааг шуурхай зохицуулна. Шаардлагатай зүйлд хөрөнгө, мөнгийг нь төвлөрүүлнэ. Асуудлын эрэмбэ, ээлж дарааллыг тогтооно.

Хоёр барилга барих байлаа гэхэд алинд нь түрүүлж хөрөнгө оруулж, шуурхай удирдлага, стратегиэр ханган нэгдсэн бодлогоор залж явахаа шийдэх юм. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед эдийн засгийн хөгжлийг нэгдсэн бодлогоор зохицуулдаг яамтай болохгүй бол бодит үр дүнд хүрэхгүй. 

Эдийн засаг, хөгжлийн сайдын үндсэн чиг үүрэг юу байх вэ? 

-УИХ-ын тогтоолд Эдийн засаг, хөгжлийн сайд нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг салбар хооронд төдийгүй  улс орны хэмжээнд нэгдсэн бодлого уялдаагаар хангана гэж заасан. Ингэснээр дунд, урт хугацаанд макро эдийн засаг, зээл тусламж, бүсчилсэн хөгжил ямар байх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хэр хэмжээнд хүрэх зэрэг асуудлыг салбар, агентлаг бүрт уялдуулах боломж бүрдэнэ. Тэгэхээр Эдийн засаг, хөгжлийн яам нь манай улсын хөгжлийн хурдасгуур болох юм. Энэ ч утгаараа маш их хүлээлттэй байна. Төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд сайхан дардан зам дээр хурдалмаар байна шүү дээ. Хэрэв шинэ яамтай болбол салбар хоорондын уялдаа холбоогүй байдлаас болоод ажил удааширдаг байдал засарна.

 

 

B Shurenchimeg