Дэлхийн өнцөг булан бүрээс шинжлэх ухаан, нийгмийн хооронд буй сэтгэлгээний ханыг нураах санаа өвөртөлсөн залуу эрдэмтэн судлаачид Берлин хотноо арваннэгдүгээр сарын 8-нд цуглав. “Falling Walls Lab” арга хэмжээний финалд 60 гаруй орны 100 залуу судлаач оролцож дэвшилтэт технологи бүхий шинэлэг санаагаа танилцууллаа. Энэ жил тус тэмцээний тэргүүн байранд Австралийн Күинслэндийн их сургуулийн судлаач Рис Пири хаягдал шилийг химийн аргаар боловсруулж бордооноос авахуулаад шүдний ооны найрлагад ордог натрийн силикатыг гаргаж авах санаагаараа шалгарчээ. 

Берлиний хана нурсны 30 жил, “Falling Walls Lab” арга хэмжээний 10 жилийн ой тохиож буй онцгой жил манай улсын төлөөлөл анх удаа тус арга хэмжээнд оролцсон юм. Говийн бүсэд ууршилтаар алдаж буй усыг нөөцлөх санааг дэвшүүлж “Falling Walls Lab Mongolia”-ийн үндэсний ялагчаар тодорсон З.Ууганбаатар, шүүгчдийн багийн ахлагч Б.Батцэнгэл болон Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нар дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлуудад олон улсын залуу эрдэмтдийн санал болгож буй шинэлэг санаануудтай танилцаад иржээ. 

“Falling Walls Lab Mongolia” арга хэмжээг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ хамтран аравдугаар сарын 4-нд анх удаа зохион байгуулсан билээ.

“Falling Walls Lab Mongolia” тэмцээний үндэсний ялагч, МГТИС-ийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн багш З.Ууганбатаартай Берлинд болсон финал болон төслийнх нь талаар ярилцлаа.

– “Falling Walls Finale”-д эх орноо төлөөлөн оролцоод ирсэнд баяр хүргэе! Тус арга хэмжээний тэргүүн байруудад шалгарсан илтгэлүүдээс танд хамгийн таалагдсан санааг хуваалцана уу. Шүүгчид ер нь ямар санааг илүү сонирхож, онцолж байгаа санагдсан бэ?

– Дэвшүүлж буй санаануудын хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх нөлөө, цар хүрээг гол шалгуур болгож байх шиг санагдсан. Оролцогчид тухайн улсад тулгамдаж буй асуудлыг хөндөж, үүнийг өөрийн өнцөг, аргаар шийдэхийг оролдсон санааг дэвшүүллээ. Эдгээрээс хөгжиж буй орнуудын байгаль орчны бохирдлын асуудлыг шийдэх санаачилгууд таалагдсан. Тухайлбал, Энэтхэгийн оролцогч дахин боловсруулсан хуванцараар блок хийж, байшин барих санааг дэвшүүлсэн нь олон сая хүний орон байрны асуудлыг шийдэж өгсөн бол Чили улсын оролцогч хаягдал дугуйг идээд эргээд спирт болон сахар болгон гаргадаг бактери ашиглан дахин боловсруулах санааг дэвшүүллээ. 

 

– Олон улсын судлаачдын дэвшүүлж буй санааг сонсож байхад танд ямар шинэ сэтгэгдэл эсвэл санаа төрсөн бэ?

– Миний хувьд яг энэ чиглэлийн хичээл заадаг учир энтерпренёршипийн санааг хаанаас олох, юун дээр тулгуурлан хэрхэн хөгжүүлэх талаар олон улсын мэргэжилтнүүдийн жишээн дээр оюутнууддаа заах боломжийг олж харсан. Орон бүрийн оролцогчдын асуудлаа шийдэж буй өнцөг нь өөр. Орчин үеийн чиг хандлага биотехнологи, нанотехнологи руу чиглэж буй нь танилцуулсан илтгэлүүдээс анзаарагдаж байв. Эдгээр технологийн дэвшлүүдийг эх орондоо хэрхэн хурдан нэвтрүүлж, ашиглаж эхлэх вэ гэдэг бодол төрсөн. Эхний өдрийн аялалаар бидний очиж танилцсан Германы Археологийн хүрээлэнд эртний олдворуудын гурван хэмжээст загварыг бүтээж улмаар нарийвчлан судлах, хувилах, олон нийтэд зориулсан виртуал үзмэр болгоход чиглэсэн судалгааны ажил хийж байсан бол технологийн Фрай их сургуульд сүргээр амьдардаг зөгий, загас, шувуу зэрэг амьтны хоорондоо харилцаанд орж буй хэлбэрийг ажиглан нийгмийн зан үйлтэй холбосон судалгаа хийж байх жишээтэй. Уг судалгааг хожим нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд байгалийн үзэгдлийг хуулбарлах замаар ашиглах боломжтой юм.

– Бусад улсын мэргэжилтнүүдтэй ярилцаж санал бодлоо солилцох боломж гарсан уу?

– Арга хэмжээ нь илтгэл танилцуулах хэсгээс гадна хэд хэдэн хэсгээс бүрддэгийн нэг нь “Braindate”. Тус арга хэмжээ нь нэг салбарын эсвэл ижил төрлийн судалгаа хийж буй хүмүүстэй жич танилцах боломж олгодог. Жишээ нь, би уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар судалгаа хийдэг Хамбургийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй групп үүсгэж уулзсан. Бид нүүрсхүчлийн хийн ялгарлыг дэлхийн хэмжээнд хэрхэн бууруулах, үүн дээр хэрхэн холбогдож ажиллах вэ гэдэг өнцгөөс санал солилцсон. 

– Финалын арга хэмжээнд оролцсон туршлагаас дараагийн жилүүдэд юун дээр анхаарвал дээр санагдсан бэ?

– Манай улсын их сургуулиудад шинэ санаа хөгжүүлэлтийн кластерууд жигд хөгжөөд эхэлчихсэн байгаа тул бусад сургуулиудын оюутнуудад мэдээлэл сайн хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Мөн оролцогчид судалгааныхаа шинэлэг талыг илүү тод гаргаж, тухайн шийдэл нь нийгэм болон байгаль орчинд ямар нөлөө үзүүлж чадах вэ гэдэгт онцгой анхаарах хэрэгтэйг ойлгосон.

– Falling Walls Lab-д түрүүлсэн төслүүдийг хэрхэн дэмждэг вэ?

– Лаб нь шууд санхүүжүүлэх гэхээсээ илүү тухайн салбарын боломжит хөрөнгө оруулагчидтай холбож өгөх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тус арга хэмжээний “Venture” хэсэг яг ийм төрлийн харилцаа холбоо үүсгэж, төслүүд санхүүжилтээ олж авах боломжийг бүрдүүлдэг. Энэ хэсэгт аль хэдийн стартап болоод хөгжчихсөн, санаагаа хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаа хайж буй компаниуд төслөө танилцуулна. Ердийн илтгэлийг бодвол арай урт хугацаа буюу таван минут танилцуулах боломжийг олгодог. Харин хөрөнгө оруулагчид өөрсдийн сонирхож буй төслүүдтэй холбогдож цаашид санхүүжүүлэх асуудлууд яригдаад явдаг. 

– Таны дэвшүүлсэн санааны талаар дэлгэрүүлээд асууя. Анх энэ санаа хэрхэн төрсөн бэ?

– Өмнөговийн нутагт эрчимтэй явагдаж буй хөгжлийг дагаад хүн амын тоо нэмэгдсэн нь усны хэрэглээ нэмэгдэх шалтгаан болсон. Үүн дээр нэмээд цаг уурын өөрчлөлт нь тухайн бүс нутгийг тогтворгүй болгосоор байна. Тухайлбал, өмнө нь бороо удаан хугацаагаар шивэрч ордог байсан бол сүүлийн үед аадар борооноос улбаатай үерээр их хэмжээний усыг алдах болсон. Жил ирэх бүр үерийн тоо улам ихэсч байна. Тухайлбал, Даланзадгад хот усны нөөц ихтэй боловч 2015 оны үерээр тус хот жилийн хэрэглээнийхээ 50 хувьтай тэнцэх хэмжээний усыг алдаснаас гадна булгууд ихээр эвдэгдэж, бохирдож усны төвшин багассан. Булгуудад түшиглэн амьжиргаагаа залгадаг иргэд цөөнгүй. Иймд тэдэнд туслах зорилгоор үерийн усыг хуримтлуулах санааг анх бодож олсон. Энэ санаа маань зөвхөн хүн биш байгаль орчинд ч тустай. Өмнөговиор дамжин өнгөрдөг нүүдлийн шувууд өнгөрсөн жил гантай байсны улмаас харангатаж үхсэн тохиолдол гарсан. Бусад зэрлэг амьтад ч энэ бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд сүүлийн үед ийм тохиолдлууд олширч байна. 

 

-Судалгааг ямар аргаар, хэнтэй хамтарч хийсэн бэ?

– Энэ судалгаа нь миний Японд хийж байсан магистрын судалгааны ажилтай холбоотой бөгөөд технологийн харьцуулсан судалгаа хийж, “hydroponic” буюу хөрсгүй тариалалтын системийг нэвтрүүлснээр ууршилтаар алдаж буй усыг нөөцөлж, илүү удаан хугацаанд хадгалж үлдээх бүрэн боломжтойг тогтоосон. Ингэснээр усны чанарын асуудлыг шийдэхээс гадна ургац арав дахин нэмэгдэх боломжтой тул нутгийн иргэдийн орлогыг ч нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Хөрсгүй тариалалтын хүлэмжийн хувьд монгол гэрийн загвар нь манайд түгээмэл байдаг өндөр ханатай хүлэмжүүдээс илүү салхинд тогтвортой болохыг тогтоосон. Мөн би өөрөө Өмнөговийн хүн учир нутгийнхантайгаа холбогдож асуудлыг нь тодорхойлох судалгааг хамтран хийсэн.

Хөрсгүй тариалалтын систем

 Та төслөө хэзээ хэрэгжүүлэх мөн санхүүжилтээ хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

– Төслөө хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт л дутагдаж байна. Санхүүжилтээ гадны хөрөнгө оруулагч сангуудаас эсвэл Оюутолгой зэрэг томоохон уул уурхайн компаниудаас авж, орон нутгийн иргэд болон компаниудтай хамтарч хэрэгжүүлэх санаатай байгаа. Миний санал болгож буй шийдэл зөвхөн говьд гэхгүй Улаанбаатар хотод ч ашиглах бүрэн боломжтой. Жишээлбэл, 2016 онд нийслэлд болсон үеэрээр бид маш их хэмжээний усыг зүгээр урсгаад алдчихсан. Гэтэл энэ усыг хуримтлуулаад ногоон байгууламж услах, машин угаалгын газруудад ашиглах бүрэн боломжтой.

 

“Falling Walls Lab Mongolia” тэмцээний шүүгчдийн багийн ахлагч, МГТИС-ийн сургалт хариуцсан дэд захирал, профессор Б.Батцэнгэлийн тус арга хэмжээнд оролцсон сэтгэгдлийг хүргэж байна.

Шүүгчдийн багийн ахлагч Б.Батцэнгэл үндэсний ялагч З.Ууганбаатарын хамт

– “Falling Walls Lab Finale” арга хэмжээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

– Салбар бүрийн залуу судлаачид санал бодлоо солилцож хоёр өдрийг маш үр бүтээлтэй өнгөрөөлөө. Тус арга хэмжээний аливаа саад бэрхшээл, ханыг нураах гэсэн үндсэн санааг дэлхийн улс бүрт түгээж буйг илтгэх газрын зураг байдаг. Үүн дээр нэмэгдэх тугийн тоо бүрээр тус арга хэмжээ хүрээгээ тэлсээр байна. “Falling Walls Lab” арга хэмжээ нь үндсэн хурлаас гадна хөрөнгө оруулалт татах “Venture” болон “Engagement” буюу шинжлэх ухаан сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилготой хэсгүүдээс бүрддэг. Хүнд гэдгээс нь халшираад ч тэр үү залуу үеийнхэн инженерийн салбарыг тэр бүр сонгохгүй байх хандлага ажиглагдах болсон. Иймд хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанд сонирхолтой болгох үүднээс “Engagement” хэсгийг зохион байгуулдаг. Хувь хүн эсвэл байгууллага сайн дураараа жилийн хугацаанд нийгэм, шинжлэх ухааныг холбосон сонирхолтой төслийг хөгжүүлж, үр дүнгээ энэ хэсэгт танилцуулдаг. Дараа жил энэ хэсэгт оролцох боломжтой юм байна гэж бодсон. 

– Тус арга хэмжээг зохион байгуулах эрх авахад ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ?

– Манай сургууль “Falling Walls Lab” арга хэмжээг зохион байгуулах Монголын анхны шинжлэх ухааны байгууллагаар тодорч албан ёсны эрхийг дурсгалт ой тохиож буй жил авсан нь онцлууштай. Зохион байгуулах эрх бүхий шинжлэх ухааны байгууллага байх ёстойгоос гадна оролцох сонирхолтой арваас дээш шаардлага хангасан судлаач оролцох санал ирүүлсэн байх, оролцогчид Берлин рүү өөрсдийн санааны эхний хувилбараа явуулсныг тэндээс зөвшөөрч байж албан ёсны эрхийг олгодог. Судлаачдын хувьд бакалавраа төгсөөд долоо, магистраа төгсөөд тав, доктороо хамгаалаад гурван жилийн дотор илтгэлээ танилцуулах боломжтой байдаг. 

– “Engagement” хэсэгт оролцогчид ямар санааг танилцуулсан бэ?

– Энэ хэсэгт хувь хүмүүс, ТББ-ууд гээд төрөл бүрийн төлөөллүүд оролцдог бөгөөд санаагаа таван минутад багтаан танилцуулна. Энэ жил 20 оролцогч санаагаа дэвшүүлснээс үлгэрийн тусламжтайгаар хүүхдүүдийг шинжлэх ухаанд дуртай болгох, солирын хэлтэрхийгээр хийсэн сувенирээр дамжуулан одон орон судлалд татах зэрэг санаачлага сонирхол татсан. Солирын хэлтэрхий цуглуулдаг судлаач Монгол Улсад энэ чиглэлээрээ хэд хэдэн удаа ирж, манай говийн нутагт буусан солирыг судалж байсан юм байна лээ. 

– Бусад орны оролцогчдын асуудалд хандах өнцөг биднээс ямар ялгаатай мөн тэднээс авах ямар санаа байсан бэ?

– Бид судалгааны ажил гэхээр заавал эрдэмтэн, судлаач хийдэг хэцүү ажил гэж боддог. Гэтэл маш энгийн, өдөр тутмын амьдралын асуудалд багахан ажилглалт, тооцоо хийгээд түүндээ шийдэл олчихсон санаанууд цөөнгүй дэвшүүлж байв. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтөд хүн бүрийн оруулж болох хувь нэмрийг махны хэрэглээтэй холбож танилцуулсан. Таны идэж буй бургерийн махыг бэлтгэхэд хэдий хэмжээний нөөц ашиглаж, байгаль орчинд ямар ул мөр үлдээсэн тоо баримтыг дурдаад бид долоо хоногийн хоёр өдөрт мах идэхгүй байхад гарах өөрчлөлтийг харуулсан нь хандлагаа өөрчилье гэсэн мессеж байлаа. Үүнтэй холбоотойгоор Голландын эрдэмтэд үүдэл эс ашиглан махаар бургер хийх санаагаа хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Тус арга хэмжээний үндсэн концепцийн нэг нь хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд үүнд нийцүүлж өдрийн хоол нь хүртэл ногоон байсан. 

– Финалын арга хэмжээнээс зохион байгуулалтын тал дээр суралцсан туршлагаасаа хуваалцана уу?

– Энэ жил маш шахуу хугацаанд шалгаруулалтаа зарлаж, арга хэмжээгээ зохион байгуулсан учир үндэсний ялагчид финал хүртэл бэлдэх нэг сарын хугацаа л үдээсэн. Харин бусад орнууд бүртгэлээ эрт зарлаад, үндэсний тэмцээнээ зохион байгуулж ялагчаа тодруулаад сүүлийн шатанд илүү сайн бэлтгэлтэй оролцох боломжийг олгодог тул дараагийн удаа бид үүн дээр анхаарах хэрэгтэйг ойлголоо. Бэлтгэлийн хувьд агуулгаа богино хугацаанд сонирхолтойгоор, хүлээн авагчидтай харилцах байдлаар хүргэхээс гадна англи хэлээр илтгэх чадвараа сайжруулах шаардлагатай. Зарим орны оролцогчид илтгэлээ танилцуулахдаа маш сайн ярьж байсан ч яг тулаад харьцахад тийм өндөр түвшний англи хэлний мэдлэгтэй биш байсан нь бэлтгэл хэр сайн байсныг харуулж байв. Сэдвийн хувьд нилээн чөлөөтэй бөгөөд гол нь асуудлыг яаж шийдэх, хэрхэн хүргэх вэ гэдэгт л цаашид илүү анхаарах болно. 

B. Misheel