Ханс-Кристоф Брумберг: Монгол Улс ногоон эрчим хүчний бүс нутгийн тоглогч болох боломжтой
Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ХБНГУын wpd Asia Solutions GmbH компанийн Азийн бүс хариуцсан захирал Ханс-Кристоф Брумбергтэй ярилцлаа.
-Ноён Брумберг, та wpd компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийнхээ талаар танилцуулаач?
-wpd нь дэлхийн 31 улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлж, ажиллуулж байна. Эдгээр төслүүдэд бид нийт 6,670 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий 2,750 салхин сэнсийг суурилуулсан. Цаашлаад 19,320 МВт-н хуурай газрын салхины, 5,015 МВт-н нарны цахилгаан станцуудын төслүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. ХБНГУ бол манай үндсэн зах зээл боловч Европ, Ази, Америк даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Ази тивд Тайван улсын сэргээгдэх эрчим хүчний зах зээлд 50-аас дээш хувийг эзлэн тэргүүлж, гол нийлүүлэгч нь болсон. Яг одоогоор Өмнөд Солонгос, Тайван, Вьетнам, Филиппин, Индонези зэрэг орнуудад нийт 1,980 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Манай компанийн бүтэц нь гурван үндсэн аж ахуйн нэгжид хуваагддаг. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэн, эзэмшдэг wpd GmbH, салхин цахилгаан станцуудын арилжааны болон техникийн менежментийн үйл ажиллагааг хариуцдаг wpd Windmanager, салхин турбинуудын засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг Deutsche Windtechnik AG гэсэн гурван компани байдаг. Deutsche Windtechnik нь зөвхөн нэг төдийгүй янз бүрийн салхин турбин үйлдвэрлэгчдийн (OEMs) турбинуудад засвар үйлчилгээ хийдгээрээ бусад компаниудаас ялгаатай.
-wpd компани Монгол Улсад хэзээнээс төсөл хэрэгжүүлж эхэлсэн бэ. Ханбогд салхин цахилгаан станцын төслийн явц ямар байна вэ?
-Анх 2008 онд Монголын Клинтек компани Өмнөговь аймагт байршилтай “Ханбогд салхин цахилгаан станц” төслийн тусгай зөвшөөрлийг авсан байсан. Харин wpd компани нилээн хойно, 2020 оны есдүгээр сард өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан энэхүү төслийг урагшлуулахаар хувьцаа эзэмшигч болсон юм. “Ханбогд салхин цахилгаан станц” нь 250 МВт- ын хүчин чадалтай бөгөөд хоёр үе шаттайгаар баригдах юм. Төслийн эхний шатанд 102 МВт-ын хүчин чадал бүхий эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх бол дараагийн шатанд 148 МВт-ын эрчим хүчийг одоогоор БНХАУ-д экспортлохоор төлөвлөж байна. Мөн эхний үе шатны хөгжүүлэлтийн явц бараг дуусаж байна. Одоогоор хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд улс төрийн болон эрх зүйн зохицуулалтаас хамаарах хэд хэдэн сорилтыг даван туулах шаардлагатай байна.
Улс төрийн дэмжлэг болон, эрх зүйн зөв бодлого баримталж чадвал хувийн хэвшлийн санхүүжилттэй төслүүд богино хугацаанд Монгол Улсын эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна
–Олон сорилтыг даван туулж байна гэж та хэллээ. Мэдээж wpd компани Монголын эрчим хүчний зах зээлд хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулахад амаргүй л байгаа байх. Ямар бэрхшээлийг давах туулах шаардлагатай болж байна вэ?
-Өргөн уудам орон зай, салхины их хэмжээний нөөц нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа салхи, нарны эрчим хүчийг ашиглах гайхалтай боломжийг олгож байна. Монгол Улсын эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулалт татах таатай зах зээл болгож байна. Монгол Улсын эрчим хүчний тогтвортой эх үүсвэрт шилжихэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах боломжийг бид олж харсан, тиймээс ч хөрөнгө оруулахаар шийдсэн. Гэсэн хэдий ч бэрхшээлүүд бий. Монгол Улсын өргөн уудам газар нутаг, болон тархмал эрчим хүчний систем нь дэд бүтцийн олон бэрхшээлийг үүсгэдэг. Тухайлбал, Улаанбаатар хот, уул уурхайн бүсүүд гэх мэт эрчим хүчний хэрэглээний төв цэгүүд хол тархсан тул тэдгээрийг холбохын тулд үр ашигтай, бат бөх, зардал өндөр дэд бүтэц шаардлагатай болдог. Түүнчлэн, Монгол Улсын одоо байгаа сүлжээний дэд бүтэц хуучирсан нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэхэд хүндрэл учруулж байна. Монгол Улс уламжлалт дулааны цахилгаан станцын талаар арвин туршлагатай. Гэхдээ сүлжээний үйл ажиллагааны практик, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний (PPA) стандарт загваруудыг харвал оролцогч талууд сэргээгдэх эрчим хүч, тэдгээрийн онцлог шинж чанаруудын талаар туршлага бага байх шиг байна. Эцсийн дүндээ, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын тогтолцоог илүү тодорхой болгох хэрэгтэй.
-Хувийн хэвшлийн санхүүжилттэй сэргээгдэх эрчим хүчний төслүүд Монголын эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж чадах вэ?
-Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц өссөн хэдий ч эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнгүй. Оргил ачааллын үед, ялангуяа өвлийн улиралд цахилгааны хомсдолд орж байна. Мөн хэд хэдэн дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч янз бүрийн шалтгааны улмаас зогсонги байдалд орж, нийлүүлэлтийн хомсдол үүссэн. Харин, уламжлалт дулааны цахилгаан станцтай харьцуулахад, сэргээгдэх эрчим хүчний станцуудыг маш богино хугацаанд барьж ашиглалтанд оруулах боломжтой. Улс төрийн дэмжлэг болон, эрх зүйн зөв бодлого баримталж чадвал хувийн хэвшлийн санхүүжилттэй төслүүд богино хугацаанд Монгол Улсын эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж чадна.
Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын тогтолцоог илүү тодорхой болгох хэрэгтэй
-Засгийн газрын санаачилж байгаа эрчим хүчний реформ хийх төлөвлөгөөний талаар та ямар бодолтой байна вэ, энэ нь эрчим хүчний салбарт хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглэгчийн үнэ тарифыг нэмэхээр төлөвлөж байгаа гэж ойлгож байна. Монгол Улс одоогоор дэлхийн хамгийн хямд үнэтэй эрчим хүч ашигладаг орнуудын нэгд орж байгаа нь Засгийн газрын татаастай холбоотой. Хэдийгээр хямд үнэ нь богино хугацаанд хэрэглэгчдэд ашигтай боловч цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн бодит өртгийг тусгаагүй үнэ. Үүний үр дүнд уламжлалт эсвэл сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн аль нь ч шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаа. Урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд эрчим хүчний үнэ нь тоног төхөөрөмж суурилуулалт, ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг бодит зардлуудыг тусгасан байх шаардлагатай. Эдгээр зардлуудыг харгалзан үзвэл, сэргээгдэх эрчим хүч нь хамгийн хэмнэлттэй эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг юм. Мөн, миний бодлоор нэг худалдан авагчийн загвараас нээлттэй зах зээлд шилжих нь Монголын эрчим хүчний салбарт ихээхэн ашиг тустай байх болно. Энэ нь бие даасан эрчим хүчний үйлдвэрлэгчид (IPPs)-д худалдан авагчидтай шууд хэлэлцээр хийх боломжийг олгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үнийг бууруулах боломжтой болно. Улмаар, Диспетчерийн Үндэсний Төв зэрэг байгууллагуудын санхүүгийн ачааллыг бууруулахад тусална.
-Бодлогын ямар өөрчлөлтүүд нь Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тусална гэж та бодож байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд гол хүчин зүйл бол тогтвортой бас тодорхой байдал юм. Бидэнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, нүүрс хүчлийн хийгээс татгалзах зэрэгт тодорхой зохицуулалт, урт хугацааны тууштай бодлого хэрэгтэй. Нэгэнт бүх шаардлагыг хангасан төсөл ямар ч эргэлзээгүйгээр урагшлах боломжийг Монгол Улс хангах ёстой. Харамсалтай нь Монголд төдийлөн олон төсөл хөгжүүлэгчид байхгүй байгаа нь Засгийн газрын зүгээс эдгээр шаардлагуудыг бүрэн хангаж чадаагүйтэй холбоотой байх. Тодорхой бөгөөд тогтвортой хууль эрх зүй болон дүрмүүд нь улс орныг гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц болгоход чухал ач холбогдолтой.
Худалдан авагчийн загвараас нээлттэй зах зээлд шилжих нь Монголын эрчим хүчний салбарт ихээхэн ашиг тустай байх болно
-Ханбогд төсөл хэрэгжвэл ямар боломжууд гарч ирэх вэ?
-Ханбогд төсөл нь Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой хөгжилд, ялангуяа өнөөдрийн сорилтуудтай тулгарч буй болон улс орны цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Төслийн үйл ажиллагаа нь цэвэр тогтвортой эрчим хүчээр эрчим хүчний хомсдолыг арилгахаас гадна барилгын болон ашиглалтын үе шатанд орон нутагт ажлын байр бий болгох юм. Нэмж дурдахад, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг нэгдсэн сүлжээндээ амжилттай нийлүүлж чадвал салхи, нарны эрчим хүчний төслүүдэд нэмэлт хөрөнгө оруулалт татаж, тус улсын сэргээгдэх эрчим хүчний чадавхийг нээх болно. “Ханбогд” төсөл нь дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна эрчим хүч экспортлох, тэр дундаа БНХАУ-д экспортлох боломжийг нээж, Монгол Улсыг ногоон эрчим хүчний хөгжлийн бүс нутгийн тоглогч болгох боломжтой гэж бид үзэж байна.
-Эцэст нь, Монголын сэргээгдэх эрчим хүчний ирээдүйд ямар итгэл найдвар тавьж байна вэ?
-Би Монголын сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг өөдрөгөөр харж байна. Боломж нь асар их боловч үүнийг нээхийн тулд улс төрийн тодорхой амлалт, зөв бодлого хэрэгтэй. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг бүрэн ашиглаж чадвал эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангаж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж чадна гэдэгт би итгэдэг. Бид энэ алсын хараагаа бодит болгохын тулд орон нутгийн түншүүд болон Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зорьж байна.