“Хаалттай” соён гэгээрэл

Zoltsagaan Zol
2021-08-23 11:16:56
Ангилал: Соёл урлаг

Соёл урлагийн байгууллагууд Ковид-19 цар тахлаас шалтгаалж “хөл хорио”-нд хамгийн удаан байсан байгууллагуудын жагсаалтад дээгүүр бичигдэж байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улс улаан, улбар шар зэрэглэлд шилжих бүрт бусад салбарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд нээгдэж байсан атал соёл, урлагийн байгууллагуудад энэ ойлголт огтхон ч хамааралгүй байсаар өдий хүрэв. 

Mongolian Economy сэтгүүл музей, кино театруудын үйл ажиллагаанд цар тахал хэрхэн нөлөөлж буй талаар зарим байгууллагаас тодруулга авсан юм. 

 

Виртуалаар музей үздэг болно 

Үндэсний түүхийн музейн Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг:
Манай музей Соёлын яамнаас баталсан цар тахлын үед ажиллах журмын дагуу, мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр 25-30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулж байна. 

Үндэсний түүхийн музей 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хэсэгчилсэн хөл хорионоос шалтгаалж ажиллаагүй бол, 2021 онд бүх нийтийн хатуу хөл хорионы үеэр ажиллаагүй. Манай 60 гаруй ажилтан энэ хугацаанд онлайн болон оффисоор хуваагдаж ажилласан. 2021 оны эхний хагас жилийн байдлаар манай музейгээр 700 орчим үзэгч үйлчлүүлжээ. 

Бид хөл хорионы үеэр AR технологи ашиглан виртуал “Эзэнт гүрний танхим” хийсэн. Цаашдаа тус технологиор музей үзэх, 360 хэм виртуал галерей бүтээхээр ажиллаж байгаа. Монголчууд вэб сайтаар зочилж мэдээлэл авахаас илүү фэйсбүүк, инстаграм түлхүү ашигладаг учир эдгээр платформ дээр түлхүү мэдээлэл орууллаа. Түүнчлэн үзэгчдэд зориулж цахим хуудас, сошиалдаа видео, үзмэрийн тайлбар оруулах гэх мэт ажлыг хийсэн. 

Үндэсний түүхийн музей цар тахлын ихэнх хугацаанд ажиллаагүй ч гурван тусгай үзэсгэлэн гаргасан. Эдгээр нь маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 115 жилийн ойд зориулан түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлсээр гаргасан, Үндэсний их баяр наадмаар Үндэсний архивын газартай хамтарсан, мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгүүд юм. 

Санхүүгийн тухайд төрийн байгууллага учир цалингаа тогтмол тавьж, урсгал зардлаа өөрсдөө хариуцаж байсан. Музей хүмүүст үйлчлэхгүй, үйл ажиллагааны орлого байхгүй болохоор дотоод үйл ажиллагаа, судалгаа их хийгдсэн. 

Бид оны өмнө нөхцөл байдлыг өөдрөгөөр төсөөлж, 2021 оны зун жуулчид авна гэж төлөвлөсөн байлаа. Гэвч цар тахлаас болж, жуулчид авч чадахгүй тул гэртээ хөл хорионд уйдаж байгаа хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар шийдсэн.

Цаашлаад аялал жуулчлалын байгууллагуудтай хамтарч, VR үзэсгэлэн гаргах, төлбөртэй лайв хийх гэх мэт боломжуудыг судалж байна. 

Мөн хүүхдийн музейн боловсрол, тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан сургалтын үйл ажиллагаа маань тасалдсан. Тиймээс эдгээрийг онлайн болгохоор туршиж үзэхэд манай улсад музейн дижитал, нээлттэй нэгдсэн программ хангамж дутагдалтай байгаа нь ажиглагдсан. Япон улсад л гэхэд үзмэрийн 60 хувийг олон нийт нээлттэй үздэг төвлөрсөн вэб сайт байдаг. Манайд ийм тогтолцоо хэрэгтэй. Тиймээс музейн үзмэрийн санг нээлттэй болгох, дижитал үйлчилгээг нэвтрүүлэх ажил хийхээр төлөвлөсөн. 

Цар тахлын үеэр сургууль, сургалтын байгууллагуудтай хамтарч музейн үзмэрийг онлайн хичээлээр оруулах, сургалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. 

 

Музейг соёл урлагийн байгууллагад хамааруулж ойлгож болохгүй

Байгалийн түүхийн музей Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат:

Монгол улс улаан зэрэглэлд шилжсэнээр 2021 оны хоёрдугаар сараас долдугаар сар хүртэл зургаан сарын турш ажиллаагүй. Соёл урлаг, үзвэр үйлчилгээний ангилалд музей багтдаг учир хоёр жилийн турш үзэгчгүй, үйл ажиллагаа маань тасалдсан. Байгалийн түүхийн музей орлогоороо бусдыг тэргүүлдэг ч хөл хорио, жуулчдын хөл тасарсан зэрэг нь орлогогүй болох шалтгаан болсон. 

Манай музей 325 м.кв талбайтай, дөрвөн танхим, 12 мянга гаруй үзмэртэй. Бид хөл хорионы үеэр музейн үзмэрүүдийг сэргээн засах, шинэ музейн судалгаа хийх, нийтэд үйлчлэхээс бусдаар УОК-ын шийдвэрийн дагуу ажиллаж байсан. 

 

Нэг санал хэлэхэд музейг соёл урлагийн байгууллагад хамааруулж, кино театр гэх мэт бусад үзвэр үйлчилгээний байгууллагуудтай адилтгаж ойлгож болохгүй.  Учир нь музей бол нэгдүгээрт, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ, эсвэл сургуулийн найз нөхөдтэйгөө үйлчлүүлдэг газар. Хоёрдугаарт, ерөнхийдөө цөөн үзэгчтэй учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах бүрэн боломжтой.

Бид тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдрөөр “Байгалийг ойроос” нэртэй дөрвөн улирлыг мэдрэх боломжтой шинэ танхим нээх гэж байсан боловч хатуу хөл хорионд орсны улмаас хэрэгжүүлж чадаагүй.

Одоогийн байдлаар үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, татах маркетингийн ажлуудыг хийж байна. Тухайлбал, цахим музей, 360 виртуал музейн ажил эхэлсэн. Энэ нь гадаад дахь үзэгчдэд гэрээсээ цахимаар манай музейг үзэх боломжийг олгох юм. 

 

Бид өнөөдрийг хүртэл нэг ч ажилтнаа халаагүй

Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригт:

Тэнгис кино театр 2020 онд 147 өдөр, 2021 онд 20 орчим хоног ажилласан буюу сүүлийн хоёр жил бараг сул зогслоо. Цар тахал дэгдсэнээс хойш УОК-оос гаргасан удирдамж, олон улсын кино театруудын мөрдөж ажиллаж байгаа журмуудыг Монголдоо нэвтрүүлж ажилласан. Өнгөрсөн жил долдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Тэнгис кино театр  30-50 хувийн суудал дүүргэлттэй үзэгчдэд үйлчилсэн. Олон улсын жишгээс харахад кино театраа хаасан, хаагаагүй, суудал дүүргэлтийг нь хязгаарласан гээд төрөл бүрийн арга хэмжээ авч байна. 

Манай 80 гаруй ажилтан цалин орлогогүй болсон ч, бид өнөөдрийг хүртэл нэг ч ажилтнаа халаагүй, НДШ-ийг нь таслаагүй боловч цалин өгч чадахгүй нөхцөлд байна. Мөн манайх 4000 м.кв ашигтай талбай бүхий том объекттой, үүний дулаан, цахилгаан, халаалт, харуул хамгаалалтын тогтмол зардлууд байнга гардаг. Мөн манайд 10 гаруй ААН түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тэдний бүх бизнес, орлого дагаад зогсчихсон. Жилд 40 гаруй дотоодын уран бүтээл нээлтээ хийдэг гэж бодож үзвэл хоёр жилийн хугацаанд 80 гаруй уран бүтээл нээлтээ хийчхээд борлуулалт, ашиг орлогогүй байна. Үүний цаана асар олон уран бүтээлч орлогогүй байгаа гэсэн үг. 

Монголын кино театрын зах зээл жилийн 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Жил хагасаар тооцоолбол энэ салбар өнгөрсөн хоёр жилд 30 гаруй тэрбум төгрөгийн  алдагдал хүлээж байна. Кино театруудад тусгайлсан татварын хөнгөлөлт, татаас гэдэг юм уу ямар нэг дэмжлэг байхгүй. 

Кино урлагийн салбар бүтэн хоёр жилийн турш зогссон нь ойрын таван жилдээ нөхөгдөшгүй гарз хохирол боллоо. Зүй нь бол нөхцөл байдал яаралтай хэвийн болж, алдагдлаа нөхөөд энэ салбар цаашаа хөгжих ёстой. Техник технологийн шинэчлэлт хийх, шинэ салбар байгуулах хөдөө орон нутаг руу үйл ажиллагаагаа тэлэх, чанартай сайн уран бүтээлүүд төрөх гэх мэт. Энэ мэргэжлээр сурч төгссөн хүүхдүүд хоёр жил ажилгүй суучихлаа. Ажил орлогогүй хүүхдүүд тэгэхээр өөр салбарт орно. Дагаад жүжигчид, мэргэжлийн уран бүтээлчид, кино театрын мэргэжилтнүүд, гэх мэт боловсон хүчний хомстол үүснэ. 

Манайхаас бусад кино театрууд цар тахлаас шалтгаалж ажилтнуудаа халсан учраас  тэд нар өөр ажлын байр луу шилжсэн байж таарна. Иймээс дараагийн боловсон хүчнийг бэлтгэх гэх мэтээр буцаад хэвийн байдалдаа ороход хоёроос илүү жил шаардлагатай. 

Ер нь кино театр халдвар хамгааллын дэглэм баримтлахад хамгийн боломжтой газар. Учир нь тодорхой тооны үзэгчдийг зай баримтлаад яг суудлаар нь суулгана.  Бүх үзэгч гарсны дараа цэвэрлэгээ, ариутгал хийгээд дараагийн ээлжийг оруулдаг, дээрээс нь өндөр таазтай учраас агаар сэлгэлт маш сайн хийгддэг. Бусад үйлчилгээний байгууллага шиг байнгын  урсгал, агааргүй орчин үүсдэггүй үйлчилгээний онцлог давуу талтай учраас кино театраар дамжсан, доторх ажилтнаас халдвар илэрсэн тохиолдол нэг ч гараагүй. 

Кино урлаг бол урлагийн бүхий л төрлүүдийг өөртөө шингээсэн байдаг онцлогтой. Хүмүүс стрессээ тайлж боловсрол соёл, гэгээрэл олж авдаг онцгой урлаг. 

Гэтэл үзэгчид хоёр жил орчим соёлын ийм үйлчилгээ авч чадсангүй. Манай сошиал сувгууд дээр үйл ажиллагаагаа хэзээ эхлүүлэх талаар үзэгчдээс байнга санал хүсэлт, асуултууд ирдэг. 

Төрийн байгууллагуудаас гарч байгаа шийдвэрүүд цагийг нь тулгасан, тодорхойгүй, бүрхэг, хоорондоо уялдаа холбоо маш муутай байдаг. Жишээлбэл, өнгөрсөн жил хөл хорио тогтоох хугацаа дуусчихаад байхад дахин сунгах эсэх шийдвэр нь гарахгүй удсан. Бид хөл хорио дууссан тул үйл ажиллагаагаа эхлүүлж болно гэж үзээд бүх бараагаа татаад авчихсан, ажилчид ирчихсэн, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байхад, хөл хориог дахин сунгах шийдвэр гарч байсан. Хоцорч шийдвэр нь гардаг хоорондоо уялдаа холбоогүй, шат шатны байгууллагууд нь мэдээллийн зөрүүтэйгээс болоод зохих журам, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа нээчихээд байхад, өөр бусад төрийн байгууллагууд ирээд хааж боох, үндэслэлгүй шаардлага тавьдаг тохиолдлууд их гарч байсан. 

Монголд зөвшөөрөөгүй бол хийж болохгүй гэсэн зарчим бий бол бусад улсад хориглоогүй бол хийж болно гэсэн зарчим үйлчилж байна. 

 

Үйл ажиллагааг нээх бүхий л боломжийг судалж байна

Өргөө кино театрын маркетингийн менежер Б.Ичинхорлоо:

Цар тахлаас шалтгаалж Өргөө кино театрын үйл ажиллагаанд маш их өөрчлөлт орсон. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, заал дүүргэлтийн хэмжээг 50-аас 30 хувь болгон бууруулж ажилласан. Энэ нь борлуулалт буурна гэсэн үг. Үүнээс шалтгаалж хүний нөөцийн өөрчлөлт буюу 50 хувийн орон тоогоор ажиллах гэх мэт өөрчлөлтүүд хийгдсэн.   

Хөл хорионоос болж, 550 өдөр хаалттай байсан бол 150-иад өдөр ажилласан байна. Цаашдаа УОК-той хариуцлагын гэрээ хийж, зай барих, халдваргүйжүүлэлт хийх зэрэг дэглэмүүдийг баримталж, үйл ажиллагааг нээх бүхий л боломжийг судалж байна. 

Ажиллаагүй хугацаанд санхүүгийн тал дээр хүндрэл учирсан.  Кино театрын нийт ажилчид болон хамтарч ажилладаг олон компани харилцагчид түрээслэгч нар бүгд үүдээ барьсан. Мөн кино, уран бүтээлч нарт хүндрэл тулгараад байна. 

Цар тахлаас болоод үзэгчдэд хүрч чадаагүй маш олон кино бүтээл бий. Монголын болон гадаадын олон киноны нээлтүүд хойшлогдсоор байгаа. 

Ийнхүү хүмүүний оюуныг цэнэглэж, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг соёл урлагийн олон байгууллага цар тахлын энэ үед үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Уг нь ганцаардал, стресс, бухимдал ихтэй ийм л цаг үед эдгээр байгууллагын хэрэгцээ хамгийн их байгаа юмсан. Үүнтэй зэрэгцээд цар тахал нь кино театр, музей, театрыг үгүй хийхгүй боловч үйл ажиллагааг нь үүрд өөрчлөх нь тодорхой боллоо.   

 

 

 

 

Zoltsagaan Zol