Хүн бол баялаг. Хэн ч, хаана ч хаягдах ёсгүй

T.Amarjargal T.Amarjargal
2022-01-07 18:55:43

“Хэрвээ чи хичээлдээ шамдаж, дүнгүүдээ сайжруулахгүй юм бол ITE коллежид дуусна шүү хэмээн сингапур эцэг эхчүүд хүүхдүүдээ айлган хэлдэг байсан. Сүүлийн хорин жилд тогтсон энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэх амар байгаагүй” хэмээн “Institute of Technical College”-ийн орлогч захирал Сабрина Лой сургууль дээрээ сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлээд инээж байв. Харин өдгөө тус сургуулийн төгсөгчид бүхий л салбарт ур чадвараа харуулж мандаж яваа учир, хүмүүсийн хэвшмэл ойлголт бага багаар засарч байгаа аж.

2018 оны элсэлтийн шалгалтын үеэр цахим талбарт сингапур охин “Хэрвээ Та нар шалгалтандаа унасан бол, ITE чиний хувьд таарсан газар” хэмээн шоглон бичсэн нь тус коллежийг төгсөгчдийн дургүйцлийг ихэд хүргэж, олон төгсөгч сургуулийнхаа чансааг амжилтаараа бататгаж энэ үеэр дуугарсан байдаг. Дүнгээрээ, шалгалтын оноогоороо чамлагдаж, чансаа өндөртэй их дээд сургуулиудад элсэж чадаагүй хүүхдүүд тус коллежийн оюутнуудын дийлэнхийг бүрдүүлдэг ч, сүүлийн үед сонгоод орж ирж буй нь бараг тал хувьд дөхөх болжээ. Гаднаас оюутнууд ч ирж суралцах болсон байна.

Мөн бусад хөгжиж буй орнуудын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулиуд ирж туршлага солилцдог болсныг Сабрина захирал хэлсэн юм. Тус сургууль бол Сингапур улс нэг ч хүнээ боловсролын системийнхээ гадуур үлдээдэггүйг харуулдаг нэг л жишээ. Сингапурт зургаадугаар анги төгсөхдөө буюу дунд сургуульд орох шалгалт нь хүүхдүүдийн хувьд ирээдүйг нь тодорхойлдог шийдвэрлэх мөч гэж үзэгддэг.

Дунд сургуульд орох гэж буй хүүхэдтэй эцэг эхчүүд шалгалт дөхөхөд ажлаасаа хоёр долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авах нь энүүхэнд юм билээ.

Зарим нь бүүр жилийн чөлөө авч, хүүхэдтэйгээ хамт бэлддэг. Энэ улсад хүүхэд биеэ дааж сурна гэх ойлголт байдаггүй. Харин эцэг эх хамт суралцаж, процессийн гэрч болж, прогрессийг хангаж, чадах бүхнээ зориулдаг. Сэтгүүлчид биднийг Сингапурт байх үеэр төгсөлтийн шалгалтууд дөнгөж дуусаад зуны амралт эхэлж байлаа. Дунд сургуулийн хүүхэдтэй сингапур эмэгтэй бидэнд энэ үеийг давах гэж мэдрэлийн ядаргаанд орсон хэмээн толгой сэгсрэн хэлж байв. Гэхдээ тэрбээр хүүхдээ холбоо сүлбээ сайтай, чанартай дунд сургуульд оруулж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Учир нь, хүүхдийнх нь ирээдүй одоо бол бараг баталгаатай аж.

“Сингапурын хамгийн сайн сургуулиудын нэг бол Northlight. Дунд сургуульд орох шалгалтандаа тэнцээгүй сурагчдыг Northlight элсүүлж авдаг. Би тэнд очиж үзсэн. Шалгалтандаа унасан хүүхдүүдэд дахиад цаашаа суралцах урам зориг өгч, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж, ур чадвартай мэргэжилтэн болгоно гэдэг тэндэхийн багш нарын гайхамшигтай ур чадварын илрэл гэхээс өөрөөр юу гэх вэ. Сингапурын боловсролын яамны бодлого үүнд л чиглэдэг” хэмээн Strait times сонины ахлах сэтгүүлч Сандра Дэви ярилаа.

Сингапурт хүүхдүүд бага сургуулиа төгсөөд шалгалт өгч дунд сургуульд элсдэг. Тэндээсээдахиад манайхаар МСҮТ эсвэл коллежид орно. МСҮТ, коллежоо төгссөний дараа их сургуульд үргэлжлүүлэн суралцаж болно. Гэтэл энэ шат дамжлага дунд нэг хэсэг хүүхдүүд гээгдэж, сурч боловсрох эрх нь зөрчигдөж байсан юм. Бага сургуульдаа 4-5 жил сурчихаад дунд сургуульд элсэх шалгалтдаа унасан, дунд сургуулийн боловсрол завсардсан 12-18 настнууд, ар гэрийн гачигдалтай болон амьдралын боломж тааруу хүүхдүүдийг ур чадвартай мэргэжилтэн болгохоор 2006 онд Northlight сургуулийг тус улсын Боловсролын яам байгуулжээ. Эндээс ихэнхдээ нийгмийн үйлчилгээний чиглэлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд төрдөг.

Заах арга зүйн өндөр чадвартай, сэтгэл зүрхээ ажилдаа бүрэн зориулдаг багш хүний ур ухаан, хөдөлмөрийн үр шимээр байгалийн баялаггүй Сингапур улс Азийн амжилтын түүхийг бичилцэж байна. Хөгжлийн жолоогоо өөрсдөө атгах болсон тэр цагаас эхлэн Сингапур улс хөгжиж буй орны хувьд боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг олж харан, бодлогын төвд авч үзсэнээрээ энэ бүх амжилтыг бий болгосон аж. Эрдэс баялаг байтугай цэвэр ус ч үгүй Азийн жижиг хот улс хагас зуун жилийн дотор хөгжингүй улс болох тулах цэг нь гурван сая иргэнийхээ бүхий л нөөцийг нээн илрүүлж, боломжийг нь ашиглах явдал байсан юм. Тиймээс ч ялгаварлалгүй, хүртээмжтэй, чанартай боловсролын системийг бий болгожээ. Сингапурт сурч амьдарч байсан болон байгаа монголчууд ч энэхүү боловсролын системийн давуу талыг бидэнтэй хуваалцсаныг уншигч та дараа дараагийн хуудаснаас унших боломжтой.

Тус улс боловсролын чанараараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OEC-D)-ын гишүүн орнуудыг тэргүүлдэг юм. Хэрэв чи Сингапурт бага дунд боловсрол эзэмшсэн бол OECD-ын орнуудын Олон улсын оюутны үнэлгээний хөтөлбөр (PISA)-ийн үзүүлэлтийн оройд нь овог нэр чинь залрах магадлал бусад орны оюутнуудынхаас илүү. Түүнчлэн математик, байгалийн шинжлэх ухааны хичээлээр дэлхийн “гавлууд” болох Финланд, Канад, Эстони, Ирландчуудын эгнээнд Сингапур ч бас хэдийнэ багтсан.

Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Сингапурын боловсролын онцлогийг тоймлох гээд үзье.

Эдийн засгийн хөгжил бол ур чадварын үр дүн 

Британийн колоничлол дуусаж, тусгаар тогтносны дараа Сингапур улс боловсролын чанар, үзүүлэлтээрээ Европ, Ази, Хойд Америкийн зарим баян орнуудаас илүүрхэж эхэлсэн юм. Засгийн газар боловсролыг экосистемээр авч үзсэн учраас их гүрнүүдээс илүүрхэх боломж өргөн байв. Боломжоо ашиглахын тулд сургуулийн тогтолцоог бүхнээс чухалчилжээ. Оройгоосоо ёроол хүртлээ бүх түвшинд систем шинэчлэгдэж, ард иргэд эргээд хариу үзүүлж байж шинэчлэл үр дүнтэй болох байв. Үүний тулд боловсролын бүх шатны үйлчилгээнд хүүхдийн ур чадварыг нээж, хөгжүүлэх үзэл санааг нэвтрүүжээ.

Боловсролын салбарт хэрэгжүүлсэн “Боддог сургууль, суралцдаг үндэстэн” гэсэн шинэчлэл нь бүтээлч, инновацлаг, насан туршдаа суралцах чадвар бүхий үндэстэн болгожээ.

Дэлхийд тэргүүлсэн бас нэг нууц нь энэ. Одоо ч гэсэн боловсролын байгууллагууд ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн системийг дотоодод төдийгүй олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэлээ үргэжлүүлсээр л байна. Боловсролын үйлчилгээ сурагч бүрийн сонирхол, авьяас чадварт нь нийцсэн байх ёстой гэсэн үзэл санаа улам боловсронгуй загварчлал бүхий уян хатан, олон янз хэлбэрээр хэрэгжиж байна.

Тодорхой сэдэв, асуудал шийдэх чадвар 

Бүтээлч сэтгэлгээ, төслийн ажлыг хөгжүүлэхэд Сингапурын сургуулийн систем үйлчилдэг. Энэ нь оюутнууд бодит амьдрал дээрх асуудлуудыг шийдвэрлэх чадваруудыг сурч, тодорхой сэдвээр мэдлэгтэй бүр нарийвчилбал амьдралын хар ухаантай болж “зэвсэглэгдэнэ” гэсэн үг. Сингапурын эрх баригчид сурагчдын сургалтын үзүүлэлт, эрүүл мэндийг дэмжсэн системийг бий болгохын тулд сургуулиудаа тогтмол үнэлж, тасралтгүй сайжруулж явдаг. Тухайлбал, 2017 онд сахилга бат өндөртэй сургалтын орчин, ачаалал нь сурагчдад сэтгэл зүйн хувьд дарамт ихтэй, стрессийн түвшин нь нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Сурч мэдэхэд дурлах ёстой байтал дэндүү их шалгалт түгшүүр төрүүлж байна гэдэг сайн зүйл яавч биш.

Сандра “Сурч мэдэхэд дурлах ёстой байтал дэндүү их шалгалт түгшүүр төрүүлж байна гэдэг сайн зүйл яавч биш. Хүн сурч мэдсэнээсээрээ юу хийж чаддаг болох нь чухал. Түүнээс биш хэн ч цээжилж чадна. Харин хэрэгжүүлэхэд хэцүү” хэмээв. Тиймээс Засгийн газар үүний хариуд, шалгалтын оноогоор жагсаадагийг болиулж, тоог нь цөөлж, жилийн эцэст нэг л шалгалт авдаг болсноор сурагчдад ирэх дарамтыг сулруулжээ. Үүнээс гадна “Бага зааж, их суралц” гэсэн стратеги баримталснаар багш нар боловсролын тооноос илүү чанарт анхаарах боломжийг бүрдүүлсэн байна.

Дамжуулах соёл

Сингапурт хүүхдийн боловсролд эцэг, эх хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Бүх хүүхдэд ухаантай байх боломж тэгш олгогдох ёстой гэж үздэг.

Эцэг, эхчүүдийн хичээл зүтгэл хүүхдийн хөгжилд удамшиж ирсэн чадвараас ч илүү чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг юм.

Хүүхдээ сургуулиас гадуурх дугуйлан, дамжаанд явуулах ба хэр зэрэг үр дүнтэй сурах нь хүүхдийн өөрийнх нь хариуцлага юм. Ингэж дэмжүүлсэн хүүхдүүд амжилт гаргах ёстой.

Гэхдээ Боловсролын яамны баримталдаг бодлого нь сургуулийн үнэ цэнийг бэхжүүлэхийн тулд эцэг эхийн зөвлөл болон жил бүр зохион байгуулдаг уулзалтаар дамжуулан сургуулийн үйл ажиллаагаанд эцэг эхийн оролцоог хангадаг байна.

Хариуцлагын тогтолцоо

Анхан шатны боловсролын систем нь маш сайн манлайлалтай, мэргэжлийн зөвлөх багтай байдаг. Сингапурын боловсролын системийн хамгийн чухал бүрэлдэхүүн нь багш нар юм. Их сургуулийн төгсөгчдөөс хамгийн амжилттай суралцсан таван хувийг авч Үндэсний боловсролын хүрээлэнд сургалтад хамруулах зорилт тавьдаг. Үндэсний боловсролын хүрээлэн үндэсний хэмжээнд бүх багшийг бэлтгэхийн зэрэгцээ нарийн ур чадвартай багшлах боловсон хүчин эднийхээс л бэлтгэгдэж гардаг байна.

Түүнчлэн хамгийн шилдэг төгсөгчдийг татахын тулд багшлах боловсон хүчиндээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж нийгмийн байр суурь, мэргэжлийн нэр хүндийг нь өндөрт өргөдөг.

Сандрагийн ярьснаар багш нар мэдээлэл технолгийн салбарынхантай өрсөлдөхүйц цалин хангамжтай. Албан тушаалаас илүү заах арга зүй, мэргэжлийн ур чадвараараа карьер хөөж, салбартаа танигдах нь багш мэргэжил эзэмшсэн хэнд ч болов хамгийн том нэр хүнд аж.

Сонголттой сурах арга зам

Сурагчдад суралцах өөр өөр арга замуудыг засан өгч, заах аргын хувьд ч ялгаатай сонголт бүхий сургуулиуд нь Сингапурын боловсролын онцлог. Сурагчид авъяас, төрмөл чадвараа нээж хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд залуус бүгд хүсэл тэмүүллээ олж, түүнийхээ оргил өөд чадах чинээгээрээ мацах боломж олгох нь тус улсын боловсролын системийн зорилго юм.

Хүүхэд бүр өөр өөрөөр суралцдаг, бас харилцан адилгүй чадваруудтай. Эндхийн боловсролын байгууллагууд олон янз, шатлалтай байдаг шалтгаан нь хүүхэд бүрт байдаг тэдгээр чадварыг байж болох хамгийн сайн хувилбараар хөгжүүлэх үүрэгтэй гэсэн үг. Ингэснээр сурагч бүр бодит амьдрал дээр тэгш боломж эдэлж байна гэсэн үг. Үүгээрээ л Сингапурын боловсрол дэлхийд гялалзаад байгаа хэрэг.

Тус улсын суурь боловсрол нь Британийн онцлогтой эх сууриа тавьсан бол Герман, Швейцарын загвараас дээд боловсролын байгууллагуудаа сайжруулах боломжуудыг эрэлхийлдэг аж. Эдгээрийн дунд Япон ч бас сингапурчуудад гайхагдаж байгаа орон. Сурч мэдэх нь хүний төрөлх эрхийн нэг. Иргэн бүрд энэ эрх нь хангагдах ёстой.

 

 

 

 

 

Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 01, 02-р сарын дугаар (№171, 172)

T.Amarjargal T.Amarjargal